Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/01790

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/0,,,,,,,,90

 

 

,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/02994 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,,,,,,,, ХХК.

Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, ,,,,,,, дугаар байр, ,,,,,,,, тоот хаягт байрших 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2010 онд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ,,,,,,, дугаар байр, ,,,,,,,, тоот байрыг 97 дугаар сургуульд сурдаг хүүхдэдээ ойр гэж худалдан авахаар ,,,,,,,,,, ХХК-тай гэрээ байгуулж 25,000,000 төгрөг бэлнээр төлсөн.

Үлдэгдэл төлбөрөө сар бүр 250,000 төгрөгөөр төлөхөөр болж, 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлж, гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Барилгын компанийн ажилтан н.,,,,,,,,, нь бусдыг залилсан гэх хэргийн шүүх хуралдаанд ,,,,,,,,,,,, 13,000,000 төгрөг дутуу байгаа, үүнийгээ төлчихвөл гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлэхээр нь 13,000,000 төгрөгийг төлж, гэрчилгээгээ авъя гэхэд өгөөгүй. Иймд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

1.2. Нэхэмжлэгч нь уг байранд 14 жил амьдарч байгаа. Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг энэ байрнаас гар гэж нэг ч удаа шаардаагүй, энэ талаарх баримт байхгүй.

2010 онд уг байрыг худалдаж авсан, төлбөрийг төлсөн учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,, ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, харин орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. Би 2009 онд Ц.,,,,,,,,,,тай хамтарч өөрсдийн хөрөнгөөр 136 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан. Тухайн үед ,,,,,,,,,, нь П.,,,,,,,,,д залилуулсан бөгөөд энэ нь надад болон ,,,,,,,,,, ХХК-д хамааралгүй, мөн байрны ямар ч төлбөр мөнгө бидэнд тушаагаагүй, байр захиалгын гэрээ байгуулаагүй.

,,,,,,,,,, бусдын байранд дур мэдэн орсноо хүлээн зөвшөөрч цаашид түрээсээр амьдрахаар Ц.,,,,,,,,,,тай тохирч компанитай 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэтэл түрээсийн төлбөр төлөхөө больж байрыг худалдан авсан мэтээр ярьж, хууль бусаар амьдарч байгаа тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байр суурийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлсэн.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,ад холбогдох Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж ,,,,,,, дугаар байр, ,,,,,,,, тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,гийн нэхэмжлэл,

нэхэмжлэгч ,,,,,,,,,,д холбогдох Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж ,,,,,,, дугаар байр, ,,,,,,,, тоот 1 өрөө, 49.37 м.кв байрыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч ,,,,,,,,,,,,ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. П.,,,,,,,,, бусдыг залилсан гэж шалгагдаж, миний бие тус хэрэгт хохирогчоор тогтоогдож, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болсон. Энэ шүүх хурал дээр ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, 13,000,000 төгрөг дутуу байгаа үүнийгээ төлчихвөл гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний байрны гэрчилгээг ,,,,,,,,,,,, гаргаж өгнө, төлбөрийг тус компани авсан байна гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх ,,,,,,,,,,,, энэ хэргийн хариуцагч биш ,,,,,,,,,, ХХК хариуцагч гэж үзсэн нь үндэслэлгүй.

5.2. Шүүх хуралдааны өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан, үүнийг шүүх хуралдаан тарсны дараа гардуулан өгч, гарын үсэг зуруулсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг зөвшөөрөхгүй. Тухайн орон сууцыг нэхэмжлэгч худалдаж аваагүй гэжээ.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс гаргасан гэрчээр Ц.,,,,,,,,,,ыг асуулгах, Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нотлох баримтаар гаргаж өгсөн ,,,,,,,,,, ХХК ,,,,,,,,,, нарын байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотой маргааныг хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нь өөрөө шүүх хуралдааны дэг зөрчиж хэргийн оролцогч нарын эрх үүргийг тайлбарлахгүй шүүх хуралдааныг эхлүүлж, хурлын явцад түүнийгээ зөвтгөж процессын зөрчил гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн орон сууцыг нэхэмжлэгч худалдаж авсан тул гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн алины гомдлыг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,ад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж ,,,,,,, дугаар байр, ,,,,,,,, тоот хаягт байрших орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тухайн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, сөрөг нэхэмжлэлд хуульд заасан хугацаанд тайлбар гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй, хариуцагчийн гаргасан нотлох баримт цуглуулах талаарх хүсэлтийг хангаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

 

3.1. Маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч ,,,,,,,,,, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авсан эсэхэд зохигч маргаж буй тохиолдолд шүүхийн зүгээс уг үйл баримт болсон эсэхийг тогтоосны үндсэн дээр эрх зүйн дүгнэлт өгөх ёстой.

Зохигч нь Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж ,,,,,,, дугаар байр, ,,,,,,,, тоот хаягт байрших орон сууцны өмчлөгч нь ,,,,,,,,,, ХХК, Ц.,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, зэргээр өөрчлөгдсөн гэж байгаа боловч үүнийг нотолсон улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдаагүй.

Үүнээс шалтгаалж нэхэмжлэгчийн худалдан авсан гэх цаг хугацаанд тухайн орон сууцны өмчлөгч нь хэн байсан, түүнтэй нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлээр баталгааждаг тул үүнтэй холбоотой маргааныг зохигчийн тайлбараар шийдвэрлэхгүй.

 

3.2. Хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувийг шүүхийн зүгээс нэхэмжлэгчид гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлэх боломжийг нэхэмжлэгчид олгоогүй байна.

Даргалагч шүүгчийн зүгээс нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах эсэх, шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тодруулсан ажиллагаа хийгээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй.

 

3.3. Мөн дээрх шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан Нийслэлийн Прокурорын газарт хадгалагдаж буй П.,,,,,,,,,д холбогдох эрүүгийн хэргээс маргааны зүйлд холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй.

Учир нь П.,,,,,,,,, холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ,,,,,,,,,, нь хохирогчоор, ,,,,,,,,,,,, нь хохирогч, иргэний хариуцагчаар оролцож байсан байх тул эрүүгийн хэрэгт буй баримт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй юм.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/02994 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, ,,,,,,,,2 дугаар зүйлийн ,,,,,,,,2.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ