| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0201/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 207
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Э.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Эрдэнэсүрэнгийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811024320107 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 105-75 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэсүрэнгийн Э.Г/РД: ЗЮ85122831/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Гнь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 34 дүгээр гудамжинд хохирогч Ж.Энх-Амгалангийн толгойн тус газар нь чулуугаар цохиж бие Махбодид нь толгойн хуйханд шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Э.Гмөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Энх-Амгалан бид хоёр Санзайгийн орчимд байшин бариад ажил дуусаад цалингаа аваад Бямбажаргалын гэрт очиж 2 шил архи авч уучихаад Бямбажаргал бид хоёр усанд явж ирчихээд Бямбажаргал бид хоёр Чингэлтэйд байдаг манай гэррүү орсон. Тухайн үед манай гэрт манай ээж Эрдэнэсүрэн найзуудтайгаа архи ууж байсан. Ингээд Бямбажаргал бид хоёр цаад өрөөндөө ороод тал шил архиа ууж байтал Шура эгч Энх-Амгалантай хамт хүрээд ирсэн. Тэгээд над руу уурлаад чи хүүхэд дагуулаад хаашаа явчихдаг юм архи уулаа гээд загнаад байсан. Тэгтэл манай ээж Эрдэнэсүрэн манай хүүхэд эхнэртэйгээ яагаад ирж болдоггүй юм гээд намайг өмөөрсөн. Тэгээд маргаан үүссэн. Ингээд бид нар байшингаас гараад ээж гэрийн үүдэн дээр Шура эгч шатны дор зогсоод манай ээжийг таягаараа цохиж авсан. Тэгээд Бямбажаргал руу Энх-Амгалан уурлаад байсан загнаад тэр хоёр маргалдсан. Ингээд маргаан ид өрнөөд байж байтал нэг харсан чинь Энх-Амгалангийн толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/
хохирогч Ж.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Шура эгчийн хамт зах гарчихаад буцаад Шура эгчийн гэрт ирэхэд Ганцогт, Бямбажаргал гараад явчихсан байсан. Ингээд миний санаж байгаагаар 13-14 цагийн орчим болж байх шиг байсан Шура эгч бид хоёр Ганцогтын гэр рүү нь яваад очиход Ганцогт, Бямбажаргал хоёр архи уучихсан байсан. Ганцогтын ээж нь гэх эмэгтэй найзуудынхаа хамт архи уучихсан байсан. Шура эгч Ганцогтын ээжтэй нь маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд Шура эгчийг зүрх муутай болохоор нь би Э.Груу уурлаад чи ээждээ хэлээч гэсэн. Тэгээд Бямбажаргал, Э.Гбид гурав гэрээс гарсан бөгөөд Шура эгч Ганцогтын ээжтэй хэрэлдээд үлдсэн. Э.Гбид гурав гэрээс гарсан бөгөөд Шура эгч Ганцогтын ээжтэй хэрэлдээд үлдсэн. Э.Гминий толгойн ар хэсэг рүү үзүүртэй чулуугаар цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/
Гэрч Д.Шурагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгтэл Э.ГЭнх-Амгалангийн араас чулуу барьж байгаад толгойн тус газар нь цохиод хагалчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №10404 тоот дүгнэлтэд: Ж.Энх-Амгалангийн биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт… /хх-ийн 30х/ бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Ганцогтыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.Энх-Амгаланг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ж.Энх-Амгалан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “гомдолтой байна. нэхэмжлэх зүйлгүй хуулийн дагуу шийдэж өгөн үү” гэсэн мэдүүлгийг нь үндэслэн хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ганцогтод ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Эрдэнэсүрэнгийн Ганцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ганцогтыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ж.Энх-Амгалан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ