Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Даваасүрэн,  

Хохирогч Н.Сономжамц,

            Гэрч Ч.Нарантуяа,

Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хд холбогдох эрүүгийн 1809040161195 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, арцат 9 дүгээр гудамжны 382 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 23Б байрны 31 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Сономжамцын эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найзынхаа машиныг гуйж 22.00 цаг өнгөрөөгөөд таксины үйлчилгээнд явсан. Гадуур хүн байхгүй байхаар нь 01.00-02.00 цагийн хооронд “Шашлык хаус”-ын хашаанд машинаа оруулж тавьсан. Гэртээ харья гэж бодоод тухайн газрын гадаа байсан 2 залуугаас “такси авах уу” гэж асуусан. Машины ард байсан залуучууд чанга, чанга дуугараад хоорондоо юм яриад байх шиг байсан. Тухайн 2 залууг аваад хөдлөх гэхэд манай найзууд сууна гээд хүлээлгэсэн. Сууж байтал 2 залуу гүйж ирээд хаалга саваад суусан. Би машинаа ухраагаад хойшоо хөдөлгөсөн. Сономжамцын машин араас тулаад зогсох шиг болсон. Би машиндаа байсан залуучуудад “та нар буугаад учраа ол” гэж хэлэхэд буухгүй байсан. Нэг залуу нь буугаад Сономжамц дээр очоод юм ярих шиг болсон. Гэхдээ сайн харагдахгүй байсан. Буцаж суугаад хөдөлье гэсэн. Тэндээсээ Алтай хотхон орсон. Машинд сууж байсан хүмүүсийг буулгаад 5000 төгрөгийг нь аваад цаашаа гэр рүүгээ харьсан. Өглөө машиныг нь Манлайд хүргэж өгсөн...” гэв.

           Хохирогч Н.Сономжамц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай найз Тэмүүжин гадаадаас ирсэн тул 2018 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө найзуудаараа уулзаж шоудсан. Бид нар шөнийн 03.00-04.00 цагийн үед тараад явж байсан. Хүрэлийн хэлж байгаа зогсоол дээр би машинаа тавьсан байсан. 22-82 УБТ дугаартай хар өнгийн приус машинд байсан хүмүүстэй бид нар маргалдсан. Машиндаа суусны дараа Хүрэлийн машин хөдлөөд тэр машины жолоог барьж байсан хүн бууж ирж намайг цохьсон. Машинд 3-4 хүн байсан. Миний хамар руу цохьсоноос болж хамраас цус гараад зогсож байхад манай найзыг шавхай дээгүүр чирсэн. Би машины жолооны хүрдэн дээр сууж байсан учир урдаас ирж байгаа хүний царай болон биеийн өндөр нам зэргийг сайн харах боломжтой байсан. Маргалдсан шалтгаан нь Хүрэлийн машин урд таглаад зогсчихсон байсан. Гаръя гэхэд хөдлөхгүй, машиныхаа цонхоор хараад суугаад байсан. Машинаасаа буугаад маргалдчихаад буцаад машиндаа суух үед Хүрэл машинаа хөдөлгөөд явахаар нь араас нь хөдлөхөд зогсоод цохьсон. Миний хамар хугарсан, доод 3 шүд хугарсан. 3 шүд 450.000 төгрөгөөр түр хийлгэсэн, энэ гэмтлийн улмаас шүд унах тул имплант шүд хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Хамрын хугаралаа Нэгдүгээрт эмнэлэгт таньдаг хүнээрээ үнэ төлбөргүй эмчлүүлсэн. Нийт 570.000 төгрөгийн зардал гарсан. Цаашид 3 ширхэг имплант шүд хийлгэх шаардлагатай...” гэв.

          Гэрч Ч.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 05-наас 2018 оны 9 дүгээр сарын 06-нд шилжих шөнө болсон гэмт хэргийн талаар сайн мэдэхгүй байна...” гэв.

Эрүүгийн 1809040161195 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө таксинд явж байгаад 01 цагийн үед Шашлык хаусын зогсоол дээр ирж зогссон. Тэр үед ард 3-4 залуу юм ярьж байсан.Тэгээд би машинаа ухраагаад 2 залуу байхаар нь такси авах уу гэж асуусан. Явна гээд нэг нь миний хажууд нэг нь ард суусан. Бас нэг залуу гүйж ирээд суусан. Машинаа хөдөлгөх гэж байтал цаанаас нэг залуу гүйж ирээд баруун талд байсан саарал машиныг асаасан. Би дөнгөж хөдөлтөл тэр машин огцом хөдлөөд миний машинд тулсан. Тэгэхээр нь би суусан хүмүүст “та нар хүнтэй хэрэлдсэн юм биш үү учраа ол” гэсэн чинь ард суусан залуу буугаад нөгөө залуу дээр очсон. Ганц нэг үг хэлэх шиг болсон эргэж суугаад хөдөл гэсэн. Алтай хотхоны буудлын цаана тэд нарыг буулгачихаад Яармаг руу яваад Мөнхманлайгийн гэрийн гадаа машиныг нь хүргэж өгчихөөд гэр рүүгээ явсан. Би хэн нэгнийг цохиогүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Сономжамц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Шашлык хаусын автомашины зогсоол дээр манай найз нар хэдэн залуучуудтай маргалдаад салж байсан. Тэгээд би машиндаа сууцан байсан чинь цаанаас манай найз нартай маргаж байсан залуучуудын нэг нь машины цонхоор намайг 2-3 удаа цохьчихоод 22-82 УБТ улсын дугаартай приус 20 маркийн автомашинд суугаад яваад өгсөн...170 см орчим өндөртэй, махлагдуу биетэй, бор царайтай, 25-30 орчим насны эрэгтэй байсан...яг өөдөөс гүйж ирсэн болохоор царайг нь сайн санаж байна...намайг цохих үед Тэмүүжин машинаас буусан мөн түүний машинаас нөгөө хэд нь бууж ирсэн. Тэр хэд Тэмүүжинтэй маргалдаж байгаад яваад өгсөн...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Мөнхманлай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ээлжийн амралтаараа эмнэлэгт хэвтэж байхад 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найз Хүрэл ирээд машинаа өгөөч, таксинд явах гэсэн юм гэхээр нь машинаа өгч явуулсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед байхаа утсаар яриад эмнэлэг дээр машин авчирч өгсөн. 2282 УБТ улсын дугаартай, приус 20 маркийн машин миний эзэмшлийн машин...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө “Хангай” зочид буудлын хойд талын машины зогсоол дээр машин дотор найз Сономжамцтай сууж байсан. Тэгээд бид 2 тамхи татах гээд машинаасаа буугаад ТҮЦ орохоор явж байсан чинь урд нэг залуу хөндөлдөөд зогсохоор нь Сономжамц “холдооч” гэсэн чинь “зам тавьж өгөхгүй юу яриад байгаа юм” гээд маргаад байхаар нь би болиулаад “за ингээд явчих” гэж хэлж байх үед араас нь 4 залуу гарч ирсэн. Ирээд тэр залуугаас “эд нар юу гээд байгаа юм” гээд бид хоёр руу дайрах гээд байхаар нь би тэд нарт “одоо ямар нэгэн асуудал гаргахгүйгээр салъя” гэсэн чинь тэр залуус машиндаа суугаад жаахан хөдөлж явснаа гэнэт зогсоод жолооч нь бууж ирээд Сономжамцын нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. Сономжамцыг цохьсон залуу хар өнгийн юүдэнтэй цамц, хар өмд, саравчтай малгайг хойш нь харуулж өмссөн, дунд зэргийн өндөртэй махлаг, бор царайтай залуу байсан. Би тэд нарыг болио гэж хэлэх үед нэг нь тэр залууг “андаа одоо болноо, явъя” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10924 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Н.Сономжамцын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний гадна, дотно булангийн цус хуралт, зүүн доод 1, 2-р үүдэн шүд баруун доод үүдэн 1-р шүдний хугарал, сулрал, баруун доод үүдэн 2-р шүдний паалангийн эмтэрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэжээ /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Хийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч Ч.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 2018 оны 9 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Сономжамцад “машинд тулж зогслоо” гэж уурлан улмаар түүний нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний гадна, дотно булангийн цус хуралт, зүүн доод 1, 2-р үүдэн шүд баруун доод үүдэн 1-р шүдний хугарал, сулрал, баруун доод үүдэн 2-р шүдний паалангийн эмтрэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч Н.Сономжамцын “...залуучуудын нэг нь машины цонхоор намайг 2-3 удаа цохьчихоод 22-82 УБТ улсын дугаартай приус 20 маркийн автомашинд суугаад яваад өгсөн...170 см орчим өндөртэй, махлагдуу биетэй, бор царайтай, 25-30 орчим насны эрэгтэй байсан...яг өөдөөс гүйж ирсэн болохоор царайг нь сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг,   

 

Гэрч Э.Тэмүүжингийн “...тэр залуус машиндаа суугаад жаахан хөдөлж явснаа гэнэт зогсоод жолооч нь бууж ирээд Сономжамцын нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохьсон. Сономжамцыг цохьсон...”

 

Шүүгдэгч Г.Хийн “...Би дөнгөж хөдөлтөл тэр машин огцом хөдлөөд миний машинд тулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10924 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хооронд таарамжгүй харьцаа үүссэн, Н.Сономжамцын биед хүч хэрэглэсэн үйлдэл, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг хохирогч, гэрч нараас мэдүүлж хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Хийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч 4-5 залуу бүлэглэж зодсон гэж гомдол гаргасан, тухайн этгээдүүдийг шалгаагүй, хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 3 удаа мэдүүлэг авсан байх ба түүний 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлгийн тэмдэглэлд “...маргаж байсан залуучуудын нэг нь машины цонхоор намайг 2-3 удаа цохьчихоод 22-82 УБТ улсын дугаартай Т.П 20 маркын машинд суугаад явсан...тухайн залууг харвал танина...” гэж /хх-ийн 6/, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлгийн тэмдэглэлд “...170 см орчим өндөртэй, махлагдуу биетэй, бор царайтай, 25-30 орчим насны эрэгтэй байсан...” гэж /хх-ийн 7/, 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн мэдүүлгийн тэмдэглэлд “...170-177 см орчим өндөртэй, бор царайтай, махлагдуу биетэй 25-30 орчим насны эрэгтэй байсан. яг өөдөөс гүйж ирсэн болохоор царайг нь сайн санаж байна...” гэж /хх-ийн 8/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би машины жолооны хүрдэн дээр сууж байсан учир урдаас ирж байгаа хүний царай болон биеийн өндөр нам зэргийг сайн харах боломжтой байсан. Маргалдсан шалтгаан нь Хүрэлийн машин урд таглаад зогсчихсон байсан. Гаръя гэхэд хөдлөхгүй, машиныхаа цонхоор хараад суугаад байсан. Хүрэл машинаа хөдөлгөөд явахаар нь араас нь хөдлөхөд зогсоод цохьсон...” гэсэн удаа дараагийн хохирогчийн мэдүүлэг, гэрч Э.Тэмүүжингээс хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлгийн тэмдэглэлд “...жолооч нь бууж ирээд Сономжамцын нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохьсон....яг жолоо барьж явсан залуу...” гэж тус тус мэдүүлж, хохирогч тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж, тэр өдөртөө шинжээч түүний биеийг үзэж №10924 дугаартай дүгнэлт гарсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогджээ.

 

Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэгт хохирогчтой маргах шалтгаанаа дурьдсан боловч харин түүнд хүч хэрэглэсэн байдлыг үгүйсгэсэн эргэлзээ бүхий нөхцөл үүсээгүй, тодорхой бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Н.Сономжамцаас “эмчилгээний зардалд 570.000 төгрөг орчим болсон, цаашид шүдний имплант хийлгэх шаардлагатай” талаар хүсэлтээ илэрхийлснээс хэрэгт нэхэмжилсэн баримтаар 469.790 төгрөгийн баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч Г.Хээс уг мөнгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

 Хохирогч Н.Сономжамц цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай Г.Хээс нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Хийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Г.Хд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцсан зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хээс 469.790 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Сономжамцад олгосугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН