Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 176

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

улсын яллагч Э.Бадрал,

хохирогч Л.Сарантунгалаг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Магнай овогт Базарсадын Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811022240959 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамж 487 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Магнай овогт Базарсадын Б.Э /РД: ЧМ74062871/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

хохирогч Л.Сарантунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шөнө 12 цагийн үед толгойн тус газарт цохиж эхэлсэн. Орой 21 цагийн үед согтуу хаалга цохиод байсан юу болсон талаар асуухад “...өө муу пизда нарыг ална...” гэж хэлээд орж ирсэн. Тухайн үед манай эгчийн шүдийг хугартал нь цохисон. Энэ хүн манай ахын гэрт байнга байж байдаг. Хашаан дотор 40 гаруй настай эгчийн маань үснээс татан чирээд байсан учраас би айсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд ар гэрийхэнд болсон зүйлийн талаар хэлэх гээд гудамж өнгөрөөд явж байх үед араас ирээд та нар юу юм бэ гэж хэлээд миний үснээс 50-60 метрийн зайд чирч, гутлаа тайлж байгаад зодсон. Энэ хүн намайг санаатайгаар зодсон гэр бүлийхэнд нь ямар хүн бэ гэдгийг нь хэлэх гэж байсан. Би гомдолтой байна. Толгойндоо зөөлөн эдийн гэмтэл, дотор эрхтэндээ гэмтэл авсан. Эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй мөн 4 болон 8 дахь хавирга хугарсан байдалтай байгаа ба үүнээс үүдэн уушиг өвчлөх магадлалтай талаар эмч хэлсэн. Би хөдөлж чадахаа больсон. Нэгдүгээр эмнэлэгт 2 сарын хугацаагаар эмчилгээ хийлгэх гэж явсан. Цаашид нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх шаардлагтай байна.  Б.Эгаас эмчилгээний зардал 5 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч Л.Сарантунгалагийг зодож биед нь тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт, цээжний зүүн ар доод хэсэг бүсэлхийн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр найз Мягмардорж над руу утсаар яриад өглөө 09 цагийн орчим манайд ирсэн. Тэгээд манайхаас бид хоёр гараад найз Эрдэнэбаярын гэрт буюу Жуковт очсон. Тэндээ 3-лаа уулзаж, 5 буудлын лазер караокед ирээд 2 шил архи хувааж уусан. Караокед байхад Эрдэнэбаяр, Мягмардорж нар шалихгүй зүйлээс болоод маргалдаад байсан. Тэгээд Мягмардорж гараад явсан. Тэгэхээр нь Эрдэнэбаяр бид хоёр удалгүй гараад Мягмардоржийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 14-р хороо Хайлаастын 20-672 тоотод очсон. Тэгээд гэр лүү нь ороход байхгүй байсан. Тэгээд хашаанд нь хүлээгээд байж байтал Мягмардорж гаднаас ирээд та хоёр үхсэнээ хийж ирсэн юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Би тэгээд одоо боль яах гэж маргалдаж байдаг юм бэ гэтэл над руу Мягмардорж дайраад зууралдаад намайг нэг цохиж авсан. Би гарт байсан пивоны бакалаар Мягмардоржийн толгой руу нь цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 80х/

хохирогч Л.Сарантунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...жавхаа гэх залуу цал согтуу алнаа гээд хашгараад хашааны хаалгыг хөлөөрөө жийж орж ирээд төмпөн сав авч шидээд байхаар нь эг Цэцэгээгийн хамт хашаанаасаа гаргах гэтэл өөдөөс зодох гээд дайрсан, манай эгч Цэцэгээгийн үснээс зулгаасан, хөл гарлуу нь өшиглөөд байсан тэр залууг татаж чангаагаад хашаанаас гаргах гээд байж байхад дүү Анхбаяр гарч ирээд юу болоод байгаа юм бэ гээд унтаж байсан дүү маань хөл нүцгэн гараад ирэхээр эгч Цэцэгээ Анхбаярыгаа чи яах гээд байгаа юм бэ би танай гэрт ороод агсам согтуу тавьдаггүй, чи яагаад манай гэрт агсам согтуу тавиад байгаа юм бэ гээд түүнийш тэврээд хашаанаас гаргаад өөрөө гэрлүүгээ орсон, манай ахын гэр нь манай гэрийн хажууд байдаг юм, тэгээд тэр залуу эгч Цэцэгээ бид 2 гэрт нь очиж эхнэр хүүхдэд нь хэлнэ гээд араас нь дагаад явж байтал гэнэт гүйж ирээд үснээс зулгааж доошоо дараад гэдэс гүзээ бүх л газар луу өшиглөөд байсан, энэ үед хүүе ээ энийг аваач ээ гээд орилоод д байсан. энэ үед ах Тунгалагтаир гэрээсээ гарч ирээд тэврээд авч салгасан, ах маань салгаагүй байсан бол намайг алах байсан байх.тэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/

гэрч Б.Анхбаяр /ххийн 26-р хуудас/, Л.Цэцэгээ /хх-ийн 29-30-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 997 дугаар дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №9593 тоот дүгнэлтэд: “Л.Сарантунгалагийн биед тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт, цээжний зүүн ар доод хэсэг бүсэлхийн зүүн хэсэгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо , ирмэгтэй  зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт…” /хх-ийн 27х/ болон  бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Л.Сарантунгалагт мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Эгаас хавтас хэрэгт баримтаар авагдсан нийт 1.270.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Харин хохирогч Л.Сарантунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ энэ хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай нийт эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн болно. Шүүх баримтгүй, ирээдүйд гарах эмчилгэний зардлыг одоо тогтоох боломжгүй гэж үзэн хохирогчийг холбогдох баримтаа бүрдүүлэн Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд тохирох ялшийтгэлийг оногдуулав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Магнай овогт Базарсадын Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Б.Эд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нийт 1.270.000 төгрөг  төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Л.Сарантунгалаг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ