Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1604

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00152 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговор 6 716 800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ХХХХ-д ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5558 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ба Улсын Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэж 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 219 дүгээр тогтоол гарсан.

Энэ шийдвэр, тогтоол, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16684 дугаартай захирамжаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж ажилгүй байсан байсан хугацааны олговроо авсан боловч ХХХХ-ийн удирдлага өмнө эрхэлж байсан ажилд аваагүй.

Үүний дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5772 дугаар шийдвэр гаргуулсан ба намайг мөн ажилд эгүүлэн тогтоогоогүй хохироосон. Харин 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ХХХХ-ийн удирдлага намайг дуудаж уулзаад “Ажилд орохгүй гэсэн өргөдлөө бичиж өгвөл шүүхийн шийдвэрийн дагуу олгогдвол зохих мөнгийг өгнө, шийдвэр гүйцэтгэх байгууллага чамайг ажилд чинь оруулж чадахгүй байгаа биздээ, манай байгууллага мөнгийг чинь өгвөл өгнө, ажилд авах эсэхийг бид л шийддэг” гэж намайг шахаж шаардан, ярилцлагын бичлэг хийж намайг сэтгэл зүйн дарамтанд оруулсан.

Минийи бие ажилгүй, орлогогүй удаан явсан, намайг хэн ч ажилд авахгүй байсан тул арга буюу ажилд эргэж орохгүй гэсэн өргөдлөө бичиж өгсөн. Өнөөдрийг хүртэл энэ өргөдлийн дагуу намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэрийн хувийг надад өгөөгүй байна. Цалинтай орлоготой болж тэмдэгтийн хураамж төлөх мөнгөтэй болмогцоо намайг ажлаас халсан тухай интернэтээр тарааж дараагийн ажилд орох боломжийг хаасан, намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авахгүй хохироосон, сэтгэл санааны байнгын хямралд оруулснаас үүдсэн гэм хорын хохирлыг жичид нь нэхэмжлэх болно.

Шүүхэд хандаж “2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4 сарын цалинтай тэнцэх 6 716 800 төгрөгийг ХХХХ-иас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж буйг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, өмгөөлөгч ХХХ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХ нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ХХХХ-ийн үйл ажиллагааны газрын захирлаар томилогдсон бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн.

ХХХХ нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 5558 дугаар шийдвэр гарч, давж заалдах шатны 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 134 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор эцэлсэн шийдвэрлэсэн болно.

“ХХХХ” ТӨХК нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 5 953 527 төгрөгийг ХХХХт олгож ХХХХ-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 190 тоот тушаалаар Арилжаа хяналтын албаны захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаал тус тус гаргажээ.

ХХХХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолоор тус байгууллагын бүтэц, ажил албан тушаалыг шинэчлэн баталж, байгууллагын хэмжээд “газар” гэсэн статусыг байхгүй болгож, хамгийн том нэгжийг “Алба” байхаар шийдвэрлэсэн бөгөөд ХХХ-ийн урьд ажиллаж байсан "Үйл ажиллагааны газар" гэсэн бүтэц байхгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу адил чанарын өөр ажил, албан тушаалд буюу чиг үүргийн хувьд адил бөгөөд тухайн чиг үүргийнхээ хувьд хамгийн том нэгж болох “Арилжаа хяналтын алба”-ны захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулах шийдвэр гаргасан.

Уг бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй хуульчийн алдаанаас болж уг томилсон тушаалыг шүүх хүчин төгөлдөр гэж үзэзгүй. Гэвч ХХХ-ийн хувьд ажилдаа орох бодитой сонирхол байгаагүй, эгүүлэн томилсон албан тушаалд ажиллаагүй, томилогдсон албан тушаалаа хүлээн аваагүй. Ажилдаа эргэж орох талаар хариуцагчаас удаа дараа мэдэгдэж байсан боловч баримттай үлдсэн нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/529, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/408 тоот албан бичгүүд юм.

Ажилдаа эргэж орохгүй явсаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны 15 177 034 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилоогүй гэж “ХХХХ” ТӨХК-ийг өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн байна.

2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5772 дугаар шийдвэрээр ХХХХт ажилгүй байсан хугацааны 15 177 034 төгрөгийг олгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбоотойгоор 2015 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ирж уулзахыг мэдэгдэх зорилгоор залгасан боловч гадаадад байсан тул мессэж роуминг үйлчилгээнд холбогдсон байсан, мессэж үлдээсэн. Нэхэмжлэгч нь Монгол Улсад байгаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан.

2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 37433 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 4206 дугаар гүйцэтгэх хуудас ирсэн. Үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзахаар мэдэгдсэн боловч 12 дугаар сарын 30-ны өдөр хүрэлцэн ирсэн. “ХХХХ” ТӨХК 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүргээ биелүүлж ХХХХт 15 177 034 төгрөг олгож, мөн ХХХХ ажиллах сонирхолгүй байсан бөгөөд гадаад улсад суралцаж байсан, одоо суралцаж байгаа тул үүнийг нь бодолцож ХХХХ-ийн Арилжаа хяналтын албаны захирлын албан тушаалд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр томилж, албан тушаалаас чөлөөлөгдөх талаар өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан болно.

Болсон үйл явдлыг нэхэмжлэлдээ өөр байдлаар бичсэн байх бөгөөд дээр үйл явцад ХХХХ-ийн зүгээс нэхэмжлэгчид аливаа дарамт шахалт үзүүлээгүй, аль болох түүний хүсэлтийн дагуу хүлээцтэй хандаж шийдвэрлэхийг эрмэлзэж байсныг хариуцлагатайгаар мэдэгдэх нь зүйтэй бөгөөд ХХХХтай хийсэн уулзалтын тэмдэглэл болон дуу бичлэгээс тод харагдана.

ХХХХ нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 09 дүгэр сарын 02-ны өдрийн 5772 дугаар шийдвэрийг биелүүлээгүй 4 cap болсон бөгөөд тус хугацааны цалин 6 716 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5772 дугаар шийдвэрээр ажил олгогчид тус шийдвэрийг биелүүлэх тодорхой хугацаа тогтоогоогүй болно.

Мөн ХХХХ нь 2015 оны 09 дүгээр сараас Их Британи улс, Лондон хотод суралцахаар явсан, Монгол Улсад байгаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан.

ХХХХ-ийн гүйцэтгэх захирал 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрчлөгдөн томилогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийг танилцан санал дүгнэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, байгууллагын төсвөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах 15 177 034 төгрөгийг хэрхэн гаргах талаар шийдвэрлүүлэх ажил хийгдэж ирсэн. ХХХХ-ийн зардлыг төлөөлөн удирдах зөвлөлөөс баталдаг бөгөөд төсөвлөгдөөгүй зардал юм.

2015 оны 12 дугаар сард байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулахаар бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн бөгөөд иргэн ХХХХийг байгууллага дээр ирж уулзахыг хүсэж 2015 оны 12 дугаар сарын 10-нд интернэтээр холбогдож лавлахад ажилдаа орохгүй, 15 177 034 төгрөгөө авмаар байгаа, өөрөө сургуульд сурч байгаа Монголд удахгүй очихоороо ирж уулзана гэж хэлснээр нь ямар нэг шийдвэр гаргаж чадалгүй хүлээж байсан.

ХХХХ нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “ХХХХ” ТӨХК дээр ирж уулзаж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 15 177 034 төгрөгийг гаргуулан авах, ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тухай тушаал гаргуулах зэргээр харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилгүй байсан хугацаанд цалингаа нэхэмжлэхгүй гэж өөрөө мэдэгдсэн.

ХХХХ-ийн удирдлага Лондонд сурч байгаа ХХХХийг ирж уулзахыг хүсэлт тавьж хүлээж байсан, харин түүний нэхэмжлэлд дурдсан шиг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэнэт дуудаж сэтгэл зүйн дарамтанд оруулсан үйл ажиллагаа болоогүй. Харин ч ХХХХийг ажилла хэмээн мэдэгдсэн болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6 716 800 төгрөгийг хариуцагч ХХХХ-иас гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч ХХХ-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХХХХ-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-иас 122 420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэл байсныг тогтоох шаардлагатай байсан. ХХХХ нь ажилд орох чин хүсэл эрмэлзэл байгаа эсэх, ажилд эгүүлэн тогтоох тушаал гаргуулахгүй байх үүднээс хариуцагчтай холбоо барихгүй зугтааж байсан эсэх, ХХХ-ийн эзгүйд эгүүлэн тогтоох тушаал гарахад хэрхэн гардуулах, тушаал гарсан даруйд сургуулиа хаяад ажилдаа эргэн орох боломжтой байсан эсэх зэргийг огт үнэлж үзэхгүйгээр шийдвэр гаргасан нь буруу байна. ХХХ-ийн ажиллаж байсан албан тушаал нь ХХХХ-ийн гол үйл ажиллагаа болох арилжаа, түүний хяналтыг хэрэгжүүлдэг албан тушаал бөгөөд арилжааны үйл ажиллагаа нь минут, секундээр хэмжигддэг хариуцлагатай албан тушаал юм. Хэрэв эгүүлэн тогтоох тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр гаргасан бол түүний оронд ажиллаж байгаа ажилтныг чөлөөлнө, ХХХХт тушаалаа хэрхэн гардуулахаа мэдэхгүй байсан, гардуулах боломж бодитоор байгаагүй, гардууллаа гэхэд гадаад улсад сурч байгаа хүн сургуулиа хаяад шууд ирэх боломжтой байсан эсэх, тушаал гарсан өдрөөсөө бодитоор хэрэгжих боломжтой байсан эсэх зэрэгт анхан шатны шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Мөн ажилд эгүүлэн тогтоох тушаал гаргуулахгүй байх үүднээс хариуцагчтай холбоо барихгүй зугтааж байсан эсэхийг тогтооход шаардлагатай нотлох баримтыг шүүхээр дамжуулан хөндлөнгийн байгууллагаас гаргуулах хүсэлтийг 2016 оны 503 тоот албан бичгээр шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй асуудалд гомдолтой байгаа бөгөөд уг нотлох баримтууд нь ХХХ-ийн сэдлийг тогтооход чухал ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Шүүгч үүнтэй холбогдуулж шүүх хуралдааны төгсгөлд хариуцагчаас “2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ХХХХийг ажилдаа эргэж орооч гэж хандаж байсан уу” гэж ач холбогдол бүхий асуултаа асуусан нь хурлын тэмдэглэлийн 8 дугаар хуудаст тэмдэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, ач холбогдол бүхий баримтыг гаргуулан дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ХХХХ ажилгүй байсан хугацааны олговор 6 716 800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагчийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгээгүйгээс ажилдаа орж чадаагүй цалин хөлсөөр хохирсон, мөн эрүүл, мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөлгүй тасалдсан тайлбарлажээ.

Хариуцагч “ХХХХ” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзалдаа манай байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр  нэхэмжлэгч ХХХХийг ажилдаа орохыг мэдэгдэх гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө гадаадад суралцахаар явсан, Монгол улсад байгаагүй учраас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байсан гэж маргажээ.

2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5772 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ХХХХийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 177 034 төгрөгийг хариуцагч ХХХХ-иас гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 10-13/

Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгч ХХХХтай холбоо барьсан, ажилдаа орохыг мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хариуцагч дээрх тайлбараа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Хариуцагч нотлох баримт гаргуулахтай холбоотой хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтэд дурдсан баримтууд нь өөрт нь хамааралтай, нотлох үүргийнхээ дагуу бүрдүүлж цуглуулах боломжтой, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахгүй байх тул шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тухай 37433 дугаар шүүгчийн захирамж, 4206 дугаар гүйцэтгэх хуудас ирсэн гэж хариуцагч өөрөө тайлбарласнаас үзвэл түүнийг шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг 11.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул хуулийн мөн зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, ХХХХийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өмнө эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэх ажилд томилсон гэж үзнэ. 

Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хууль зөрчсөний улмаас нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсоны дагуу ажил албан тушаалаа эрхлэх боломжгүй болж, цалин хөлсөөр хохирсон байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 143 218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ