Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/0064

 

 

“С ю т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч   М.Батсуурь

Танхимын тэргүүн  Д.Мөнхтуяа

                                     Г.Банзрагч

                                     Х.Батсүрэн 

Илтгэгч шүүгч:        Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Э.Бадамдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0224 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0328 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 283 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж-ыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “С ю т” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаартай тушаалын “С ю т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийн нөхцөл байдал:

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалаар “С ю т” ХХК-ийг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “Чингис уул” нэртэй газарт байрлах 1 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

            3. Нэхэмжлэгчээс “... бид өөрсдийн ашиглаж буй газарт “Гэр бүлийн амралтын газар” байгуулахаар төлөвлөсөн. Манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. ... Газрын төлбөрийг зохих ёсоор төлж байсан. Биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсанд гомдолтой” гэж,

            4. Хариуцагчаас “...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэнэ үү гэсэн албан бичиг ирүүлсний дагуу маргаан бүхий актыг гаргасан нь эрх зүйн үндэслэлтэй. ... 10 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй учраас газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдсэн” гэж маргажээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0224 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С ю т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/358 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0328 дугаар магадлалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С ю т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангажээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэрийн дагуу эрх бүхий этгээдүүдийн хооронд газар эзэмших, ашиглах гэрээ хийгдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээ нь Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т зааснаар тайлбарлагдах бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг уг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тооцохоор байна.

7.2. Манай компани нь Налайх дүүргийн Засаг дарга болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай “Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр огноологдон байгуулсан хэдий ч тухайн байгууллагуудаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээг баталгаажуулсан буюу хүчин төгөлдөр болсон байдаг. Түүнчлэн уг үйл баримтыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргахгүй, тухайн үед гэрээг баталгаажуулан хүчин төгөлдөр болсон талаар хүлээн зөвшөөрч хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээ хүчин төгөлдөр болж батлагдсанаар гэрээний биелэлтийг тооцох үндэстэй. Гэтэл давж заалдах шатны шүүх уг үйл баримтыг харгалзаж үзэлгүйгээр гэрээний хэрэгжилтийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр буюу гэрээнд бичигдсэн огноогоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг тоолж эхэлнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

7.3. Түүнчлэн бид өөрсдийн ашиглаж буй газарт “Гэр бүлийн амралтын газар” байгуулахаар төлөвлөн “А” ХХК-аар бизнес төсөл, төлөвлөгөөг гүйцэтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаварыг төрийн эрх бүхий байгууллагаар батлуулан барилга угсралтын ажлаа 2020 оны хавар эхлүүлэхээр төлөвлөж байсан.

 7.4. Ийнхүү барилга угсралтын ажлын санхүүжилтийн тодорхой хэсгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөн зээлийг хүсэлтийг “Хасбанк” ХХК, “Капитрон банк” ХХК-д гаргасан хэдий ч эдгээр банкуудад Азийн хөгжлийн банк, зээлийн батлан даалтын сан зээл олгох боломжгүй байна гэсэн шалтгаанаар манай компанид зээл олгохоос татгалзсан байдаг.  

7.5. Энэ хугацаанд бид барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Ө” ХХК-тай барилга, угсралт, зураг төсөл дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч дээрх нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжээгүй.

7.6. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 178 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч уг тогтоолын хэрэгжилтийн хугацааг тухай бүрт сунгасаар 2020-2021 оны хугацаанд нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан газраа бодитоор ашиглах нөхцөл боломж үүсээгүй болно.
 7.7. Гэтэл давж заалдах шатны шүүх Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол гарахаас өмнө газрыг гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

7.8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацааг буруу тоолж, гэрээ хэрэгжих боломжийн талаар буруу дүгнэсэн байх учир уг магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

8. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 283 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9. Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

11. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн “Чингис уул” нэртэй газарт байрлах 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар анх иргэн Б.Болортуяатай 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”-г байгуулж, 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдөр газар ашиглах 1/145 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна.

12. Иргэн Б.Б-ийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “... Израйл улс руу мастер хамгаалахаар 2008 оны сүүлээр тус улс руу яваад 2011 оны 09 дүгээр сард өөрийн улсдаа ирсэн. Дээрх хугацаанд тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, гэрээгээ сунгуулж чадаагүй ... миний нэр дээр бүртгэлтэй газар ашиглах гэрчилгээ, гэрээг ... “С ю т” ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-154 дүгээр тушаалаар “С ю т” ХХК-д 1 га газрын ашиглах эрхийг шилжүүлж, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2012/36 дугаар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгож, мөн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар “С ю т” ХХК-ийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

13. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “С ю т” ХХК-ийн “Чингис уул” нэртэй газарт байрлах 1 га газар багтжээ.

14. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр албан бичиг, түүний хавсралт зураг, шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн фото зураг зэргээр маргаан бүхий газар нь хоосон, уг газарт гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон байна.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Барилгын зураг төсөл, байгаль орчны төлөв байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж, архитектур төлөвлөлтийн даалгавар, менежментийн төлөвлөгөө батлуулсан зэрэг үйл баримт нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэдэгт хамаарах эсэх,

-Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх,  

-Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т заасныг шүүх зөрүүтэй хэрэглэсэн эсэх тухай байна.

15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглагч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай.

16. Уг зохицуулалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 273, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 115, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолуудаар тайлбарласан байх бөгөөд “байгаль орчинд нөлөөлөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан” зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуулгаар хэрэглэжээ.  

17. Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч “С ю т” ХХК нь “Чингис уул” нэртэй газарт байрлах 1 га газрыг иргэн Б.Болортуяагаас 2012 онд шилжүүлж авснаас хойш газар ашиглах эрхийг 2022 онд цуцлах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. Тодруулбал, 2004 онд Б.Б-д газар эзэмших эрх үүссэнээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан “С ю т” ХХК-д 2012 онд шилжүүлснээс хойш ч үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

18. Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс газрыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, барилга угсралтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байсан зэргээр тайлбарлан маргах боловч газар ашиглах эрх үүссэнээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг батлуулах зэрэг баримт бичиг бүрдүүлэх ажиллагаануудыг 2019 оноос хойш хийж эхлэсэн, үүнээс өмнөх хугацаанд газрыг ашигласан үйл баримтууд тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гэрээ хүчин төгөлдөр болж батлагдснаар гэрээний биелэлтийг тооцох үндэстэй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

19. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийг газар ашиглах гэрээ байгуулсанаас хойш тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийж байсныг үгүйсгэхгүй боловч уг үндэслэл нь дээр дурдсанаас газар ашиглах эрх үүссэнээс хойших бүхий л хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 10 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, эрхлээгүй учраас хуулийн хүрээнд газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдсэн” талаарх тайлбар үндэслэлтэй.

20. Давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч компаниас гэр бүлийн амралтын газрын барилгын зураг төсөл боловсруулсан, ... Хот байгуулалт, хөгжлийн газраар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг батлуулж, төлөвлөлтийн схем зураг хийлгэсэн, Байгаль орчны төлөв байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж хүргүүлж, батлуулсан нь Газрын тухай хууль, газар ашиглах гэрээнд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь дээр дурдсан тогтоолуудад нийцэхгүй боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд газар ашиглах эрх үүссэнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тогтоогдохгүй гэж үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

21. Түүнчлэн  “барилга угсралтын ажлын санхүүжилтийн тодорхой хэсгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөн зээлийн хүсэлтийг ... гаргасан боловч ... манай компанид зээл олгохоос татгалзсан байдаг. ...Барилга угсралт, зураг төсөл болон дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч дээрх нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжээгүй болно” гэх хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Газар ашиглагчийг санхүүгийн боломжтой болох хүртэлх хугацаанд газраа ашиглахыг нь хүлээх боломжгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

22. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/358 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн, уг захирамж хэд хэдэн иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөрөө зохих журмын дагуу төлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэ талаар хариуцагч маргаагүй тул газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0328 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА

                                                                              Г.БАНЗРАГЧ

                                                                              Х.БАТСҮРЭН

          Ц.ЦОГТ