Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2024/00091

 

 

 

 

 

 

 

2024 09 05 207/МА2024/00091

 

 

    “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

   Н.О-т холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/00..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.О-т холбогдох,

Нөхөн татвар, торгууль, алданги 35.590.556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Н.О-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагч Н.О-, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Л” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.О- нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “М” ХХК-д “Л” ХХК-ийн 100%-ийн хувьцаагаа худалдаж, мөн хувьцаатай тэнцэх компанийн эрхээ шилжүүлсэн байдаг. Н.О- нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдахаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийнхаа 217.616.000 төгрөгийн үнэ бүхий эм бараагаа өөртөө шилжүүлэх шийдвэр гаргаж хувьдаа авсан боловч энэ эм барааныхаа борлуулалтыг 2020 оны жилийн эцсийн тайландаа борлуулалтаар тайлагнаагүй, тайлангаа ч компанийн эрх шилжүүлэн авагч талд хүлээлгэн өгөөгүй. Гэтэл 2023 оны 7 сарын 04-ний өдөр “Л” ХХКомпани дээр О аймгийн Татварын хэлтсээс шалгалт орж /Н.О-ийн өөртөө шилжүүлж авсан. 217.616.000 төгрөгийн эм барааны үлдэгдлийг борлуулалтаар тооцолгүй өрийг хаасан байна гээд Татварын Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг үндэслэн 21.762.600 төгрөгийн нөхөн татвар, 8.705.040 төгрөгийг торгууль, 5.122.916,04 төгрөгийн алданги, нийт 35.590.556,04 төгрөгийг төлбөрийг “Л” ХХК-иас гаргуулахаар О аймгийн Татварын хэлтсээс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр № НА-2023............. дугаартай акт тавигдсан. Тиймээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд “Л” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан Н.О- нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасныг болон 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Л” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан Эрх шилжүүлэгч нь /Н.О-/ хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд үүссэн компанийн үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг /бусад этгээдтэй хийсэн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцлага, татварын өр, төлбөр г.м/ бүрэн хариуцна гэж заасныг тус тус үндэслэн өөртөө шилжүүлж авсан 217.616.000 төгрөгийн эм барааны борлуулалтад ногдох нөхөн төлбөр 21.762.600 төгрөгийн нөхөн татвар, 8.705.040 төгрөгийг торгууль, 5.122.916,04 төгрөгийн алданги, нийт 35.590.556,04 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж “Л” ХХК-ийн нэр дээр тавигдсан татварын нөхөн татвар, торгууль, алданги болох 35.590.556,04 төгрөгийг Н.О-ээс гаргуулж, татварт төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Нэхэмжлэгч “Л” ХХК-иас хариуцагч Н.О-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах байдлаар тодруулж байна. Хариуцагч Н.О- нь “Л” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийнхаа 217.616.000 \хоёр зуун арван долоон сая зургаан зуун арван зургаан мянган\ төгрөгийн эм барааг өөртөө шилжүүлж авчихаад үүнд ногдох НӨАТ-ыг 2020 оны жилийн эцсийн тайландаа борлуулалтаар тайлагнаагүйн улмаас О аймгийн Татварын хэлтэс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр НА-2023............. дугаартай актаар “Л” ХХ Компани дээр нийт 35.590.556 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги тавьсан. Иймд хариуцагч Н.О-ээс “Л” ХХКомпани дээр тавигдсан 35.590.556 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Н.О- би “Л” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Би өөрийнхөө “Л” ХХК-ийг 2021 оны 01 сарын 18-ны өдөр “М” ХХК-д эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн. Тухайн үед би 217.616.000 төгрөгний үнэ бүхий эм, эмийн барааг өөрөө зарж борлуулахаар хүлээн авсан бөгөөд “М” ХХК-д энэ барааны НӨАТ-ыг над руу биччих би татвараа төлөөд тайландаа тусгаад тооцоог нь хийж дуусгана гэдгээ хэлсэн. Гэтэл “М” ХХК нь надад ямар нэгэн НӨАТ явуулаагүй бөгөөд би НӨАТ байхгүй байсан учраас 217.616.000 төгрөгийн барааг тайланд тусгаж чадаагүй юм. Тухайн үед надад компаний тамга тэмдэг байхгүй эрхийг нь шилжүүлсэн байсан учир би өөрөө тайлан гаргах боломжгүй байсан. Хэрэв “М” ХХК надад НӨАТ бичээд явуулсан бол би тэр жилийнхээ тайланг татварын албанд тайлагнах байсан тул энэ татварын хүү алдангийг “М” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Харин би 217.616.000 төгрөгний бараагаа шинэ компанийн нэрээр өөрөө худалдаад тайлангаа гаргаад явуулсан тул татварын албанд энэ талаарх баримтаа гаргаж өгөөд 21.762.600 төгрөгийн нөхөн татвараа хаалгах боломжтой гэж үзэж байна. “М” ХХК-д татварын албанаас ногдуулсан 8.705.040 төгрөгийн торгууль, 5.122.916 төгрөгийн алдангийг өөрсдөө төлөх үүрэгтэй, учир нь “М” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу надад НӨАТ бичиж явуулаад би худалдсан барааныхаа НӨАТ-ыг шивж оруулснаар ийм хэмжээний торгууль алданги үүсэхгүй байх байсан гэж үзэж байна. Би 217.616.000 төгрөгийн барааг шинэ компанийн нэр дээр шивчихсэн тул татвараас зайлсхийсэн гэж үзэх боломжгүй юм, хэрэв “М” ХХК /одоо Л ХХК/ НӨАТын баримтаа явуулсан бол татварын алба давхар торгууль алданги тооцож нөхөн ногдуулалтын акт гаргахгүй байсан. Мөн би 2021 оны 01 сарын 15-ны өдрийн “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу компаний 6000 ширхэг энгийн хувьцааг “М” ХХК-д 80.000.000 төгрөгөөр худалдаалсан. Би тус компаниас 19.000.000 төгрөгийн НӨАТ-тай бараа авсан үлдэгдэл 61.000.000 төгрөгийн бараанд би НӨАТ тооцохоор 6.100.000 төгрөг авах ёстой. Иймд “М” ХХК-ийн буруутай үйлдэл байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/00..... дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1., 84.1.2., 73 дугаар зүйлийн 73.2.1.-д заасныг баримтлан хариуцагч Н.О-ээс 21.762.600 төгрөгийн нөхөн татвар, 8.705.040 төгрөгийг торгууль, 5.122.916,04 төгрөгийн алданги, 35.590.556 төгрөг гаргуулан “Л” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561 808 34 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 561 808 34 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.О- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/00..... дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Н.О- миний бие 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “М ХХК”-тай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Л” ХХК-ийн Энгийн хувьцаа ХХАГ байгуулсан. Компанийг худалдан авах саналаа “М ХХК 2020 оны 09 дүгээр сараас гаргаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа ирж уулзаж байсан. Тусгай зөвшөөрөл бүхий эмйин санг худалдан авч үйл ажиллагаа явуулах нь энэ компанийн зорилго байсан. Л ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа байрлал нь 5-1 дүгээр байранд төв зам дагуу байрлаж байсан бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авч тус газар үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа анх илэрхийлж байсан. Ингээд 2021.01,07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө буюу үйл ажиллагаа явуулж байсан байрыг худалдаж авсан. Энэхүү эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийг худалдаж авах бодит болсон явдлыг нэхэмжлэгч хариуцагч нар тайлбартаа дурдсан. Н.О-т эрх хүлээн авагч нь хэлэхдээ компанийн үлдэгдэл эд хөрөнгө буюу эм, барааны үлдэгдлийг хувь хүнд нь шилжүүлээд бид нар 00 болсон компани авна гээд 2021 оны 01.18-ны өдөр гэрээ байгулж тамга, тэмдэг хүлээж авахдаа “МХХК-ийн О аймгийн бөөний төвийн ажилтан А-д итгэмжлэл өгч гэрээ байгуулж, бусад баримт бичгийг шууд хэвлэсэн авч ирээд нотариатын өрөөнд байхдаа гарын үсэг зуруулж авсан. Бусад баримт дээр гарын үсэг зурж өгсөн. Гэрчээр А-г шүүх хуралдаанд оролцуулж энэ талаар нотлуулах гэсэн боловч М ХХК-д ажиллаж байхдаа эм бараа материалын дутагдал гаргаж энэ асуудлаар Цагдаагийн газарт гомдол гаргаж хоорондоо асуудалтай байгаа гэж нэхэмжпэгч тал тайлбарласан. Утсаар холбогдоход гэрчээр оролцож мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн боловч дахин холбогдож чадахгүй болсон. Э-д амьдарч байгаа үгүйг нь мэдэхгүй байгаа бөгөөд гэрчийг олж чадаагүй. Тухайн худалдах худалдан авах гэрээ хийх үед татварын болон санхүүгийн тайланд 217 сая төгрөгийн эм барааний үлдэгдэл бүртгэгдсэн хэвээр байсан Татварын хяналт шалгалтад орох үед хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу өс хаасан тогтоолыг хавсаргасан байдаг. Гэрээ байгуулсны дараа М-иас холбогдож тогтоолыг үндэслэн хаасан гэсэн үг. Энэ үед нягтлан Э-тай холбогдож байсан. Өмнөх оны тайланг Н.О- өөрөө засварлах түүнд нэвтрэх эрх нэгэнтээ шилжсэн байсан. Татварын ерөнхий хуулийн 31.1 Татварын тайланд залруулга хийх, 31.1.Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан. Эрх хүлээн авагч энэ залруулгыг хийх баримт нөхөж шивэх, татварын ногдлыг Н.О-т үүсгэх боломжтой байсан. Энэ талаар ч тухай үед хэлж байсан. Гэтэл манайх өмнөх зүйлийг оролдохгүй, тийм орлого олсон баримт одоо шивэхгүй гэж хариулж байсан. Гэрчийн мэдүүлгээс ч харагдахаар байна. НӨАТ-ын тухай хуулийн 16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан байдаг бөгөөд тухайн үлдэгдэл эм, бараа материалын үлдэгдэл 2021 оны 01 сарын 18-ны өдөр ч байсаар байсан. 2020 оны тайланг засварлах боломжит хугацааа бидэнд байсан. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дугаар А/... ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"- энэ журмын дагуу хүсэлтээ гаргаад тайланд засвар оруулах бүрэн эрх, боломж нэхэмжлэгчид байсан. 2020 оны 12 дугаар 31-ний өдрийн тогтоолоор үлдэгдэл бараа материалыг өөрт шилжүүлсэн боловч бодит байдал дээр энэ хугацаанд ийм зүйл болоогү учраас үүнийг гэрээ байгуулж компанийн эрхийг шилжүүлж аваад бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Бид ярилцаад худалдаж авахаар тохирохдоо компанийг бараа материалын үлдэгдэлгүй, өр төлбөргүй 00 заасан компани авна гэдгээ худалдан авагч тал ч хэлж байсан байна. Гэтэл гэрээг 01.18-нд буюу 2020 оны тайлан илгээсны дараа хийсэн. Н.О- миний бие М ХХК-ийг үүсгэн байгуулаад тус компанидаа тухайн эм бараа материалын үлдэгдэл хэсгийг 2021 оноос орлогоор бүртгэн авч худалдан борлуулж явсан. Тус компанийн санхүүгийн тайлангаас 217 сая төгрөгийг бараа яагаад бүтэн харагдахгүй байгаа вэ? гэхээр 2020 он үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд зээлээр бараа материал худалдсан, хугацаа дууссан эм бараа материал нь үлдэгдлээр харагдаж байна. Бодит үлдэгдэл байсан эм барааг тоолж орлогод бүртгэн өөрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн эмйин сангаар дамжуулан борлуулалт хийж байна. Өдийг хүртэл ийм байдалд оруулж, хугацаа алдсан, 2020 оны тайланд засвар оруулахгүй явснаас болж татварын байгууллагаас акт тавьж тухайн хугацааны алданги торгуулийг давхар ногдуулж байгаа нь надаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мөн энэ талаар тодорхой тайлбарласан. Иймд 8.705.040 төгрөгийн торгууль, 5.122.916,04 төгрөгийн алдангийг миний бие хариуцан төлөх боломжгүй гэж үзэж байх тул 13.827.956 төгрөгийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч “Л” ХХК хариуцагч Н.О-ээс нөхөн татвар торгууль алданги 35.590.556 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.О- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргажээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О аймгийн татварын хэлтсийн 35.590.556 төгрөгийн нөхөн татвар ногдуулалтын актад үндэслэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд “Л” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Н.О- нь өөрийн эзэмшлийн энгийн хувьцаагаа 100 хувь “М” ХХК-д худалдахаар “Л” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж хувьцаагаа худалдан хувьцаа эзэмших эрхээ “М” ХХК-д шилжүүлсэн, эрх шилжүүлэхээсээ өмнө 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 217.616.000 төгрөгийн үнэ бүхий эмийн барааг өөртөө шилжүүлж авсан ба 2020 оны жилийн эцсийн тайланд борлуулалтаар тайлагнаагүйн улмаас О аймгийн Татварын хэлтэс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Л” ХХК дээр 35.590.556 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги тавьсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Л” ХХК-ийн хувьцааг худалдсан Н.О-ээс “Л” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Л” ХХК-ийн О эмийн сангийн тусгай зөвшөөрөл (эх хувийг) “Л” ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг, компанийн хуучин дүрэм зэргийг “М” ХХК-ийн хүлээн авсан. “Л” ХХК нь 2021 оноос өмнөх онуудын тайлан баланс, кассын дэвтэр зэрэг бичгийн баримтуудыг хүлээлгэж өгөөгүй. “Л” ХХК татварын тайлангийн нууц кодыг 2020 оны тайлан гаргаж илгээсний дараа өгөхөөр тохиролцон акт үйлдсэн байна.

О аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №НА2023............. дугаартай татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвараар 2021 онд 217.626 төгрөгийн бараа материалын үлдэгдлийг борлуулалтаар тооцоогүй өрийг хаасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн (2015 он) 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж 21.762.600 төгрөгийн нөхөн татвар 8.705.040 төгрөгийн торгууль 5.122.916,04 төгрөгийн алданги нийт 35.590.556,04 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн төлөөлөгч Н.О- нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдахаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Компанийнхаа 217.616.000 төгрөгийн үнэ бүхий эм бараагаа өөртөө шилжүүлэх шийдвэр гаргаж хувьдаа авсан боловч энэ эм барааныхаа борлуулалтыг 2020 оны жилийн эцсийн тайландаа борлуулалтаар тайлагнаагүй, тайлангаа компанийн эрх авсан талд хүлээлгэж өгөөгүй.Татварын хэлтсээс акт тавьсан 35,590,556.04 төгрөгийг Н.О- хариуцах үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч Н.О- нь би өөрийнхөө “Л” ХХК-ийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “М” ХХК-д эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн. Тухайн үед би 217,616,000 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн барааг өөрөө зарж борлуулахаар хүлээн авсан бөгөөд “М” ХХК-д энэ эм барааны НӨАТ-ыг над руу биччих би татвараа төлөөд тайландаа тусгаад тооцоог нь хийж дуусгана гэж хэлж байсан боловч “М” ХХК над руу НӨАТ явуулаагүй бөгөөд надад НӨАТ байхгүй учраас тайландаа тусгаж чадаагүй тухайн үед компанийн тамга тэмдэг байхгүй эрхээ шилжүүлсэн байсан учир тайлан гаргах боломж байгаагүй. Татварын актаар тогтоосон торгууль алдангийг төлөхгүй “М” ХХК хариуцах ёстой гэсэн татгалзсан тайлбар гарган мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК нь Н.О- өөрөө санхүүгийн баримтуудаа хүлээлгэж өгөөгүй, татварт тайлагнах эрх нь өөрт нь байхад авсан эм барааныхаа үнийг тайландаа тусгаагүй тайлагнаагүй бид нарт санхүүгийн баримт байгаагүй, тамга тэмдэг хүлээлцсэн акт дээр бичсэн байгаа хүлээлгэж өгөөгүй нь нотлогдоно гэсэн хариу тайлбар гаргаж хариуцагчийн тайлбарыг няцаасан тайлбар гаргасан байна.

Хариуцагч Н.О- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар татгалзсан тайлбараа нотлох баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байх ба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан үүрэг үүссэн байхад энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Л” ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, 2020 оны тайлангаа Н.О- гаргахаар тохирсон санхүүгийн баримтуудаа хүлээлгэж өгөөгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Татварын ерөнхий хуульд нийцжээ.

Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/00..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.090 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.Б

 

                                               ШҮҮГЧ                                  Б.О

 

                                                    ШҮҮГЧ                                   С.У