Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/01746

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11 210/МА2024/01746

 

 

 

Б.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/02742 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Зын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

 

Амины орон сууц захиалгын гэрээний үүрэгт 217,980,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Б.З нь Э ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Амины орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, 73.1 м.кв байр болон дулаан зогсоолын хамт нийт 186,130,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Э ХХК-ийн Хаан банкны дансанд 168,130,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн 168,130,000 төгрөгөө буцаан гаргуулах, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 7.6-д зааснаар алданги 49,850,545 төгрөг, нийт 217,980,545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

№АГВ-15-С/12 тоот Амины орон сууцны захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу АОС-ны үнэ гэдэгт нийт 186,130,000 төгрөг байсан гэсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Заас 168,130,000 төгрөг гэрээний дагуу хүлээн авсан. Тус гэрээний 7.6-т Гүйцэтгэгч тал гэрээний 7.1-д зааснаас бусад шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги захиалагч талд төлөх бөгөөд энэ заалт нь АОС-ын төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хамааралтай болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.З нь АОС-ны үнийг 100 хувь төлөөгүй байсан тул алданги тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэгч талын шаардсан 217,980,545 төгрөгөөс алданги 49,850,545 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-иас 217,980,545 төгрөгийг гаргуулж Б.Зт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,247,853 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК-иас 1,247,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Нэхэмжлэгч нь хариуцагч амины орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрөө буцаан нэхэмжилсэн байхад хүчин төгөлдөр гэрээний дагуу алданги нэхэмжилж байна уу, эсвэл дуусгавар болсон гэрээнээс учирсан хохирлоо шаардаж байгаа эсэх нь тодорхой бус байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс ...хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагчийн гүйцэтгэх удирдлагад 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрчлөлт орж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Д надад 2024 оны 5 дугаар сарын 31-нд итгэмжлэл олгосны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Компанийн гүйцэтгэх удирдлага, хаягт өөрчлөлт орсныг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн итгэмжлэл хийгдсэн албан бланк дээрх хаягаас маш тодорхой харж болно.

Анхан шатны шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн гэх боловч хүргүүлсэн хаягийг өмнөх хуучин хаягаар явуулсан байгаа ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д миний холбоо барих утасны дугаарыг .... 6885 гэж (6889 байх ёстой) алдаатай буруу бичиж явуулснаас шүүхийн мэдэгдэх хуудас манай компани дээр 7 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө ирээгүй байна. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д надад 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр утсаар мэдэгдсэн. Д.Д би баяр наадмын болон ээлжийн амралттай хөдөө орон нутагт зорчиж байсан ба 7 дугаар сарын 19-ний өдөр буцаж ирэх ямар ч боломжгүй явж байсан талаар хүсэлтийг бичиж шүүгчийн туслах руу цахимаар явуулсан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх 217,980,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйн улмаас талуудыг мэтгэлцүүлэх боломж олгоогүй, хариуцагчаас нэхэмжлэгчид асуулт тавих боломж олгоогүйн улмаас хэргийн үйл баримт, талуудын маргаанд хэрэглэвэл зохих хууль болон нэхэмжлэгчийн шаардах эрхийг бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд хариуцагчийг оролцуулалгүй хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу байна. Хариуцагч шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан мэтгэлцэх байсан ба шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах бүрэн үндэслэлтэй байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 02742 дугаартай шийдвэрийн зарим хэсэг болох 49,850,545 төгрөгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Алдангийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс үүрэг зөрчсөнөөс хойш гэрээг цуцлах хүртэл хугацааны алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба гэрээг цуцлагдсанаас хойших хугацааны алданги яригддаггүй. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж заасан. Хэргийн үйл баримтаас ...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр утсаар мэдэгдсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж болно гэж заасан. Иймд хариуцагчийн зүгээс шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийг шийдвэр хууль тогтоомж зөрчөөгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 217,980,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.З нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Э ХХК-тай амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, ..... дүүрэг, ... дүгээр хороо, ...... хотхонд 73.1 м.кв талбайтай амины орон сууцыг 1 м.кв талбайг 2,300,000 төгрөг, дулаан зогсоолыг 18,000,000 төгрөг, нийт 186,130,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирч, улмаар 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 168,130,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 18,000,000 төгрөгийг амины орон сууцыг ашиглалтад орох үед төлөх үүрэг хүлээжээ /х.х-ийн 4-11/.

 

Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ажил гүйцэтгэгч Э ХХК нь амины орон сууцыг 2021 оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж гүйцэтгэн захиалагч Б.Зт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар ажил гүйцэтгэгч Э ХХК нь амины орон сууцыг гэрээнд заасан дээрх хугацаанд ашиглалтад оруулах үүргээ зөрчсөн учир захиалагч Б.З нь тус компанид 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний төлбөрт төлсөн 186,130,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр буцааж өгөхийг мэдэгджээ.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчил гаргасан, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан үйл баримтад маргаагүй байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан журмаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

Тодруулбал, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар захиалагч Б.Зын зүгээс урьд өмнө ажил гүйцэтгэгч Э ХХК-д гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн эсэх талаар зохигчид маргаагүй ба анхан шатны шүүх тэдгээрийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр цуцлагдсанд гэж дүгнэснийг буруутгахгүй.

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээх ба энэ талаар мөн хуулийн 2... дүгээр зүйлийн 221.5-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тодорхой зохицуулсан.

Иймд, анхан шатны шүүх хариуцагч Э ХХК-иас 168,130,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зт олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх ба энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

6. Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-д Гүйцэтгэгч тал гэрээний 7.1-д зааснаас бусад шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангид захиалагч талд төлөх бөгөөд энэ нь АОС-ны төлбөр 100 төлсөн захиалагчид хамааралтай болно гэж заажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар  хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцож болно.

Захиалагч Б.З нь автозогсоолын төлбөр 18,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч Э ХХК-д төлөөгүй боловч энэ тохиолдолд тэрээр алданги шаардах эрхээ алдахгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар ажил гүйцэтгэгч Э ХХК нь амины орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс захиалагч Б.З нь автозогсоолын төлбөр 18,000,000 төгрөгийг төлөөгүй нь түүний буруу биш юм.

Энэ нь дээрх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасантай нийцнэ.

Хэдийгээр талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан боловч тийнхүү цуцлагдах хүртэлх хугацаанд алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг зөрчихгүй. Иймээс алдангийг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 593 хоногоор тооцож 49,850,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь алдангийн зохицуулалтад нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. /168,130,000x0.05%=84,065x593=49,850,545/.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч Э ХХК-ийн оршин байгаа газар, хаягийг Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп-5 гудамж, Аюуд тауэр, 9 дүгээр давхар, 903 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлсон ба энэ нь тус компанийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хаяг болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суух хаягаа өөрчилсөн тохиолдолд энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тийнхүү мэдэгдээгүй тохиолдолд түүний сүүлчийн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгсөн бол хүргэсэнд тооцох зохицуулалттай.

Хэрэгт цугларсан баримтаар шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагчийн хаягаар хүргүүлснийг ажилтан н.Ч гэж хүн хүлээж авсан байхаас гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дд 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэн байна.

Иймд хариуцагч байгууллагын албан бичигт заасан хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдах үндэслэлгүй.

Нөгөө талаар хариуцагч Э ХХК-аас тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Аг томилж оролцуулсан бөгөөд түүнээс татгалзаагүй, зохигч талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээнэ.

Иймээс нэгэнт шүүх талуудад шүүх хуралдааныг товыг зохих ёсоор мэдэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн гомдлыг хүлээн авахгүй.

8. Харин анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээ цуцлагдсан гэж дүгнэж, улмаар түүний үр дагаврыг шийдвэрлэсэн боловч энэ талаар баримтлавал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/02742 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

 

Б.МАНДАЛБАЯР