| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00199/И |
| Дугаар | 199 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 199
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.Бадмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Б.Бадмаагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дожоо овогт Бадарчийн Бадмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1982 оны 06-р сарын 16-наас 1994 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цаг уурын станцад ажиглагчаар тасралтгүй ажиллаж байсан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн боловч хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ 1991 онд сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлж байсан бөгөөд, уг шилжүүлэх үед хөдөлмөрийн дэвтрийг 1991 онд нээсэн гэж ташаа бичсэн байна.
Иймд дээрх хугацаанд ажилласныг хөдөлмөрийн дэвтрийг үнэлэн тогтоож өгөхийг хүсье гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадмаа нь 1982 оны 06-р сарын 16-наас 1994 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цаг уурын станцад ажиглагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.
Б.Бадмаа 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Ус, цаг уурын товчооны Дөрвөлжин дэх станцад дагалдан ажиглагчаар ажилд орж, 1983 оны 03 дугаар сарын 02-ноос эхлэн тус сумын Ус, цаг уурын Дөрвөлжин станцад ажиглагчаар дэвшүүлэн ажиллуулсан болох нь Завхан аймгийн Ус, цаг уурын товчооны даргын 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот, мөн даргын 1983 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 9 тоот тушаалуудаар нотлогдож байна.
Мөн дээрх байдал нь 1991 оны 04-р сарын 13-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгджээ.
Уг хөдөлмөрийн дэвтэрт ...1982 оны 05-р сарын 01-ний өдөр Дөрвөлжин сумын Цаг уурын станцад дагалдан ажиглагчаар томилон ажиллуулав. ...Завхан аймгийн Ус, цаг уурын товчооны даргын 1982 оны 06-р сарын 16-ны өдрийн 25 тоот тушаал, ...1983 оны 03-р сарын 02-ны өдөр Дөрвөлжин сумын Цаг, уурын станцад ажиглагчаар дэвшүүлэн ажиллуулав. ...Завхан аймгийн Ус, цаг уурын товчооны даргын 1983 оны 03-р сарын 09-ний өдрийн 09 тоот тушаал, ...1992 оны 11-р сарын 01-ний өдөр Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлэв. ...Аймгийн Ус, цаг уурын орчин шинжилгээний төвийн захирлын 1992 оны 11-р сарын 05-ны өдрийн 74 тоот тушаалаар... гэж бичээд ...1992 оны 11-р сарын 01-ний өдөр сумын Ус, цаг уурын орчны шинжилгээний өртөөний ажиглагчаар томилон ажиллуулав. ...Дөрвөлжин сумын Засаг даргын 1993 оны 12-р сарын 24-ний өдрийн 73 дугаар захирамжаар... гэсэн бичилтүүд хийгдсэн байдал нь батлагдаж байна.
Харин 1994 оны 12-р сарын 31-ний өдөр ажлаасаа гарсан гэх боловч энэ талаар тушаал байхгүй байгаа хэдий ч Б.Бадмааг ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Э.Мөнгөнцэцэгийн ...Оныг сайн мэдэхгүй байна. Завхан аймгийн Дөрвөлжин суманд тогтвор сууршилтай он удаан жил ажиллаж байгаа. Өөр газар шилжиж ажиллаагүй. Насаараа Дөрвөлжин суманд ажиллаж байгаа. Манай цаг уурын техникч хүн дээ. ...1982 онд бол Сонгиноо дарга байсан. 1991 онд хөдөлмөрийн дэвтрийн нээж бичилт хийгдэж гарын үсэг зурсан нь мөн байна. 1992 онд бол Лхагважав манайд захирлаар ажиллаж байсан. Энэ хоёр хүний хариуцлагагүй байдлаас болж л ийм асуудал үүссэн болов уу гэж бодож байна. Боловсон хүчин Түмэндэмбэрэл, Нямсүрэн гээд дандаа ой аж ахуй талаас тавигдсан хүмүүс байсан. Тэр хүмүүсийн л хариуцлагагүй байдал байх гэж бодож байна. Манай байгууллага жил болоод засгийн газрын шийдвэрээр статус нь өөрчлөгдөөд байсан. Тэр үеэр бас ийм будлиан болсон байх. Түүнээс биш Бадмаа эгч тасралтгүй ажилласан. Яг нэг газраа тогтвортой ажиллаж байгаа... гэсэн,
гэрч О. ...Би 1981 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын цаг уурын ажиглагч хийсэн. Тэгэхэд Бадмаа 1982 онд орж ирж байсан. Тухайн үеийн цаг уурын даргаар Дайдийхүү гуай ажиллаж байсан. Хавар орж ирж байсан санагдаад байна. Би 1988 он хүртэл ажиллачихаад аймагт ирж хэдэн жил болоод буцаад ажиллахад Бадмаа байж байсан. Би 1998 онд буцаж очиход Бадмаа ажиллаж л байсан. Түүнээс хойш одоо болтол цуг ажиллаж байна гэсэн,
гэрч Д.Уранчимэгийн ...Би 1991 онд цаг, уур орчны шинжилгээний албанд Улиастай өртөөний техникчээр орж ажилласан. Тэгэхэд Бадам эгч Дөрвөлжин сумын цаг уурт ээлжийн ажиглагчаар ажиллаж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаад одоо тэтгэвэртээ гарах гэж байна. Дунд нь дарга хүртэл хийж байсан... гэсэн мэдүүлгүүд болон Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ус, цаг уурын ажиглалтын 1982 оноос 1994 оны хоорондох ЦД-1 дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарДожоо овогт Бадарчийн Бадмааг 1983 оны 03 дугаар сарын 01-нээс 1992 оны 11 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн Ус, цаг уурын товчооны Дөрвөлжин дэх станцад ажиглагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ус, цаг уур орчны шинжилгээний өртөөний ажиглагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ