Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 77

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Цэнд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Цэндэд холбогдох эрүүгийн 19300000000101 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн  Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,   мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн  хамт  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /РД: ЛЗ78091876/ Оймдууд овогт Бэхтөмөрийн Цэнд.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

           

Шүүгдэгч Б.Цэнд нь  2018 оны 09 дүгээр  сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг Дармын шанд гэх газарт нутаглах Д.Баярсайханы 25  хонь, 22  ямаа, нийт 47  бог алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

 

  Шүүгдэгч  Б.Цэнд шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.

 

  Эрүүгийн 1930000000101 дугаартай хэргээс:

 

   Шүүгдэгч Б.Цэндийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 03 дугаар багийн малчин хүн юм. Манай гэр Сүхбаатар аймгийн төв дээр байдаг юм. Би 2018 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгаас хөдөө гарсан бөгөөд намайг хөдөө мал дээрээ очиход манай хонинд айлын имтэй хонь, ямаанууд ирж нийлсэн байсан. Яг хэд ирснийг нь тоолж байгаагүй. 2018 оны 12 дугаар сард би Баярсайхан гэдэг хүний хонь, ямаа болохыг мэдсэн. Тэгээд Баярсайхан гэдэг хүнд танай хонь, ямаа манай хонинд ирж нийлсэн байна гэж хэлэх боломж байсан боловч би хэлээгүй юм. 2018 оны жилийн эцсийн мал тоогоор мөн алдуул мал гэж багийн дарга болон тооллогын комисст бүртгүүлэх ёстойг мэдэж байсан ч бүртгүүлээгүй. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10-аар Баярсайхан нь хүүгийн хамтаар манайд ирж, манай хонинд өөрийнхөө алдсан малыг үзээд өөрийнхөө имтэй 25 тооны хонь, 22 тооны ямаа ялгаж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-15-16/

 

Хохирогч Д.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2018 оны намар “Дармын шанд” гэх газарт намаржиж байсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  хониноос  маань 25 тооны хонь, 22 тооны ямаа нийт 47 тооны мал алдагдсан юм. Тэр дариуд нь манай хүү Б.Наранбаатар нь эрэл сурал хийж ойр хавийн айлаар яваад сураг гараагүй бөгөөд таарсан хүн бүрээс асууж захиж байсан боловч болоогүй юм. Харин 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Арын нуур” гэх газарт нутаглах манай хүргэн Б.Сэргэлэнбат манай руу утсаар ярьж хэлэхдээ манай саахалт айл болох Б.Цэндийнд таны имтэй зүсэм ямаа байна гэхээр нь би Б.Наранбаатар хүүгийн хамтаар Б.Цэндийд очиж уулзаад манай алдсан мал танай хонинд байна гэнэ орж үзье гээд шүүж үзээд манай имтэй зүсээрээ 22 тооны ямаа, 25 тооны хонь байсныг бүрэн бүтэн авсан” гэх мэдүүлэг, /хх-04-05/,

 

Гэрч Б.Сэргэлэнбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хадам аав Д.Баярсайхан нь 2018 оны намар хонь, ямаа нийлсэн 40 гаруй мал алдаад олохгүй байсан бөгөөд ойр хавийнхаа айлуудаас асууж сурагладаг байсан. 2019 оны 03 дугаар сард манай хонь Б.Цэндийн хоньтой нийлээд хонио ялгаж байхад манай хадмын имтэй адилхан хонь, ямаанууд байхаар нь би аавд утсаар ярьж хэлэхэд маргааш нь хадам аав Д.Баярсайхан нь хүү Б.Наранбаатарын хамтаар ирж Б.Цэндийн хонинд үзээд 25 хонь, 22 ямаа ялгаж аваад явсан байсан. Би очиж ялгалцаж өгөөгүй” гэх мэдүүлэг, /хх-6/

 

Гэрч Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай хониноос 25 тооны хонь, 22 тооны ямаа нийт 47 тооны мал алдагдсан юм. Тэгээд би алдсан малаа хайгаад 20 гаруй километрийн тойрогт малаа эрж хайгаад олоогүй юм. Таарсан хүн болгонд захиж хэлдэг байсан. Тэгээд алдсан малаа олоогүй юм. Харин сүүлд 2019 оны 03 дугаар сард манай аав надад хэлэхдээ “Арын нуур” гэх газарт нутаглах Б.Цэндийнд манай алдсан малтай ижил имтэй мал байна гэнэ очиж үзье гээд би цуг явж Б.Цэнд гэх айлынд очсон. Тэгээд манай алдсан хонь, ямаа танай хонинд ирсэн юм шиг байна орж үзье гээд бид 2 хонинд нь үзэхэд  манай имтэй 22 тооны ямаа, 25 тооны хонь байсныг ялгаж аваад явсан. Манай алдсан мал тэднийд бүрэн бүтэн тоогоороо байсан... Б.Цэндийн гэдэг айл намаржаа, өвөлжөө нь манайхаас хойд зүгт 20 гаруй километрт байдаг байсан учир би тэднийхээр орж асууж сураглаж байгаагүй. Манайх 2 янзын имтэй байдаг. Манайх зөв талын чих цуулбар, буруу чих урдаасаа догол имтэй харин аавынх буруу чих урдаасаа догол, зөв чих нь имгүй байдаг. 3 эр хонь, 15 эм хонь, 7 төлөг, 22 тооны мал алдсан байсныг бүрэн бүтэн Б.Цэндийн гэдэг айлын хониноос олж авсан. Янз бүрийн тэмдэг тэмдэглэгээ нэмж тавиагүй байсан” гэх мэдүүлэг, /хх-7/

            Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 2018 оны 09 дүгээр сарын байдлаарх малын үнэлгээ /хх-ийн 10/

            Шүүгдэгч Б.Цэндийн 2018 оны мал тооллогын А данс

Шүүгдэгч Б.Цэндийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 31/          

Хохиоргч Д.Баярсайханы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 32/

Б.Цэндийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн Засаг даргын 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 22/ зэрэг баримтууд болно.

                                                                      

            Шүүгдэгч  Б.Цэнд нь  2018 оны 09 дүгээр  сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг Дармын шанд гэх газарт нутаглах хохирогч Д.Баярсайханы 25  хонь, 22  ямаа, нийт 47  бог  алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 2 440 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Баярсайхан, гэрч Б.Сэргэлэнбат, Б.Наранбаатар нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг,   эд зүйлийн үнэлгээ,  2018 оны малын А данс зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Цэндэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч Б.Цэнд нь алдуул мал завших гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал,  бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа, эд зүйл авах, шунахай сэдэлт, зорилгоор, санаатайгаар 47  бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшин бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.

 

Прокуророос Б.Цэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 Шүүгдэгч Б.Цэндэд ял шийтгэл оногдуулахад  хохирогч Д.Баярсайханд 47 бог малыг буцаан  олгож учруулсан хохирлыг төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хохирогч Д.Баярсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Б.Цэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.  

            Шүүгдэгч Б.Цэнд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Баярсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оймдууд овогт Бэхтөмөрийн Цэндийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэндийг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун  тавин мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Цэндэд мэдэгдсүгэй.

 

            5. Ялтан Б.Цэнд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Баярсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цэндэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА