Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01705

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04 210/МА2024/01705

 

 

У ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/01944 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК, Д.Т-,

А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын ХЭ/05 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан А ХХК-д олгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Б.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Б.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

У ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор 39.54 хувийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд А банкны хувьцааг Д ХХК-тай хамтран эзэмшдэг. Гэтэл А ХХК-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч Д ХХК нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 08 тоот тогтоолоор батлагдсан А ХХК-ийн дүрмийг тус тус зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг дангаар хуралдуулж, хувьцаа эзэмшигчдийн ХЭ/05 тоот гэх тогтоолыг хууль бусаар гарган А ХХК-д 748,011,517.09 төгрөгийн хохирол учруулаад байна. Тодруулбал, Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мэдээг хүргэх, шийдвэр хучин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулна гэж заасан. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, 69.3 дахь хэсэгт энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно гэж тус тус заасан байна. Харин А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 08 тоот тогтоолоор батлагдсан А ХХК-ийн дүрмийн 9.12 дахь хэсэгт саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхийг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хучин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах журмыг зөрчиж, А ХХК-ийн дүрмийн 9.12 дахь хэсэгт заасан ирц хүрээгүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭ/05 тоот гэх тогтоолыг батлан гаргасан нь үндэслэлгүй юм.

Улмаар Д ХХК-ийн хууль бусаар баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭ/05 тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд уг 748,011,517.09 төгрөгийн урамшуулал олгосон нь хууль тогтоомж зөрчсөн, банканд хууль бусаар хохирол учруулсан үйлдэл болохыг Монгол банкнаас А ХХК-д хийсэн иж бүрэн шалгалтаар тогтоосон. Үүний дагуу Монгол банкны хянан шалгагч, Улсын байцаагч С.М-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2018/033/005 тоот мэдэгдлээр А ХХК- ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХЭ/05 тоот гэх тогтоол нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.6 дахь заалтууд, А ХХК-ийн дүрмийн 9.12 дахь заалтад нийцэхгүй байгааг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХЭ/05 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тус хурлаар тогтоож, гүйцэтгэх захиралд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал 748,011,519.09 төгрөгийг ажлын 3 өдрийн дотор авлагын дансанд бүртгэхийг даалгасан. Гэвч хариуцагч Д ХХК нь Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн мэдэгдлийг хүлээн авч, танилцсан атлаа ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд Монголбанкнаас дахин 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А6/741 дүгээр албан мэдэгдлээр Улсын байцаагчийн 2018/033/005 тоот мэдэгдэл, 2019/067/05 тоот мэдэгдлүүдийг биелүүлж, гүйцэтгэх захирал асан Д.Т-гээс авах 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэн, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.1.1, 2.6.5 дахь заалтын дагуу 100 хувийн эрсдэлийн сан байгуулж, тохируулгын гүйлгээ хийсэн тухай мэдэгдсэн. Харин гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Т- нь Монгол Улсын хилээр гарсан гэсэн мэдээлэлтэй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын ХЭ/05 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 09 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан А ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. У ХХК -ийн гүйцэтгэх захирал Ш.Б- нь нэхэмжлэлд дурдсан энэ асуудлаар 2019 оны 07 дугаар сард ЭЦА-ны ЭЗГХТГ-ын МШХ-т гомдол гаргасан ба Ш.Б-ы гаргасан 1-2299 дугаартай гомдолд хэрэг үүсгэн шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс уг асуудлыг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК-ийн тайлбарын агуулга:

А ХХК нь 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус банкны хувьцааг Д ХХК болон У ХХК тус тус хамтран эзэмшдэг. Хувьцаа эзэмшигч Д ХХК нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, банкны дүрмийг зөрчиж Хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭ/05 тоот Тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Т-д А ХХК дахь 2100003520000001 тоот харилцах данс руу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 748,011,517.09 төгрөгийг шилжүүлсэн. Д ХХК-ийн баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭ/05 тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд уг тогтоолоор тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Т-д 748.011,517.09 төгрөгийн урамшуулал олгосон нь хууль тогтоомж зөрчсөн, банкинд хохирол учруулсан үйлдэл болохыг Монголбанкнаас А ХХК-д хийсэн иж бүрэн шалгалтаар тогтоож, Монголбанкны хянан шалгагч, Улсын байцаагч С.Мөнх-Эрдэнэ 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2018/033/005 тоот мэдэгдлээр А ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХЭ/05 тоот гэх тогтоол нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.6 дахь заалтууд, А ХХК-ийн дүрмийн 9.12 дахь заалтад нийцэхгүй байгааг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХЭ/05 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус байх тул гүйцэтгэх захиралд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал 748,011,519.09 төгрөгийг ажлын 3 өдрийн дотор авлагын дансанд бүртгэхийг даалгасан. Гэвч Монголбанкны хянан шалгагч, Улсын байцаагчийн мэдэгдлийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүй тул Монголбанкнаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Аб/741 дүгээр албан мэдэгдлээр Улсын байцаагчийн 2018/033/005 тоот мэдэгдэл, 2019/067/05 тоот мэдэгдлүүдийг биелүүлж, гүйцэтгэх захирал асан Д.Т-гээс авах 748,011,517.09 09 төгрөгийг авлагын дансанд бүртгэн, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.Г.1, 2.6.5 дахь заалтын дагуу 100 хувийн эрсдэлийн сан байгуулж, тохируулгын гүйлгээ хийх тухай шаардсан. А ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот авлага бүртгэх тухай тушаалаар А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Т-д олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал гэх 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэх, гүйлгээ хийх авлагын ангиллыг холбогдох журмын дагуу хийж, холбогдох эрсдэлийн санг байгуулах гүйлгээ хийх, хувийн хэргийг бүрдүүлэх, авлагыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үйл ажиллагааны газар (Ж.Н), бүртгэл тооцооны хэлтэс (Ц.Ц) нарт тус тус үүрэг болгосны дагуу Д.Т-гийн нэр дээр дээрх авлагыг бүртгэсэн. Иймд А ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын ХЭ/05 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 09 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан А ХХК-д олгох шаардлага бүхий У ХХК -ийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Т-гийн тайлбарын агуулга:

Д.Т- нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж А ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байсан. Уг хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг 1 сарын 3000 ам.доллартой тэнцэх төгрөг, урамшуулал нь жилийн эцсийн гүйцэтгэлийн урамшууллаас бүрдэх буюу ажил олгогчийн жилийн эцсийн цэвэр ашгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон. Энэхүү хөдөлмөрийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 748,011,517.09 төгрөг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль тогтоомжийг зөрчөөгүй ба нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь хэсэгт зааснаар А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын ХЭ/05 тоот дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Д ХХК-аас 748,011,517.09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,968,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас 3,968,208 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс А ХХК-д учруулсан хохиролд 748,011,517.09 төгрөгийг Д ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “А" ХХК-д олгосон байна. Гэтэл нэхэмжлэгч нь А ХХК биш болно. А ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болно.

6.2. Нэхэмжлэгч нь ХЭ/05 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах (харилцан шилжүүлсэн зүйлээ буцаах) буюу 748,011,517.09 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Үүнийг “учирсан хохирол нэхэмжилсэн мэтээр” анхан шатны шүүхээс гуйвуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч талаас өөрчлөөгүй, тодруулаагүй. Хариуцагч болон гуравдагч этгээд талуудаас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, тодруулгыг хүлээн авч тайлбар өгөөгүй. Ийм байхад нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэрлэн хариуцагчийн эрхийг хөндөж байна.

6.3. Д.Т-тэй 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түүний тухайн хугацаанд гэрээний дагуу ажил хөдөлмөр эрхэлсэн нөхцөл байдал, мөн гэрээнд заасан урамшууллын (цэвэр ашгийн 20 хувийн урамшуулал олгох тухай) асуудалтай нэхэмжлэгч Д ХХК, гуравдагч этгээд А ХХК нар маргахгүй, хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдааны явцад асууж тодруулж тодорхой, ойлгомжтой хариултыг авсан. Мөн гэрээний дагуу Д.Т- нь цэвэр ашгийн 20 хувийн урамшуулал авах эрхтэй эсэх дээр мөн маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Учир нь хэргийн оролцогч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар ямарваа нэгэн шаардлага гаргаж маргаагүй.

Энэ нь А ХХК-аас гарах ёсгүй зүйл биш, гарвал зохих зардал. Нэгэнтээ гарах ёстой зардал хүчин төгөлдөр гэрээний дагуу гарсан бол тухайн зардал, мөнгөн хөрөнгийг хохирол гэж үзэж болохгүй.

Тухайн үйл ажиллагааны үр дүнг Д.Т- хүлээн авч орлого олсон. Хожим Д.Т-д холбогдуулан шаардлага гаргах эсэхийг тодорхойлох боломжгүй. Үүнийг тодорхойлох боломжгүй байхад Д ХХК-д шаардлага гаргах нь үндэслэлгүй болно.

Хохирол өөр бусад байдлаар төлөгдөх боломжгүй, гагцхүү хохирол учруулсан этгээдийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой. Гэтэл үүнд Д ХХК биш, Д.Т- урамшууллыг гэрээний дагуу олж авсан. Хөдөлмөрийн гэрээг тухайн үеийн А ХХК (100 хувь хувьцаа эзэмшигч Д ХХК, түүнээс томилогдсон А ХХК-ийн ТУЗ-н даргатай) байгуулсан байдаг тул А ХХК нь өөрөө тухайн зардал гаргах нөхцөл байдалд шалтгаант холбоотойгоор оролцсон гэж үзнэ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд тусгасан боловч хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэр гаргасны үндсэн дээр тухайн урамшууллыг олгох ёстой байсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд Д.Т-гийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч компанийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохирол гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Д.Т- нь хохирол гэх 740,000,000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авсан тул гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч нарын гомдол, тайлбарыг дэмжиж оролцож байна гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд А ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх талд авагдсан 748,000,000 төгрөгийг иргэн Д.Т-гийн данс руу шилжүүлсэн гүйлгээний хуулга авагдсан байх бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭ/05 дугаар тогтоолын дагуу шилжүүлэв гэх утгатайгаар тус урамшууллыг Д.Т-д олгосон байдаг. Хууль зөрчиж гарсан тогтоолын улмаас А ХХК-аас тухайн зардал гарсан учир энэ нь А ХХК-д учирсан хохирол гэж үзэж байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын ХЭ/05 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан А ХХК-д олгуулахаар нэхэмжилснийг хариуцагч болон гуравдагч этгээд Д.Т- нар эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцсон.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

 

2.1. А ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор А ХХК-ийн 60.46 хувийн хувьцааг Д ХХК, 39.54 хувийн хувьцааг У ХХК эзэмшдэг болох нь тус тогтоол болон хавсралтаар баталсан А ХХК-ийн дүрэм зэргээр тогтоогджээ./1хх9-22/

 

2.2. Дээр дурдсан А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Д.Т-г А ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд үргэлжлүүлэн томилсон байна.

 

2.3. А ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХЭ/05 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор 2017 оны цэвэр ашгийн 20 хувиар тооцож 748,011,517.09 төгрөгийн урамшууллыг А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т-д олгохоор заажээ. /1хх23/

 

2.4. Дээрх тогтоолыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 748,011,517.09 төгрөгийг Д.Т-гийн дансанд шилжүүлсэн. /1хх24/

 

2.5. Монголбанкны Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2018/033/005 мэдэгдлээр “Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХЭ/05 дугаар тогтоол нь дээрх, хууль дүрмийн заалтуудад нийцээгүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэн тус хурлаар гүйцэтгэх захиралд олгосон 2017 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн урамшуулал 748,011,517.09 төгрөгийг ажлын 3 өдрийн дотор авлагын дансанд бүртгэх, дээрх хугацаанд үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг мэдэгдье” гэжээ. /1хх25/

 

2.6. А банк дахь бүрэн эрхт төлөөлөгчид 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-6/741 дугаартай албан бичгээр “Газар дээрх ээлжит иж бүрэн шалгалтаар бичигдсэн Улсын байцаагчийн 2018 оны 2018/033/005, 2019/067/05 дугаартай мэдэгдлийн дагуу гүйцэтгэх захирал асан Д.Т-гээс авах 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэн, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.1.1, 2.6.5 дахь заалтын дагуу 100 хувь эрсдэлийн сан байгуулж, тохируулгын гүйлгээ хийсэн” тухай мэдэгджээ. /1хх 26/

 

2.7. А ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тушаалаар А банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Т-д олгосон 2017 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн урамшуулал гэх 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэх, гүйлгээ хийх авлагын ангиллыг холбогдох журмын дагуу хийж, холбогдох эрсдэлийн санг байгуулах гүйлгээ хийх, хувийн хэргийг бүрдүүлэх, авлагыг төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох ажилтнуудад үүрэг болгосон байна. /1хх 27/

 

3. Талууд дээрх А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурал болон хурлаас гарсан ХЭ/05 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр эсэхэд маргасан байна.

 

3.1. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.” гэж,

мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно.”,

мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно.”,

мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас ажлын долоогоос доошгүй өдрийн өмнө хувьцаа эзэмшигчдийн хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ.”, гэж тус тус заажээ.

 

3.2. А ХХК-ийн дүрмийн 9.12-т “саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхийг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан байна.

 

3.3. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүрээгүй байхад буюу зөвхөн Д ХХК-ийг төлөөлж Б.Э- дангаараа хурлыг хийж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭ/05  дугаар тогтоолыг баталсан нь  компанийн дүрмийн дээр дурдсан 9.12 дахь заалтыг зөрчсөнөөр тухайн хурал хүчин төгөлдөр бус болжээ. Өөрөөр хэлбэл, Д ХХК нь компанийн хувьцааны 60,46 хувийг эзэмшигч байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийг буюу 66,66 хувьд хүрэхгүй байх тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсгийг зөрчиж гаргасан ХЭ/05 тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв. Иймд уг асуудлаар гаргасан хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Нэхэмжлэгч нь А ХХК-ийн 39.54 хувийн хувьцааг эзэмшдэг этгээд болохын хувьд дээр дурдсан хууль бус тогтоолын улмаас тус банканд учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй алдаа гаргасныг залруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/01944 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь” гэснийг “497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,969,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                       М.БАЯСГАЛАН

 

   Ц.АЛТАНЦЭЦЭГ