Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2022/00105

 

******* нэхэмжлэлтэй,  

хариуцагч *******

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2022/0******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

41.865.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч ******* гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга: Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 41.865.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ******* нь 2020 оны 11 дүгээр сард тааралдаад, дараа нь гэрт ирж мөнгөний хэрэгцээ байгаа болон надаас мөнгө зээлэх тухайгаа ярьсан. Бид харилцан ойлголцсоны дүнд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс би ******* 3-5 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй мөнгө зээлж эхэлсэн. Ингээд 2021 оны 6 дугаар сар гэхэд зээлсэн мөнгө нийтдээ 22.400.000 төгрөг болсон. ******* тохиролцсон 7 хувийн хүүг сар сард нь өгч байсан. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөнгөө авахаар шаардаж ярьсаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* над руу 10.000.000 төгрөгөө шилжүүлж 22.400.000-10.000.000=12.400.000 төгрөгийн үлдэгдэл өртэй болсон. Тэгээд ******* надад 5.000.000 төгрөг хэрэгтэй байна, хүн амьтнаас 15 хувиар ч хамаагүй олдвол эгч надад туслаач гээд байхаар би 2021 оны 06 дугаар сарын 29-ний орой 2.800.000 төгрөг ******* шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэхэд бид хоёрын хооронд 15.000.000 төгрөгийн тооцоо үлдсэнийг аль аль нь хулээн зөвшөөрсөн. ******* сүлжээний борлуулалтаас гадна койны арилжаанаас сардаа хамгийн багадаа 2.000.000 төгрөгийн ашиг гардаг, зарим сард тав, зургаан сая хүрдэг. Одоо гэр бүл хамаатнууддаа багц нээгээд ашиг улам арвижна гэж надад итгүүлж байсан. X.Отгонтунгалаг бол 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл мөнгөний хүүгээ товлосон хугацаандаа өгч байсан.

2022 оны 01 дүгээр сарын 23-ны үед мөнгөний хэрэг гарч ******* юуны өмнө 24.000.000 төгрөг нь хэрэгтэй боллоо, зээлээ бөөнд нь авахаар хэлтэл ******* “аан за би нөхрийн цалингийн зээлийг авахаар болсон, тэгээд таньд шилжүүлнэ” гэсэн. Тэгээд би 03 дугаар сарын 17-ны өдөр уулзах гэтэл хойш тавиад тайлбар хийгээд болдоггүй. Уулзах гэхээр бас хөдөө явна, эсвэл шөнийн 12 цагт завтай, модон хохимой өдөр, ярих боломжгүй, дараа ярья гэх мэтээр шалтаг тоочдог болсон. Ингээд би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хүсэлт гаргаж өгсөн боловч мөн тэнд ирээгүй тул шүүхэд өргөдөл өгч шүүхээр эрхээ хамгаалуулах хохирлоо барагдуулахаар шийдсэн юм.

Үндсэн зээл 37.000.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлөх байсан мөнгөний хүүгээ огт төлөөгүй. Зээлдэгч ******* нь гэрээний ерөнхий хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар авсан үндсэн зээлээсээ 2.000.000 төгрөг төлсөн ба үлдэх зээлийн үлдэгдэл 37.000.000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд барагдуулаагүй, төлнө гэсэн тайлбар удаа дараа өгсөөр өдийг хүрч байна. Иймд анх зээлдүүлсэн 39.000.000 төгрөгөөс нийт төлөгдсөн 2.000.000 төгрөгийг хасаж үлдэгдэл үндсэн төлбөр 37.000.000 төгрөгийг зээлийн гэрээний 2-т заасны дагуу 37.000.000 төгрөгийн хүү болох 4.865.000 төгрөгийн хамт нийт 41.865.000 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү. Зээлийн хүүгээ гэрээ хийсэн хугацааныхаа дагуу бодож тооцлоо. ******* миний бие дам дамаа хүнээс мөнгө авч ******* зээлдүүлж байсан тул санхүүгийн болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* нэхэмжлэлийн шаардлагаас 6.845.700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 35.019.300 төгрөгийг төлөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Би нэхэмжлэгч *******гаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 20 удаа нийт 49.410.000 төгрөгийн зээл авсан.

.Авсан мөнгөнөөсөө 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 64 удаа нийт 42.564.300 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч ******* надад мөнгө өгөхдөө огт гэрээ хийж байгаагүй бөгөөд саяхан “хүүдээ үзүүлэх гэсэн юм, чи гарын үсэг зураад өг” гээд хэдэн хуудас цаасан дээр гарын үсэг зуруулаад явсан. ******* надаас авсан мөнгөө зээлийн хүүд тооцсон болон иргэний үүргээ биелүүлж татвар төлсөн байх учиртай. Тэгээд ч хүү авах бол бичгээр гэрээ хийх үүрэгтэй шүү дээ. Иймд ******* нэхэмжлэлийн шаардлагаас 35.019.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 8.778.300 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33.086.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 155.402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо: ******* миний бие ******* холбогдуулан гаргасан зээл, зээлийн хүүгийн 41.865.000 төгрөгийн шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний 0******* тоот шийдвэрийг 2022 оны 10 дугаар сарын 4-нд хүлээн аваад өмгөөлөгчөөс эрх зүйн үйлчилгээ авсны үндсэн дээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн зарим гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ *******ийн надад төлөх төлбөрийн тооцоог дутуу гаргасан байна. Үүнд:

1. ******* надаас авсан зээл болон өөрийн төлсөн төлбөрийг нотлох өөрийн дансны хуулгаа гаргаж өгөхдөө миний 5091360709 тоот данснаас шилжүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 900.000 төгрөг, мөн 2021оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 500.000 төгрөгийг тус тус тодруулаагүй орхисон байсан. Ийнхүү надаас авсан 1.400.000 төгрөгийг шүүх анзааралгүй орхижээ.

А. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ******* ******* нийтдээ 13 удаа 27.200.000 төгрөг шилжүүлсэн, ******* ******* надад 19.217.000 төгрөг шилжүүлсэн ба ******* миний нийт шилжүүлсэн мөнгөний хүү болох 5.817.000 төгрөг, үндсэн зээлээс төлсөн дүн 13.400.000 төгрөг байна. Ингэхээр миний шилжүүлсэн 27.200.000 төгрөгөөс зээлийн эргэн төлсөн 13.400. 000 төгрөгийг хасаж ******* би 13.800.000 төгрөгийн авлагатай тооцоо гарна. Учир ******* сар сардаа авсан мөнгөө 0,7%-иар бодож хүүгээ өгч байсан нь дээрх хуулгаас харагдана.

б. 2021 оны 06 дугаар сарын З0-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл *******, ******* мөнгө шилжүүлээгүй ба ******* нь 13.800.000 төгрөгийн хүү болох 7.639.600 төгрөгийг 2021 оны 7 дугаар сараас 10 дугаар сард *******д шилжүүлсэн. Гэвч үүнийг шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 10.000.000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 5.000.000 сая төгрөгийн гэрээг тус тус хүчингүй гэж тооцож иргэн би хохирсон. ******* миний авлага 13.800.000 хэвээр үлдэх ба *******ийн 7-10 дугаар сард шилжүүлсэн 7.639.600 төгрөгийг хасаж бидний хоорондын тооцоо 6.161.400 төгрөг болж байна. ******* ийм хэмжээний авлагатай болж харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ хүртэлх тооцоог гаргахад ******* 6.161.400 төгрөгийн өглөгтэй байна.

в. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн гэрээ гарч ирнэ. *******аас 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хүү, зээлийн төлөлт нийлээд 14.031.000 төгрөг өгсөн. Үүнээс 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зээлсэн 24.000.000 төгрөгийн зээл, гэрээгээр тохирсон хүү, нийт хүү 610.000 төгрөгийг нэмэхэд 30.100.000 төгрөг болно. Үүнээс *******ийн төлсөн 14.031.000 төгрөгийг хасахад зээлийн үлдэгдэл 16.070.000 төгрөг болно. Иймд *******ийн надад төлөх төлбөр 16.070.000 төгрөг дээр өмнөх тооцоо 6.161.400 төгрөгийг нэмээд нийтдээ 22.231.400 төгрөг болно. Шүүх зээл, хүүг буруу бодож нэхэмжлэлээс 8.778.300 төгрөгийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн 0******* тоот шийдвэрт өөрчлөлт оруулж 22.231.400 төгрөгийг хангаж өгнө үү.

                                               ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

2.Нэхэмжлэгч ******* шүүхэд “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж 3-5 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй мөнгө зээлж эхэлсэн ба би хотоос 2022 оны 9 сарын 28-ны өдөр ирээд зээлдээ бичгийн гэрээ хийж эхэлсэн. ...үндсэн зээл-37.000.000 төгрөг өгөөгүй удсан тул гэрээний дагуу хүү тооцож зээлийн гэрээний үүрэг-41.865.000 төгрөг гаргуулах...”  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* “...нэхэмжлэлийн шаардлагаас 6.845.700 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээ байгуулж байгаагүй, 35.019.300 төгрөгийг төлөхгүй” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх *******аас 8.778.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33.086.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Шүүх “ ... хариуцагч нь гэрээний дагуу 27.365.000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс дансаар 18.856.700 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 8.778.300 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй...”  гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

5.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн шүүхэд гаргасан “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 49.410.000 төгрөг зээлсэн, нэхэмжлэгчид буцааж 42.564.300 төгрөг төлсөн” гэх тайлбар, татгалзлыг няцааж үгүйсгэж чадаагүй байна.

6. Тухайлбал нэхэмжлэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй  хариуцагчид зээлдүүлсэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэх боловч зээл нийт 15.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдөр хариуцагчид шилжүүлж өгөөгүй, тэрээр өмнө зээлж байсан зээлийн үлдэгдэл мөнгө дээр гэрээ хийсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байх ба анхан шатны шүүх  нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1.700.000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдөр 7.000.000 төгрөг шилжүүлсэн байх тул талуудын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №11 тоот гэрээнд зааснаар зээлийн хүү-2.010.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан № 14 тоот гэрээний  дагуу зээлийн хүү-600.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан №15 тоот зээлийн гэрээнд заасан 1 сарын хүү 700.000 төгрөгийг тус тус хариуцагч төлөх үүрэгтэй байна.

8.Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 700.000 төгрөг дээр 4.630.000 төгрөгийг шилжүүлж 5.300.000 төгрөгийн зээлийн гэрээг хамт байгуулсан гэж тайлбарласан ба хариуцагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4.630.000 төгрөгийг бэлэн бусаар нэхэмжлэгчээс шилжүүлж авсан, мөнгө зээлснээс хойш  зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр буцааж  төлж байсан тул 3 сарын зээлийн хүү-1.389.000 /4,630.00х10%х3сар/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжтой юм.

9.Хариуцагч Х.Отгонтуяа нь зээлийн гэрээний дагуу зээл-20.330.000 төгрөг, зээлийн хүү-4.699.000 төгрөг нийт 25.029.000 төгрөг төлөхөөс түүний шилжүүлсэн 14.031.000 төгрөг /2021.11.05-наас 2022.02.11/-ийг хасч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт-10.998.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх -30.867.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Дээрх үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2022/0******* дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт-10.998.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.867.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

2. Шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагч *******аас 155.402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг, “...хариуцагч *******аас 190.918 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.226 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.БАТТӨР

      ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ