Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 51

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох 1930000400039 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг “М” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, С.О

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч С.О нь Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “От” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой иргэн Н.Гын 2 тооны адууг хулгайлж, бусдад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би сумынхаа малжуулах төслөөс 5.000.000 төгрөгийн зээл авсан.Түүнийгээ төлөх гээд тухайн өдөр хониндоо явж байгаад 2 адуу хулгайлсан. 2 адууг хонгор мориороо хөөж барьж авсан. Хонгор морь миний эзэмшлийн морь юм. Хохирогчид 2.300.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Би хохирогчоос уучлалт гуйсан эвлэрсэн. Одоо нэхэмжилсэн зүйл, гомдол, санал байхгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би одоо гэрээсээ гарахгүй маш сайн ойлгосон. Эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна... гэв.

 

- Яллагдагч С.Оын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2018 онд сумаас олгосон 5.000.000 төгрөгийн малжуулах төсөлд хамрагдсан юм. Тэр төслийн эргэн төлөлт болох 800.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын эхээр ХААН банкинд хийх ёстой байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хониндоо явж байгаад “С” гэх газар ус уугаад гарч байсан цоохор тожин азаргатай адуу байхыг хараад орой нь хонио хотлуулчихаад морьтой очиж гэр лүүгээ хөөж ирсэн. Тэр адуу нь манай сумын 1 дүгээр багийн Н.Г ахын адуу байсан юм. Тэр адуунаас гэр гуяндаа хүрээтэй үржих тамгатай их насны хонгор морь, мөн хүрэн зүсмийн тамга ижил хязаалан насны гүүг барьж хашаанд уяад, найз Чыг дуудаж, 2 адууг нядалсан юм. Би Чад хулгайн адуу гэж хэлээгүй. “Хүнээс авах ёстой адуу байгаа юм” гэж хэлсэн. Адууны арьс, толгой, гэдсийг гэрээсээ зүүн хойш 2-3 километр зайтай байдаг хуучин усан сангийн нүхэнд хийгээд дээрээс нь чулуугаар дарж орхисон. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г.Эын малын махыг ачиж, Улаанбаатар хот руу явахдаа өөрийнхөө гэрээс 2 хонь, 2 ямаа янзлаад, нөгөө 2 адууныхаа махыг авч явж борлуулсан. Хоёр адууны мөнгө 1.6 сая төгрөг болсон. Би тэр адууг хонио хотлуулчихаад морьтой явж хөөж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25/

 

- Хохирогч Н.Гын: Манайх Наран сумын 1 дүгээр багийн нутаг “От” гэх газар нутагладаг юм. Манай адуу Хашаатын булагт ус уудаг. 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчимд Наран булагт ус уугаад баруун тийшээ гарч байсан юм. Хэд хоногийн дараа адуугаа хурааж, хот явахдаа ганц нэгэн адуу хийх гэхэд 2 адуу алга болсон байсан. Зөв талын гэр гуянд хүрээтэй үржих тамгатай, дэлтэй, бүдүүн нас гүйцсэн хонгор морь, мөн тамга ижил, дэлтэй, хязаалан насны хүрэн зүсмийн гүү алга болсон байсан. Манай дүү А тухайн үед эрэл хийгээд олоогүй ирсэн. Гэтэл манай сумын 2 дугаар багийн малчин С.О гэх залуу 2 адууг минь нядалсан байхыг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Миний алдсан хонгор морь олон жилийн хур таргатай, их тарган морь байсан. Бид өөрсдөө махлаад зах зээлд борлуулсан бол их өндөр үнэ хүрэх байсан. Тийм учраас би бүдүүн морио 1.300.000 төгрөгөөр үнэлнэ. Хязаалан насны хүрэн гүүний эхийг Ю.Б гэдэг хүнээс хурдны угшилтай гэж худалдаж авч байсан хонгор гүү байдаг юм. Би хязаалан гүүгээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Гэдсэндээ хээлтэй унагалах гүү байсан юм. Би алдсан адууныхаа нөхөн төлбөр 2.300.000 төгрөгийг С.О гэгчээс бэлнээр нэхэмжилж байна. ...С.О нь надад цагаан сарын өмнөхөн 2.3 сая төгрөгийг бэлнээр өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо бидний дунд хохирлын ямар нэгэн асуудал байхгүй. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-15-16, 17-18/

 

- Гэрч Г.Гын: Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Наран сумын 2 дугаар багийн нутаг, сумын төвөөс зүүн тийш 20 орчим километр “М” гэх газар малын эрэл хийж яваад, дээр үед газар нүх ухаж, бетоноор усан сан хийж ашиглаж байсан нүхэн дотроос хоёр адууны толгой, шир, гэдэс байхыг олж мэдээд, хулгайд алдагдсан адуу, мал байж магадгүй гэж бодоод цагдаад мэдэгдсэн юм. Тэр хавьд нь ул мөр гэхээр зүйл байгаагүй. Цас ороод мэдэгдэхээргүй болсон байна лээ. Нэг адуу нь хонгор зүсмийн, бүдүүн морины толгой гэмээр дэлтэй, том толгой байсан. Нөгөө нь хүрэн зүсмийн, бага зэрэг буурал духтай, бага насны адуу бололтой арай жижиг толгой байсан. Хоёр шир тамга нь мэдэгдэхээргүй, хумигдаад хөлдчихсөн байсан болохоор тамгыг харж чадаагүй. Гэдсийг нь бүхлээр нь авч хаясан байсан. Би хаясан туурайнуудыг нь үзэж байхад хонгор адууны нэг туурай нь үеэрээ бороолсон мэт яс нь овойсон бондгортой байсан гэх мэдүүлэг /хх- 19/

 

- Гэрч Г.Эын: Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найз С.Оын Портер маркийн машинтай Улаанбаатар хот руу мал, мах борлуулахаар 3 үхэр, 2 адуу, 10 ямаа, 15 хонь нядалж ачиж явсан юм. О өөрөө 2 хонь, 2 ямаа, арьс, толгойгүй 2 тооны адууны мах ачиж явсан. Би Оын малаас нядалж өгөөгүй. Миний махыг ачихаар ирэхдээ өөрийнхөө махыг ачаад ирсэн. Адууны арьс шир, толгойг хаана үлдээснийг мэдэхгүй. Ямар ч байсан арьс, толгойгүй адууны мах байсан. С.О махандаа гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Би өөрийнхөө л малд гарал үүслийн гэрчилгээ авч, цагдаагаар баталгаажуулсан” гэх мэдүүлэг /хх-20/

 

- Гэрч Б.Чын: Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Наран сумын 2 дугаар багийн нутаг “Даргавай” гэх газар хөдөө гэртээ байж байтал манай найз С.О орой 18 цагийн өнгөрөөгөөд гэрийн утас руу залгаад “найздаа 2 адуу хамжаад янзлаад өгөөч” гэж дуудахаар нь очсон юм. Намайг очиход хашаандаа хонгор, хүрэн зүсмийн 2 адуу уячихсан байсан. Тэгээд би 2 адууг нь хамжиж нядалж өгчихөөд гэр лүүгээ харьсан. Тэр 2 адуу өөрийнх нь адуу биш байсан. Өөрийнх нь адуу гэр гуяндаа задгай онгин тамгатай, харин тэр 2 адуу зөв талын гэр гуянд хүрээтэй үржих тамгатай адуунууд байсан. О надад хэлэхдээ хүнээс авсан 2 адуугаа янзалж байна гэж хэлсэн. Хонгор морь нь нас гүйцсэн, дэлтэй бүдүүн адуу байсан. Харин хүрэн гүү нь бага насны жижиг биетэй гүү байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

 

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-3-4/

 

- Сүхбаатар аймгийн Наран сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх-ийн 05/,

 

- “Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн 5/01 дугаартай тогтоол /хх-6-7/

 

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-8-10/ - Сүхбаатар аймгийн Наран сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх-ийн 11/

- С.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/

 

- Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08/59 тоот тодорхойлолт /хх-ийн 33/

 

- С.Оын Урьд Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

 

- Хохирогч Н.Гын шүүхэд гаргасан хүсэлт, тодорхойлолт. 2019.03.19. зэрэг баримтууд болно. Шүүгдэгч С.О нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг От овоот гэх газраас иргэн Н.Гын зөв талын гэр гуянд хүрээтэй үржих тамгатай, дэлтэй, нас гүйцсэн хонгор морь, мөн тамгатай, дэлтэй, хязаалан насны хүрэн зүсмийн гүүг тус тус хулгайлж бусдад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Оын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Г, гэрч Г.Г, Г.Э,Б.Ч нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Наран сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 2019.01.15-ны өдрийн үнэлгээ, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 5/01 дугаартай тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Наран сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 2019.02.28-ны өдрийн малын үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч С.О нь малчны зээлээ төлөх зорилгоор бусдын бэлчээрт байсан адуунаас 2 адуу хулгайлсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь хохирогч Н.Гын “Манай адуу 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчимд Наран булагт ус уугаад баруун тийшээ гарч байсан юм. Хэд хоногийн дараа адуугаа хураахад зөв талын гэр гуянд хүрээтэй үржих тамгатай, дэлтэй, бүдүүн нас гүйцсэн хонгор морь, мөн тамга ижил, дэлтэй, хязаалан насны хүрэн зүсмийн гүү алга болсон байсан “ гэх,

гэрч Г.Гын “ Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Наран сумын 2 дугаар багийн нутаг, сумын төвөөс зүүн тийш 20 орчим километр “М” гэх газар малын эрэл хийж яваад, дээр үед газар нүх ухаж, бетоноор усан сан хийж ашиглаж байсан нүхэн дотроос хоёр адууны толгой, шир, гэдэс байхыг олж мэдээд, хулгайд алдагдсан адуу, мал байж магадгүй гэж бодоод цагдаад мэдэгдсэн юм. Нэг адуу нь хонгор зүсмийн, бүдүүн морины толгой гэмээр дэлтэй, том толгой байсан. Нөгөө нь хүрэн зүсмийн, бага зэрэг буурал духтай, бага насны адуу бололтой арай жижиг толгой байсан. Хоёр шир тамга нь мэдэгдэхээргүй, хумигдаад хөлдчихсөн байсан болохоор тамгыг харж чадаагүй. Гэдсийг нь бүхлээр нь авч хаясан байсан. Би хаясан туурайнуудыг нь үзэж байхад хонгор адууны нэг туурай нь үеэрээ бороолсон мэт яс нь овойсон бондгортой байсан” гэх,

гэрч Б.Чын “ Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хөдөө гэртээ байхад найз С.О орой 18 цагийн өнгөрөөгөөд залгаад “найздаа 2 адуу хамжаад янзлаад өгөөч” гэж дуудахаар нь очсон. Намайг очиход хашаандаа хонгор, хүрэн зүсмийн 2 адуу уячихсан байсан. Тэгээд би 2 адууг нь хамжиж нядалж өгчихөөд гэр лүүгээ харьсан. Тэр 2 адуу өөрийнх нь адуу биш байсан. Өөрийнх нь адуу гэр гуяндаа задгай онгин тамгатай, харин тэр 2 адуу зөв талын гэр гуянд хүрээтэй үржих тамгатай адуунууд байсан. О надад хэлэхдээ хүнээс авсан 2 адуугаа янзалж байна гэж хэлсэн. Хонгор морь нь нас гүйцсэн, дэлтэй бүдүүн адуу байсан. Харин хүрэн гүү нь бага насны жижиг биетэй гүү байсан” гэх,

гэрч Г.Эын “ Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найз С.Оын Портер маркийн машинтай Улаанбаатар хот руу мал, мах борлуулахаар явсан юм. О өөрөө 2 хонь, 2 ямаа, арьс, толгойгүй 2 тооны адууны мах ачиж явсан ” гэх мэдүүлэгүүдээр хэрэгт хангалттай нотлогдсон байна. С.О гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, зарж борлуулан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч С.Оын бусдын 2 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

С.О гэмт хэргийн улмаас хохирогч Н.Год учирсан 1.150.000 төгрөгийн хохиролд 2.300.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй, гомдолгүй гэжээ.

 

Сүхбаатар аймгийн Наран сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын 2019.01.15-ны өдрийн үнэлгээгээр хохирогч Н.Гын нас гүйцсэн хонгор морийг 750.000 төгрөг, хүрэн зүсмийн хязаалан насны 400.000 төгрөг, нийт 1.150.000 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүгдэгч С.Оын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, түүний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэлээ.

 

С.Оын анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн түүний гэр бүл, хувийн зан байдлыг тодорхойлсон Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн засаг даргын 2019.03.01-ний өдрийн 08/59 тоот тодорхойлолтыг үндэслэвэл, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

С.Оын гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн зөв талын гэр гуянд задгай өнчин тамгатай, хязаалан насны хонгор зүсмийг морийг хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг морины үнийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Уг морийг Сүхбаатар аймгийн Наран сумын Эд зүйлийн үнэлгээний комиссоос 650.000 төгрөгөөр үнэлжээ/ хх-11/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С. Оыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч С.От шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу зөв талын гэр гуянд задгай өнчин тамгатай, хязаалан насны хонгор зүсмийн морины үнэд 650.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Оын энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Год учирсан 1.150.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч С.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналгын үнийг гаргуулж улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал түүний өмчлөлийн хонгор морийг битүүмжилсэн Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН