Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 35

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Э.Анхзаяагийн нэхэмжлэлтэй тус аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч нарт холбогдох Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Анхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагч Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Бат-Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, гуравдагч этгээд Э.Баянзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Э.Анхзаяа би Завхан аймгийн Цагаанхайрхан суманд нөхөр, 0-8 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Би дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 2008 оноос хойш тасралтгүй ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй бөгөөд алдаа дутагдал гаргаагүй, сахилгын шийтгэлээр шийтгүүлж байгаагүй. Гэтэл 2016 оны 11 дүгээр сард шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Бат-Амгалан нь ажилд орсон өдрөө чамтай хамтарч ажиллахгүй гээд элдэв шалтаг хайж байгаад албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр надад сахилгын шийтгэл ногдуулсан. Ингээд би 2016 оны сүүлчээр ээлжийн амралтаа авч амраад ажилдаа ортол 2 хоногийн дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлаас халсан. Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 7.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн намайг ажлаас халсан. Ийнхүү дээрх тогтоолоор намайг ажлаас халахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 онд 35 тогтоол шийдвэр гаргасан ба түүний 5 шийдвэрийг нь хурал хуралдуулж хууль дүрмийн дагуу шийдвэр гаргасан, 30 шийдвэрийг нь хурал хуралдуулалгүй тогтоол төлөвлөн баталгаажуулж, нутаг орон ард иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хурлын тэмдэглэл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө дотоод журам байхгүй, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй үнэлгээ үзүүлж байгаа, урьд өмнөх сануулах арга хэмжээ авсан боловч өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, тухайн албан тушаалд ажиллах эрхийн шалгалтад хамрагдсан эсэх, шалгалтанд тэнцсэн эсэхийг танилцуулахгүй, тайлбар өгөхгүй байгаа, хувийн хэрэг бүрдүүлээгүй, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийн утга агуулгыг ноцтой алдагдуулсан зэрэг үндэслэлийг дурдсан байна.

Намайг ажлаас халсан Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолыг би үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг тогтоолд дурдсан олон зөрчлүүдийн нэгийг нь ч шалгаж тогтоосон зүйл байхгүй бөгөөд надаас нэг ч удаа тайлбар аваагүй гэнэт халсан. Мөн дээрх тогтоолд зааснаар шийдвэр хуралдуулалгүй гаргасан, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам байхгүй, хувийн хэрэг бүрдүүлээгүй гэх асуудлууд нь хурлын нарийн бичгийн даргын чиг үүргийн асуудал биш, харин хурлын дарга, тэргүүлэгчдийн чиг үүрэгт хамаарах асуудал юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Бат-Амгалан нь ажилд орсоноосоо хойш намайг халах шалтаг хайж, 2016 оны жилийн эцсээр миний үр дүнгийн гэрээг ажил шалгаагүй байж, өөрийн дураар хангалтгүй гэж дүгнэсэн. Энэхүү үнэлгээг нь би хүлээн зөвшөөрөхгүй гээд үр дүнгийн гэрээний дүгнэлтэн дээр гарын үсгээ зураагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр би Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд нэг тогтоолоор намайг Төрийн албаны тухай хуулийн албан тушаал бууруулсан заалтыг болон төрийн албанаас халах заалтыг хамтад нь барьсан нь үндэслэлгүй юм. Иймд Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагч миний ажлаа хэвийн явуулах нөхцлийг алдагдуулж, эрх ашгийг минь ноцтой зөрчсөн үндэслэлгүй тогтоол гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Э.Анхзаяа миний бие Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Миний бие 2009 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл буюу 9 дэх жилдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хийсэн. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Харин зэрэг, дэвээ ахиулж, сайшаал урамшуулал авч үүрэгт ажлаа нэр төртэйгөөр хийж байсан. Ээлжит сонгууль болсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажлаа авсан. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 10-д гаргаад, надад сануулах арга хэмжээ авсан юм. Надад сануулах арга хэмжээ авсан гэдгийг хурлын тэмдэглэл хөтөлж байхад үед л мэдсэн. Ийнхүү сануулах арга хэмжээ авсны дараа миний бие ээлжийн амралтаа аваагүй байсан тул амраад, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ажилдаа орсон. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцэх асуудал, төлөвлөгөөгөө мэдэхгүй гэнэт орсон чинь ажлаас халах тухай тогтоол уншсан. Тухайн үед миний бие хэлэлцэх асуудлынхаа төлөвлөгөөтэй танилцаагүй, энэ талаар надад урьдчилан мэдэгдээгүй. Миний тухайд Л.Бат-Амгалан даргатай долоо хоног л ажилласан байгаа. Би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 9 жил ажилласан байхад долоо хоногийн дотор намайг үнэлэх боломжтой юу? энэ бол асуудалтай. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бол надад ямар нэгэн арга зүйн зөвлөгөө өгөөгүй. Мөн албан ёсны комисс гаргаж миний ажлыг шалгаагүй. Ийм байдлаар дээрх шийдвэрүүдийг гэнэт гаргасан. Яагаад намайг ажлаас халж байгааг би мэдсэн байх ёстой. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нийт 35 тогтоол гарсан байсан. Үүнээс 5 тогтоол нь хурлын тэмдэглэлтэй, харин 30 тогтоол нь хурлын тэмдэглэлгүй. Миний тухайд Хурлын даргын зөвшөөрлөөр хурал зарласан үед нь Тэргүүлэгчдийг дуудах ажлыг хийж байсан. Хурлын тэмдэглэлгүй байгаа тогтоолуудын ихэнх нь шагналын материалууд байдаг. Учир нь төлөөлөгчдийг цуглуулах боломжгүй үед гэнэт л шагналд тодорхойлох тогтоол гарга гэж Хурлын дарга хэлдэг байсан. Миний тухайд Хурлын даргын шийдвэрийн дагуу л тэр тогтоолуудыг гаргасан. 2016 оны үр дүнгийн гэрээг өмнөх Хурлын даргатай байгуулсан. Ийнхүү миний үр дүнгийн гэрээг дүгнэж амжаагүй байхад шинээр Хурлын дарга сонгогдсон. Тиймээс 2016 оны үр дүнгийн гэрээг Л.Бат-Амгалан дарга дүгнэсэн юм. Ийнхүү миний үр дүнгийн гэрээг дүгнэхдээ надаас ямар нэгэн тайлбар аваагүй. Би ч гэсэн ямар нэгэн тайлбар хэлээгүй. Тухайн үед би хэлэхдээ та өөрийнхөөрөө миний үр дүнгийн гэрээг дүгнэчих, гэхдээ би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Анхзаяагийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаасаа халагдсан. Ийнхүү ажлаас халагдсан үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 23.1.2, 25.1.1, 26.1, 26.1.3, 26.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 131 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 7.1 дэх заалтуудаар халагдсан байна. Хариуцагч талаас өгсөн тайлбарууд болон маргаан бүхий тогтоолоос харахад Нэгдүгээрт: Нэхэмжлэгчийг үйл ажиллагааны үр дүнгээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Бичгийн нотлох баримт шинжлэн судлахад Хангалтгүй, Дутагдалтай гэсэн үнэлгээнүүд нь тусдаа үнэлгээ байна. Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь 2016 оны үр дүнгийн гэрээгээ Дутагдалтай буюу D гэсэн үнэлгээ авчээ. Харин F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээ аваагүй байна. Төрийн жинхэнэ албан хаагч нь тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Мөн ажлаа дахин шалгуулах, биелэлтийг шаардах эрхтэй байдаг. Энэхүү эрхээ эдлэхийн тулд нэхэмжлэгч нь 59.3 буюу D гэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тийм учраас үнэлгээн дээрээ гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийг үйл ажиллагааны үр дүнгээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийг шалгалтанд ороогүй гэж хэллээ. Ийнхүү шалгалтанд ороогүй нь тухай төрийн албан хаагчийн буруу биш. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид өөрсдөө шийдвэрээ гаргаад, сул орон тооныхоо захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд өгөх ёстой. Түүнээс биш Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн байгууллагын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах боломжгүй юм. Мөн тухайн төрийн албан хаагч миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулаад өгөөч гэсэн захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр энэ асуудал нь Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Энэхүү асуудал нь залгамж чанартай байдаг учраас хариуцагч Л.Бат-Амгалан даргатай холбоотой юм. Гуравдугаарт нэхэмжлэгчийг хуралдаан зарлахгүйгээр шийдвэр гаргасан гэж хэллээ. Тодруулбал 30 тогтоолыг хэлэлцэхгүйгээр гаргасан гэж хэлсэн. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйл дээр Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх асуудал нь Тэргүүлэгчдийн бүрэн эрх байна. Тэгэхээр нэхэмжлэгч Э.Анхзаяа нь Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдаад, өөрийнхөө санаачилгаар Хурлын хуралдааныг зарлах боломжгүй. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын эрх, үүргийг тусгайлан заасан зүйл байдаггүй. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тусгайлан заасан байдаг. Энэхүү бүрэн эрхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга халдах боломжгүй гэдгийг хариуцагч Л.Бат-Амгалан дарга мэдэж байгаа байх. Дөрөвдүгээрт нэхэмжлэгч Э.Анхзаяаг Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан байна. Гэтэл Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралт дээр Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам гэж байдаг. Төрийн захиргааны албан хаагч бол төрийн жинхэнэ албан хаагч юм. Хэрвээ төрийн жинхэнэ албан хаагчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол заавал шалгаж тогтоох шаардлагатай. Тодруулбал нэхэмжлэгчийн сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэргийн материалд огт байдаггүй. Тавдугаарт нэхэмжлэгч Э.Анхзаяа нь гурван нас хүрээгүй хүүхэдтэй. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т зааснаар нэг нас хүрээгүй хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байгаа. Ямар тохиолдолд ажлаас халж болох вэ? гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр халж болно. Үүнээс бусад ямар ч тохиолдолд ажлаас халахыг хориглодог. Тиймээс нэхэмжлэгч Э.Анхзаяагийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байна. Мөн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулдаггүй. Учир нь нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулаад, сахилгын шийтгэл ногдуулаад ажлаас нь халчихсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь нэхэмжлэлдээ: Л.Бат-Амгалан нь ажилд орсон өдрөөсөө чамтай хамтран ажиллахгүй гэж шалтаг хайн гэжээ... Би чамтай хамтран ажиллахгүй гэж хэлээгүй юм. Учир нь 2016 оны 4 дүгээр сард төрөлх сумандаа шилжин ирж орон нутгийн сонгуулийн үр дүн, ард иргэдийнхээ халуун итгэл, хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн 11 дүгээр сарын 07-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдон үүрэгт ажлаа хүлээн авч сумын Засаг даргаа батламжлуулах ажилдаа орж Улиастай суманд цаг үеийн ажил хөөцөлдөж 3 хоног ажилласан. Сумын Засаг даргад батламжлуулах хүнийг аймгийн Засаг дарга тодорхой шалтгааны улмаас батламжлаагүй ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах шийдвэрт хүрч 2016 оны 11 дүгээр сарын 15-нд ажилдаа ирж тухайн өдрөө орон нутагт тулгамдсан асуудал болсон Хогзийн арын замыг засах ажлыг зохион байгуулж замаа засварласан юм. 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 15-ны өдрийг дуустал надад тухтай сандалд суух, хүнтэй тухтай ярих ч зав байгаагүй юм. 11 дүгээр сарын 16-17-нд өнгөрсөн хугацааны ажилтайгаа танилцахад шаардлага хангасан хурлын материал байхгүй, тэмдэглэл протокол байхгүй, тогтоолын бланк нь стандарт бус, хурлын ирц бүртгэл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам байхгүй, эмх цэгцгүй, зарим оны хурлын материал огт байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Яагаад ийм хариуцлагагүй байна вэ. Ийм байж болохгүй, нутаг орон ард иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна гэж би үзэж байна гээд тайлбар хүссэн.Гэтэл Э.Анхзаяа иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын хэлснийг л би хийдэг, би бол хариуцах ажилтан биш гэж тайлбарлаж байсан. Энэ хүн бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг улс төрийн байгууллагадаа төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой шүү дээ. 2016 оны 11 дүгээр сарын 07-нд болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны бэлтгэл ажил хангалтгүй бөгөөд тогтоолын баримт бичгийн стандарт хангаагүй, хуудасны дээд, доод, хойд, урд зай стандартын бус, найруулга зүйн алдаатай, дугаарлал дутуу, толгой алдаатай гэх мэт бүтэн 8 жил энэхүү ажлыг хийсэн боловч бүх зүйл нь хангалтгүй байсан./ нотлох баримтыг хавсаргав/. Мөн 11 дүгээр сарын 13-нд болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Засаг даргыг өргөн мэдүүлэх ээлжит бус хуралдааны бэлтгэл ажлыг хангаагүй буюу албан бичиг, тогтоолын төсөл боловсруулагдаагүй, Төлөөлөгчид хуралдах явцад хүйтэн байранд даарлаа гэсэн санал гомдол тавигдсан, хурлын холбогдох материалыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүрдүүлэх талаар би хурлын даргын хувьд үүрэг даалгавар өгсөн 7-ны өдрийн хуралдаан шаардлага хангахгүй байсан учраас энэ чиглэлийн дагуу Э.Анхзаяа тодорхой ажил хийгээгүй, мөн 13-ны хуралдааны материал шаардлага хангаагүй учир би өөрөө бүх тогтоол, шийдвэрийн төслөө хийж, гүйцэтгэж, хурлын материалуудаа өөрөө эмхлэн баталгаажуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Анхзаяад сануулах арга хэмжээ авах талаар Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцэгдэж, хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар уг сахилгын арга хэмжээ авагдахаар болсон. Тэгээд нарийн бичгийн дарга Э.Анхзаяаг тогтоолоо төлөвлөөд ороод ир гэхэд, чи арга хэмжээ авсан юм чинь чи өөрөө төлөвлө, би өөртөө арга хэмжээ авсан тогтоолыг төлөвлөхгүй гээд хугацаа алдсан. Тэгээд цаг хугацаа алдаад байхаар нь би тэргүүлэгчдийн Хурлын шийдвэрийг төлөвлөн ёсчлон баталгаажуулж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн Э.Анхзаяад сануулах арга хэмжээ авсан. /нотлох баримтуудыг хавсаргав/ Мөн алдаа доголдолтой зарим баримт бичгийг өөрт нь өгч байсан болно. 2016 оны 12 дугаар сарын 02-нд сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын хурал дээр өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байна. Архив хэрэг, хөтлөлт сайжрахгүй байна. Хувийн хэрэг, холбогдох шалгалтын материалаа танилцуулахгүй байна, хурлын ажил явуулахад хүндрэлтэй байгааг хэлж, иймэрхүү байвал чамтай хамтран ажиллах боломжгүй гэдгийг хамт олны чинь нүүрэн дээр хэлсэн ба ажилд орсон өдрөөсөө өө эрж хамт ажиллахгүй гэдэг нь ор үндэслэлгүй үг хэлсэн байна. Шаардлага тавихад өмнө ингээл болдог байсан, би ажлаа мэднэ, хуулийн сургууль төгссөн хүн зэргээр тайлбар хэлэн цонхоор хараад сууж байсан. Үүнийг тухайн үед нь хурлын Тэргүүлэгч Б.Очирбат, Д.Даваасүрэн нар сануулан хэлж байснаа нотлох байх. Эдгээр тэргүүлэгчдээс тайлбар авахуулах хүсэлтэй байна. Үүний дараа Э.Анхзаяа нь аав Энхболд, ээж Сэмжид нарын хамт уулзсан. Тэр үед би урьд урьдны хүмүүсийн адил ард түмнийг хуурсан мэхэлсэн ажил хийхгүй ээ, шаардлага биелүүлээд үүргээ ухамсарлаад ажиллавал хамтраад ажилланаа гэдгээ хэлж байсан. Энэ үед ч Э.Анхзаяа хамтарч ажиллах боломжтой хүн гэж харж байгаа, зөв шаардлага тавьж байгаа гэж хэлж байсан. Энэ сануулах арга хэмжээ авсан тогтоолоо буцаачихаач гэж гуйж өөрсдийнхөө алдаа дутагдлаа ойлгож байгаагаа хэлсэн. Энэ үеүүдэд тухай бүр шаардлага тавьж зөвлөж хэлж тогтоолын бланк зэргийг шинээр үйлдэн шаардлага хангасан бланкыг өөрөө хийж хэвлэн өгч байсан. Ингээд сануулах арга хэмжээ аваад ажлаа сайжруулах байх гэж үүрэг даалгавар дахин өгсөн боловч биелүүлээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрүүдэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус тус хуралдсан ба тухайн хурлуудад Э.Анхзаяа нь өөрөө дур мэдэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан биш гадны байгууллагын ажилтан буюу цаг уурч н.Дэлгэрмааг оруулж ирэн протокол хөтлүүлж, хурлын явцад өөрөө гар утсаа оролдон сууж өөрийн хариуцсан ажлыг хийгээгүй байсныг тухайн хуралд оролцсон Тэргүүлэгчид гэрчлэнэ. Энэ үед би энэ н.Дэлгэрмаа гэдэг хүн яахаараа манай байгууллагын тэмдэглэл хөтөлдөг юм. Э.Анхзаяа чи хөтлөх ёстой биздээ гэхэд Э.Анхзаяа, н.Дэлгэрмаа нь манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба байгуулсан тогтоол, шийдвэр урьд өмнө гарсан юм байвал аваад ир, тэгээд ажлын албанд цаг уурч н.Дэлгэрмааг орулсан шийдвэр байна уу гэхэд гаргаж өгөөгүй мөртлөө Э.Анхзаяа нь өөрийн үндсэн ажлаа гадны байгууллагын н.Дэлгэрмаа гэдэг хүнээр хөтлүүлж тэр хурлыг дуусгасан. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний үед аймгийн архивийн тасгийн дарга н.Даваадэмбэрэл гэдэг хүн над руу залгаад танай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2000 оноос хойшхи архивын материал одоо хүртэл ирдэггүй, үүнийг яаралтай хангуулж авчир. 2016 оны 4 дүгээр сард өгсөн байх ёстой шүү дээ гэж ярьсны дагуу Э.Анхзаяагаас тайлбар авахад манай байгууллагад байх ёстой гэж тайлбар хэлсэн. Тэгээд би 2016 оны 11 дүгээр сарын 14-нд Завхан аймгийн Архивын тасгийн дарга н.Даваадэмбэрэлтэй биечлэн уулзаж тайлбар, өөрийн байгууллагын баримт архивт шилжүүлэх зааварчилгаа авсан. Тэгэхэд н.Даваадэмбэрэл дарга, ажилтан н.Хишигдэлгэр нар нь танай нарийн бичиг Э.Анхзаяа урьд нь 2 удаа шилжүүлэх гэж материалаа авчирсан, тэр нь шаардлага хангахгүй материалууд байсан учраас 2 удаа буцаасан гэж хэлсэн. Үүний дараа амраагүй даргаа амралтаа авъя гэхэд нь би үр дүнгийн гэрээ, хувийн хэрэгтэй чинь би танилцая, ажлын төлөвлөгөө, үр дүн, гүйцэтгэл юу байна, танилцуул, хурлын материалуудаа цэгцэл, Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 18 хурлын тэмдэглэлийг бичмэлээр гаргаж хянуул, аймгийн архивын тасгаас дахиад яриад байна, архивын материалаа янзал яагаад одоо болтол өгөөгүй байдаг юм бэ, үүнийгээ янзлаад амралтаа ав гэсэн. Гэтэл эдгээр үүрэг даалгаврыг биелүүлэхгүй үл ойшоосон. Одоо хүртэл энэ хүний хийх ёстой ажлууд хийгдээгүйгээс дараа дараагийн ажлууд цалгардаж, ажил явуулахад байнга хүндрэл учирч байна. Эдгээр үүрэг даалгаварыг биелүүлээгүй бөгөөд яагаад биелүүлээгүйгээ танилцуулаагүй, хувийн хэрэг байхгүй байна, би шалгалтад орсон гэж хэлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан үед хурлын материалыг баримтжуулахаар хурлын ирц бүртгэл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, портокол тэмдэглэлтэй танилцан баталгаажуулан архивлах явцад гүйцэтгэл байхгүй оромдох төдий бичиг үсгийн алдаа их, баримт бичгийг стандарт бусаар үйлдсэн зэрэг зөрчил тухай бүр гаргаж байсан. Эдгээр зөрчлүүд нь ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тодорхой байгаа юм. Э.Анхзаяа нь өөрийн үүрэгт ажлаа зохих хэмжээнд гүйцэтгэж чадахгүй байнга хугацаа хожимдуулж байсан учир миний бие 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 2017 оны 1 дүгээр сарын 06-н хүртэл албан баримт бичгээ өөрөө төлөвлөн, эмхтгэж, ирсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Анхзаяа нь 2008 онд анх ажилд орохдоо төрийн жинхэнэ албан хаагчдын шалгалт өгч орох байсан ба одоог хүртэл төрийн албаны шалгалт өгөөгүй байдаг. Үүнийг нь тогтоохоор төрийн албаны оны салбар зөвлөлд 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 7/002 дугаарын албан бичгээр хүсэлт гаргуулан авахад салбар зөвлөл нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот албан бичгээр төрийн жинхэнэ албанд орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэлгүй байна гэсэн хариу ирүүлсэн болно. Энэ нь төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах эрхгүйгээр шалгалтад ороогүй, ажлын байр зарлуулаагүй удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй ах дүүс танил талаараа хаацайлуулан холбогдох хууль, журмыг зөрчин бүтэн 8 жил давуу эрх эдэлж байсан байдаг. 8-н жил холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, үндэслэлгүйгээр цалинжиж, Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын ажлын байрны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болоогүй атлаа цалин дээрээ нууцын нэмэгдэл, томилолт, бусад урамшуулал зэргийг авч хууль зөрчсөн байдаг. Иймд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тоо нь 8 жилийн өмнөөс сул байсан гэдэг нь харагдаж байгаа учраас энэ ажлын байран дээр албан ёсны шалгаруулалтыг зарлах болно. 2016 оны Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурал нь нийт 35 тогтоол шийдвэр гаргаснаас 5 тогтоол нь хуралдаж гаргасан гэж үзэж болох хурлын тэмдэглэл буюу Э.Анхзаяагийн ам мэдүүлгээр тогтоогдсон. 30 тогтоол нь хуралдаагүй нь үнэн, би бол даргын л хэлсэнийг хийх ёстой хүн гэсэн тайлбараар нотлогдож байгаа ба би иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга Э.Анхзаяа нар нь хууль бусаар тогтоол төлөвлөн баталгаажуулж нутаг орон, ард иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байдаг. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд хуралд хэлэлцсэн асуудал, оролцсон тэргүүлэгчдийн хэлээгүй үгийг зохиож бичиж, хэлсэн үгийг огт бичээгүй, утга алдагдуулж гуйвуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан. Өөрөө тэр хурлын тэмдэглэлийг хөтлөөгүй, утсаа оролдож сууж байсан ба дараа нь нөхөж бичиж хянуулахдаа дээрх ноцтой зөрчлүүдийг гаргасан. Уг тогтоолд дурдсан олон зөрчлүүдийг нэгийг нь ч шалгаж тогтоосон зүйл байхгүй бөгөөд надаас нэг ч удаа тайлбар аваагүй гэсэн нь зөрчил шалгаж, илэрсэн тухай бүрт сануулж шаардаж байсан зөрчил нь тодорхой бөгөөд Э.Анхзаяагийн тайлбар өгч байсан хурлын портокол, тэмдэглэлийг хавсарган хүргүүлэв. Мөн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2000-2010 оны байнга хадгалагдах архивын баримтаа аймгийн төв архивт өгөөгүй нь Завхан аймгийн архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш удаа дараа утсаар шаардлага тавьж ярьсан. Үүний үүрэг даалгаварыг тухай бүр өгч байсан ч биелүүлээгүй, энэ талаар огт ажил хийгээгүй бөгөөд энэ нь ажил нь халагдсаны дараа ч ажилд хүндрэл учруулж байна. Архивын тасгаас манай байгууллагад шаардлага хүргүүлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн А/24 дүгээр албан бичиг, 2000-2008 оны баримтаа заавал өгөхийг шаардсан. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/156 дугаар албан бичгүүд удаа дараа ирсэн нь ажил үүрэгт заагдсан ажил үүрэг гүйцэтгээгүйг харуулж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангалаа гэж бодоход Э.Анхзаяа нь бүхэл бүтэн 16 жилийн баримтыг заавал гаргах ажлыг нэг бүрчлэн хийх, тэр тусмаа Э.Анхзаяа энэ ажилд орсон цагаас хойш 2008 оноос хойш бүтэн 8 жилийн баримтыг хуурамчаар бүрдүүлэхээс өөр арга энэ хүнд байхгүй. Үүнийг заавал хийхгүй бол нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга гэлтгүй архивын тухай хуулиар хариуцлага хүлээх болоод байна. Ажил үүргээ ухамсарлан хариуцсан ажилдаа санаачлагатай хандан, мэргэшлээ дээшлүүлэхэд анхаарах биш, танил эрх мэдэлтнүүдээр удаа дараа яриулан эцэг эхээ уулзуулж байсан. Тэдгээр хүмүүс нь хариуцлага тооцуулахгүй байх талаар ярьж байсан. Энэ нь гэнэт халаагүй гэдгийг тодхон нотолж, ажлаас халах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх тогтоолд зааснаар шийдвэр хуралдуулалгүй гаргасан, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам байхгүй, хувийн хэрэг бүрдүүлээгүй гэх асуудлууд нь хурлын нарийн бичгийн даргын чиг үүргийн асуудал биш харин хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн чиг үүрэгт хамаарах асуудал юм. Гэсэн нь: Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал нь ТЗ-ын шатлалаар цалинждаг, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хуралд төрийн чиг үүргийг хангуулах, хурлыг мэргэжил арга зүйгээр хангах, хурлын бүх бэлтгэл ажлыг хангах, хурлын төсвийн захирагч этгээд юм. Үүний цаана ард иргэдийн маань эрх, ашиг асар ноцтой зөрчигдөж байсан нь тов тодорхой байна. 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 001 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухайд өмнөх алдаагаа засаж залруулахгүй үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн, гүйцэтгэсэн ажлын төлөвлөгөө үр дүн хангалтгүй нь төрийн албаны тухай хуульд зааснаар байгаа, ажлаас халах бүрэн үндэслэлтэйг нотлох баримтуудаар хүргүүлэв. Зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө Э.Анхзаяагийн явуулгаар арга хэмжээ авахгүй байхыг гуйж эцэг, эхээ уулзуулж, яриулж байсан. Ээж Сэмжид нь намайг хэл үгээр дайран занаж доромжилсон, Тэргүүлэгч н.Даваасүрэнг доромжилж занасан, миний нэр хүндэд асар ноцтой халдсан, айлын өнчин хүүхдээр худал хэлэн Засаг даргын Тамгын газрын байр луу архи өргүүлсэн, хадам аав н.Баатарцогт нь Тэргүүлэгч н.Ганхуягийг заамдан дарамталсан зэрэг нь гэрчтэй, гар утасны дуу хураагуурт хураагдсан бичлэг зэрэг нотолгоотой юм. Иймд Э.Анхзаяагийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлыг 100 хувийн саналаар хүлээж авсан. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр анхдугаар хуралдаан зохион байгуулахад хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, хуралдааны дэг, гарах ёстой тогтоолуудыг төлөвлөж орсон. Энэ ажлыг Хурлын нарийн бичгийн дарга хангаж ажиллах ёстой. Гэтэл энэ ажил үнэхээр хангалтгүй байсан. Иймд анхдугаар хуралдааны үйл ажиллагааг миний бие төлөвлөж явуулсан. Нэхэмжлэгч Э.Анхзаяад 2016 оны 11 дүгээр сард сануулах арга хэмжээ авсан байдаг. Энэ асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь тэмдэглэл хөтлөх, хурлын бэлэн байдлыг хангуулах зэрэг ажлыг үнэхээр хангалтгүй хийдэг байсан. Өөрөөр хэлбэл нэг ажлыг найман жил хийсэн хүн гэхэд дандаа бичиг, үсгийн алдаатай, тогтоол шийдвэрүүд төлөвлөж чаддаггүй. Үүнээс болж маш их цаас үрж, цаг хугацааг алдаж байсан. Сая нэхэмжлэгч тайлбартаа тавхан хоног ажилласан гэж хэллээ. Би нэхэмжлэгчтэй тав хоног биш, тавин хоног хамт ажилласан. Мөн Завхан аймаг дээр сургалтанд хамт сууж байлаа. Тэр сургалтыг хүртэл Э.Анхзаяа тасдаад явж л байсан. Бүтэн хоёр өдрийн турш явагдсан сургалтын талаар багш нар тайлбар авахад Э.Анхзаяа тайлбарлаж чадахгүй зогсож л байсан. Энэ тал дээр Э.Анхзаяа учир дутагдалтай байлаа. Анхдугаар хуралдаан дээр Э.Анхзаяаг цаашдаа хичээж ажиллах шаардлагатай гэж сануулж байсан. Үүнээс хойш маш олон тогтоол шийдвэрүүд гарсан байдаг. Энэ бүх ажлыг Э.Анхзаяа үнэхээр хангалтгүй биелүүлж байсан юм. Энэ талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Тухайлбал миний ширээн дээр үлдсэн хэдхэн нотлох баримтуудыг авч ирсэн. Бусад алдаа дутагдлыг тухай бүр нь балаар засаад явуулж байлаа. Тэгээд сануулах арга хэмжээ авахад хүлээн зөвшөөрөхгүй гээд, маргааш нь аав ээж хоёрыгоо дагуулж над дээр ирсэн. Тэгэхэд нэхэмжлэгч хэлэхдээ тантай хамтарч ажиллахад болохгүй зүйл байхгүй, та бол зөв шаардлага тавьж байна, өмнө нь би учир дутагдалтай дарга нартай ажиллаж байсан гэдгийг аав, ээжийнхээ өмнө хүлээн зөвшөөрч хэлж байсан. Мөн нэхэмжлэгчийн аав, ээж нь сануулах арга хэмжээгээ болиоч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би гаргасан тогтоол, шийдвэрээ үгүйсгэх боломжгүй, би төрийн ажилд хариуцлагатай хандах ёстой иймд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж хэлсэн. Мөн нэхэмжлэгч нь цаашдаа өөрийгөө дайчилж, өөрийгөө хөгжүүлж, ажилдаа мэргэших тал дээр анхаарч ажиллах юм бол би хамтарч ажиллана гэдгийг аав, ээжид нь хэлсэн байдаг. Э.Анхзаяагийн 2014, 2015 оны үр дүнгийн гэрээ байна уу? эдгээр үр дүнгийн гэрээний биелэлтийг харъя. Мөн 2016 оны үр дүнгийн гэрээгээ аваад ир гэж хэлсэн. Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орсон байх ёстой. Ийнхүү удирдах албан тушаалтны шалгалтанд орсон эсэхээ танилцуулна уу. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувийн хэрэгтэй танилцъя гэж удаа дараа хэлж, анхааруулж байсан. Тэгэхэд Э.Анхзаяа ээлжийн амралтаа авсан. Нэхэмжлэгчийг амралтаа аваад явахад нь чи энэ хугацаанд удирдах албан тушаалтны шалгалтанд орсон эсэхээ танилцуулаарай гэдэг үүрэг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь хувийн хэргээ алга болгосон гэж ярьдаг. Хэрвээ хувийн хэргээ алга болгосон бол дахин шинээр үүсгэж, бий болгоод ирээрэй гэж хэлж байлаа. Ийнхүү нэхэмжлэгчийг ажилдаа ороод ирэхэд нь хувийн хэргээ яасан бэ? гэж асуухад би энэ хугацаанд хүүхдээ аваад, аймаг орж хувийн хэрэг бүрдүүлэх зав байгаагүй гэдэг тайлбарыг хэлсэн. Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг төлөвлөхдөө үнэхээр шаардлага хангадаггүй байсан. Тухайлбал өмнөх оны архивын баримтуудыг харахад ойлгогдох байх. Тийм учраас 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш Э.Анхзаяаг ажлаас халагдах хүртэл би өөрөө хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, тогтоол, шийдвэрээ өөрөө төлөвлөж ноороглодог байсан. Ийнхүү ноороглоод өгсөн зүйлийг Э.Анхзаяа шивэхдээ дандаа бичиг, үсгийн алдаатай зүйл хийдэг байлаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 60 хоногийн хугацаанд нутаг орны асуудлыг шийдвэрлэхээр маш олон тогтоолуудыг гаргасан байгаа. Энэхүү тогтоолуудыг гаргахад албан ёсны хурлыг үргэлж зохион байгуулдаг байсан. Өөрөөр хэлбэл хэд хэдэн удаагийн хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгч Э.Анхзаяа дур мэдэн цаг уурч н.Дэлгэрмаагаар хөтлүүлсэн байдаг. Эхний удаа хурлын тэмдэглэл хөтлүүлэхэд нь би дуугүй өнгөрсөн. Дараагийн удаа хурлын тэмдэглэл хөтлүүлэхээр нь би хэлсэн. Ингэхдээ цаг уурч н.Дэлгэрмаа нь яагаад хурлын тэмдэглэл хөтлөөд байна вэ? энэ ажил нь чиний ажил юм биш үү, чи яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Э.Анхзаяа нь өмнө нь бид нар н.Дэлгэрмаагаар хурлын тэмдэглэл хөтлүүлэхээр шийдвэр гаргасан гэдэг. Тэгэхээр нь би н.Дэлгэрмаагаар хурлын тэмдэглэл хөтлүүлэхээр гаргасан шийдвэрээ аваад ирээ гэж хэлэхэд ямар нэгэн шийдвэр үзүүлээгүй. Өмнө нь дарга бид хоёр ингэж ажлаа хийгээд л явдаг байсан. Та намайг ажлаас халах шалтгаан хайж байгаа болохоор ийм шаардлага тавилаа гэж хэлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архивын талын асуудал үнэхээр учир дутагдалтай байсан. Анхдугаар хуралдаанаас хойш бусад хурлын бэлтгэлийг хангуулахдаа миний шаардлагын дагуу Э.Анхзаяа ажиллаж байсан. Гэвч Э.Анхзаяа нь хангалттай сайн ажиллаж чаддаггүй байсан. Тийм учраас Э.Анхзаяаг ажлаас халах асуудал яригдаж, арга хэмжээ авагдсан юм.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг яръя. Үүнд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Эхний шаардлагын тухайд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулах асуудал яригдлаа. Маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг олон талаас баримталсан байна гэж хэллээ. Тэгэхээр тухайн үеийн нөхцөл байдалд нь тохируулж Төрийн албаны тухай хуулийг баримталсан гэж ойлгож байна. Тухайн үед хариуцагчийн яриад байгаа зөрчлүүдийг гаргасан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хоёрдугаарт ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хаана, яаж тогтоодог юм бэ? гэхээр Э.Анхзаяагийн цалингийн цэс болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн тогтоодог байгаа. Ийм учраас 2005 оны Хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг тогтоодог журмаар тодорхойлох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн гол онцлог бол холбогдох нотлох баримтыг хэргийн оролцогчид өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх хэргийг хянан шийдвэрлэх эрхтэй. Тухайн үед Э.Анхзаяа нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараа өгсөн байна. Гэхдээ өөрийнхөө ажиллаж байсан үеийн цалингийн бичилттэй хэсгийг гаргаж өгөөгүй байна. Энэ бол нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцлагагүй байдал юм. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг дуусаад, нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэхүү шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарыг хариуцагч өөрөө тайлбарлана. Нэхэмжлэгч тал сахилгын шийтгэлтэй холбоотой асуудал ярьж байна. Гэтэл нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй холбогдуулан гомдол гаргах эрхтэй байсан. Учир нь Э.Анхзаяад сахилгын шийтгэл авагдлаа гэдгийг мэдсэн байна. Дараа нь сахилгын шийтгэл ногдуулсан тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гардаж авсан байна. Тэгэхээр 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд шүүхэд хандах эрхтэй байжээ. Сахилгын шийтгэлтэй холбоотой гомдлыг Төрийн албаны салбар зөвлөлд гаргадаггүй, шүүхэд гомдлоо гаргах ёстой. Ийнхүү гомдол гаргаагүй учраас тухайн сахилгын шийтгэл ногдуулсан тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээр 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах асуудал байхгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн тогтоолыг гаргахдаа давтан зөрчил гаргасан талаар дурдсан байдаг. Энэхүү давтан зөрчил нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр авагдсан сахилгын шийтгэл юм. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл авагдсанаас хойш нэг жилийн дотор хүчин төгөлдөр байдаг. Энэ талаар Төрийн албаны тухай хуулинд зохицуулсан. Нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх зүйлийг ярилаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулинд давтан зөрчлийн талаар зохицуулаагүй байдаг. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан давтан зөрчлийг Э.Анхзаяа гаргасан тул ажлаас халах үндэслэлтэй. Маргаан бүхий тогтоолын үндэслэлд Э.Анхзаяаг хуралдахгүйгээр 35 тогтоол гаргасан талаар яригдсан. Үүнийг Э.Анхзаяа тайлбарлахдаа манай дарга тогтоол гарга гэхээр нь гаргаж байсан, тиймээс надад хамааралгүй гэж тайлбарлалаа. Нэхэмжлэгч Э.Анхзаяад Төрийн албаны тухай хуулийн дагуу хүлээсэн үүрэг байгаа. Тодруулбал хууль бус албан тушаалтны шийдвэртэй эвлэршгүй байх үүргийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь 30 удаагийн зөрчлийг өөрөө хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Иймэрхүү байдлаар төрийн ажлыг явуулж болохгүй. Тэгээд өөрийнх нь зөрчлийг ярихаар надад хамааралгүй, тухайн үеийн даргатай холбоотой гэж тайлбарлах юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийг төлөвлөх нь Э.Анхзаяагийн ажил. Тодруулбал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ганцхан төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Энэ бол Хурлын нарийн бичгийн дарга юм. Ийнхүү Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ямар ч дарга солигдож байсан бүх ажлыг нь хийх ёстой. Тэгэхээр Э.Анхзаяа өөрийнхөө үүрэгт ажлыг хангалтгүй биелүүлдэг болох нь тогтоогдож байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч Э.Анхзаяа юу хийдэг нь тодорхойгүй байна. Учир нь нэхэмжлэгч Э.Анхзаяа тайлбар хэлэхдээ шинээр сонгогдсон Хурлын дарга болон өмнөх Хурлын дарга руугаа буруугаа өгчихөөд л сууж байна. Хэрвээ Э.Анхзаяа тогтоол, шийдвэр төлөвлөдөггүй, хурлын тэмдэглэл хөтлөхгүй юм бол Хурлын нарийн бичгийн даргаар ажиллах шаардлага байна уу? Тэгэхээр нэхэмжлэгч Э.Анхзаяа нь ёс зүйтэй тайлбар хэлмээр байна. Хариуцагч Л.Бат-Амгалан бол хуульч хүн биш болохоор хуулийн зүйл заалтыг олон талаас нь баримталсан байж магадгүй. Гэхдээ энэ хуулийн зүйл заалтуудын үндэслэл болгоныг тайлбарлаж байна. Ийм учраас нэхэмжлэгч Э.Анхзаяа нь холбогдох зөрчлийг гаргасан байна гэв.

Гуравдагч этгээд Э.Баянзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Надад хэлээд байх тайлбар алга. Нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа намайг ажилд авсан. Өөр нэмж хэлэх тайлбар алга гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Иргэн Э.Анхзаяа нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн байна. Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалтад зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна. Нэхэмжлэгчтөрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 001 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт 7.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 онд 35 тогтоол шийдвэр гаргасан ба түүний тавыг нь хурлыг хуралдаж хууль дүрмийн дагуу шийдвэр гаргасан, 30 хурлыг хуралдалгүй тогтоол төлөвлөн баталгаажуулж нутаг орон, ард иргэдийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн, хурлын тэмдэглэл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам байхгүй гэжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад зааснаар Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх бүрэн эрхтэй байна. Мөн тус хуулийн 22.1.1 дэх заалтад зааснаар сумын Хурлын дарга тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална гэж заажээ. Үүнээс үзэхэд хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл нь Хурлын дарга, Тэргүүлэгч нарт хамааралтай тэдгээрийн бүрэн эрхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдэгт тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгохоор байна.Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар дүгнэн 53.9 буюу дутагдалтай гэж 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр дүгнэж 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг хэрэглэж ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2 дахь заалтын үндэслэлийн тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгчид урьд өмнө сануулах арга хэмжээ авсан боловч өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, тухайн албан тушаалд ажиллах эрхийн шалгалтанд хамрагдсан эсэх, шалгалтанд тэнцсэн үгүйг танилцуулахгүй, тайлбар өгөхгүй байгаа, хувийн хэрэг бүрдүүлээгүй, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийн утга агуулга ноцтой алдагдуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын дагуу төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байх ба маргаан бүхий 001 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, мөн дээрх үндэслэлээр хуулийн 25.1.1 дэх заалтыг давхар зөрчсөн гэж үзэж хэрэглэсэн гэжээ. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтад заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үйлдлийг хариуцагч хэрхэн шалгаж тогтоосон, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан тус хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан тухайлсан ямар зөрчлийг гаргасан эсэх, уг зөрчлийг хэрхэн шалгаж тогтоосон нь тогтоогдохгүй байна. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4 дүгээр зүйлд Сахилгын шийтгэл ногдуулахүндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байхаар заасан байна. Гэвч хариуцагч нь уг журмын 4 дүгээр зүйлд заасан хэрэгжүүлбэл зохих /процесс/ ажиллагааг зөрчин хуралд шууд танилцуулж ямар сахилгын арга хэмжээ авах санал оруулж ямар сахилгын арга хэмжээ авахуулахаар Тэргүүлэгчдээр шийдвэр гаргуулсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад зааснаар уг хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдахаар байна. Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг тус зүйлд зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон баталгаагаар хангагдахаар байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ 10 сартай хүүхэдтэй байсан байна.

Хариуцагч нь маргаан бүхий 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 001 дугаар тогтоолын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 23.1.2, 25.1.1, 26.1, 26.1.3, 26.2 дахь заалтыг тус тус хэрэглэснээр тухайн тогтоол нь утга агуулгын хувьд нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан, мөн ажлаас халсан, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь давхардсан утгатай болсноор уг тогтоол нь утга агуулгын хувьд илт алдаатай, материаллаг эрх зүйн зөрчилтөй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгч Э.Анхзаяаг тус сумын хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэстэй байна.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Нийгмийн даатгалын дэвтрийн 2017 оны шимтгэл төлсөн хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн байх ба энэхүү баримтаар дундаж цалин хөлсийг нь тодорхойлох боломжгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Анхзаяагийн ажилгүй байсан 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 96 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлд заасны дагуу тооцож нэхэмжлэгчид олгохыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Э.Анхзаяагийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, 27.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Анхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 001 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Э.Анхзаяаг Завхан аймгийн, Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Анхзаяагийн ажилгүй байсан 96 хоногийн цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид бодож олгохыг хариуцагч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Анхзаяад олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР