| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0074/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 72
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Т.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Батжаргалд холбогдох эрүүгийн 1930000690065 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, /РД:НО73102873/ Боржигон овогт Түдэвийн Батжаргал.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Батжаргал нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ухаа овоо гэх газарт засмал зам дээр 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн орчимд 42-69 УНК улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Я.Алтанцогийн амь нас хохирсон, зорчигч Э.Одбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 сарын 02-ны орой Сүхбаатар аймаг руу явж байгаад Мөнххаан дээр зогсож нэг бие засчихаад явж байхад өөдөөс 3 адуу гарч ирээд тэгээд зүүн гар тийшээ дараад буцаагаад баруун гар тийшээ дараад тэгээд л ойчсон.80 км цагийн хурдтай явсан.Би өөрөө нуруундаа гэмтэл авч нурууны 2 яс хугарсан. Улаанбаатар хотод хагалгаа хийлгэж ухаан орсон.Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.Аль болохоор богинохон хугацаатай ял оноож өгөөч гэв.
Эрүүгийн 1930000690065 дугаартай хэргээс:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхтайван мөрдөн байцаалтад өгсөн: “... Талийгаач ээж маань 2019 оны 02 дугаар сарын 02-ны шөнийн 23 цаг 40 минутын орчимд найз Батжаргалын эзэмшлийн 42-69 УНК улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй нь Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу явахаар миний төрсөн хүү Одбаярын хамт тэр гурав гарсан. Маргааш нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 21 минутын үед талийгаач ээж маань над руу тусаар залгаад Мөнххаан сум өнгөрөх гээд явж байна гэж надад хэлсэн. Тэгээд зам тээврийн осолд орсоны дараа түргэний эмч манай хүүгээс ээжийнх нь дугаарыг авч болсон асуудлын талаар хэлсэн. Цаашид нарийн тооцоо гаргаж Батжаргал гэх хүнээс хохирлоо нэхэмжилнэ. Учирсан хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй. Харин хохирлоо төлөөгүй тул гомдолтой” гэх мэдүүлэг /хх- 23/,
Насанд хүрээгүй гэрч Э.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй.2019 оны 02-р сарын 02-ны оройн 00 цагийн орчимд Улаанбаатар хотоос төрсөн аавын ээж болох эмээ Алтанцогийн хамт жолооч Батжаргалын эзэмшлийн Аксент маркийн 42-69 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум орж шинэлэхээр явсан юм. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн үед Баруун-Урт сумаас 66 км-т гэнэт машин замын урд тал руу онхолдсон.Тэгээд би газар хэвтэж байхад замын машин таарч Баруун-Урт сумын эмнэлэгт хүргэж өгсөн.Тэгээд юу болсоныг мэдэхгүй байна.80-100 км цагийн хурдтай явж байсан.Цээж дотор, 2 хөл бага зэргийн өвдөж зүүн гарын сарвуу хавдсан.. ” гэх мэдүүлэг /хх-24/
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд: Аксент маркийн 42-69 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Батжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Аксент маркийн 42-69 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Батжаргал нь замын нөхцөлд хурдыг тохируулж яваагүй улмаас осол гарах болсон гэж үзлээ. /хх-ийн 18/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачийн биед хавсарсан гэмтэл: Гавал тархины ил гэмтэл. Гавлын дух, зүүн зулай чамархай суурь ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай суурийн хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, баруун талын 2,3,4,5-р хавирганы зөрөөгүй хугарал, гялтангийн цус хуралт, 2 уушигны болон элэгний эдийн няцралт, зүүн хөмсөгний дээд хэсгийн няцарч урагдсан шарх, хэвлий зүүн гарын тохой, зүүн хөлийн гуя, зүүн хөлийн шилбэ, баруун гуяны болон цээж, ар нурууны хэсгийн олон тооны зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралт, зүүн хөлийн шагайн болон баруун гарын бугуйн хугарамтгай хэсгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд байна. 4. Талийгаач нь гавлын дух, зүүн зулай чамархай суурь ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай суурийн хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалтын улмаас нас баржээ. 5. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 6. Талийгаач нь эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй байжээ. 7. Талийгаач нь нас барах үедээ эрүүл байжээ гэх дүгнэлт /хх-ийн 28-30/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Одбаярын биед зүүн талын 6-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн бугалга, болон өвдөгний хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 65/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхтайваны хохирол нэхэмжилсэн баримт /8-20/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-38/
Т.Батжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/,
Т.Батжаргалын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-96/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Т.Батжаргал нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ухаа овоо гэх газарт засмал зам дээр 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн орчимд 42-69 УНК улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Я.Алтанцогийн амь насыг хохироосон, зорчигч Э.Одбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Одбаярын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 14 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 22 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Батжаргалд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Т.Батжаргал нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Батжаргал нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Я.Алтанцогийн амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Т.Батжаргал нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Т.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Батжаргалд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Батжаргалын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхтайван нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд 10131920 төгрөг, Я.Алтанцогийн Зуно ХХКомпаниас 3 215 000 төгрөг, Капитал банк бус санхүүгийн байгууллагаас 3 625 534 төгрөгийн авсан зээлийг нэхэмжилсэн бөгөөд ялтан Т.Батжаргалаас оршуулгын зардалд 8 657 825 /найман сая зургаан зуун тавин долоон мянга найман зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхтайванд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1 474 095 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлын нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна..
Шүүгдэгч Т.Батжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Түдэвийн Батжаргалыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Батжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар ялтан Т.Батжаргалаас оршуулгын зардалд 8657825 /найман сая зургаан зуун тавин долоон мянга найман зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхтайванд олгон , нэхэмжлэлийн шаардлагаас 1 474 095 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлын нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Ялтан Т.Батжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА