Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,  улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч Я.Ч Л.Э тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа, шүүгдэгч Э.Б, Б.О, Б.У, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсандоржийн Энхжаргал,

мөн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Янсанжавын Чулуунбат, Боржигон овогт Энхбаярын Базардарь, Боржигон овогт Бадангаагийн Отгончимэг, Боржигон овогт Баасансүрэнгийн Уянга нарт  холбогдох “1911007600239” дугаартай, 186/2019/0343/э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн 5 дугаар гудамжны 139 тоотод оршин суух бүртэлтэй, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан, Шарнууд овогт Янсанжавын Чулуунбат /РД: ЧЙ80120399/,

Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг Баатархайрханы гудамжны 886 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн дүүргийн шүүхийн 250 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Боржигон овогт Энхбаярын Базардарь /РД:ЦД87021613/,

Монгол улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 2 дугаар гудамж 29 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 6 удаа ял шийтгүүлж байсан, Боржигон овогт Лувсандоржийн Энхжаргал /РД: ЧЛ66032413/,

Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамж 509 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Бадангаагийн Отгончимэг /РД:ШГ79061106/,

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнес, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо. дүүргийн 1 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт  Баасансүрэнгийн Уянга /РД:УЦ92010541/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэч Л.ЭЭ.Б, Б.О, Б.У, Я.Чулуунбат нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 21 дүгээр гудамжинд М.Пүрэвжавын эд хөрөнгө болох түрийвчтэй 245.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Л.Энхжаргал нь 2017 оны 08 дугаар сарын 09-нөөс 2017 оны 08 дугаар сарын 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд байх Ж.Дорждагвын баригдаж байсан зуслангийн байшингаас тасдагч, лазер хэмжигч, дугуйн хөрөө, Монгол үүлдрийн 2 гөлөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Я.Чулуунбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Хохирлыг Энхжаргал, Уянга нрарын ар гэрийн хүмүүс төлсөн. Би энэ хэргийг санаачилсан. Хэргийн материал үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зохион байгуулалтыг өөрөө хийсэн. Хохирогчийг бараа аваад явж байхад нь мөнгөтэй гэдгийг нь мэдсэн. Энэ дөрвийг ийм хэрэгт оролцуулсандаа харамсаж байна. Э.Б энэ хэргийг надтай хамтран зохион байгуулаагүй. Дагаад яв гэхэд дагаад явснаас өөр зүйл байхгүй, би сав л хийвэл архи уугаад, цаг нөгцөөгөөд явдаг, нээлттэй хорих ангид хоригдохоор шийдвэрлэж өгнө үү  гэв.

1.2.Шүүгдэгч Л.Энхжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би хувиараа энэ тэнд барилгын ажил хийдэг.Энэ тэнд хүнтэй тааралдахаараа л архи уучихдаг.Эхнэртэйгээ хоёулаа амьдахдаг.Архи ууснаас л болчлоо.Гэмшиж байна, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

1.3.Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. 22 настайгаасаа эхэлж архи ууж байгаа.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

1.4.Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Миний биеийн байдал гайгүй байгаа, сая уушигны усаа авахуулсан.Уушиг устсан гэсэн.Сүүлийн 3 жил архи ууж байна.Цаашдаа архи уухгүй байж чадна.Миний буруу.Өмнө нь уг нь орцны жижүүр хийж байсан.Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.Хорихгүйгээр ажил хийх боломжоор хангаж өгнө үү. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.5.Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Одоо эгчийндээ цайны газарт ажиллаж байгаа.Маш их харамсаж байна.Архи уусан байсан.Дээрэмдэнэ гэдгийг мэдээгүй дагаад л явж байсан.Үйлдсэг гэмт хэрэгтээ маш их харамсаж байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Пүрэвжавын:..Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн байр түрээслэн ганцаараа амьдардаг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 'Хүчит шонхор" зах дээр очиж зээ охин Солонготой уулзаж тэтгэврийн мөнгө болох 315.000 төгрөгөө авч замаараа Хүчит шонхор захаас 2 ширхэг нүүр гарын саван, претка зэрэг авч захаас гарах гэж явсан чинь миний өөдөөс 20-25 насны орчим настай бололтой жижиг биетэй ягаан өнгийн куртка өмссөн охин ирж өвөө би Өмнөговиос ирсэн хоосон хоносон, хонох газар байхгүй, хоолны мөнгө байхгүй байна. Та хуушуурын мөнгө 1000 төгрөг өгөөч гэж гуйсан. Тэгээд би тэр эмэгтэйг өрөвдөөд хоол авч ид гэж хэлээд 2000 төгрөг өгсөн. Тэгээд явах гэж байсан чинь цаад талаас нь дахин нэг эмэгтэй ирж би энэ охины эгч нь байгаа юм надад 500 төгрөг өгчих гэж хэлсэн. Тухайн үед би тэр эмэгтэйд 500 төгрөг өгсөн бөгөөд тэгсэн чинь тэр хоёр эмэгтэй манай гэр энэ хавьд ойрхон байдаг хамт манай гэрт очих уу гэж хэлээд намайг дагуулж явж байгаад гудамж руу ороод алга болсон байсан. Тэгээд би гудамжинд ганцаараа явж байсан чинь миний өмнөөс 50 орчим насны настай тарган хүн ирээд бичиг баримт үзүүл гэж хэлсэн. Тэр үед нь надад бичиг баримт байхгүй, бичиг баримт манай хүүхдүүдэд байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь миний араас саравчтай хар малгайтай хар хувцастай 30 орчим насны 2 залуу ирж миний араас барьж авсан. Тэр үед би настай хүн болохоор хөдөлж ­чадаагүй, нөгөө хоёр хүн миний үүрч явсан цүнхийг онгойлгож миний цүнхнээс түрийвчтэй байсан мөнгийг аваад намайг газарт түлхэж унагаад зугтаад яваад өгсөн. Тэр үед нь би миний мөнгөний талыг нь ч болсон өгөөч гэж орилсон чинь миний хажуугаар явж байсан хүмүүс цагдаа дуудаж өгсөн. Цагдаа нарыг ирэх үед би түрийвчтэй байсан мөнгөө тоолж үзсэн чинь миний 315.000 төгрөгнөөс 70.000 төгрөг үлдсэн, 245.000 төгрөгийг нь тэр хүмүүс аваад явсан байсан. Надаас Хүчит шонхор дотор мөнгө авсан эгч, дүү хоёр гэх эмэгтэй намайг дээрэмдсэн 3 хүнтэй хамт явж байсан юм шиг байна лээ. Намайг манай гэр ойрхон байдаг хамт очих уу гэж дагуулж явж байгаад гудамж руу ороод гэнэт байхгүй болсон.  Миний бодож байгаагаар тэр хоёр эмэгтэй намайг дагуулж байгаад гэнэт байхгүй болоод намайг дээрэмсэн 3 хүн гарч ирсэн. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Тэр хүмүүс намайг түлхэж газар унагаад явсан бөгөөд цохиж зодоогүй. Намайг дээрэмдсэн хүмүүсийн ар гэрээс надад 250.000 төгрөг өгсөн. Энхжаргал гэх хүний эхнэр гэх эмэгтэй 150.000 төгрөг бэлэн өгч харин Уянга гэх эмэгтэй 100.000 төгрөг манай зээ охин Солонгоогийн дансанд хийсэн байгаа. Надад ямар нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 51-52/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Дорждагвын:..Би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд өөрийн эзэмшлийн хашаандаа зуслангийн байшин барьж байгаа. Манай барилгын ажилд ажиллаж байсан Л.Энхжаргал гэх 50 орчим насны эрэгтэй нь 10-аад хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 02-03 цагийн хооронд Л.Энхжаргал нь манай зуслангийн байшин барьж байгаа газар ирж барилгын багаж хулгайлж байхыг манай ажилтан Баасанбаяр хараад очтол манай ажилтныг ганцаараа зодсон байсан. Тэгээд манай ажилтан Баасанбаяр болон Лхагвадорж нар нийлж Л.Энхжаргалыг барьж авахад худлаа хэлээд машинд суугаад яваад өгсөн байсан. Тэгээд тэр шөнөдөө барилгын эд зүйлийг шалгатал манай барилгаас төмрийн том тасдагч 1 ширхэг, лазер хэмжигч 1 ширхэг, цэвэр үүлдрийн монгол банхарын 6 сартай 2 гөлөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан тул цагдаад хандсан. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгай тоотод өөрийн байшинг барьж байхад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баригдаж байсан байшингаасаа монгол банхар үүлдрийн 2 нохой, барилгын дардаг тасдагч /кен/, лазер метр зэрэг эд зүйлийг Энхжаргал гэх хүн авч явсан байсан. Тухайн үед бүх багажийг маань авч явж байгаад ажилчдад баригдаад зарим багажийг үлдээгээд дээрх багажийг авч явсан байсан. 10 орчим хоногийн дараа 2 банхрын гөлгийг эхнэр нь өгч явуулсан байсан. Банхрын гөлөгөө авсан бөгөөд одоо тасдагч, лазер метр 2-ыг аваагүй байгаа. Өөрт холбогдох хэргийн талаар Л.Энхжаргал би 2017 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд Дорждагва гэх хүний удирдлаган доор зуслангийн байшин барьж байсан. Ажлаа хийж байгаад материал байхгүй гэх үндэслэлээр ажил зогсож хэд хоног хот руу орсон. Ажил хийж байхдаа барьж байсан зуслангийн байшинд Дорждагва нь монгол банхар үүлдрийн 2 нохой авчрахыг харсан бөгөөд хотод байж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 10-ны шөнө нохойг хулгайлах зорилгоор Гандангийн орчмоос такси бариад зусланд очсон. Зусланд баригдаж байсан байшингийн гадаа очоод таксигаа үлдээгээд би дотогшоо ороод 1 ш тасдагч, 1 ш тэгш усний лазер, 2 ш монгол банхарын гөлөгийг аваад гадаа гарч таксиндаа үлдээгээд буцаж ороод дугуй хөрөө, тасдагч 2-ыг аваад гарах гэж байхад манаач гэх залуу гарч ирээд намайг дуудахаар нь өөдөөс нь тасдагч, дугуй хөрөө 2-ыг шидчихээд зугтаачихсан. Зугтааж явж байгаад таксиндаа суугаад шууд амьдарч байсан нийтийн байр луугаа очсон. Эд зүйл болон 2 банхарын гөлөгийг гэртээ байлгаж байгаад миний санаж байгаагаар маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны 14 цагийн үед лазер хэмжигчийг 7 буудлаас хойш Дамба руу эргэдэг замын урд талд байх ломбарданд хүний бичиг баримтаар 35.000 төгрөгөнд барыдаанд тавьсан. Барьцаанд тавихдаа барьж явсан таксиныхаа жолоочийн бичиг баримтаар тавьсан. Тасдагчийг аваад 100 айл дээр сангийн эд зүйл зардаг эмэгтэй хүн дээр очиж 80.000 төгрөгөөр зарсан олсон мөнгөнөөсөө таксины мөнгө өгөөд үлдсэнээр архи аваад уугаад дууссан. Гэрт үлдсэн 2 ширхэг  банхарын гөлөгийг зуслангийн байшингийн эзэн Дорждагва утсаар яриад байхаар нь 2 хоногийн дараа байх, би хорооллын эцэс дээр үлдээчихье гэж хэлээд 2 ширхэг банхарын гөлөгийг хорооллын эцэст эхнэр Оюунгэрэлд өгөөд явуулсан. Эхнэр Оюунгэрэл нь банхарын гөлгийг Дорждагвад өгсөн гэж хэлсэн. Зуслангийн байшинд очихдоо ганцаараа очсон гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас-04-07/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Х.Солонгын:..Би Хувиараа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо "Хүчит шонхор" зах дээр хувиараа махны худалдаа хийдэг. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай өвөө М.Пүрэвжав манай ажил дээр ирж 3 сарын тэтгэврийн мөнгө болох 315.000 төгрөгийг надаас аваад явсан. Тэгээд удаагүй байж байсан чинь 15 цагийн орчим цагдаагаас надтай утсаар ярьж өвөөг дээрэмдүүлсэн талаар хэлсэн. Тухайн үед би цагдаагийн газарт ирсэн чинь манай өвөө цагдаа дээр байсан, өвөө маань 83 настай хүн болохоор мэдүүлэг өгөх ажиллагаанд хамт оролцсон.Тэр үед манай өвөө надаас мөнгөө аваад Хүчит шонхор захаас юм авч яваад 2 эмэгтэй хүнтэй дайралдаж тэр хоёрт 2.500 төгрөг өгсөн чинь тэр хоёр хүн нь манай гэрт очих уу гэж өвөөг маань дагуулж яваад гудамж руу оруулж үлдээгээд араас нь нэг хүн ирж бичиг баримтаа үзүүл гэж хэлээд зогсоож араас нь 2 залуу гарч ирээд манай өвөөгийн үүрч явсан 1 оосортой хар өнгийн цүнхийг нь онгойлгож дотор байсан мөнгөтэй түрийвчийг нь авч зугтсан байсан. Тэр үед манай өвөөгийн мөнгөнөөс 70.000 төгрөг газарт унасан 245.000 төгрөгийг нь дээрэмдэж авч явсан байсан гэж байсан. Тухайн үед хажуугаар нь явж байсан эмэгтэй хүн цагдаа дуудсан гэж байсан.Манай өвөө өөрөө настай хүн болохоор мөнгө төгрөгөө өөрөө авч чаддагүй. Би тэтгэврийн мөнгийг авч өвөөд өгдөг. Манай өвөөд 245.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд учирсан хохирлыг Л.Энхжаргал гэх хүний эхнэр гэх хүн 150.000 төгрөг бэлэн өгсөн байгаа. Миний Хаан байнкны 5017244262 дугаарын дансанд Б.У гэх хүнээс 100.000 төгрөг төлсөн байгаа. Одоо манай өвөөд ямар нэгэн хохирол байхгүй. Цаашид ямар нэгэн санал гомдол байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 54-55/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ж.Хэрлэнчимэгийн:...Би 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 14:00 цагийн үед санагдаж байна Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Нарлаг дэнж худалдааны төвөөс гараад Нарантуул-2 захын зүг рүү өөрийн хамаатны дyy Мөнхчулууны хамт алхаж байтал замд нэг цэнхэр дээлтэй өвөө хүнд дээрэмдүүлсэн гэж байсан. Би юу болсон талаар асуухад тэтгэвэрийн мөнгөө аваад явж байтал нэг настай хүн бичиг баримтаа шалгуул гэхээр нь зогссон чинь хар хувцастай, малгайтай хүүхдүүд миний тэтгэвэрийн мөнгийг булааж аваад зугтаачихлаа гэсэн. Тэгэхээр нь би тэр өвөөд тус болох санаатай цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр өвөөг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Би дээрэмдсэн хүмүүсийг нь хараагүй. Дүү бид хоёрыг замд явж байхад тэр өвөө тааралдсан, түрүүхэн аваад зугтаасан гэж хэлж байсан. Тэр үед өвөөгийн биед ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй боловч бие нь их муу байх шиг санагдсан. Цагдаад дуудлага өгөөд хамт байж байх хооронд 300.000 гаруй төгрөгөө алдсан, түрээсийн байранд байдаг, өнөөдөр түрээсээ төлөх өдөр, хүүхдүүддээ юу гэж хэлнээ гэх зэргийн юм ярьж байсан. Би тэр өвөөгөөс зүс царайг нь харсан уу гэсэн чинь харж амжаагүй, хар хувцастай, малгайтай хүүхдүүд л гэж байсан гэх мэдүүлэг.  /хх-н 58-59/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч:..нэгдүгээр хавтаст хэргээс 29-31 дүгээр хуудас хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, 51-52 дугаар хуудас хохирогч М.Пүрэвжавын мэдүүлэг, 54-55 дугаар хуудас гэрч Х.Солонгын мэдүүлэг, 58-59 дүгээр хуудас гэрч Ж.Хэрлэнчимэгийн мэдүүлэг, 77-78 дугаар хуудас яллагдагч Б.Чулуунбатын мэдүүлэг, 79-80 дугаар хуудас яллагдагч Б.Уянгын мэдүүлэг, 81-82 дугаар хуудас яллагдагч Л.Энхжаргалын мэдүүлэг, 85-86 дугаар хуудас яллагдагч Э.Базардарийн мэдүүлэг, 75-76 дугаар хуудас яллагдагч Б.Оийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярмаа:..нэгдүгээр хавтаст хэргээс 29-31 дүгээр хуудас хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, 51-52 дугаар хуудас хохирогч М.Пүрэвжавын мэдүүлэг, 54-55 дугаар хуудас гэрч Х.Солонгын мэдүүлэг, 58-59 дүгээр хуудас гэрч Ж.Хэрлэнчимэгийн мэдүүлэг, 77-78 дугаар хуудас яллагдагч Б.Чулуунбатын мэдүүлэг, 79-80 дугаар хуудас яллагдагч Б.Уянгын мэдүүлэг, 81-82 дугаар хуудас яллагдагч Л.Энхжаргалын мэдүүлэг, 85-86 дугаар хуудас яллагдагч Э.Базардарийн мэдүүлэг, 75-76 дугаар хуудас яллагдагч Б.Оийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Болормаа:..нэгдүгээр хавтаст хэргээс 56 дугаар хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 57 дугаар хуудас хохирол төлсөн баримт, 151 дүгээр хуудас Э.Базардарийн ял шалгах хуудас, 217 дугаар хуудас Б.Оийн ял шалгах хуудас, 219 дүгээр хуудас Б.Уянгын хорооны тодорхойолт, 221 дүгээр хуудас Б.Уянгын ял шалгах хуудас, 223-224 дугаар хуудас Б.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд, 225 дугаар хуудас Б.Уянгын бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хоёрдугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас хэргийн материлатай танилцуулсан тэмдэглэл, хоёрдугаар хавтаст хэргээс хохирогч Дорждамбын мэдүүлэг, 30-49 дүгээр хуудас Л.Энхжаргалын ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Л.ЭЭ.Б, Б.О, Б.У, Я.Чулуунбат нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 21 дүгээр гудамжинд М.Пүрэвжавын эд хөрөнгө болох түрийвчтэй 245.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Л.Энхжаргал нь 2017 оны 08 дугаар сарын 09-нөөс 2017 оны 08 дугаар сарын 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд байх Ж.Дорждагвын баригдаж байсан зуслангийн байшингаас тасдагч, лазер хэмжигч, дугуйн хөрөө, Монгол үүлдрийн 2 гөлөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Л.ЭЭ.Б, Б.О, Б.У, Я.Чулуунбат нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч Ж.Дорждавга нь мөрдөн шалгах жиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохиролоо бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.ЭЭ.Б, Б.О, Б.У, Я.Чулуунбат нарыг бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 21 дүгээр гудамжинд М.Пүрэвжавын эд хөрөнгө болох түрийвчтэй 245.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан,

шүүгдэгч Л.Энхжаргал нь 2017 оны 08 дугаар сарын 09-нөөс 2017 оны 08 дугаар сарын 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд байх Ж.Дорждагвын баригдаж байсан зуслангийн байшингаас тасдагч, лазер хэмжигч, дугуйн хөрөө, Монгол үүлдрийн 2 гөлөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч саналдаа гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч , хохирол төлбөргүй  зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон хөнгөрүүлэх байр сууринаас санал тус тус гаргасан болно.

Шүүх Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч Б.У, Э.Б, Б.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангий 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунбатад 1 /жил/ 6 /сарын/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Энхжаргалд 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Л.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ялаа эдэлж дууссаны дараа 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Б.О, Э.Б нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлах арга хэмжээ авах, шүүгдэгч Б.У цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1  ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, хохирогч Ж.Дорждагва нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо бүрэн төлж барагдулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Я.ЧЛ.Энхжаргал нарын цагдан хоригдсон 70 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                    

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигон овогт Энхбаярын Базардарь, Боржигон овогт Бадангаагийн Отгончимэг, Боржигон овогт  Баасансүрэнгийн Уянга, Шарнууд овогт Янсанжавын Чулуунбат, Боржигон овогт Лувсандоржийн Энхжаргал нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Лувсандоржийн Энхжаргал бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заансаар Шарнууд овогт Янсанжавын Чулуунбатыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч  Боржигон овогт Лувсандоржийн Энхжаргалыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Л.Энхжаргалыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.        

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Б.У, Э.Б, Б.О нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунбатад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ял, шүүгдэгч Л.Энхжаргалд оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.  

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Лувсандоржийн Энхжаргалыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Л.Энхжаргалыг 6 /зургаан/ сарын хорих ялаа эдлэж дуусаны дараа 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Я.ЧЛ.Энхжаргал нарын цагдан хоригдсон 70 /далан/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулж тус тус тооцсугай.

7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.О, Э.Б нар нь 70 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.У цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Б.О, Э.Б нар нь шүүхээс тэнссэн хугацаанд   энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

            10.Шүүгдэгч  Б.О Э.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэгийлэх арга хэмжээгээр, шүүгдэгч Б.Уд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

         12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Б.О, Э.Б нарын хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.ЭЯ.Чулуунбат нарт  урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.ЭЯ.Чулуунбат нарын эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ