Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 215

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Цэрэнням,

улсын яллагч Б.Уранчимэг,

хохирогч Ц.Уранзаяа, түүний өмгөөлөгчид М.Энхсайхан /№2789/, Л.Алтангэрэл /№2836/,

шүүгдэгч, хохирогч Б.Ү, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар /№0237/,

шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн /¹2700/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онгуд овогт Баасанхүүгийн Б.Ү, Боржигон овогт Одгаравын О.С нарт холбогдох 1711003080328 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сүхбаатар дүүргийн 5 хороо, 15-4 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Онгуд овогт Баасанхүүгийн Б.Ү /РД- ЧД69082261/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 12-нд Төв аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 4, нөхөр, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3 гудамж, 207 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Одгаравын О.С /РД- НЙ90071206/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Ү, О.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сард Улсын Их Дэлгүүрт лангуу ажиллуулж эхэлсэн. Манай хүү Итали улсаас шүрэн эдлэл худалдах ажил хийе гээд над руу хүү маань 100 сая төгрөгийн бараа явуулсан. Лангуугаа ажилуулан эхлээд О.С гэх охиныг хажуу талын лангуунд худалдагч хийж байгаад манай лангуун дээр ажиллах болсон. Ц.Уранзаяа нь манай гэрт ирээд надад 56 ширхэг бараа хүлээлгэн өгсөн ба би гарын үсэг зурж хүлээн авсан. Ингээд лангуун дээрээ Ц.Уранзаяагийн барааг борлуулж байсан. Бараагаа маргааш өдөр нь О.Ст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэж өгөх үедээ бараагаа тоолоод гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. Тухайн үед бараа хүлээн авалцсан тухай их дэлгүүрийн дэвтэртэй байсан. О.С ганцаараа ажиллаж байсан ба 02 дугаар сард Улсын Их Дэлгүүрээс хоёр дахь худалдагч авах талаар хэлсэн. Ингээд О.Сын санал болгосон хүнийг ажиллуулж эхэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр О.С ажиллах боломжгүй талаараа хэлсэн ба тухайн өдөр би өөрөө ажилласан. Манай хажуу талын лангуун дээр суух гээд О.С хүрч ирсэн. Би О.Саас чи ирэхгүй гэж надад хэлсэн, яагаад ирсэн юм бэ гэж асуусан. Гэтэл О.С хажуу талын лангууны эгч лангуун дээр ажиллаж өгөх талаар гуйсан учраас би ирсэн гэж надад хэлсэн. Ингээд би 02 дугаар сарын 25-ны өдөр өөрөө лангуун дээрээ ажилласан. 3 дугаар сарын 04-ний өдөр О.С өглөө ажил эхлэж байх үед над руу залгасан. Надад 4 ширхэг бараа дутсан талаар хэлсэн. Би “...юу гэсэн үг юм бэ, чи н.Туяа гэх шинэ худалдагч охиндоо бараагаа хүлээлгэж өгсөн биздээ...” гэж хэлэхэд бүх зүйлээ хүлээлгэж өгч зураг авсан гэсэн ба 4 ширхэг бараа алга болсон байна гэж О.С хэлсэн. Би та хоёр бараа хүлээлцсэн зураг авсан гэсэн тэр зургаа явуул гэж хэлэхэд 01 дүгээр сард авсан зураг над руу явуулсан. Ингээд би Улсын Их Дэлгүүр лүү явж байх замдаа Ц.Уранзаяатай таарсан. Ц.Уранзаяа тооллого хийгээд явж байна. Дөрвөн ширхэг эд зүйл алга болсон. Чамайг авч явсан гэж байна гэж хэлсэн. Надад бараа алга болсон талаар хэлсэн учраас би Улсын Их Дэлгүүр лүү хяналтын камер шүүлгэхээр явж байна, би авч явсан зүйл байхгүй гэж Ц.Уранзаяад хэлсэн. Би Улсын Их Дэлгүүрийн захиралд хандан 4 ширхэг бараа алга болсон талаараа хэлэн холбогдох баримт болон худалдагч нарын лангуу хүлээлгэж өгч байгаа талаарх хяналтын камерийн бичлэг зэргийг хуулбарлан авсан. 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст алга болсон 4 барааг олж өгч туслана уу эдгээр дөрвөн барааг би 02 дугаар сарын 25-ны өдөр лангуун дээрээ ажиллах үедээ зараагүй өөрийн барааг зарсан. Худалдагч н.Туяа болон О.С нарыг шалгаж өгөх талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллагаас 4 дүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хариу өгсөн. Ц.Уранзаяад алга болсон дөрвөн эд зүйлийг хэн авсан бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд учраас би төлж өгнө гэж хэлсэн. 3 дугаар сарын 10-ны өдөр манай хажуу талын лангуун дээр ажилладаг хүн над руу “...Б.Ү эгчээ таны товч болон товчны сэлгээ байхгүй байна. Та энэ талаар мэдэж байгаа юу...” гэж хэлсэн.  Би мэдэхгүй байна юу болсон юм бол гээд ажил дээрээ ирсэн. Гэтэл 7 ширхэг товчноос 3 ширхэг алтан сэлгээтэй товч алга болсон байсан. Би товч гаргаж өгөх талаар худалдагч нартаа хэлсэн. Гэтэл худалдагч нар бид нар бүхлээр нь товч тоолдог ба ширхэгийг нь тоолдоггүй би мэдэхгүй байна гэж хоёр худалдагч хэлсэн. Би манай худалдагч эд зүйл авч байна гэж сэжиглэсэн. Өөрийн эд зүйлсээ Улсын Их Дэлгүүрийн ойролцоо байрлах ломбардуудаар явж алга болсон эд зүйлсээ О.С гэх хүний эд зүйлийн хугацааг сунгуулах гэсэн юм би эгч нь байна гэх зэргээр асууж хайсан. Гэтэл О.Сын нэр дээр цагаан сарын үеэр алга болсон цагаан алтан гинж, кулон, зүүлтийн хамт ломбардсан баримт гарч ирсэн. 5 дугаар сард ломбарданд эд зүйл тавьсан баримтыг олсон. Энэ талаар О.С луу залгаж манай гэрт ирж уулзах талаар хэлсэн. О.С манай ажил дээр хоёр хүүхдийн хамт, нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. О.С надад цагаан сарын үеэр мөнгөний хэрэгцээ гарсан учраас зүүлт, гинж хоёрыг би авсан. Миний аав сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба намайг цагдаагийн байгууллагад өгч шалгагдсан тохиолдолд миний аав тайван амьсгал хурааж чадахгүй би таны лангуун дээр ажиллаад таны мөнгө төлнө гэж хэлсэн. Хоёр бөгж болон шүрэн товны талаар асуусан ба гинж, кулоныг ломбарданд тавьсан баримтаа өөрөө авчирч өгсөн. О.С хоёр бөгжийг хямдхан зарсан би зарсан мөнгөө төлнө. Шүрэн товчийг ширхэг ширхэгээр нь 100.000 гээд ломбарданд тавьсан ба би бичгийг нь авчирч өгнө гэж хэлсэн. Энэ үед миний туслах н.Зандан орж, гаран хажууд байсан. Би О.Сыг өрөвдөж цаашдын ирээдүйг нь бодоод дахин ажилуулах болсон. Ажиллах хугацаандаа өөрийн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан ба 1.700.000 төгрөгийн эд зүйлсийг 170.000 төгрөгөөр зарсан, мөн Ц.Уранзаягаийн 13 сая төгрөгийн үнэ бүхий барааг 60 хувь хямдруулан зарж байгаа гээд 8 сая төгрөгөөр зарсан хохиролд оруулж байсан. О.Сын авсан хоёр гинж, кулоны мөнгийг цалингаас нь аваад Ц.Уранзаяад хүлээлгэж өгсөн. Хоёр бөгжний мөнгийг О.Сын цалинг хурааж байгаад өгнө гэж бодсон. Мөн шүрний мөнгө гэж 6.700.000 төгрөг төлсөн. Шүрний товч нь бүгд ижилхэн байх ёстой ба адилхан шүр олох боломжгүй учраас шүрний мөнгө төлсөн баримт нь байгаа. Би энэ бүх болсон зүйлийн тухай Ц.Уранзаяад хэлж байсан. 8 дугаар сард Улсын Их Дэлгүүрийн хүмүүс танай худалдагч нар танайд хохирол учруулж, торгууль тавиулж байна гэж хэлсэн ба хоёр худалдагч нь тус бүр 250.000 төгрөгийн торгууль тавиулсан. Энэ торгуулийг миний түрээсэн дээр нэмж тооцдог байсан. 9 дүгээр сарын 01-ний өдрөөс лангуугаа ажиллуулахаа зогсоох гэж байгаа Ц.Уранзаяад бараагаа аваарай гэж хэлсэн. Ц.Уранзаяа бараа хүлээж авах гээд лангуун дээр ирэх үед тодорхой тооны бараа дутсан байсан. Бараа дутсан талаар худалдагч нараасаа асуухад караокед н.Долгормаагийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ тухайн газрын эд хогшлыг эвдэн сүйтгэсэн ба үүнийгээ төлж барагдуулахын тулд Ц.Уранзаяагийн эд зүйлсийг ломбарданд тавьж мөнгө болгож аваад төлсөн гэж хэлсэн. Би наад асуудалаа шийдвэрлэх талаар зөвлөгөө өгсөн. н.Долгормаа, О.С нар нь хамт энэ хэргийг үйлдсэн. н.Долгормаа лангуунаас эд зүйлс аваад гарсан гэдгийг харсан талаараа сүүлд нь хэлсэн. н.Долгормаа Ц.Уранзаяагийн гурван ширхэг цагаан алтан гинжийг “Мөнгөн Завъяа”-аас мөнгөн гинж худалдан аваад түүнийгээ сольж зүүсэн талаар хэлсэн. Цагаан сарын үеэр О.Сын ломбарданд тавьсан байсан хоёр эд зүйлийг би Ц.Уранзаяад авч хүлээлгэн өгсөн ба хоёр бөгжийг өөрөө төлнө гэдгээ О.С манай туслах н.Зандангийн хажууд хэлсэн. Мөн 9 дүгээр сард ломбардан тавьсан гурван гинжээ ломбарднаас авч өгөөд би Ц.Уранзаяад дамжуулан өгсөн. Миний Ц.Уранзаяагаас хүлээж авсан бараанаас 2 ширхэг бараанаас хоёр бөгж болон солигдсон гинж зэрэг гурван ширхэг эд зүйл байгаа. Би өөрийгөө энэ хэрэгт хохирогч гэж бодож байсан. Тухайн эд зүйлийг намайг авсан гэдгийг нотлоогүй байна, би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар прокурорт хэлсэн. н.Туяаг гэрчээр мэдүүлэг авах ёстой талаар хэлж байсан ба тухайн эд зүлийг ломбардсан байсан газрын хүн болон н.Долгормаа гэх хүнийг гэрчээр дуудан мэдүүлэг авсан байдаг. Гэтэл н.Долгормаа нь энэ хэргийг О.Стай хамтран үйлдсэн миний оронд өнөөдөр шүүх хуралдаанд оролцох ёстой байсан. Би өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа ба би гомдолтой байна. Энэ хэрэгт прокурор, цагдаагийн байгууллага хэрэгт ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байна. 3 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаан хойшилсон өдөр О.С над руу холбогдсон ба Ц.Уранзаяа эгч та хоёр төрөл садангийн холбоотой учраас зохицуулчих байх гэж бодсон учраас би тоогоогүй ба ийм аймар нөхцөл байдалд орно гэж бодоогүй. Тухайн алга болсон гэх 2 бөгжийг хаана ломбарданд, хэдэн төгрөгөнд тавьсан талаараа надад хэлсэн. Ингээд ломбарданд тавьсан баримтаа авчрахыг хэлэхэд хоёр бөгжийг Улсын Их Дэлгүүрийн хажууд байрлах “Сейф” гэх ломбарданд тавьсан байгаа 200.000-300.000 төгрөгийн хооронд тавьсан талаараа хэлсэн. Би тухайн эд зүйлсийг өөрөө авч, үрэгдүүлсэн зүйл байхгүй. Мөрдөгч  Улсын Их Дэлгүүрт очиж эргэн тойронд байсан худалдагч нараас гэрчээр мэдүүлэг авч болох байсан. Улсын Их Дэлгүүрийн ажилтан нараас ямар нэгэн мэдүүлэг авсан зүйл байхгүй. Миний бодлоо энэ хэрэгт мөрдөгчийг хангалтгүй ажилласан гэж үзэж байна. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: Би 3 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүх хуралдааны дараа Б.Ү эгч над руу өөрөө залгасан. Надад “чи юу болсон талаар үнэнгээ хэлчих, чи үнэнгээ хэлж байж би эндээс гараад чамайг авч гарах гээд байна гэж хэлсэн...” би Ц.Уранзаяа эгч та хоёр хамаатан гэсэн зүйл хэлээгүй. Шүрэн товчны асуудалд 3 товч 1 сэлгээгийн талаар гаргасан үнэлгээг дахин хийлгэмээр байна. Энэ тухай би Б.Ү эгчид цалин буухгүй, та мөнгө өгөхгүй байгаа учраас ийм зүйл болсон гээд би бичгээ өөрөө аваачиж өгсөн. Гинжийг ломбарданд тавиад та баяр ёслол болох гэхээр та цалин өгдөггүй. Надад хэцүү байна гэж хэлэхэд 200.000-300.000 төгрөг өгсөн. Би таны гинжийг авлаа та миний цалингаас тооцож авах тухай хэлсэн. Солигдсон гинжийн тухайд н.Долгормаа над руу залгасан ба би цалин авах ёстой цалингаа өгөхгүй байна гэж хэлсэн. Б.Ү эгч намайг буруутай мэтээр ярьж байна. Солигдсон гинжийн үнэлгээг дахин хийлгэмээр байгаа кулонтой нь хамт үнэлсэн байсан ба Б.Ү байнга залгаад байсан учраас бөгжийг ломбарданд тавьсан талаар худал хэлсэн. Бөгжний талаар мэдэхгүй гэдгээ хэлсэн. Б.Ү эгчид би төлөх талаар хэлсэн. 3 дугаар сарын 06-ны өдөр Б.Ү эгч над руу яриад ажил хийлгэхгүй утсаар байнга залгаад байсан учраас би ломбарданд тавьсан гэж худлаа хэлсэн. Би учруулсан хохирлоо төлнө гэж хэлсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Уранзаяа мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Үад бараагаа хүлээлгэн өгсөн. 12 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн. Надаас гурван бараа дутагдсаны 1 гинж нь 02 дугаар сарын 05-ны өдөр очих үед байгаагүй ба энэ Б.Ү нөхрийн хамт Өвөрмонголд бараа зарна гээд авч явсан ба кулон нь байсан гинж нь байгаагүй. 3 дугаар сарын 04-ний өдөр очиж бараагаа тоолох үед 3 ширхэг бараа байгаагүй. Бараагаа тоолоод О.Саас юу болсон талаар асуухад би мэдэхгүй Б.Ү эгч мэдэж байгаа гэж хэлсэн. Ингээд гарч яваад Б.Үтай Улсын Их Дэлгүүрийн урд таарсан. Гэтэл бараа алга болсон талаар хэлэхэд хэн ажиллаж байх үед алга болсон нь тогтоогдохгүй байгаа. Би бараа хүлээж авч байгаа талаа зураг авч баримтжуулсан зүйл байхгүй хоёр худалдагч нарын хэн тухайн үед байсан гэдгийг мэдэхгүй байна. Алга болсон барааны үнийг төлнө гэж надад хэлсэн. 3 дугаар сарын 04-ний өдөр байхгүй болсон нэг бараа нь 7 дугаар сарын 16-ны өдөр ломбарданд тавьсан платиниум 900/45 сантиметрийн урттай нэг гинж, 0.08 болон 0.06 кратын, 2 бөгж 14 кратын 2 цагаан алтан бөгжийг нэхэмжилж байна. Нийт үнийн дүн 5.300.000 мянган төгрөг Б.Үаас нэхэмжилж байна гэв.

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Үыг 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 2017 оны 3 дугаар сарын 04-нийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 1 давхарын 104 дугаартай лангууг ажилуулж байхдаа Ц.Уранзаяагийн хүлээлгэн өгсөн бараанаас 5 нэр төрлийн барааг дутагдуулж нийт 6.602.240 төгрөгийн хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Ц.Уранзаяагийн гэмт хэргийн талаар гаргасан гомдол /хх-ийн 9-11х/, мэдүүлэг /хх-ийн 15-20х/, гэрч Б.Болортунгалаг /хх-ийн 31-32х/, С.Алтангэрэл /хх-ийн 33х/, Я.Долгормаа /хх-ийн 34х/ нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38х/, шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан гэрээ, бараа хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 66-74х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд: шүүгдэгч Б.Ү нь иргэн Ц.Уранзаяагаас нийт 56  нэр төрлийн үнэт эдлэл болох барааг өөрийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 104 дугаартай лангуунд байршуулан худалдан борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцан авсан иргэд хоорондын харилцаа үүссэн байх ба уг бараанаас 5 төрлийн бараа дутагдсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэхдээ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн эд зүйлсийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар өмчлөгчид буцаан өгөхгүй байх, эсхүл эд зүйлсийг бусдад худалдан борлуулсан байж мөнгийг нь өгөлгүй өөртөө авч завшсан зэрэг идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг билээ.  

Прокуророос шүүгдэгч Б.Үыг бусдын итгэмжилсэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  нотлогдсон гэх баримтуудыг судалж үзэхэд гэрч Б.Болортунгалаг, С.Алтангэрэл нар нь “Начин заан”, “Сайн” нэртэй барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг ХХК-ны салбарын эрхэлэгч, зээлийн мэргэжилтэн зэрэг ажил хийдэг этгэдүүдэд байх ба уг гэрчүүд нь уг хэрэгт дутагдаж алга болсон барааг О.С гэж хүнд барьцаалж зээл олгосон талаар мэдүүлсэн бөгөөд Б.Үыг эдгээр барааг өөртөө завшсан болохыг нотлох ач холбогдол бүхий баримт болж чадаахгүй байна. гэрч Я.Долгормаагийн мэдүүлэг нь худадагч О.Сувдбарыг 3 гинжийг дур мэдэн барьцаат зээлийн газар тавьсан эсхүл Б.Үад /хх-ийн 34-35х/ хэлж ломбарданд тавьсан мэтээр зөрүүтэй мэдүүлсэн тул түүний гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй байна. мөн шүүгдэгч Б.Үыг дутагдуулсан 5 нэр төрлийн барааг өөртөө завшиж авсан гэж буртуутгах бусад нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байх ба харин ч Б.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны үед худалдагч О.Сувдбарын барьцаат зээлийн газар тавьсан эд зүйлсийг өөрөө авч Ц.Уранзаяад буцаан өгсөн болохыг тогтоосон баримтууд хэрэгт авагдсан байна. мөн хохирогч Ц.Уранзаяагийн мэдүүлэгээр шүүгдэгч Б.Үыг эд зүйлийг өөрт завшиж авсан талаар нь шууд нотлох эх сурвалжийг заагаагүй байна.              

Бусдын итгэмжилсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг  үйлдсэн этгээдийг ямар арга хэлбэрээр үйлдсэн үйлдэл тус бүрийг мөрдөн шалгах ажиллагааны үед нарийвчлан баримтаар нотолж тогтоох ёстой бөгөөд шүүгдэгч Б.Үыг бусдыг итгэмжлэн хариуцуулсан 5 нэр төрлийн эд хөрөнгийг өөртөө завшсан гэж үзэх үйлдэл бүрийн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна.

 

2. Шүүгдэгч О.С нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 1 давхарын 104 дугаартай лангуу дээр 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 2017 оны 9 дүгээр сарын 01-нийг өдөр хүртлэх хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа монгол дээлний шүрэн товчийг дутагдуулж нийт 5.878.100 төгрөгийн хохиролыг хохирогч Б.Үад учруулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь  

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч О.Сын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Үын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 11 дүгээр сараас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 104 тоот лангууг түрээслэн үнэт эдлэл зарж эхэлсэн, 2017 оны 12 дугаар сарын сүүлээр О.С нь зэргэлдээ лангуунаас манай лангуунд худалдагчаар ажилд орсон. Цалингаа 600.000 төгрөгөөр тохирсон, мөн их дэлгүүрийн заалны зохион байгуулагч Мөнхзулын эмэгтэй дүү нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манайд худалдагчаар ажилд ороод О.С, тэр охин нар хоорондоо бараагаа хүлээлцсэн 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр лангуун дээр зогсох байсан боловч өвдөөд ирээгүй, эхэндээ О.С нь ганцаараа ээлжгүй ажиллаж байсан, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр О.С ажилдаа ирээд 4 ширхэг бараа дутлаа гэж над руу утасдаж би хамгийн сүүлд авсан барааны зургаа над руу явуул гэхээр аль хэдий 1 сард авсан зургаа явуулсан тэгээд утас ажиллахгүй байгаа гээд сүүлийн зургаа явуулаагүй, тухайн үед 2 ширхэг цагаан алтан даймондтай, 1 ширхэг цагаан алтан даймондтай кулон, 1 ширхэг цагаан алтан даймондтай гинж дутлаа гэж гаргаж ирэхээр нь би 2017.03.10-ны үеэр Чингэлтэй дүүргийн цагдаад өргөдөл гаргаж Мишигбаатар гэдэг хүн шалгасан. Тэгээд камерын бичлэг, О.Сыг сэжиглэж байгаагаа хэлсэн чинь нотлох баримт байхгүй гээд гомдлыг хаасан, би өөрөө төлөхөөс гээд орхисон, 2017 оны 3 дугаар сарын сүүлээр худалдагч Долгормаа их дэлгүүрт ажилладаг байж байгаад О.Сын санал болгосоноор тохиролцоод ажилд авсан. Ингээд 2 худалдагчтай болоод ажиллаж эхэлсэн. Тэгээд бараагаа сайн хүлээлцэж аваарай урд нь юм алдагдсан гэж хэлсэн. О.С тухайн үед эргэн тойронд байгаа худалдагч нарт захирал өөрөө дутсан бараагаа хайрцагт хийгээд аваад явсан, би камерын бичлэг үзсэн гэж худлаа мэдээлэл тараасан байсан..., ингээд 2017 оны 4 дүгээр сарын эхээр хажуу лангууны Цолмон гэж шүр зардаг эмэгтэй надад таны шүрэн дээлний товч хэдэн ширхэг байсан юм бэ багц нь сулраад дутсан юм шиг харагдаад байна гэж надтай утсаар ярьсан 2 худалдагчид бас хэлсэн. Тэгээд би лангуун дээрээ очоод үзсэн чинь товчны грамм дутуу 3 ширхэг товч дутсан. Тэгээд 2 худалдагчаасаа асуухад мэдэхгүй, бид хоёр бүхлээр нь дээлний товч гээд хүлээлцдэг ширхэгийг нь анзаарсангүй гэж хэлсэн. Гаднаас хулгайч авсан бол багцаар нь авна гэж бодож байна. Тэгээд би их дэлгүүр тойроод ломбардуудаар шалгахад цагаан сарын эхээр алга болсон юмны 2 ширхэг гинж, кулон нь Тэдигийн урд талын Начинзаан ломбарданд байсан тэгээд барьцаанд тавьсан талаар асуухад 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу битүүний өдөр О.С нэрээр барьцаалсан байсан. Битүүний өдөр би лангуун дээрээ ажиллах ёстой байсан О.С гэнэт тэр өдөр ажилдаа хүрээд ирсэн, тэгээд би яасан гэж асуусан чинь хажуугийн лангууны худалдагч намайг ажиллаад өг гээд гуйсан гэж хэлсэн, тэгээд бид хоёр зэрэгцээ лангуунд хамт зогссон, би их дэлгүүрийн захиргаанд ломбардны бичгийг хуулбарлаж аваад би зарсан гээд байгаа эд зүйл нь ломбарданд байсан байна гээд баримтыг үзүүлсэн, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 cap ажилдаа ирээгүй, шалтаг нь аавыгаа харж байгаа гэж хэлсэн. Энэ хугацаанд нь Долгормаа ажиллаж байсан,...” /хх-ийн 126-132х/,

Б.Үаас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 98х/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 194х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч О.Сыг шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Үад шүүгдэгч О.С нь нийт 5.878.100 төгрөгийн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед нийт 500.000 төгрөгийг хохирогчоос, шүүгдэгчид төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд одоо О.Саас нийт 5.378.100 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Үад олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт О.С нь хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгч О.Ст ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Одгаравын О.Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Сувдбарыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч шүүгдэгч О.Саас нийт 5.378.100 /таван сая гурван зуун далан найм мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч  Б.Ү /РД: ЧД69082261/-д олгосугай.

5. Шүүгдэгч Б.Ү, О.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ү, О.С нарт урьд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ