Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 205

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч С.******* нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд хийж, С.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1955 оны 10-р сарын 06-нд төрсөн. Одоо 61 настай. Би 1963 онд сургуульд орж 1970 оны 06-р сард 8-р анги төгсөөд Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал аж ахуй дээр гарч эцэг эхийн хамт мал малласан. Тухайн үед 8-р анги төгссөн хүүхдүүдийг хүсвэл хөдөө мал дээр гаргадаг байсан. Би мал маллаж байгаад 1975 оны 09-р сарын 01-нд Барилгын техник мэргэжлийн сургуулийн өрлөгийн ангид орж суралцсан. Миний мал маллаж байсан үеийн цалин хөлстэй холбоотой баримт архиваас олдохгүй байна. Би сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж байнгын группд байсан бөгөөд 2015 онд 60 нас хүрээд тэтгэврээ тогтоолгохоор хөөцөлдөж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч С.******* нь 1970 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1973 оны 09-р сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Аргалант бригадад мал маллаж байсан болохоотогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн А/319 тоот лавлагаанд С.******* нь 1971-1973 онд Алдархаан сумын Партизан Чойбалсан Аргалант бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу дээрх нэгдлийн 1971-1973 оны жилийн эцсийн гүйлгээ блансыг шүүн үзэхэд: өөрийн нэрээр тооцсон хөлс үгүй харин суурийн ахлагч гэх Ч.*******гийн нэрээр тооцсон хөлсийг он тус бүрийн жилийн эцсийн гүйлгээ блансад тусгагдсанаар жагсаавал: 1971 онд 2011,18 төг, 1972 онд 1708,08 төг, 1973 онд 2138,0 төг гэжээ.

С.*******ын мал маллаж байсан талаарх баримт архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч тэрээр дээрх жилүүдэд өөрийн эцэг болох Ч.*******гийн хамт нэгдлийн мал маллаж байсан болох нь гэрч О.Цэндээгийн ******* нь 1970 оноос 1973 онуудад аав ээжийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан юм. Би 1973-1976 онуудад цэргийн алба хааж байсан юм. Намайг цэрэгт явсан хойгуур мал маллаж байсан юм билээ. Насаар бол надаас 2, 3 ах хүн юм. *******ын аавыг *******, ээжийг нь ******* гэж хөгшчүүд байдаг байсан юм. ******* аав ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байсан нь үнэн юм гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.*******гийн Би 1973 онд цэрэгт явсан юм. Тэр үед ******* аав ээжийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан юм. Би 1973-1976 онуудад цэргийн алба хааж байсан юм. *******ын аавыг *******, ээжийг нь ******* гэж хөгшчүүд байдаг байсан юм. ******* аав ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байсан нь үнэн юм гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч С.*******ыг 1971-1973 онуудад эцэг Ч.*******гийн хамт нэгдлийн мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1970 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1973 оны 09-р сарын 01-нийөдрийн хүртэлх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Аргалант бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ