Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 204

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* аймгийн *******-Уул сумын иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Би 1982 оны 09-р сарын 01-нээс Завхан аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн шаварчин- будагчны мэргэжлийн ангид суралцаж төгссөн. Одоо намайг ажилласан жилээ тогтоолго гэсэн тул 1985 оны 07-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ТТБТ-д шавар будагчнаар, 1991 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 05-р сарын 30-ныг хүртэл Алтан харш компанид шавар будагчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү

Би ******* аймгийн *******-Уул суманд амьдардаг бөгөөд Завхан аймагт очих боломжгүй тул намайг байхгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэт гаргагч Д.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаартүүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1985 оны 07-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 05-р сарын 30-ныг хүртэл Алтан харшкомпанид шавар будагчнаар ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 11-ний өдрийн А/336 тоот лавлагаанд Д.******* нь 1991-1995 онд аймгийн барилгын Алтан харш компанид ажиллаж байсан гэх тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

Мөн архивын 2015 оны 11-р сарын 06-ны өдрийн А/918 тоот лавлагаанд Д.******* нь 1991 онд Сүмбэр пүүсийн шавар будагчны ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Сүмбэр пүүсийн даргын 1991 оны баримтанд ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна гэжээ.

Түүний ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1985 оны 06-р сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Техник туслалцааны барилгын 5-р трестийн даргын 1985, 1991 онуудын тушаалууд, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн хүсэлт гаргагч Д. *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Д.*******гийн 1985 оны 06-р сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 03-рт 1985.07.01-ний өдрөөс Завхан аймгийн Барилга трестэд шавар будагчнаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдэж ТТБТ-ийн боловсон хүчний тасгийн тамга дарагдсан,

04-рт 1991.01.01-нээс гавар будагчны ажлаас чөлөөлж дөрөвдүгээр цувааны мэдэлд шилжүүлэв гэсэн бичилт хийгдэж мөн тасгийн тамга дарагдсан,

05-рт 1991.01.01-нээс дөрөвдүгээр цуваанд шавар будагчнаар томилон ажиллуулав гээд Завхан аймгийн барилгын Сүмбэр пүүсийн цуваа №4 гэсэн тамга дарагдсан,

07-рт 1991.11.26-наас хүүхэд төрүүлж 2 нас хүртэл асрахаар чөлөө авсан тул ажлаас чөлөөлөв гээд Алтан харш компаний тамга дарагдсан,

08-рт 1993.10.01-нээс чөлөөний хугацаа дууссан тул буцааж ажилд нь оруулав гэсэн,

09-рт 1994.05.30-наас хүүхэд төрүүлж 2 нас хүртэл асрахаар чөлөө авсан тул ажлаас чөлөөлөв гэсэн,

10-рт 1995.01.01-нээс НД-ын багц хууль үйлчлэх болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав гэсэн бичилт хийгдэж Алтан харш компаний тамга дарагдсан байна.

Мөн тэрээр Техник туслалцааны барилгын 5-р трестийн даргын 1985 оны 08-р сарын 30-ны өдрийн 195-р тушаалаар шавар будагчны ажилд томилогдож байсан, мөн трестийн даргын 1991 оны 01-р сарын 23-ны өдрийн 07 тоот ажилчин албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэх тухай тушаалаар Хаянхярваагийн бригадад хувиарлагдаж байсан байна.

Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******г 1985 оны 07-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 05-р сарын 30-ныг хүртэл Завхан аймгийн барилгын Сүмбэр пүүсийн 4-р цуваа болон Алтан харш компанид шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь гэрч П.*******, С.*******, Ц******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******г 1985 оны 07-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийнТехник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 05-р сарын 30-ныг хүртэл Завхан аймгийн барилгын Сүмбэр пүүсийн 4-р цуваа болон Алтан харш компанид шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ