Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 228

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Шарав Унзад овогт Дэлгэрбатын Д.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911000430207 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 4/7 дугаар байрны 06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарав Унзад овогт Дэлгэрбатын Д.Н /РД: ФБ91052633/,

 

Шүүгдэгч Д.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03:00-04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4/7 дугаар байрны 06 тоот өөрийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Даваасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19:00 цагийн үед ажлаасаа тарчихаад ажил дээрээ шинэ жилийн арга хэмжээний бүжгийн бэлтгэл хийж байгаад 20:00 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд нөхөр согтуу нийслэл пиво уучихсан, уйлсан бололтой нүд нь улаан болчихсон байсан. ...шөнө унтаж байхад 2-лаа ярилцах хэрэгтэй байна гэж сэрээхээр нь "одоо шөнө болж байна, унтмаар байна" гэхэд намайг татаж ирж босгоод хоолой боогоод, том өрөөнд очоод миний хэлснээр байдаггүй, хоол унд хийдэггүй, хүүхэд хардаггүй, ажлаасаа оройтож ирдэг гээд урьдны хэрэлдэж байсан асуудлаа яриад намайг зодсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 13х-14х/

Гэрч Д.Аюуш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хүүгээсээ ямар учраас хүнд гарч хүрч байгаа юм бэ гэтэл эхнэр гэр оронд ерөөсөө хоол унд хийхгүй, шинэ жилийн арга хэмжээнд орох гээд концертонд ороод 2,3 хоног оройтож ирсэн. Хоол унд хийхгүй, өлсөөд байхаар нь гар хүрсэн гэхээр нь Даваасүрэн над руу зодуулсан зургаа явуулсан. Нүүр амыг нь аймар болгочихсон байна лээ..." гэх мэдүүлэг/хх-ийн 18-20х/

Гэрч Б.Хандармаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын сүүлээр байх, яг хэдний өдрийг санахгүй байна. Манай дүү Даваасүрэн над руу нэг өглөө яриад нөхөртөө зодуулчихлаа гэж хэлсэн. ...Д.Н бол хурдан түргэн ааштай, огцом ууртай, манай дүүг өөрийнхөө хажууд өөрийнхөө дураар байлгах санаатай байдаг. Манай дүүг ажилд орсоноос хойш хардаж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 589 дугаартай "Б.Даваасүрэнгийн биед зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун, зүүн талын бугалга, гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Нийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Шарав Унзад овогт Дэлгэрбатын Д.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Нийг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ