Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01704

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04 210/МА2024/01704

 

 

Д.У-, А.П- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/03198 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.У-, А.П- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ө.М-д холбогдох,

5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.П-, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.У-, А.П- бид хоёр 2023 оны 07 дугаар сард зарын дагуу Ө.М-тай уулзаж, түүний хүсэлтийн дагуу Өлзийт хороолол буюу Шувуун фабрикт байх цэцэрлэг болон 59 дүгээр сургуулийн гадна тохижилтын ажил хийхээр болсон.

Бид уг ажлыг гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ байхгүй, амаар тохиролцсон. Бид 15 хоног ажиллаад цалингаа авах гэтэл цалинг чинь өгнө, эхлээд ажлаа дуусгачих, тэгээд цалингаа ав гэж хэлсэн. Бид хоёр 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан боловч бидэнд цалин гэж нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл бид зарим тохиолдолд хичээлээ тараад орой 16 цагаас шөнийн 1 цаг хүртэл ажилладаг байсан.

Дээрх хийсэн ажлын хөлсөнд Д.У- нь 3,500,000 төгрөг, А.П- нь 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хариуцагч Ө.М- нь нэхэмжлэгч Д.У- болон А.П- нартай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин мөнгө өгч байсан удаа байхгүй. Хариуцагч нарыг бодит байдал дээр жинхэнэ ажиллуулж байсан хүмүүс нь Б.Н-, Б.Ж- гэх хүмүүс байгаа. Тэд захиалагч С.Дэлгэрбаттай 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өлзийт хорооны 54 дүгээр сургуулийн гадна талбай тохижилт, мөн Хан-Уул дүүрэг, Туул тосгонд 144 дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж эхлүүлсэн. Хариуцагч Ө.М- нь Б.Ж-тай хамаатан буюу үеэлүүд бөгөөд тэрээр хариуцагчид талбай хариуцаж, ажилчдыг хянаж, ажлыг нь хийлгүүлэх хүн хэрэгтэй байна ажиллаад өгөөч гэсэн санал тавьсан. Тухайн үед Б.Н-, Б.Ж- нар Тэрэлжид амралтын газрын гадна талбайн тохижилт хийж байсан учир санал тавьсан байх. Хариуцагч Ө.М- нь зөвхөн нэхэмжлэгч нарын хийсэн ажлыг хянан шалгах үүрэгтэй буюу нэхэмжлэгч нартай адил ажилтан байсан. Тухайн ажлууд удааширч хүндрэлтэй болох үед захиалагч нь ажилчин н.Д, Д.У- нартай тохиролцож Өлзийт 54 дүгээр сургуулийн гадна талбай ажлыг хийлгэж дуусгасан. Д.У- н.Д-тэй тохиролцож А.П-ыг авчирч ажил хийлгэсэн гэж ойлгож байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.2 заасан зохицуулалтаас үзэхэд Ө.М- нь бусдыг төлөөлж ажил гүйцэтгүүлсэн болохоос яг бодитоор нэхэмжлэгч нартай гэрээний ямар ч харилцаанд ороогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.М-аас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.П-од, 3,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.М-аас 102,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У-, А.П- нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Ж- нь С.Д-тай 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Б.Ж- нь Талбай хариуцаж, ажилчдыг хянаж, ажлыг нь хийлгүүлэх хүн хэрэгтэй байна ажиллаад өгөөч гэж гуйсны үндсэн дээр би түүний удирдлага дор ажилласан. Миний бие ажил үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч нараар ажил үүргийг гүйцэтгүүлсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу миний бие Б.Ж- нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Ингээд Б.Ж- нь намайг ажилтан аваад ажиллуул гэсэн үүрэг даалгаврыг надад өгсөн учраас би нэхэмжлэгч нартай холбогдсон. Ингээд нэхэмжлэгч нар тус ажлын талбайд ажилласан хэдий ч нэхэмжлэгч нартай хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй.

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний бие талбайн даамлаар ажиллаж байсан болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан талуудын тайлбараар нотлогдож байтал шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчин зарим нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Би анх зарын дагуу Ө.М-тай холбогдож ажилд орсон ба Б.Ж- гэх хүнийг ажиллаж байх хугацаандаа огт харж байгаагүй тул Ө.М-аас ажлын хөлсөө нэхэмжилж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Д.У-, А.П- нар нь хариуцагч Ө.М-д холбогдуулан ажлын хөлсөнд 5,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нар нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийсэн ажлын хөлсийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

1.2. Хариуцагч би ямар нэгэн гэрээ байгуулаагүй, бусдыг төлөөлөн ажил гүйцэтгэж байсан ба би хариуцахгүй гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэсэн байна.

 

3. Шүүх, зохигчийн хооронд фэйсбүүкийн цахим захидлаар харилцсан чатад үзлэгийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийсэн байх ба, нэхэмжлэгч нарын U D болон П нэртэй фэйсбүүк хаягаас хариуцагчийн гэх Ө.М- нэртэй фэйсбүүк хаягтай харилцсан цахим захидлаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Ө.М- нь ажлын хөлсийг төлөхөөр зөвшөөрч байсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх32-43/

 

3.1. Анхан шатны шүүхээс, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаарх дүгнэлт зөв байна.

 

3.2. Мөн өдрийн С.Д-ын гэрчийн мэдүүлэгт М, Ж, Н гэж хүмүүстэй зарын дагуу уулзсан. Би ажлын хөлсийг Ж гэж хүн рүү шилжүүлсэн, ...өмнө нь ажиллаж байсан хүмүүс нь ажил хийхгүй, архи уугаад байсан учир би шаардлага тавьсан. Ингэснээр нэхэмжлэгч гэх энэ 2 хүүхэд ирж талбай дээр ажилласан, ...харин М нь тухайн үед талбайн даамлаар ажиллаж байсан гэж мэдүүлжээ.

 

3.3. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч нар нь хариуцагчтай хөлсөөр ажиллахаар тохиролцож, ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч нь ажлын хөлсийг төлөөгүй байна.

 

4. Мөн, хариуцагч нь ажлын хөлсийг төлөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Түүнчлэн, хариуцагч нь өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдээс шаардах эрх нь нээлттэй бөгөөд энэхүү магадлал саад болохгүйг дурдав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/03198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ