Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 178

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Баасанжавын Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033970113 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид ачигч ажилтай, Ам бүл ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 20-ын задгайд оршин суух, урьд 2006 оны 07 сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 cap хорих ял оногдуулж, 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тэнсэн суллагдсан, Боржигон овогт Баасанжавын Б.Ш /РД: ЖИ83122918/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Б.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч Д.Нямдоржийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18:00 цагийн орчимд ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны 2 дугаар орцонд хамт ажилладаг Буяндэлгэрийн хамтаар Даваасүрэнгийн гэрт очиход Даваасүрэн ахынхаа хамт хоёулаа байж байсан. Тэгээд бид хоол хийж идчихээд хөзөр тоглож байх үед Буяндэлгэр маргааш ажилтай гэртээ харьлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид гурав 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 2-ыг авч хувааж уусан. Тэгтэл Нямдорж гаднаас 1 шил 0.33 граммын архи 2.5 литрийн Боргио пиво бариад ороод ирэхээр нь уугаад сууж байтал араас нь Буянбаатар орж ирсэн. Ингээд бүгд архи пиво уугаад 22 цаг болсон. Тэгсэн Буянбаатар согтоод муу сайн пизда нар манай орцноос зайл гээд Даваасүрэнг ахтай нь хөөгөөд байсан. Тэгэхээр нь би чи нэгийгээ хөөгөөд яахав дээ, ер нь чамд хамаа байхгүй, чи хэзээ ийм том болчихсон юм, ингэж болохгүй гэж хэлснээс болж маргаан үүсээд намайг гаря гээд байсан. Энэ үед би гартаа ууж байсан аягатай пиво барьчихсан байсан ба хохирогч Нямдорж намайг Буянбаатарыг зодох гэж байна гэж ойлгоод миний араас татахаар нь гартаа барьж байсан пивоор түүний дух хэсэгт 1 удаа цохьчихсон. Тэгээд л би тэр чигээрээ гараад явчихсан. Нямдорж гаднаас орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Би Нямдоржтой огт маргаагүй харин Буянбаатартай чи ингэж болохгүй гэж маргалдсан. ...Би түүнийг ерөөсөө нэг л удаа цохисон. Миний буруутай үйлдлийн улмаас энэ гэмтэл учирсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/

хохирогч Л.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн орчимд Бөмбөгөр худалданы төвийн ойролцоо явж байтал хамт ажилдаг Даваасүрэн утсаар залгаад найзаа хүрээд ир, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 2 дугаар орцонд ах дүү 2-ын хамтаар пиво ууж байна гэхээр нь яваад очтол Даваасүрэнгийн төрсөн ах Баяраа, миний танихгүй Шинээ гэх 2 хүнтэй цуг байсан. Тэгээд мөнгөө нийлүүлээд дахиад нэг пиво авъя гээд дахиад 2.5 литрийн Нийслэл пиво аваад хувааж уугаад сууж байтал манай хамаатны Буянбаатар ах ирзхэд Баяраа ах нь дуудсаар байгаад оруулсан. Тэгтэл Шинээ нь согтоод Буянбаатар ахыг өдөөд тэр 2 барилцаж аваад гадаа гарсан. Удалгүй Шинээ гаднаас орж ирэх үедээ гартаа барьж байсан стаканаар миний дух хэсэгт 1 удаа цохиход стакан хагараад миний духнаас маш их цус гарсан. Энэ үед ээж Цэцгээ хажуу талын өрөөнд байсан болохоор шууд цагдаа дуудсан. Даваасүрэн би чиний өмнөөс явна одоо гарч зугт гээд Шинээгээ зугтаалгасан. Ингээд цагдаа нар ирээд Даваасүрэнг саатуулсан.

Миний баруун дух хэсэгт 4 оёо тавьсан. Өөр гэмтэл шарх байхгүй. Би өмнө нь Шинээг харж байгаагүй. Өчигдөр л танилцсан. Хаана хэнтэйгээ юу хийж амьдардаг талаар мэдэхгүй. Би зөрүүлж цохиж зодсон асуудал байхгүй. Би ерөөсөө тэр хүнд гэм хийгээгүй яагаад намайг цохисныг гайхаж байна. Намайг зөвхөн Шинээ гэх хүн л стаканаар цохисон өөр хүн энэ асуудалд ороогүй. Шинээ гэх хүн бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/

"...тухайн үед миний биед Б.Ш стаканаар толгой хэсэгт 1 л удаа цохьсоны улмаас биед гэмтэл учирсан өөр зодоон цохион болоогүй. Би Б.Шгээс эмчилгээний 500.000 төгрөгийг гаргуулан авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 12х/

гэрч Г.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Мөнгөн завъяа 4 дүгээр байрны 2 дугаар орцны подвалд амьдардаг ба 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд гэртээ иртэл хүүгийн ажлын хүмүүс болох Баяраа, Даваасүрэн, тэгээд Шинээ гээд дуудаад байсан залуугийн хамтаар хөзөр тоглож байгаад сүүлдээ пиво уусан. Удалгүй манай хүү Нямдорж гаднаас орж ирээд тэд нартай хамт пиво уусан. Би ороод битгий Нямдоржид пиво өгөөрэй гэхэд өгчихсөн байсан. Тэгээд би нөгөө өрөөндөө ороод амарч байтал хоорондоо чанга чанга дугараад орилоод эхлэхээр нь гараад хартал манай хүү Нямдоржийн дух руу Шинээ гэх залуу зузаан стаканаар цохиод цус гарч байхаар нь гарч гүйгээд цагдаад дуудлага өгчихөөд ороод иртэл Шинээ нь зугтаад Даваасүрэн Баяраа хоёр үлдсэн байсан. Би цагдаа ирэхээр нь наад хүмүүс чинь биш гэхэд Даваасүрэн би цохьсон гээд саатуулагдсан юм. ...цохьсных нь дараа харахад Нямдорж цустайгаа холилдоод стакан нь хэдэн хэсэг болоод хагарчихсан байдалтай байсан. Хэн хэн нь л их согтолттой байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13х/

гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би түр 5 хоног Чингэлтэй дүүргийн хот тохижуулах газарт ачигч ажил хийсэн юм. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн ах Ганбаяр, саяхан миний ажиллаж байгаа газар ажилд орно гэж ярьж байсан Шинээ гэх залуугийн хамтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 2-р орцонд пиво уусан. Буянбаатар нь пиво уухгүй байсан ба Нямдорж хамт уусан. Гэтэл Нямдорж согтчихсон. Шинээ түүнд хандаж одоо орж унт гэхэд урдаас нь хэл амаар доромжлоод хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед Буянбаатар ах Шинээтэй мөн маргалдаад тэр хоёр гадаа гарсан. Би дундуур нь ороод салгасан ба Шинээ буцаж орохдоо Нямдоржийн нүүр хэсэгт аягаар цохиход аяга нь хагараад Нямдоржийн духнаас цус гарсан. Шинээ энэ байдлыг хараад гараад зугтаачихсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг хамт байсан гээд саатуулсан.

Шинээ Буянбаатар гэх ахтай нь маргалдаад байсан тэгээд гарч яваад буцаж орж ирэхдээ Нямдоржийг 1 л удаа аягаар цохьсон. Ямар шалтгаанаар ийм үйлдэл гаргасан талаар би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14х/

гэрч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 23:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А-4 дүгээр байранд ажлаа хийгээд байж байтал Мөнгөн завъяагийн 2 дугаар байрны орцонд амьдардаг Цэцэгээ эгч над руу утасдаад Нямдорж хүнтэй зодолдоод байна хүрээд ир гэхээр нь яваад очтол Цэцэгээ эгчийн хүү Нямдорж толгой руугаа аягаар цохиулаад гэмтэл авсан байдалтай байсан ба Цэцэгээ эгч намайг цагдаа дуудаад өг гээд байхаар нь би 102-т дуудлага өгсөн. Тэгээд юу болсон талаар асуухад хамт пиво уусан Б.Ш толгой руу нь аягаар цохиод зугатчихлаа гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд тэнд байсан манай дүү Даваасүрэн, Буянбаатар Нямдорж нарыг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан. Би тэр хавиар Б.Шг хайж олоод араас нь дагуулж авчраад уулзуулахад маргааш ирээрэй гээд явуулсан. Намайг очсоны дараа Нямдорж надад өөрөө Б.Ш намайг цохисон гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15х/

Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Намайг дүгнэлтийн хариу гаргах хугацаанд үзүүлэгч Л.Нямдорж нь КТГ-ийн оношлогоо авчирч өгөөгүй. Дүгнэлт гарсаны дараа 13 хоногийн дараа үзүүлсэн байна. Ийм учир дүгнэлтэнд тусгагдах боломжгүй байсан. Уг оношлогооны хариуг харахад үзүүлэгчийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Байрлалын хувьд 2 өөр газар шархтай байсан болно. Ийм учраас олон удаагийн үйлчлэлээр гэж үзсэн. Тухайн хэрэгт авагдсан стакан нь нэгэн зэрэг шарх үүсгэгдсэн 2 байрлалд хүрэлцэх боломжтой ба нэг удаагийн цохилтоор үүссэн байх боломжтой юм..." гэх мэдүүлэг /хх-20-21/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14215 дугаартай дүгнэлт: "...Л.Нямдоржийн биед баруун нүдний зовхинд, хамрын угт шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..." /хх-ийн 19х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Шг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Баасанжавын Б.Шг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Шг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Шг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ