Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 121

 

 Б.У, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Б.У, Н.Э нарт холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг шүүгдэгч Н.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, 11а хороолол 3-2-ын 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Б овогт Б-ын У,

2.Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Нарлаг дэнж 4Б-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй М овогт Н-ийн Э.

Б.У нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг салонд иргэн Н.Э-ийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг салонд иргэн Б.У-ийн толгойн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Б.У, Н.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.У, Н.Э нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгч Н.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 35 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Э гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоолын зарим хэсэг, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Н.Э миний бие нь У-ийн толгойн тус газар огт цохиогүй бөгөөд тухайн үйл явдал болох үед хамт байсан гэрч З.У (хэргийн 47-50 дахь тал)... Э гэх эмэгтэйг буйдан луу түлхээд шууд гар утсаараа баруун хөмсөг хавьцаа цохих шиг болсон. Намайг харж байхад тийм асуудал болсон...Э гэх эмэгтэй цохих үйлдэл огт хийгээгүй, харин замыг нь хаагаад байсан гэх мэдүүлэг, гоо сайханч Э.Э /хэргийн 41 дэх тал/ ...Э эгч тэр хоёр цуг шахуу орж ирсэн, Б эгч Б-д хандаад яриад байсан, сүүлдээ Б өрөөнөөс гармаар байна гээд уурлаад байсан ... тэр хоёрын  эсрэг зүгт байсан болохоор юу болсныг хараагүй .... Б хальт Б эгчийн толгой хэсэг рүү цохиход доошоо Б-ийн гар утас нь унасан, Б гар утсаа аваад гарсан. ...Б эгчийн нүүр нь цус болсон байсан. ...Б эгч хойшоо суусан, Б малгайгаараа хальт цохиж байгааг эргэж харахдаа харсан. ...намайг эргээд харахад У малгайгаараа Э эгчийг цохиж байсан манай өрөөнд ямар нэг доромжилсон асуудал гараагүй гарна, гарахгүй гээд байсан гэх мэдүүлэг, мөн Э.Э-ийн /хэргийн 200 дахь тал/ дахин гэрчээр өгсөн мэдүүлэгт... манай өрөөнд Э У-ийн толгой хэсэг рүү цохисон асуудал бол болоогүй гэж бодож байна гэсэн мэдүүлгүүдийг хэргийг шийдвэрлэхдээ хэрхэн яаж үгүйсгэж  байгаа нь тодорхойгүй юм.

Хүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоохын тулд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлах ёстой. Гэтэл ямар ч баримтаар нотолгоогүй буюу шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу Б.У нотлох үүрэг хүлээхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д мөрдөгч, прокурор, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Гэтэл шүүгдэгч болон түүний ар гэрийхний дам мэдүүлэг, шинжээчийн 88 тоот дүгнэлтээр Н.Э намайг буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд шүүхээс гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Миний өмгөөлөгч хэргийн газарт үзлэг хийлгэе, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлгээс зарим зүйлийг асуух шаардлагатай байна гэхэд хүсэлтүүдийг хүлээн аваагүй.

Мөн тус 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаар дүгнэлтэд уламжлалтын эмчийн болон гэмтлийн эмчээр тархи доргилт гэж оношлогдсоныг үндэслэн Б.У-ийн биед тархи доргиолт бүхий гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзэж шинжээч дүгнэлтээ гаргажээ. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үзүүлсэн уламжлалтын эмнэлэгийн бичлэг нь өөрөө эргэлзээтэй учир нь Б.У нь 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.Э надтай хамт явж байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хурал дээр 09-нд үзүүлээгүй, 11-нд эмнэлэгт үзүүлсэн гэж мэдүүлдэг, мөн У-ийг эх гэрч У хэргийн 25 дахь тал... би маргааш нь ажилтай байсан тул охиныгоо аав нь эмнэлэгт үзүүлж явсан юм шиг байгаа гэж мэдүүлдэг, шүүх Э-ийг буруутгаж нотлох баримт үнэлж дүгнэхдээ шийтгэх тогтоолын 12 дахь тал ... хэргийн 1 дэх хавтас, 197-200 дахь талд авагдсан хэрэг учрал болсны маргааш буюу 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.У эмчид үзүүлсэн байх бөгөөд ... эдгээр авагдсан баримтаар няцаагдаж байна гэжээ. Гэтэл 09-ний өдөр У нь ээжтэйгээ хамт намайг үзүүлээд ямар ч зовиургүй зүгээр утсаа үзээд явж байсан энэ талаар би удаа дараа мэдүүлэг өгсөн. Б.У 09-ний өглөө ээжтэйгээ намайг үзүүлж яваад үдээс хойш авга ахтайгаа утсаа хугалсан эмнэлэг дээр ирээд дараа нь манайд очиж хоол идээд 5 өнгөрч байхад манайхаас явсан.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 12 дахь талд эмнэлэг рүү хэн яагаад дагуулж явсан зэргийг Б.У-ийн эцэг, эх болох Б, У нар гэрчилдэг тул ... дээрх мэдүүлгийг шүүх үнэлж дүгнэж гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн сэдэлт нь шууд санаатай байхаар заагдсан байна. Миний ямар санаатай үйлдлээр гэмтэл учирсан гэдэг нь их чухал гэж ойлгож байгаа. Тухайн үед байсан гэрч нар зодоон болоогүй гэдгийг маш тодорхой мэдүүлдэг. Ямар баримтанд тулгуурлаж байгааг ойлгохгүй байгаа. Би хууль бус үйлдэл хийгээгүй. Үүнийг яагаад анхаарч үзэхгүй байгаа юм. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Б.У-ийн гар утас нь хэзээ ямар шалтгаанаар эвдэрсэн болох эргэлзээтэй нөхцөл байдлын талаар гэрчүүд өөр өөр мэдүүлсэн байдаг. Б.У-ийн утас хэзээ, ямар шалтгаанаар эвдэрсэн болох нь хэрэгт ач холбогдолтой байдлыг хэрхэн дүгнэж байгаагаа шийтгэх тогтоолд дурдсангүй.

Миний бие ажилгүй байх үеийн олох байсан орлогоо нэхэмжилсэн боловч шүүхээс шийдэж өгөхгүй байгаа нь миний бие эрүүл мэндээрээ хохирсонтой хамт эдийн засгийн хүнд байдалд орж, ажил хийж олох ёстой байсан орлогоо олж чадаагүй олон сар байсан үүнийг харгалзаж үзэж шийдвэрлэж өгнө үү.

Шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийг хүчингүй болгож, надад холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт олох байсан орлого 4,500,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож гэснийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Учир нь энэ шийтгэх тогтоолд дурдсанаар үлдээх юм бол би ажилгүй байсан мэтээр миний эрх ноцтой зөрчигдөж байна. Би ажлын байран дээрээ хүнд зодуулсан байхад ажил хийж байгаагүй мэтээр шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Э-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э-ийн гомдлыг дэмжиж оролцоно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн гомдлыг гаргасан. Учир нь хэрэг учрал болсон газар салонд нийт 8 хүн байсан. Үүнээс шивээсний өрөөнд 4 хүн байснаас 2 хүн энэ хэрэгт хохирогч, шүүгдэгчээр татагдан өнөөдрийг хүртэл явж байна. Харин нөгөө 2 хүн болох Э, У нар нь Н.Э-ийг Б.У-ийн биед хүрэх үйлдэл хийж ажиглагдаагүй, Б.У бол Н.Э-ийг нүүрэн тус газар буюу нүд рүү нь утсаа шидэж гэмтэл учруулсан талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл Б.У-ийн энэ 3 хүний мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлэг өгч Н.Э-ийг өнөөдрийг хүртэл яллагдагчаар татагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.У нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй этгээд байгаа. Харин нотлох үүрэг хүлээх субъект нь мөрдөгч, прокурор хийж байгаа энэ хүмүүс үүргээ гүйцэтгээгүй буюу хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол Н.Э нь Б.У-ийн биед хүрсэн талаар нотлох баримт олдоогүй, ямар ч баримт байхгүй байхад гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т зааснаар бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай идэвхтэй үйлдэл байхаар заагдсан. Гэтэл Н.Э-ийн ямар санаатай идэвхтэй үйлдлийн улмаас Б.У-ийн биед гэмтэл учирсан бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгааг харгалзаж үзнэ үү. Н.Э хохирлын баримтуудыг гаргаж өгсөн. Өмнө нь бол хохирлын баримтуудыг өгөхөд эмчилгээнд зарцуулагдсан баримтыг өгөөгүй тэрнээс хойшхи баримтуудыг өгсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирлын баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иймд Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж гаргасан шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна гэв. 

Шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Х.Оюунбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэл шүүгдэгчийн гаргасан гомдолд байхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэл байхгүй, гаргаж байгаа гомдолд дараах тайлбарыг хэлье. Б.У-ийн хавтаст хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүх шийдвэрлэсэн. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд өөрт нь гэмтэл учруулсан хүн бол Н.Э юм гэж маш тодорхой заасан учраас хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтад шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийсэн. Гэрчүүдийн мэдүүлгийн тухайд бол зарим хийж байсан үйлдлүүдийг хараагүй, зарим хэсгийг  авсан нь үндэслэл бүхий нотлогдохгүй байна. Энэ тухай гэрч нарын мэдүүлгийг бүхэлд нь үнэлж дүгнэн шийдвэрлэх юм бол үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой. Тухайн гэмт хэрэг гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Э хохирол учруулсан нь тогтоогдож байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Б.У-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул Өршөөлийн хуулийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг баг 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг салонд Н.Э-ийн зүй бус харьцааны улмаас Б.У нь маргалдаж, харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар 2 шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Э-ийн хувьд өнөөдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол нь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байсан буюу “би хохирогч Б.У-ийг зодоогүй байхад намайг хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг боловч хэрэгт авагдсан хохирогч Б.У-ийн мэдүүлгийг гэрч Д.Б, Ц.У, С.А нар давхар нотлон мэдүүлдэг, улмаар түүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр няцаан үгүйсгэгдсэн байна.

Харин хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.У, Н.Э нарыг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн  үндэслэлгүй болжээ. Учир нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10-т “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заасан нь шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас үл хамааран шүүхээс оногдуулсан ялыг өршөөхөөр хуульчилсан байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалаар шүүгдэгч Б.У, Н.Э нарт  оногдуулсан торгуулийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэхээр тус тус өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

Энэ зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг ...яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг салонд Б.У, Н.Э нарын хооронд болсон үйл явдлыг мөрдөн шалгах явцад үүнд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг хоёр шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст дээрхи нэр бүхий хоёр шүүгдэгчийг хэн алиндаа хүч хэрэглэн халдаж бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд Б.У, Н.Э нарыг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэр хэмжээ, хөөн хэлэлцэх хугацаа, ялын тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

Гэм хорын хохирол хүлээсэн, эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн өгөх үүрэгтэй юм.

Эрх бүхий этгээдээс ийнхүү гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамааралтай, уг хохирлын хэмжээг тогтооход хангалттай бол шүүх иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэдэг болно.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх хохирол хүлээсэн гэж үзэн иргэний нэхэмжлэл гаргасан этгээдээс баримт сэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, түүний гомдлын шаардлага нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянан үзсэнээр түүнийг бүрэн эсхүл хэсэгчлэн хангах, эсвэл хэрэгсэхгүй болгодог билээ.

Эдийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбогдуулан Н.Э-ийн гаргаж өгсөн зарим нотлох баримт шаардлага хангаагүй, мөн олох байсан орлоготой холбоотой нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэж (хэргийн 2 дахь хавтас, 233 дахь тал) хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, иргэний нэхэмжлэлийн олох байсан орлоготой холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхих талаар шүүгдэгч Н.Э-ийн гаргасан гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх хуралдаанаар тогтоосны дараа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэдэг билээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн  хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан үүрэг болгосон (императив) хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэдэг болно.

Тиймээс шүүхэд үүрэг болгосон заалтыг хэрэглээгүй явдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”-д тооцож, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т тодорхойлсон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчилдөг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэгт дээр дурдсан үүрэг болгосон Эрүүгийн хуулийн (ерөнхий ба тусгай ангийн) хэм хэмжээг болон гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг (аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал г.м) зохицуулсан заалт хийгээд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй явдлыг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишиг тогтсон ойлголт юм.

Өршөөл үзүүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлдөг, мөн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольдог зөвхөн хуулиар зохицуулдаг онцгой ажиллагаа билээ.

Тиймээс нэг удаагийн үйлчлэлтэй, шүүх заавал хэрэглэвэл зохих Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээ, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогч тусгайлан зохицуулдаг болно.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээд уг хуульд хамаарахаар тогтоосноос гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, 12 дугаар зүйлийн 12.10-т “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж тус тус тодорхой заажээ.

 Шүүгдэгч Б.У, Н.Э нарын хувийн байдал болон тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, мөн шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6, 7 дугаар зүйлээр тогтоосон хязгаарлалт хийгээд 9 дүгээр зүйлд заасан хоригт тус тус хамаарахгүй байхад анхан шатны шүүх “шүүгдэгч Н.Э, Б.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй” гэсэн дүгнэлт хийж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар магадлалд “Б.У, Н.Э нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан тус бүрийг 500,000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН