Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01682

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 210/МА2024/01682

 

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01911 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, гэрээний хохиролд нийт 16,328,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай байгууллага нь Д.Н-тэй 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02/15-01 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээг тус тус байгуулж, 75,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээл олгож, үүргийн гүйцэтгэлд Chevrolet Camaro маркийн, 00-00 УБГ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч баталгаажуулсан. Гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг хуваарьт заасан хэмжээгээр хугацаанд нь үл маргах журмаар төлөх үндсэн үүргээ ноцтой зөрчсөн, энэ тухай зээлдэгчид удаа дараа мэдэгдсэн ч одоог хүртэл огт зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй. Улмаар тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр В ХХК-аар үнэлгээний дүгнэлт гаргуулахад 73,936,012 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээ нь зээлдэгчийн нийт төлбөл зохих төлбөрийг хангахад хүрэлцэхгүй байна. Учир нь, манай зүгээс машин хураан авсан 2023 оны 08 дугаар 18-ны өдрөөр зээлийн хүү тооцохыг зогсоосон бөгөөд тус өдрийн зээлийн төлбөрийн тооцооллоор үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 13,536,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,384 төгрөг, нийт 88,581,370 төгрөгийн зээлийн төлбөр, мөн автомашиныг хураан авах ажиллагаа хийсэнтэй холбогдуулан эрэн сурвалжлуулах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ дахин авах 33,839 төгрөг, шуурхай зар 10,000 төгрөг, машин ачилтын хөлс 200,000, машин хураах ажиллагаа гүйцэтгэсэн ажлын хөлс 300,000 төгрөг, авто машинд засвар үйлчилгээ хийлгэсний зардал 660,000 төгрөг, авто машины татвар 73,652 төгрөг, торгууль 217,600 төгрөг зэрэг нийт 90,264,661 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Иймд 02/15-01 тоот бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор хангуулж, хариуцагчаас 16,328,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие 2023 оны 02 дугаар сард Chevrolet Camaro маркийн, 00-00УБГ улсын дугаартай авто машиныг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тус автомашины урьдчилгаа болох 30,000,000 төгрөгт Хаммер НЗ маркийн авто машиныг шилжүүлэн өгч үлдэгдэл төлбөрийг Р ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж авсан болно. Дээрх автомашиныг 2023 оны 08 дугаар сард Р ХХК хураан авч явахад эвдрэл гэмтэл огт байхгүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Гэтэл уг автомашинд пирда диск, хроп зэрэг эд ангиуд эвдэрсэн 3,055,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тус автомашиныг ББСБ болон худалдагч 100,000,000 төгрөгөөр үнэлж, харилцан тохиролцож надаас 30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Тухайн авто машиныг үнэгүй.мн автомашины зар дээр 89,000,000 төгрөгийн үнэтэйгээр зарахаар тавьсан байна. Гэтэл В ХХК-аар дээрх автомашиныг 73,936,012 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Иймд миний бие тухайн автомашины 30,000,000 төгрөгийн урьдчилгаанд өгсөн Хаммер Н3 маркийн авто машинаараа хохирсон ба мөн дээрх Chevrolet Camaro маркийн автомашин байхгүй бөгөөд дээр нь 16,328,645 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-эс 405,291 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,923,354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,593.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-эс 12,808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хуульд нийцүүлэн тодруулаагүй. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээгээр бодитоор хангуулснаар зээлийн гэрээг дуусгавар болгосон гэж үзнэ хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой дагалдах гэрээний нэг хэлбэр нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан фидуцийн гэрээ мөн бөгөөд энэхүү гэрээ дуусгавар болсноор үндсэн буюу суурь гэрээ болох зээлийн гэрээний үүрэг мөн дуусгавар болно гэж шүүх дүгнэсэн явдал нь хуулийг хэт явцуу хүрээнд тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд мэдүүлэх нэхэмжлэгчийн эрхийг зорчиж хязгаарласан. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Нандин-Эрдэнийн нийт төлбөрийн тооцоолол бүхий баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд тус тооцоололд автомашин хураан авсан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, тус өдрийн зээлийн төлбөрийн тооцооллоор үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 13,536,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,384 төгрөг, автомашиныг хураан авах авахтай холбогдож гарсан зардал болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ дахин авах 33,839 төгрөг, шуурхай зар 10,000 төгрөг, машин ачилтын хөлс 200,000 төгрөг, машин хураах ажиллагаа гүйцэтгэсэн ажлын хөлс 300,000 төгрөг, авто машинд засвар үйлчилгээ хийлгэсний зардал 660,000 төгрөг, автомашины татвар 73,652 төгрөг, торгууль 217,600 төгрөг, мөн шүүхээр эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулсны зардал болох улсын тэмдэгтийн хураамжийн зардал 70,200 төгрөг, В ХХК-аар үнэлгээний тайлан гаргуулсны төлбөрт 118,000 төгрөг, нийт 90,264,661 төгрөгийн төлбөрөөс машины зах зээлийн үнэлгээний дүнг хасаж 16,328,645 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн 15,923,354 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, гэрээний хохиролд 16,328,645 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02/15-01 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Р ХХК нь 75,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч Д.Н-д зээлүүлэх, зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, мөн өдрөө фидуцийн гэрээ байгуулж, 00-00 УБГ улсын дугаартай, Chevrolet Camaro маркийн автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх16-20/

 

4. Зээлийн 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.1. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Гэтэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаанд хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хураан авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна. Улмаар тухайн автомашиныг В ХХК нь 73,936,012 төгрөгөөр үнэлүүлжээ. /хх 41-43/

 

7. Нэхэмжлэгч талаас фидуцийн зүйл болох автомашиныг хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлэхдээ хариуцагчид мэдэгдэх, түүнийг оролцуулж, үнэлгээний талаар гомдол гаргах эрхээр нь хангасан тухай нотлох баримтгүй байна./хх40-43/

 

8. Иймд нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг өөрийн өмчлөлд бодитойгоор шилжүүлэн авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, фидуцийн зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж үзэх ба зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд мэдүүлэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж хязгаарласан, зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Тодруулбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд мэдүүлэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэж буй нь шүүхэд мэдүүлэх эрх Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.

 

9. Харин, хариуцагчийн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ дахин авсан 33,839 төгрөг, Шуурхай зар сонингоор зарлуулсны төлбөр 10,000 төгрөг, автомашины торгууль 217,600 төгрөг, автомашины татварт 73,652 төгрөгийг хариуцагч Д.Н-эс гаргуулж, нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэх ба хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01911 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,566 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ