Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01154

 

Э.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01027 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1237 дугаар магадлалтай,

           Э.Гийн нэхэмжлэлтэй,

           Гт холбогдох,     

      Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Г, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2015-05-12-ны өдрийн Б/017 тоот тушаалаар баримт дэвтэрлэгчээр ажиллаж байгаад, 2015-7-27 -ны өдрийн Б/025 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт архивын эрхлэгчээр томилогдон ажилласан. Дээрх байгууллагад 2 жил гаруй хугацаанд ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл хариуцагч  2017 онд  Б/18 тоот тушаал гаргаж, намайг Архивын эрхлэгчийн үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

      Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016-12-02-ны өдөр хүргүүлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Захиргааны албаны гаалийн улсын байцаагч Ч.Жаргалсайхан 2016-12-06 -ны өдөр Э.Гт уг мэдэгдлийг биечлэн танилцуулж, нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зуран баталгаажуулж хүлээн авсан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дахь заалтаар урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах заалтыг биелүүлсэн.  Хэрэв нэхэмжлэгч ямар нэгэн гомдол, хүсэлт байсан бол мөн хуулийн 15.1.4-т заасан захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, 15.1.7-д заасан Захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч Гаалийн байгууллагын удирдлагуудад хандан гомдол, хүсэлт болон холбогдох нотлох баримт гаргаж өгч байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01027 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Э.Г Улаанбаатар дахь Гаалийн газрын архивын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Гаалийн ерөнхий газраас 1 541 385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2-т зааснаар 2017-01-13-ны өдрөөс 2017-04-10-ны өдрийг хүртэлх хугацааны шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Гаалийн ерөнхий газрын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Гаалийн ерөнхий газраас 39 612 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 26-ны өдрийн 1237 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагч хяналтын гомдолдоо: Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016-12- 02-ны өдөр хүргүүлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Захиргааны албаны гаалийн улсын байцаагч Ч.Жаргалсайхан 2016-12-06-ны өдөр Э.Гт уг мэдэгдлийг биечлэн танилцуулан, нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зуран баталгаажуулан хүлээн авсан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-р шийдвэр гаргах тохиолдолд  урьдчилан мэдэгдсэн. Хэрэв нэхэмжлэгч ямар нэгэн гомдол, хүсэлт байсан бол мөн хуулийн 15.1.4-т заасан "захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 15.1.7-д заасан “захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах" эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч Гаалийн байгууллагын удирдлагуудад хандан гомдол, хүсэлт болон холбогдох нотлох баримт гаргаж өгч байгаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Э.Г нь Гт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, архивын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэх шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Э.Гтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б/18 дугаартай тушаалыг хариуцагч 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр /хх 25/ гаргасан бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгч Гаалийн газрын архивын эрхлэгчийн ажлаас халагдсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэв.

        Зохигчид нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь нотлогдоогүй тул шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцжээ.

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01027 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1237 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадуламын гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ