Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 34

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Б.*******ийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч нарт холбогдох Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин тооцоог нөхөж бодож олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь 1985 онд төрсөн. ******* сумын Зүр багийн 4-52 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Ж.******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлдэг. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор томилогдсон. Төрийн албаны шалгалт өгч Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тэнцэж тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2015 оны ажлаа аймагт сайн дүгнүүлж Аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дугаар захирамжаар Ахлах түшмэлийн дөтгөөр зэрэг хүртсэн. Ажлын ямар нэгэн хариуцлага алдалгүй ажлаа цаг тухай бүр нь сайн хийж ирсэн. 2016 оны орон нутгийн ээлжит 7 дугаар сонгуулиар шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.******* нь орсон цагаасаа хойш намын үзэл бодол гаргаж элдэв янзаар дарамт шахалт үзүүлсэн. Жилийн эцсийн мал тооллогод хөдөө багт томилогдон ажиллаад 12 дугаар сарын 12-нд ажилдаа очоод байж байтал өрөөндөө дуудан ажлаа 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад ямар үндэслэлээр халагдах гэж байгаа юм гэж асуухад намын тэргүүлэгч, гишүүд нарийн бичгийн даргаа ямар нэгэн аргаар халж оронд нь орох хүнийг яаралтай оруул, чадахгүй бол өөрөө ажлаа өг гээд шахаад байна. Чамаас болж би өөрөө ажилгүй болмооргүй гэж хэлж байсан. Ингээд шинэ он гараад 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өглөө ажилдаа очоод байж байтал өрөөндөө дуудаад уулзсан. Өнөөдрөөр тасалбар болгоод ажлаа өг дараагийн хүнийг чинь томилно, тогтоолын бланк 2-ыг аваад ир гэсэн. Ингээд үдээс хойш ажил тарах гэж байхад тогтоолыг гаргасан, надад өгөөд шүүхэдвэл шүүхдэнэ биз надад өөр арга алга гэж хэлсэн. Уг тогтоолыг үйлдэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6 дахь заалтыг ноцтойгоор зөрчиж эрх мэдэл албан тушаалаа ашиглан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг хуралдуулахгүй тогтоол үйлдэж хуулийг зөрчсөн. Уг тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 15.1.7 дахь заалтыг зөрчсөн гэдэг нь Аймагт шинээр сонгогдсон төлөөлөгчдөө чадавхжуулах сургалтанд хамруулах болоод явах гэж байхад надад ингэж хэлсэн. Би удахгүй 12 дугаар сарын 24-28-ны хооронд хамрагдах юм байна. Тийм болохоор чи мөнгө төгрөгөө ахиухан шийдүүлэхийг бодоорой. Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай яриад хэлье. Мөнгө илүү өгвөл нааш нь авчрах гээд яахуу, явсан төлөөлөгчдийнхөө сэтгэл ханамж талд нь анхаараарай гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 18-20-ны хооронд сургалтанд хамрагдаад тарах гэж байхад зардлаа өгсөн. Тэгэхэд намайг танайх 24 төлөөлөгч ирэх ёстой юм байна. 24 хүнийхээ материалыг бүрдүүлж өг тэгээд 10 төлөөлөгч ирсэн байна. Үүнийг чинь 16 төлөөлөгчөөр бодож мөнгийг нь өгье гээд 16*50.0=800.0 төгрөгийг өгсөн. Уг мөнгөнөөс ирж очих бензин, машины хөлсөнд өгөөд үлдэгдлийг нь 320.0 төгрөгийг тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. 160.0 төгрөгийг төлөөлөгчдийнхөө энгэрийн тэмдэг, үнэмлэх захиална, үлдэгдэл 160.0 төгрөгөө яах вэ? гэхэд чамайг мөнгө нааш нь авчраад хэрэггүй, явсан төлөөлөгчдийнхөө сэтгэл ханамж талд нь анхаар гэж байхад яагаад хэрэгжүүлэлгүй ирж байгаа гэж байсан . Тэгээд үлдсэн мөнгөө явсан 8 хүндээ хувааж өг гэж хэлэхээр нь зардал мөнгө гаргалгүй сургалтад яваад ирж байгаа юм чинь эд нарт өгч яадгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа хэрэглэнэ гэж хэлээд өгөөгүй, мөнгө нь одоог хүртэл бэлнээр байж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-ыг зөрчсөн гэж байгаа нь ямар ч үндэслэл байхгүй, албаны эд хөрөнгө , техник хэрэгслийг хувьдаа ашиглаж завшсан гэж байгаа нь ямар ч үндэслэл байхгүй ажлаас ямар ч байсан хална гэж үзэж хуулийн үндэслэл гаргаж хуурамчаар тэргүүлэгч хуралдуулалгүй ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгээд ажил хүлээлцэх тушаалыг Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг үүрэг гүйцэтгэгч Ж.Алтанхуяг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01дугаар тушаал гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, нарийн бичгийн даргын ажил хүлээлцсэн нь хуульд нийцэхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж үнэн зөв шийдэж өгөхийг хүсье. Мөн би өөрөө Хаан банкинд цалингийн зээлтэй, эхнэр ажилгүй, бага насны 3 хүүхэдтэй тул зээлийн үлдэгдэл 10.0 сая төгрөгийг төлөх боломжгүй болж байгаа учир энэ байдлыг минь харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ээлжит сонгуулийн үр дүнд сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь намайг удаа дараа дуудаж ажлаа өг. Хэрвээ чи ажлаа өгөхгүй бол намайг ажлаас хална гээд дээрээс дарамт, шахалт үзүүлээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би анх ажилд орохдоо хурлын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлахаар нь төрийн албаны шалгалт өгч тэнцээд, ажилдаа орсон, тиймээс надад улс төржсөн зүйл байхгүй, тиймээс ажлаа өгч чадахгүй гэдгээ хэлсэн юм. Мөн манай эхнэр ажилгүй, би өөрөө цалингийн зээлтэй учраас ажлаас гарах гэхээр хүндрэлтэй талаараа ярьсан. Ер нь намайг ажлаа өг гэдэг байдлаар удаа дараа дуудаж уулзаж байсан. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ажилдаа очсон чинь чамайг ажлаас хална, хоёр ширхэг тогтоолын бланк аваад ир гэсэн. Үүний дагуу хоёр тогтоолын бланк өгсөн. Тэгээд үдээс хойш ажилдаа ирсэн чинь л ажлаас халах тогтоол гаргасан байсан. Ийнхүү ажлаас халсан тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл Хурлын даргынхаа бүрэн эрхийн хэтрүүлсэн. Хурлын нарийн бичгийн дарга гэдэг нь ажлын албаны дарга байдаг. Ийнхүү Хурлын нарийн бичгийн даргыг ажлаас халахдаа эхлээд Тэргүүлэгчдэд санал оруулдаг. Тэргүүлэгчдийн олонхийн саналаар ажлаас халах шийдвэр гаргасан бол тогтоол үйлдэх ёстой. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Тэргүүлэгчдийг хуралдуулалгүйгээр, өөрөө тогтоол гаргасан юм. Энэ талаар би Хурлын даргад хэлсэн л дээ. Юу гэж хэлсэн бэ? гэхээр Та Тэргүүлэгчдийг заавал хуралдуулах ёстой, үүний үндсэн дээр Хурлын нарийн бичгийн даргыг ажлаас халах ёстой гэж хэлсэн. Тэгэхэд Хурлын дарга нь Тэргүүлэгчдийг хуралдуулах нь хамааралгүй, дараа нь нөхөөд хуралдуулж болно гэж хэлээд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6 дугаар зүйлийг зөрчсөн. Ийм учраас би өөрийнхөө эрх ашгийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Маргаан бүхий тогтоолыг гаргахдаа хоёр хуулийн заалт баримталсан байсан. Энэ хоёр хуулийн заалтыг ямар ч үндэслэлгүй баримталсан байна лээ. Үүнийг тайлбарлахад: Нэгдүгээрт төслийн дагуу хэрэгжсэн сургалтанд бид нар Завхан аймагт сургалтанд суусан юм. Хурлын дарга нь надад хэлэхдээ би даргатай яриад мөнгийг чинь ахиухан шийдвэрлүүлж өгөхийг бодно, хэрвээ мөнгө илүү гарвал Тэргүүлэгчдийнхээ сэтгэл ханамж дээр нь анхаараарай гэж хэлсэн. Гэтэл бид нарын сургалт тарахаас нэг цагийн өмнө ирж, очих зардлын мөнгө өгсөн. Ийм учраас Тэргүүлэгч нарынхаа сэтгэл ханамж тал дээр анхаарч чадалгүйгээр буцаад явсан. Ийнхүү замдаа яваад, Нөмрөг сум дээр хоолонд орсон чинь илүү, дутуу мөнгө авсан гээд бөөн асуудал үүссэн. Тэгэхээр нь би зардлынхаа мөнгийг авсан, энэ мөнгөнийхөө талаар Тэргүүлэгчдийн хуралд тайлангаа тавина гэж хэлсэн. Ийнхүү ******* суманд очсоныхоо дараа Тэргүүлэгчдийн хуралд тайлангаа тавьсан юм. Тэгэхэд Хурлын дарга нь илүү гарсан мөнгөө Тэргүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн байдалд зарцуулаад ирээрэй гэж байхад, илүү мөнгө авч ирсэн байна гэж ярьсан. Хоёрдугаарт албаны техникийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэсэн байна лээ. Би төсвийн менежер учраас үүнтэй холбогдуулан тайлбар өгсөн. Би мөнгө зарцуулахдаа ганцаараа гарын үсэг зураад зарцуулахгүй шүү дээ. Яагаад гэвэл нярав, нягтлан бодогч, санхүүгийн албаны дарга гэсэн шат шатандаа хянагдсаны үндсэн дээр төсвийн мөнгийг зарцуулдаг. Энэ асуудал бол надад ямар ч хамааралгүй гэж үзэж байгаа. Миний хувьд санхүүгийн тал дээр алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй. Яагаад гэвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгийн тайлан Аудитын шалгалтаар ороод баталгаажсан.Улиастай зочид буудлын гадаа 400000 төгрөг авсан, би өөрөө 160000 төгрөгийн өрөнд орсон гэдэг бол огт худлаа байна. Ер нь бол мөнгө авсан, энэ мөнгө нь дутаж магадгүй гэж хэлсэн байсан. Авсан мөнгөнийхөө талаар Тэргүүлэгчдэд тайлан тавина гэж хэлсэн байгаа. Тэгээд Нөмрөг суманд очсон чинь 800000 төгрөг авсан байна, зарим нь сая гаран төгрөг авсан байна. Тиймээс мөнгө илүү авч идлээ гэдэг асуудал үүссэн. Тэгэхээр нь би очоод Тэргүүлэгчдийн хуралд авсан мөнгөнийхөө талаар тайлан тавина гэж хэлсэн. Би сумандаа очоод л Тэргүүлэгчдийн хурлыг зарлаад, авсан мөнгөнийхөө талаар тайлан тавьсан байгаа. Хариуцагчийн тайлбарт 400000 төгрөг үлдсэн гэж бичсэн байна. Энэ бол худлаа. Одоо надад 160000 төгрөг л үлдсэн байгаа. Би авсан мөнгөнөөсөө 477500 төгрөгөөр ирж, очих бинзен, зардлаа өгсөн. Энэ мөнгөнөөс шинээр сонгогдсон төлөөлөгч нарынхаа энгэрийн тэмдэг, үнэмлэхийг аймаг руу захиалж авна гэдгээ хэлсэн. Тэгэхэд Хурлын дарга нь шинээр сонгогдсон төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг төсвөөс яагаад гаргадаггүй юм бэ? гээд дургүйцэж байсан л даа. Гэтэл төсвөөс гарах ямар ч боломжгүй учраас энэ мөнгөнөөсөө авах боломжтой гэдгийг тайлбарласан. Тэгээд 157500 төгрөгөөр 21 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг захиалж авсан байгаа. Үлдэгдэл мөнгөө яах вэ? гэж асуухад сургалтанд яваад ирсэн хүмүүст хувааж өг гэж Хурлын дарга хэлсэн. Тэгэхээр нь би иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвгүй байхад үлдэгдэл мөнгийг хувааж өгөөд яах юм бэ? үүний оронд Хурлынхаа дотоод ажилд зарцуулъя гэдэг саналыг гаргасан юм. Ийм учраас Хурлынхаа дотоод ажилд зарцуулахаар 160000 төгрөг авч үлдсэн. Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жижигхэн pajero машинтай. Энэ машиндаа сэлбэг авч тавьсан юм. Тэгээд өмч хамгаалах зөвлөлийн дүгнэлт гаргуулаагүй гэдэг шалтгаанаар одоо хүртэл мөнгийг нь гаргаж өгөөгүй байгаа. Би гэдэг хүнд би бүр болохгүй бол хувиасаа сэлбэгийн үнийг өгөхөөс гэж хэлсэн. Эсхүл машинд тавьсан сэлбэгээ буцааж аваад, хуучин сэлбэгийг нь тавиад зарах боломжтой.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1-д заасан өөрийн эрх, үүргийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Миний бие овогтой ******* 1984 онд төрсөн ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын Зүр багт амьдардаг. 2016 оны орон нутгийн ээлжит 7 дугаар сонгуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд 7 дугаар сонгуулиар сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.******* нь орсон цагаасаа хойш намын үзэл гаргаж элдэв янзаар удаа дараа дарам шахалт үзүүлж байсан гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд сонгогдсон эхний өдрөөс төрийн албаны хууль, дүрэм стандартыг чанд сахиж ажиллаарай гэж үүрэг даалгавар өгч байсан үүнийг ч Б.******* өөрөө мэдэж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.*******ийг ажлаас халах болсон үндэслэлүүдийг нотлох баримтын хамт хүргүүлж байна. 1. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын биелүүлдэггүй. 2.Төсвийн мөнгийг хувьдаа завшсан нь өөрийн мэдүүлэг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд тогтоогдсон./ хурлын тэмдэглэл/ . 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын машинд гэх нэрээр иргэн Н.аас сэлбэгийг авахдаа холбогдох өмч хамгаалах зөвлөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад мэдэгдэлгүй авсан. Уг сэлбэгийн үнэ 370000 төгрөг энэ сэлбэгийн үнэ удаа дараа нэхэгдэж иргэн Н.ийг хохироогоод байна./ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын машинд авч тавьсан гэх боловч ямар нэгэн баримт нотолгоо байхгүй. 4.Томилолтоор ажиллаагүй мөртлөө өөрөө өөртөө цохолт хийж томилолт авсан. /санхүүгийн баримт байгаа манай сумын санхүүгийн баримтууд завхан аймгийн санхүүгийн албанд шалгагдахаар явсан байгаа. 5. Төрийн албан хаагч нь ил тод, нээлттэй шударга байх ёстой. Энэ хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт худал ярьж аймагт ажлаад ирэхдээ 400000 төгрөгийг хувьдаа завшсан. /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т., Д.*******, Д.******* нарын тайлбарыг хүргүүлж байна. 6. Мөн 2013-2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг нэг ч удаа хөтлөөгүй байгаа нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчиж байгаа нь илт байгаа учраас цаашид төрийн албанд ажиллах боломжгүй гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.******* 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүрэгт ажлаа аваад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.*******ид үүрэг даалгавар өгөхдөө Төрийн албаны хуулийн дагуу ил тод, үнэн шударга, шуурхай ажлын цагийг баримтлаж ажиллах талаар зөвлөгөөг өгсөн. Б.******* нь чөлөө авалгүй ажлын цаг тасалж, хөдөө яваад хөдөөнөөс ярьж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 18-20-ны хооронд шинээр сонгогдсон төлөөлөгч нарыг чадавхижуулах сургалтад хамрагдахаар явах гэж байхад нь миний бие машиныг олж бензиныг зээлээр авч хийж үүрэг даалгавар өгсөн. Семинарт төлөөлөгч нараа ахлаад яваад ир аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай ярьсан бензин хоолны зардлыг шийдэж өгнө. Төлөөлөгч нарынхаа сэтгэл ханамжийг сайн бодоорой, манай сум аймгийн төвөөс хол хонон өнжин яваад семинарт суугаад ирдэг. Хүн бүрийн сэтгэл ханамжийг сайн бодох хэрэгтэй шүү гэсэн. Б.******* нь 11 дүгээр сарын 18-20-ны хооронд болсон семинарт суулгүй тасалж архи ууж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.*******д хөөгдөн гарсан байгаа юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хоол унд, бензин шатахууны зардалд олгосон 800000 төгрөгийг авсан мөртлөө цуг явсан төлөөлөгч нарт худал хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ нийт ердөө 400000 төгрөг авсан тэр бүү хэл 160000 төгрөгийг би өөрөөсөө гаргасан, та нар өөрсдөө хоолныхоо мөнгийг гарга, надад мөнгө байхгүй гэж хэлсэн байгаа юм. Миний бие аймгийн Хурлын дарга, нарийн бичигтэй ярьсаны үндсэн дээр үнэн зөвийг нь мэдэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдуулж тайланг нь тавиулсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар худлаа хэлсэнээ өөрөө ч зөвшөөрсөн байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл ажилд орсон цагаасаа хойш нэг ч удаа хөтлөөгүй байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны хурлын тэмдэглэлийг гар бичмэлээр нь өөрөөр нь бичүүлж явуулсан болно.

Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 18-20-ны хооронд шинээр сонгогдсон төлөөлөгч нарыг чадавхижуулах сургалтад хамрагдахаар явсан нь үнэн бөгөөд Б.******* нь 11 дүгээр сарын 18-20-ны хооронд болсон семинарт суулгүй тасалж архи ууж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.*******д хөөгдөн гарсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хоол унд бензин шатахууны зардалд олгосон 800000 төгрөгийг авсан. Тэрээр хэлэхдээ нийт ердөө 400000 төгрөг авсан тэр бүү хэл 160000 төгрөгийг би өөрөөсөө гаргасан та нар өөрсдөө хоолныхоо мөнгийг гарга, надад мөнгө байхгүй гэж хэлсэнийг хуралд явсан Тэргүүлэгч, Төлөөлөгч нар хэлж байгаа. Өөрөө ч зөвшөөрч байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны хуралд тайланг нь тавиулан төрийн албан хаагч хууль дүрэм чанд сахих ёстой, ийм залуу хүн төрийн албанд ийм байдлаар хандаад байж таарахгүй, цаашид ажиллах боломжгүй гэж үзсэн нь үнэн болно гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж байгаа билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан өөрт олгогдсон эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул энэ байдлыг харгалзан үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалингаагаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн байна. Нэхэмжлэгч Б.******* нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалтад зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 01 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэжээ. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно 15.1.7 дахь заалт албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэсэн нөхцлийг заажээ. Гэвч нэхэмжлэгч дээрх заалтын нөхцлийг зөрчсөн эсэх, хариуцагч түүнийг нь хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байна. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4 дүгээр зүйлд зааснаар: Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байхаар заасан байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь Завхан аймагт зохион байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарыг чадавхижуулах сургалтын зардалд өгсөн 800.000 мянган төгрөгийг аваад төлөөлөгч нарт 400.000 мянган төгрөг зардалд авсан гэж худлаа ярьж бусад мөнгийг нь хувьдаа завшсан гэж шүүхэд тайлбар гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар сургалтын зардал 800.000 мянган төгрөгөөс хэмнэгдсэн 320.000 мянган төгрөг байна. Уг мөнгийг хурлын дотоод ажилд зарцуулах саналтай байгаа талаар тайлан тавьсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төсвийн мөнгийг албаны бус зорилгод ашиглан завшсан гэх хариуцагчийн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй, мөн Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг хариуцагчийн зүгээс шалгаж тогтоогоогүй байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт энэ хуулийн ...15 дугаар зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна. Хариуцагч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд сануулах, цалингийн арга хэмжээ тооцох талаар тэргүүлэгч нарт мэдэгдэж байсан боловч 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Тэргүүлэгчдийн Хуралдааны 01 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заажээ. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад зааснаар уг хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдахаар байна. Иймд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүсэх харилцааг дуусгавар болоход чиглэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны 01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх боловч тус шүүхийн шаардсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хуралдааны тэмдэглэлийг хэрэгт гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтээ байна.

Иймд Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.*******ийг тус сумын хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэстэй байна.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ийн ажилгүй байсан 2017оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 97 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.944.893 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дахьхэсэгт заасны дагуу Б.*******ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ныөдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Б.*******ийг Завхан аймгийн, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин 3.944.893 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн ******* сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР