Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 239

 

Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Цэрэндорж,

Шүүгдэгч Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр, тэдний өмгөөлөгч Д.Сэрдамба,

Хохирогч Н.Гантулга, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарын өмгөөлөгч Д.Сэрдамбын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарт холбогдох 201525010041 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бөхчүүд овогт Батбаярын Бямбадэлгэр, 1968 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 4 дүгээр байрны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧИ68122211/.

2. Боржигон овогт Пүрэвдуламын Урантүлхүүр, 1967 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 4 дүгээр байрны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ХЗ67123064/.

Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нар нь бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул Олон улсын худалдааны төвд байрлах Хаан банкны салбараар дамжуулан хохирогч Н.Гантулгаас 25.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарыг бүлэглэн итгэл эвдэх аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нараас 25.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Гантулгад олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн складын бүртгэл гэсэн хаягтай жагсаалтын бүртгэл, нийт 50 хуудас, тетрадь гэсэн цэцэгтэй нүүртэй нэг хавтас 45 хуудас, өдрийн орлого бүртгэсэн жагсаалтын бүртгэлийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр azkhur гэсэн бичигтэй барааны бүртгэлийн жагсаалтын бүртгэлийн дэвтэр 1 хавтас 76 хуудас, summer 730 мb/80 min сиди 1 ширхэг, angte DVD+R/4.7 gb 1 ширхэг сиди зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Сэрдамба гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад Г.Баасанжав нь Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь заалтыг зөрчсөн байна. Тухайлбал: Иргэн Н.Гантулгыг төлөөлж, түүний эгч Н.Түмэн анх Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст "...өндөр ашигтай бизнест хамтарч ажиллана гэсэн зарын дагуу Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нар нь 25.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авч, зээлийн гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн" гэсэн гомдлыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргажээ. Гэтэл мөрдөн байцаагч Г.Баасанжав нь анх гомдол гаргасан Н.Түмэнгээс 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тайлбар авсан байна. /хх-ийн хуудас 9/ Өөрөөр хэлбэл, Н.Түмэнг Цагдаагийн газарт гомдол гаргаагүй байхад Н.Түмэнг гомдол гаргахаас 8 хоногийн өмнө түүнийг асууж тайлбар авчээ. Мөрдөн байцаагч Н.Түмэнг 8 хоногийн дараа гомдол гаргахыг урьдчилан мэдэх боломжгүй гэж үзэж байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтыг хэт нэг талыг баримтлан явуулсан нэг жишээ бол хэргийн хохирогчоор Н.Гантулгын эгч Н.Түмэнг тогтоосон байсныг дараа нь өөрчилж, түүнийг гэрч болгосныг ч анхааран үзнэ үү. Б.Бямбадэлгэр олон жил наймаа, бизнес хийж ашиг олох үедээ олж алдах үедээ алдаж ирсэн байна. 2014 оны 8 дугаар сард бизнесийн ашиг нь хомсдож хамтарч ажиллах хөрөнгийн эх үүсвэр хайж, Зар мэдээ сонинд "Ямар ч эрсдэлгүй, өндөр ашигтай бизнест хамтрах", “Б.Бямбадэлгэр барилгын ажил хийх зөвшөөрөлтэй тул барилгын ажил хийх" талаар 2 төрлийн зар гаргасан. Энэ 2 зарын дагуу Н.Гантулга түүнтэй 2014 оны 8 дугаар сарын 19-нд уулзаж, 2014 оны 8 дугаар сарын 20-нд тэд хамтарч ажиллахаар 25.000.000 төгрөг Б.Бямбадэлгэрт хүүгүй зээлүүлжээ. Энэ хэлцэлд түүний эхнэр П.Урантүлхүүр оролцоогүй, түүний дансаар тэд мөнгөө шилжүүлж, нөгөө нь авах үүднээс П.Урантүлхүүр энэ зээлийн гэрээнд оролцож, гарын үсэг зурах болсон. Тэрээр ХААН банкны дансаа ашиглуулсны төлөө нөхөртэйгээ хамт гэр бүлээрээ гэмт хэрэгтнүүд болсон. Энэ зээлийн гэрээний цаана ажил гүйцэтгэх гэрээ байсныг огт шалгаагүй, яагаад гэвэл нэг талыг баримталж мөрдөн байцаалт явуулсан тул хэргийг гүйцэд биш шалгасан. Хэрэгт шалгагдах үедээ Б.Бямбадэлгэр Н.Гантулгатай хамтарч ажиллахаар тохирсон, Баянзүрх дүүрэгт Н.Гантулгын гражид 519 метр квадрат газар бетоноор шал цутгах ажил хийхээр тохирч, уг ажлын хөлс 45.000.000 төгрөг байсныг 25.000.000 болгон бууруулсан. Материалыг Н.Гантулга гаргах, ажлыг Б.Бямбадэлгэр удирдах болсон боловч тэд хэлсэндээ хүрээгүй талаар Мөрдөн байцаагч Г.Баасанжавт хэлэхээр "луйварчин минь мөнгөө төл, хохирлоо барагдуул гэсэн шаардлага тавиад гражийн талаар түүний мэдүүлэгт үг, үсэг бичээгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эхнэрийг нь хүртэл байцааж хорино гэж айлган дарамталж, өр зээл ихтэй, хуулийн мэдлэггүй тэд байцаагчийн хэлснээр л байжээ. Мөрдөн байцаагч Г.Баасанжав эхнээсээ нэг талыг баримтлан хэргийг мөрдөн шалгасан тул дараагийн байцаагч нар болон прокурор тэдний хоорондын тохироо гражийн бетон шал цутгах ажлыг хийгээгүй, үүнийгээ Б.Бямбадэлгэр нотлоогүй гэх дүгнэлтэд хүрсэн учир нь тэд яагаад зарын дагуу 25.000.000 төгрөг огт танихгүй хүнд хүүгүй мөнгө зээлж байгаад огт ач холбогдол өгөөгүй, хэт нэг талыг баримталсны нэг нотолгоо, хуульчид хэт нэг тал руу хазайсан байна гэж дүгнэж болохоор байна. Тэгээд ч зогсохгүй хэргийн нэг талыг баримталснаар нэг айлыг, эмээ өвөө болсон хүмүүсийг, нэгэн гэр бүлийг ах дүү, үр хүүхэд, ач нар, хүргэн бэрийнх нь өмнө гэмт хэрэгтэн болгож орох газаргүй, хүний нүүр харж чадахгүй болтлоо тэд шаналж байна. Граж ч Н.Гантулгынх биш өөр эзэнтэй байсныг түүнээс нуусан нь мөрдөн байцаалтын төгсгөлд ил болжээ.

2. Баянзүрх дүүргийн хяналтын прокурорууд Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарын үйлдэлд “Залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, маргааныг иргэний журмаар шийдэх асуудал гэсэн үндэслэлээр” 2014 оны 12 дугаар сарын 25-нд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, 2015 оны 6 дугаар сарын 25, 2016 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 8 дугаар сарын 10 -нд тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгосон төдийгүй энэ шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Нийслэл, дүүргийн прокурорын дээд шатны шийдвэр гаргасан нийт 8 прокурор энэ шийдвэрийг хэвээр үлдээн баталж, гаргаж байсныг анхааран үзэхийг хүсье.

3. Хамгийн сүүлд хяналтын прокурор О.Багшбаяр нь Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарын үйлдэлд залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, маргааныг иргэний журмаар шийдэх асуудал гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгийг баримтлан 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1117А дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан. Энэ хэрэгсэхгүй болгосон тогтоолтой хохирогч Н.Түмэн 2016 оны 8 дугаар сарын 10-нд, түүний өмгөөлөгч М.Хувцагаан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр танилцаад гомдол гаргаагүй, хавтаст хэргийн материалд гомдол байхгүй байна. Гэтэл Баянзүрх дүүргийн прокурор О.Алтангэрэлийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 33А дугаартай тогтоолоор хяналтын прокурор О.Багшбаярын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1117А дугаартай тогтоолыг хүчингүй болгон хэргийг сэргээжээ. Тус дүүргийн прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь заалтыг зөрчсөн байна. Хяналтын прокурор О.Багшбаярын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1117А дугаартай тогтоол гараад 10 гаруй хоног өнгөрсний дараа Б.Бямбадэлгэр мөрдөн байцаагчаасаа хохирогч гомдол гаргасан эсэхийг асуухад гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж хэлж байсан. Шүүх хуралдаан дээр прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь заалтыг зөрчсөн талаар хэлэхэд тус шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч "хохирогчийн өмгөөлөгчийн гомдол прокурорын архивт байгаа, гомдол хаана ч байж болох утга агуулгатай тайлбар" хэлсэн. Прокурор өөрийнхөө шийдвэрийг шүүхийн өмнө болон шүүх хуралдаанд оролцогчдын өмнө нотолж чадсангүй, прокурор бас хэргийн нэг талыг баримтлан хууль зөрчиж байна. Эрүүгийн хэргийн баримт хэрэгтээ байх учиртай. Шүүх хэргийг тал бүрээс нь үнэлэхийн тулд прокурорын архиваас очиж хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг үзэж өгөхийг хүсье. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь заалтын ач холбогдол гомдол гаргах 7 хоногийн хугацаа энэ хугацааг хэтрүүлчихээд прокурор гомдлын хугацааг сунгасан мөртлөө тэр гомдлоо хавтаст хэрэгт хавсаргаагүй хууль зөрчсөн гэж үзэж байна.

4. Мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад Х.Хатанбаатар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.4, 133 дугаар зүйлийн 133.1, 137 дугаар зүйлийн 137.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Эд хөрөнгөө битүүмжлүүлж байгаа П.Урантүлхүүрийн эрхийг зөрчиж, түүнд энэ талаар мэдэгдээгүй, танилцуулаагүй, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг түүнд уншиж сонсгоогүй, тогтоолд түүгээр гарын үсэг зуруулаагүй, хашаа байшинд байгаа эзэнтэй нь уулзаагүй гаднаас нь зургийг нь аваад материалжуулсан, 1990-ээд онд зарагдсан үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилсэн. Битүүмжлэгдсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахыг Ж.Бадралд хариуцуулсан. Итгэмжлэгдсэн хариуцагчаар гарын үсэг зуруулаагүй хууль зөрчжээ. Эд хөрөнгийг нь битүүмжилсэн мөртлөө “Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг нь хэрхэн шийдвэрлэхээ прокурор яллах дүгнэлтдээ бичээгүй орхигдуулсан.

5. Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарыг яллахаар шүүхэд шилжүүлсэн прокурорын яллах дүгнэлтэд тэднийг бусдыг залилан мэхэлсэн гэх нэг ч баримт байхгүй, 5 гэрчийн мэдүүлэг байгаагаас 4 нь Н.Гантулгын талын хүмүүс, түүний эгч Н.Түмэн бүр хохирогчоор тогтоогдож байсан, гэрч Б.Батцэцэг шүүгдэгч талын ганц гэрч, тэрээр тэднийг Гранд плаза-д талбай түрээслэгч болохыг нотолдог. Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарт холбогдуулан хууль зөрчин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, тэдний гэмт үйлдлийг шалгаж нотлоогүй, үндэслэлгүй яллах дүгнэлт үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг баримтлан тэдэнд холбогдуулан шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Б.Бямбадэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Гантулгыг залилъя гэж бодож байгаагүй. Барилгын ажил хийх явцад бидний хооронд төлбөрийн зөрүүгийн маргаан үүссэн. Ажлын үнэлгээг эхлээд 25.000.000 төгрөгөөр тохирсон боловч манай ажилчдаар ажлыг гүйцэтгүүлэхгүй, зөвхөн тоног төхөөрөмж авч ашиглахаар болж 18.000.000 төгрөгөөр ажлын үнэлгээг тохирсон. Би бүх технологи, ажиллагааг удирдаж хийсэн. Хөрс хуулалт, хайрга хучилтын ажлыг би өөрийн ажилчдаа удирдан хийлгэсэн. Бетон цутгалтын ажлыг Н.Гантулга өөрийн хүмүүсээр хийлгэсэн. Ажлын хөлсний тохиролцооны зөрүү болох 6.000.000 төгрөгийн асуудал яригддаг. 9 дүгээр сарын 24-ний өдөр Н.Гантулга миний тоног төхөөрөмжүүдийг авчирч өгөхдөө “би Япон руу 1 сарын хугацаатай ажлаар явна. Эргэж ирээд хамтрах боломжтой. Дараа нь ярилцаж шийдье” гэж хэлсэн” гэв.

Ялтан П.Урантүлхүүр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тусгайлан гаргах тайлбаргүй” гэв.

Хохирогч Н.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 8 дугаар сараас хойш өдийг хүртэл энэ хүмүүсээс мөнгөө авч чадахгүй явж байна. Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарт итгээд мөнгө өгөөд тус болж байна гэж бодож байсан боловч одоо  гүтгүүлээд явж байгаадаа гомдолтой байна. Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нар энэ байдлаараа хичнээн хүнийг хохироогоод яваад байж болдог юм байна гээд хохироосон байгаа бол миний хувьд гомдолтой байна” гэв.

Хохирогч Н.Гантулгын өмгөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “зээлийн гэрээгээр халхавчилж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээ байсан” гэж яриад байна. Анх Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нар нь “өндөр ашигтай бизнес хамтарч хийнэ” гэсэн зар тавьсны үндсэн дээр Н.Гантулга тэдэнтэй холбогдоход эхнэр, нөхөр хоёр удаа дараа ирж уулзаж байгаад 8 хувийн хүүтэй зээл авахаар болж, зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. Мөнгө өгсөн, авсанд ямар нэг маргаан байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ болгох гэж “барилгын ажил хийсэн” гэдэг ч гэрч Алтанзаяа, Мөнхзул, Мөнхтулга нарын мэдүүлгээр энэ нь нотлогддоггүй. Гэрч Алтанзаяа “өдөр тутам өөрөө барилгын ажлын явцыг удирдаж, өдрөөр ажиллах хүмүүсийг авч ажиллуулж байсан. Б.Бямбадэлгэр гэж хүн огт ирээгүй, тэр хүнийг хараагүй, уулзаж байгаагүй” гэж мэдүүлсэн. Б.Бямбадэлгэр нь Н.Гантулгад хандаж “хүүгүй мөнгө өгсөн юм чинь багаж тоног төхөөрөмж болон ажиллах хүмүүс авч хэрэглэж болно” гэж хэлсэн. Н.Гантулга хариуд нь “ажилчид авахгүй. Харин шавар зуурагчийг чинь л түр авч хэрэглэе” гэсэн. Б.Бямбадэлгэр “би барилга барьдаг” гэж байна. Үүн шиг худал зүйл байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх, үүргийг гэрчид сануулж байгаад авсан мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Уг мэдүүлгүүдэд Б.Бямбадэлгэрийн талаар “ийм ажил хийж байгаагүй, тийм хүнийг хараагүй” гэсэн байдаг. Б.Бямбадэлгэр гэрээгээр халхавчилж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Н.Гантулгын мэдүүлгүүд эхнээсээ тогтвортой байсаар ирсэн. Харин Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарын мэдүүлэг маш их зөрүүтэй байдаг. П.Гантулгын хувьд зүгээр мөнгө хадгалж байхаар нэг хүн ч гэсэн хэрэгтэй хүн нь надад байгаа мөнгийг түр аваад амьдрал ахуйдаа хэрэглээд цаг хугацаандаа өгөөсэй гэж бодож мөнгөө өгсөн. Гэтэл цаг хугацаанд нь өгөлгүй өдийг хүрсэн. Б.Бямбадэлгэр “Би Гранд плаза дэлгүүрт 130 м.кв талбай түрээсэлдэг, барилгын ажил хийдэг, баар, караокетай” гэж хэлж баримт, зөвшөөрлөө үзүүлж, итгэлийг нь олж мөнгө авсан. Энэ утгаараа залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч хэргийг хэт нэг талыг барьж шалгасан гэж байна. Уг хэрэг нь хэрвээ иргэний эрх зүйн харилцаа байгаад, Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нар нь авсан мөнгөө буцааж өгөх сонирхолтой байсан бол энэ урт хугацаанд цувуулаад ч болтугай өгч болох байсан. Гэтэл тийм зүйл огтхон ч байгаагүй. П.Урантүлхүүр, Б.Бямбадэлгэр нар Хятад улсын Эрээн хот руу гарч бараа оруулж ирсэн гэдгээ өөрсдөө хэлж байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөнгө зарцуулагдаагүй гэдгийг нотолж байна. Мөн ялтан нарын өмгөөлөгч “олон удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад тухай бүрт нь сэргээсэн” гэж байна. Энэ хэрэг залилан мэхлэх гэмт хэрэг байна гэж гомдол гаргахад эсрэг талаас удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьж хэрэгсэхгүй болгуулдаг байсан. Бид ч удаа дараа гомдол гаргаж хэргийг дахин сэргээж байсан. Энэ хэрэг Улсын Ерөнхий прокурорт хүртэл хянагдаж, сэргээгдэж байсан хэрэг юм. Н.Гантулга бид хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолтой танилцаад Алтангэрэл гэж прокурорт хандаж гомдол бичиж байсан. Гомдолдоо “уг асуудлыг шийдэж өгөхгүй бол Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргана” гэж бичсэн. Уг гомдол Отгонноров гэж прокурорт очсон ч тэрээр олон хэрэгтэй, ачаалал ихтэй байсан тул хугацаа сунгуулж байсан юм байна лээ. Дараа очиход Отгонноров прокурор амраад явсан байсан. Хэргийг гомдол гаргаагүй байхад сэргээсэн юм биш. Би ганцаараа ч гомдол бичсэн юм биш. Н.Гантулга бид хоёр хамт гомдол бичсэнийг хэрэгт хийгээгүй юм байна лээ. Үүнийг прокурорын алдаа боллоо гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал байхгүй. Хөрөнгө битүүмжилсэн тухайд Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нар өөрсдөө ийм хөрөнгөтэй гэж хэлж битүүмжлүүлчихээд гарын үсгээ ч зураагүй байсан. Энэ хүн хаана ямар хөрөнгөтэйг бид мэдэхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарын “гэм буруугаа хүлээж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх хүсэлт хавтаст хэрэгт байгаа. Хэрвээ хохирлоо төлж барагдуулвал Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулна гэж хэлсэн бол энэ хүмүүс хохирлоо төлөх байсан байх. Эсвэл хоригдоод сууж байх байсан” гэв.

Прокурор С.Цэрэндорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 487 дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнэж байна. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зүйл яригдаж байгаа ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зүйл огт байхгүй. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг судлах явцад Шуурхай зар сонины “өндөр үр дүнтэй бизнест хамтран ажиллана” гэсэн зарын дагуу хохирогч Н.Гантулга нь Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нартай холбогдож, улмаар итгэл төрж мөнгөө өгсөн. Уг хэрэгт П.Урантүлхүүр гэж хүн хамтран оролцсон бөгөөд үүний дагуу шалгах ажиллагаа хийгдсэн. Гэрээний нөхцлийн талаар бичгийн нотлох баримтуудтай маргах зүйл байдаггүй. Гагцхүү зээлийн гэрээ юу, ажил гүйцэтгэх гэрээ юу гэдэгт л маргадаг. Уг хэргийг хэрэгсэхгүй болгож, удаа дараа шийдвэрлэж байсан гэдэгт ач холбогдол өгч байгаа ч удаа дараа хэрэгсэхгүй болгосон сэргээсэн асуудал шийдвэрлэгддэг. Гэм буруугийн асуудал маргаантай учир энэ асуудлыг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Гэрээгээр халхавчилж залилан мэхэлсэн асуудал шийдвэрлэгдсэн үндэслэл бүхий асуудлууд тавигдсан. Өмгөөлөгчийн зүгээс прокурор хүчин төгөлдөр бус яллах дүгнэлт үйлдсэн гэж байна. Прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215, 218, 219 дүгээр зүйлүүдэд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анх Н.Гантулгын хүсэлтийн дагуу түүний эгч Түмэнг хохирогчоор тогтоосон. Яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хэргийн үндсэн хохирогч нь Н.Гантулга юм гэдэг байдлаар мөрдөн байцаагчийн шийдвэрт өөрчлөлт оруулж, прокурорын тогтоолоор зөвтгөсөн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг гомдол гаргаагүй байхад хүчингүй болгож хэргийг сэргээсэн гэж байна. Прокурорын байгууллагад гаргасан гомдол нь прокурорын байгууллагын архивын нэгжид, хүсэлтүүд нь хэрэгт авагддаг. Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нар нь мөрдөн байцаалтын шатанд ажил гүйцэтгэх гэрээний талаар огт ярьдаггүй. Мөрдөн байцаагч нарын зүгээс дарамт үзүүлж байсан учир энэ байдалд хүрсэн гэж байна. Гэхдээ дандаа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Дарамт шахалт үзүүлсэн гэх асуудалд гомдол гаргаж байсан тохиолдол байхгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарыг бүлэглэн итгэлт эвдэх аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж бичээд залилан мэхлэсэн талаар огт бичээгүй байсан. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт утга найруулгын хувьд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг мөрдөн байцаалтын шатанд заавал тогтоосон байхаар хуульчилжээ.

Хохирогч Н.Гантулга нь Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нартай зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд энэ нь нэг талаас иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн байх боловч нөгөө талаас зээлийн гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан асуудлын зааг, ялгаа, сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох асуудлыг нарийвчлан шалгаагүй байна.

Хэрэгт шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийгээгүй байхад шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 5/553 тоот албан бичигт “…тус газрын бүртгэлийн санд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Пүрэвдуламын Урантүлхүүр /ХЗ7123064/ нь доорх иргэн, хуулийн этгээдэд төлбөртэй байна. 1. “Онч-Энх” ББСБ /9.666.950 төгрөг/, 2. О.Очирбаатар /26.800.000 төгрөг/…”,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 5/552 тоот албан бичигт “…тус газрын бүртгэлийн санд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Батбаярын Бямбадэлгэр /ЧИ68122211/ нь иргэн О.Очирбаатарт 26.800.000 төгрөгийн төлбөртэй болохыг тодорхойлов...” гэжээ.

Уг албан бичигт дурдсанаас үзэхэд Б.Бямбадэлгэр нь иргэн О.Очирбаатарт 26.800.000 төгрөгийн төлбөртэй, П.Урантүлхүүр нь “Онч-Энх” ББСБ-д 9.666.950 төгрөгийн, иргэн О.Очирбаатарт 26.800.000 төгрөгийн өр төлбөртэй байх тул тэд “Онч-Энх” ББСБ-аас, иргэн О.Очирбаатараас хэзээ, хэдэн төгрөгийг, ямар байдлаар авч, хэзээ, аль шүүхээр хэрхэн шийдвэрлүүлсэн байдлыг шалгах.

Өөрөөр хэлбэл, Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нь нар нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Н.Гантулгаас 25.000.000 төгрөг зээлж авахдаа бусдад хэдий хэмжээний зээлтэй байсан, уг зээлүүдээ төлж дуусгаснаар Н.Гантулгаас авсан 25.000.000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах боломжтой байсан эсэх нөхцөл байдлыг тодорхой болгох.

Дээрх нөхцөл байдлыг шалган тогтоосноор , Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нар Н.Гантулгаас зээлсэн мөнгөө буцааж өгөх бодит боломжгүй байсан эсэх, эсхүл өмнөх өр зээлээ төлөөгүй, төлөх боломжгүй байхдаа мэдсээр байж дахин Н.Гантулгаас зээл авсан эсэхэд бодит дүгнэлт хийж, уг тогтоогдсон үйл баримт нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бямбадэлгэр, П.Урантүлхүүр нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Урантүлхүүр нь өөр гэмт хэрэгт холбогдож, уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа талаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс албан бичгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

П.Урантүлхүүрт холбогдох хэргүүдийг нэгтгэх эсэх, үйлдэл нэмэгдсэнээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхийг анхааран үзэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй.