Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 198

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Малчин ХХК-ний Архангай аймгийн салбарын төлөөлөгч Н.Өнөржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэн, гэрч Г.Болорцэцэг, Э.Эрдэнэбаяр, У.Гэрэлмаа, У.Пэрэнлэй, Нансалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Малчин ХХК-ний Архангай аймгийн салбарын нэхэмжлэлтэй С.Лхагвад холбогдох 2.485.000 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Малчин ХХК-ний Архангай аймгийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Лхагва нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Малчин ХХК-с 2.485.000 төгрөгийн үнэ бүхий зургаан нэр төрлийн бараа зээлээр худалдан авсан бөгөөд хамтран ажиллах гэрээний хавсралтаар баталгаажуулж, Яруу сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал болон хариуцагч нар нь гарын үсгээ зурж баталгаажуулсан болно.

Лхагва нь зээлээр авсан барааныхаа үнийг одоо болтол төлөхгүй байгаа бөгөөд ня-бо Г.Болорцэцэгт мөнгөө өгсөн гэж худлаа хэлж, мөнгөө өгөхгүй байх арга саам хийсээр байгаа тул хуулийн байгууллагад хандаж байна. Миний бие Малчин ХХК-ны албан ёсны гэрээт борлуулагч бөгөөд компаниасаа итгэмжлэл авсан болно.

Хариуцагч С.Лхагваагаас бараа бүтээгдэхүүний үнэ болох 2.485.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 05 сарын 13-нд Завхан аймгийн Яруу сумд очсон. С.Лхагва нь Малчин компанийн 6 төрлийн бараа зээлээр авсан. Эхэлж энэ барааг Төрийн банкны лизингээр авахаар болсон юм. Тэгээд С.Лхагва нь авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өгөхгүй болохоор нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ХААН банкнаас асуухад манай банкнаас малчны зээл аваад явсан гэсэн. Бид нарт мөнгө өгөөгүй гэж хэлэхэдбанкныхан саяхан энүүгээр явж байсан гэж хэлсэн. Би нягтлан Болорцэцэгээс 50000 төгрөг ч бэлнээр авдаггүй. Дандаа данс руугаа шилжүүлж авдаг. Тэр хүмүүс Болорцэцэгт мөнгө аваачиж өгсөн бол манай компани заавал баримт бичиж өгдөг юм. Болорцэцэгийн хажууд заавал инженер хамт байдаг. Болорцэцэг тооцоо хийж баримт өгдөг, би тамга дардаг, инженер залуу тухайн барааг шалгаж өгдөг. Бид 6 уулаа үргэлж хамт явж ажилладаг юм. Би Лхагвыг мөнгөө өгөхгүй болохоор нь утас руу нь залгаж ярихад эхлээд нэг хүүхэд утсыг нь аваад аав, ээж 2 мөнгийг чмнь өгнө гэж байсан шүү дээ гэж хэлсэн. Би том хүн байвал яриул гэхэд би ганцаараа байна. Аав, ээжийг орж ирэхээр нь хэлье гэсэн. Тэгээд дараа нь нэг эмэгтэй утсыг нь аваад ...Болорцэцэг байгаа юм уу... гэж асуусан. Тэгэхээр нь би Болорцэцэг миний хажууд байхгүй байна гэсэн чинь ...би Болорцэцэгт өгчихсөн... гэж хэлсэн. Хэн өгсөн юм бэ гэхэд тэр эмэгтэй би дүүтэйгээ аваачиж өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болорцэцэгтэй яриулъя гэж хэлсэн. Дараа нь дахиад 98609919 дугаар руу залгахад ...Би Лхагвын утсыг барьж яваа хүн байна. Би Завхан аймгийн төв дээр байна... гэж ярьсан. Дараа нь дахиад залгахад Би Лхагва биш. Би утсыг нь барьж байгаа хүн байна. Энэ талаар С.Лхагвад хэлье гэсэн. Тэгээд дараа нь дахиад нэг ярихад тэр эмэгтэй би дүүтэйгээ явж байгаад мөнгийг чинь өгсөн гэж хэлсэн. .... Тухайн мөнгийг өгөөгүй учраас 6 төрлийн барааны үнэ болох 2.485.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Малчин компани иргэн С.Лхагвад 6 нэр төрлийн бараа өгсөн нь үнэн. Иргэн С.Лхагва бараа авсан асуудал дээр маргахгүй байгаа. Худалдсан барааныхаа мөнгийг аваагүй гэдгээ бэлэн мөнгөний баримт болох дансны хуулгуудаар нотолж байгаа. Болорцэцэгийн дансны хуулгуудаар их хэмжээний мөнгө орж, гараагүй байгаа. Тиймээс Болорцэцэгийг өөртөө хувьдаа завшаад авчихсан гэж үзэх боломжгүй. 07 дугаар сарын 01, 02-ны өдрийн орлогоо захирлынхаа дансанд шилжүүлсэн нь Өнөржаргалын дансны хуулгаар нотлогдож байна. Гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй. Аймгийн төвд амьдардаг хүмүүс яагаад энэ хүмүүсийн гэрч болоод байгаа юм гэдэг нь эргэлзээтэй. Ах дүү төрөл садан хүмүүс учраас юу ч гэж мэдүүлж болно. Эдгээр гэрчүүд нь мөнгө өгснийг харсан гээд байгаа боловч яг хэдэн төгрөг яаж өгсөн, ямар дэвсгэртүүд байсан, ямар хүмүүс байсан талаар тодорхой нарийн ярьж чадахгүй байна. Тухайн үед бараа борлуулаад явж байсан тийм том машиныг ямар өнгөтэйг ч хараагүй байж зөвхөн мөнгө л өгснийг харсан гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. ....Хариуцагч С.Лхагва нь үнэхээр мөнгөө өгчихсөн юм бол яагаад өөрөө ирээд энэ талаараа тайлбарлаж, нотолж шүүх хуралдаанд мэтгэлцэхгүй байгаа юм гэдэг эргэлзээтэй байна. Өмгөөлөгчтэй аймгийн төв дээр ирээд уулзаад гэрээ хийгээд явсан байж яагаад шүүх дээр ирээд энэ асуудлынхаа талаар тайлбараа хэлж чаддаггүй юм. Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийг 264.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлээр худалдаж авсан барааны үнэ 2.485.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн иргэн С.Лхагва шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манайх малчин компаниас бараа авсан нь үнэн. Уг нь лизингийн бичиг баримт бүрдүүлж авсан юм. Тэгээд тухайн үед нь Төрийн банк лизингийн гэрээ дууссан гээд Хаан банк дээр хийлгэчих гэсэн. Хаан банкин дээр очтол гэрээ нь Төрийн банк дээр байна та нарыг ирэхээр нь гэрээгээ солиулчих гэсэн юм. Тэгээд ахин, дахин ажил болгож явахаар зээл аваад өгье гэж бодоод Хаан банкнаас 3.000.000 төгрөгийн зээл аваад 2015.7.2-нд суманд ирэхээр нь Болорцэцэг гэдэг хүнд өгсөн. Том машины хажууд сууж байхад нь учир байдлаа хэлээд өгсөн. Тэр хүн чинь хүлээж авлаа гээд авсан шүү дээ. Хамт явсан гэрч болох хүн бий. Бидэнд Хаан банкнаас 3.000.000 төгрөгийн зээл авсан баримт хүртэл байгаа. Бид жирийн нэгэн малчин хүн. Хүн гүтгэж залилж мэхлэхийг мэдэхгүй. Миний нэр хүндэд халдаж байна. Юуны учир ингэж гүтгээд байгааг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч С.Лхагва нь Малчин компаниас 6 нэр төрлийн барааг лизингийн зээлээр авсан. Бараа авсан асуудлаараа маргаагүй. Барааны үнэ болох 2485000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Малчин компанийг бараагаа зарахаар Яруу сумд ирэхэд Болорцэцэг гэдэг нягтлан бодогчид бэлнээр өгсөн. Бэлнээр өгөхдөө 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ХААН банкнаас 3000000 төгрөгийн малчны зээл авч өгсөн. С.Лхагва гуайтай итгэмжлэл хийлгэхдээ нүүр тулж биечлэн уулзсан. Тэгж уулзахдаа өөрөө надад тайлбарлахдаа ...би хэдэн малаа хараад хөдөө байдаг юм. Манай эхнэр Гэрэлмаа сургуулийн хүүхдүүдтэйгээ хамт аймгийн төв дээр байдаг юм. Би өөрөө энэ хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Мал харах хүн байхгүй. Ганц гэрээрээ, ганц биеэрээ байдаг учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож өгөөч гэж хүссэн юм. С.Лхагва гуай надад хэлэхдээ 6 төрлийн бараа авч 2485000 төгрөг болсон юм. Энэ мөнгөө Төрийн банкны лизингийн зээлд хамрагдаж өгөх гэтэл Төрийн банкны лизингийн зээл тухайн үед зогссон байсан учраас ХААН банкнаас малчны зээл авсан. Тэгээд эхнэртэйгээ, нутгийн 2 хүнтэй хамт дөрвүүлээ байж барааныхаа үнийг төлөхөөр Малчин компаний борлуулалтын цэг дээр очсон. Тухайн цэг дээр очиход манай эхнэр мөнгөө тоолоод өгсөн. Би мөнгө өгөхөд нь хажууд нь зогсож байсан. Хамт очсон 2 хүн мөн бидний ойролцоо зогсож байсан. Малчин компаний хүмүүс бараа дуусчихсан, зарах бараа байхгүй гээд цаана нь юмаа янзлаад явж байсан. Яг мөнгө өгөх үед Болорцэцэг ганцаараа байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би та тийм их хэмжээний мөнгө өгч байж яагаад гарын үсэг зуруулж аваагүй юм бэ гэхэд С.Лхагва гуай бид малчин хүмүүс ээ. Бие биендээ итгэх итгэлээр амьдардаг. Тэрийг дараа нь мөнгө аваагүй гээд биднийг гүтгэчихнэ гэж мэдээгүй. Тухайн үедээ мөнгөө өгчихлөө, өргүй боллоо гээд баярлаад буцсан. Гэтэл дараа нь Малчин компаниас мөнгөө өг гэж утасдсан байна лээ. Бид мөнгөө өгчихсөн байхад дахиад мөнгө нэхээд бид хэцүү байдалд байна. Болорцэцэг гэдэг эмэгтэй тухайн үед мөнгө тоолж авахдаа ганцаараа байсан. Ганцаараа байсан учраас цаад хүмүүсдээ хэлэлгүйгээр өөрөө завшсан байж магадгүй гэж бид үзэж байна. Болохгүй бол бид Болорцэцэгийг цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж надад хэлсэн. Миний зүгээс яагаад бэлэн мөнгө авсан байж гарын үсэг зуруулаагүй юм бол гэдэг асуудал дээр эргэлзэж байна. Хувийн сонирхол байсан байж магадгүй гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.Лхагва нь Малчин ХХК-ний Архангай аймгийн салбараас 2.485.000 төгрөгийн үнэ бүхий зургаан нэр төрлийн барааг зээл ээр худалдан авч, Малчин ХХК-ний Архангай аймгийн салбар дээрх барааг хүлээлгэн өгсөн нь 2015 оны 05-р сарын 13-ны өдөр олгосон Малчин ХХК 0577 дугаартай худалдааны баталгаат чекээр нотлогдож байна.

Дээрх гэрээгээр худалдан авагч нь гэрээний зүйлийн үнийг төлөх, худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлж хөлдөөгч, тог баригч, 24 инчийн телевизор, антен, нарны самбар, цахилгааны тог хязгаарлагч зэрэг зүйлүүдийг худалдан авагчид шилжүүлсэн боловч худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Малчин ХХК- ний Архангай аймгийн салбар С.Лхагвад холбогдуулан 2.485.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2.485.000 төгрөгийг төлж барагдуулсан маргаан үүсгэжээ.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч У.Пэрэнлэй ...би Малчин компаний машины ойролцоо Нансалмаа эгчтэй юм яриад зогсож байсан. ...тухайн үед нэг мотоцикль, нэг хөлдөөгч хоёр машиныхаа хойно нь тавьсан байсан. ...хэр их хэмжээний мөнгө тоолж өгснийг хараагүй, хэд хэдтийн дэвсгэрт байсныг ч хараагүй сайн анзаараагүй. ...Гэрэлмаа эгчийг мөнгөө өгч байхыг л харсан. Ойролцоо хүмүүс байгаагүй... гэж, гэрч Р.Нансалмаа ..... тэр хоёр малчин компаний борлуулалтын цэг дээр байна гэхээр нь би тэнд очсон юм. Тухайн үед Лхагва, Гэрэлмаа хоёр мөнгө тоолж өгч байхыг харсан. Гэрэлмаа Болорцэцэг гэдэг хүнд өгч байсан. ...хэр их хэмжээний мөнгө байсныг хараагүй. Яг хэдэн төгрөг, ямар дэвсгэртүүд байсныг нарийн ажиглаагүй. ...ойр хавьд нь хүн байсныг хараагүй. ...Пэрэнлэй бид хоёр хоорондоо юм яриад хамт зогсож байсан... гэж, гэрч Гэрэлмаа ...манайх 2.485.000 төгрөгийг зурагт, хүлээн авах, толь зэрэг ком бараа хүлээн авсан. Лизингийн гэрээгээр авахаар болсон юм. Тэгээд гэрээгээ байгуулахаар Төрийн банк дээр очиход манай банкны лизингийн зээлийн хугацаа дууссан гэж хэлсэн. Тэгэхээр нь малчны зээл авъя гэтэл малчны зээл мөн хаасан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр Хаан банк дээр очиж 3.000.000 төгрөгийн малчны зээл авсан. ...Малчин компанийг ирэхээр нь мөнгийг өгөхөөр хадгалж байсан. Манай машин захиргааны урд хөндлөн зогсож байсан. Тэгээд бид 2 мөнгөө өгөхөөр очоод би Болорцэцэгт мөнгөө тоолж өгсөн. Мөн тэнд байсан малчин компаний ажилтан залууд манай зурагт шуугиад гарахгүй байна гэхэд хавтгай ишнүүрээр нь залга, алаг ишнүүрээр залгахаар тэгээд байдаг юм гэж хэлж өгсөн. ...мөнгийг өгөхдөө би тоолж өгсөн. ...яг хэдтийн дэвсгэрт байсныг бол хэлж мэдэхгүй байна. 20 мянгатын дэвсгэрт голдуу байсан санагдаж байна... гэж мэдүүлдэг боловч гэрч Гэрэлмаа нь хариуцагчтай нэг ашиг сонирхол бүхий этгээд учир түүний мэдүүлгийг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн гэрч Пэрэнлэй, Нансалмаа нар нь гэрч Гэрэлмааг хэдэн төгрөг тоолж өгсөн, хэд хэдтийн дэвсгэрт байсныг нэрлэн зааж мэдүүлээгүй бөгөөд хүнд мөнгө өгснийг харсан байгаа нь хангалттай нотлохгүй байна.

Түүнчлэн дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь гэрч Г.Болорцэцэгийн ... бид 07-р сарын 02-ны өдөр очихдоо энэ хүнийг сураад уулзаж чадаагүй буцсан. ... гэсэн мэдүүлгээр, гэрч Д.Эрдэнэбаярын ...7дугаар сарын 02-ны өдөр бид буцах гээд хамгийн сүүлийн сум дээр очсон. Би машинаасаа огт холдоогүй. Болорцэцэг 2-3 боодол их хэмжээний мөнгө орж ирж байгаа тохиолдолд намайг дуудаж давхар тоолуулдаг. Тэр өдөр надаар мөнгө тоолуулаагүй. Тэр өдөр их хэмжээний мөнгө орж ирээгүй байх... гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Хариуцагч тал тухайн өдөр ХААН банкнаас зээл авч худалдан авсан барааныхаа үнийг төлж барагдуулсан гэж зээлийн гэрээг ирүүлсэн боловч уг зээлийн гэрээ нь Малчин хувьцаат компаний салбарын ажилчид очихоос өмнө байгуулагдсан бөгөөд барааны үнийг 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн гэдгийг нотлохгүй байна. Мөн Хаан банк, Хас банк, Төрийн банк, Капитал банкуудтай Г.Болорцэцэг, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Өнөржаргал нарын 2015 оны 07-р сарын 01-нээс 07-р сарын 31-ний хоорондох харилцах дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулбараас харахад энэ хугацаанд ямар нэгэн байдлаар Лхагвын шилжүүлсэн гэх хэмжээний төгрөг тэдний дансанд ороогүй байгаа зэргээр С.Лхагва нь худалдан авсан барааныхаа үнийг төлөөгүй гэж мэдүүлсэн гэрч Г.Болорцэцэг, Д.Эрдэнэбаяр нарын мэдүүлгүүдээр батлагдаж байх тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж шийдвэрлэлээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С.Лхагваас худалдан авсан барааны үнэ болох 2.485.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С.Лхагваас 2.485.000 төгрөг гаргуулж Малчин ХХК-ны Архангай аймгийн салбарт олгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 55000 төгрөгийн 54710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 290 төгрөгийг, хариуцагчаас 54710 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол Улсын Ирэгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ