Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01736

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 09 210/МА2024/01736

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/02554 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ц.Б- нь Э ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЭМГЛ-23/ХГ дугаар бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулж, Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн гэх ажлын байранд ажиллаж байсан. Үүний өмнө Э ХХК-д 2021 оны 02 сард анх ажилд орсон. ЭМГЛ-23/ХГ дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/20 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар Компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Б-гийн ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж чиг үүрэг нь байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл Ц.Б-гийн ажиллаж байсан мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтад хамаарахгүй болно.

Шүүхэд хандахаас өмнө ийнхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн боловч үр дүн гараагүй бөгөөд Э ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгож, түүнийгээ залруулах арга хэмжээг авахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж байна.

Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого-ын 6.4 дэх хэсэгт заасан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан.

Дээрх тогтоолуудад үндэслэн Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт-ыг шинэчлэн баталсан ба Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, улмаар Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн-ий ажлын байрны орон тоо хасагдсан.

Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Ц.Б-д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/953 тоот албан бичгээр, 30 хоногийн өмнө мэдэгдсэн ба Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлын хүрээнд Э ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан.

Ажлын байр нь хасагдсан хэдий ч Ц.Б- нь тус компаниас нээлттэй зарлагдсан өөр ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч оролцоогүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Ц.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б-г Э ХХК-ийн Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээллийн технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 69,172,266 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Э ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 503,811 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэн, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Учир нь, Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Б-ийн ажиллаж байсан Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байр болон нэхэмжлэгчийн маргаж буй Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-ий ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг хоорондоо ялгаатай, ангилал зэрэглэлийн хувьд ч нэг нь ахлах мэргэжилтэн, нөгөөх нь мэргэжилтэн гэсэн чиг үүрэгтэй байхад анхан шатны шүүх мэдээллийн технологийн салбарын нарийн мэргэжил, мэргэшил хоорондын ялгаатай байдал, ангилал зэрэглэлийн ялгаа заагийг зөв дүгнээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр, нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Мөн ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байранд чиг үүрэг нь хадгалагдаж байгаа учраас тус ажлын байранд томилуулах талаар нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, нэхэмжлэгчийг ажил олгогчийн одоогийн бүтцэд байхгүй ажлын байр болох Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад талууд мэтгэлцэхдээ тухайн 2 ажлын байрыг нэг бүрчлэн судалж үзсэн. Тухайн ажлын байрны чиг үүрэг бүгд байгаа боловч нэршил нь солигдсон болохыг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн ахлахын нэршил байхгүй боловч доторх чиг үүрэг, 4 зорилтын хүрээнд уг ажлыг хийж гүйцэтгэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс анх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тус компанийн дүрэм шинэчлэн батлагдаж, улмаар Э ХХК-ийн хэмжээнд үр ашиггүй ажиллаж байгаа компани, төслийн нэгжийг татан буулгах болон хуримтлагдсан өр төлбөрийг 2022 онд багтаан барагдуулах талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал С.Н нарт тус тус даалгасан байна./1хх71-79/

 

2.2. Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарыг 91 байхаар тогтоож, компанийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан холбогдох дүрэм, журмын хүрээнд шинэ бүтцийн дагуу сонгон шалгаруулалт явагдах хүртэлх хугацаанд компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж... ажиллах зэрэг үүргийг гүйцэтгэх захиралд даалгасан байна./1хх80/

 

2.3. Хариуцагч талаас Э ХХК-ийн мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.Б-д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, Э ХХК-ийн Компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоол, Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дугаар тушаалыг тус тус үндэслэн Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Та Э ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам-ын дагуу өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоно уу. Сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг өгчээ./1хх47/

 

2.4. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр талууд нэхэмжлэгчид өгсөн дээрх мэдэгдлийн талаар хэлэлцэж, ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1 дүгээр зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцалсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцож хэлцлийг бичгээр үйлдсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн компанид 2021 оны 02 дугаар сард анх ажилд орсон гэж тайлбарласан ба, уг хэлцэлд ажил олгогчоос ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаас илүү хэмжээгээр олгохоор тохиролцсон байдал харагддаг. /1хх46/

 

3. Нэхэмжлэгч Ц.Б- нь дээрх мэдэгдлийн дагуу компанийн шинэ бүтэц, зохион байгуулалтын орон тоонд ажиллахаар сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор ажил олгогч тал буюу хариуцагчтай тохиролцсон болох нь талуудын хооронд бичгээр үйлдэгдсэн дээрх хэлцлээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалсан гэж дүгнэж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын харилцан тохиролцсон дээрх хэлцэлд дүгнэлт өгөөгүй байна.

 

3.1. Түүнчлэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаагүй талаар хийсэн дүгнэлтийг буруу гэж үзнэ. Учир нь, нэхэмжлэгчийн эрхэлж байсан мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод ахлах мэргэжилтнийхээ хувьд бодлого, төлөвлөгөө боловсруулах, мониторинг хийх, холбогдох журам, шийдэл боловсруулах зэрэг удирдах чиг үүргийн ажил зонхилж байна. Харин мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод системийн үйл ажиллагааг хамгаалах, программд шинэчлэлтийг хийх, техникийн программ хангамжийг хариуцах гэх зэрэг илүү мэргэжлийн, гүйцэтгэх чиг үүрэгтэй ажил үүргийг гүйцэтгэхээр байна. Иймд анхан шатны шүүхээс ахлах болон мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан дүгнэхэд албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хувьд адил байна гэх дүгнэлт үндэслэлгүй.

 

4. Иймд ажил олгогч талаас нэхэмжлэгчтэй хийсэн хэлцлийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагч Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5/20 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасантай нийцсэн байна.

 

5. Мөн, нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч компанийн шинэ, бүтэц зохион байгуулалтын орон тооны хүрээнд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/02554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Э ХХК-д холбогдох, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,811 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ