Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0656

 

 

 

 

“М т з” ТӨХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч Ц.Э, П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М т з” ТӨХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч П.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэрээр: “1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч “М т з” ТӨХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо: “...Татварын улсын байцаагч нарын зөрчил тогтоосон худалдан авалт нь татвар төлөгчийн үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний нэг болох төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаанд зориулан худалдан авч ашигласан, “Э С Т И С Э” ХХК-иар гүйцэтгүүлсэн төмөр замын барилга угсралтын ажил юм. Татварын улсын байцаагч хуульд байхгүй үндэслэлээр аливаа татвар ногдуулах нь хууль бус төдийгүй хууль хэрэглээний хувьд эрх зүйн зөрчилтэй байдлыг үүсгэсэн ба татвар төлөгчийн хувьд зөрчил гэж үзэж буй үндсэн хөрөнгө олж бэлтгэхэд зориулан худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх албан татвараас хасах эсэх асуудлын эрх зүйн заалтуудад зохицуулаагүй атал татварын улсын байцаагч нар дээрх хуулийн заалтуудыг зөрчиж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас чөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ, НӨАТ ногдуулахгүй байх хэрэглээний аль нь ч байхгүй. Энэхүү маргаж буй худалдан авалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн НӨАТ төлж худалдан авсан ажил, үйлчилгээ юм.

Иймээс энэхүү төмөр замын барилгын ажил нь 2006 оны НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох худалдан авалт бөгөөд татвар төлөгч буюу “М т з ” ТӨХК нь 2006 оны НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7-д заасныг зөрчөөгүй, татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлсон учир хууль зөрчөөгүй.

Мөн татварын байцаагч нар 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “... үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “... Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн” гэсэн заалтууд байсаар атал 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “... Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэх, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, төмөр замын урьд гарсан маргаанаас шалтгаалж хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан учир дээрх заалтыг барьсан гэсэн нь учир дутагдалтай, байцаагч нар өөрсдөд ашигтай хуулийн зүйл заалтыг нэг маргаанд ашигласан, энэ талаар маргаж байхад шийдвэрт дүгнээгүй.

Мөн “М т з” ТӨХК-д аудит хийсэн компанид Татварын ерөнхий газраас чиглэл өгсөн албан тоотын дагуу санхүүгийн үйл ажиллагааг хөтлөн явуулсан, талууд маргаж байхад шүүхээс дүгнэсэнгүй.

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол ажлын 3 хоногийн дотор харьяа прокурорын байгууллагад гаргасан шийдвэрээ бүртгүүлэх ёстой атал татварын улсын байцаагч нар нь шийтгэлийн хуудсаа бүртгүүлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн томилолт, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэж зөрчил шалгасан гэх боловч 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуульд заасан хугацаа өнгөрсний дараа татвар төлөгчид хариуцлага оногдуулж байгаа нь учир дутагдалтай болжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан ба татварын зөрчлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож гомдол гаргагчийн гомдлыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч П.Э нар нь “М т з” ТӨХК-ийн 2012 оноос 2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийгээд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дүгээр шийтгэлийн хуудсаар “1.3 Худалдан борлуулах зорилгогүй үндсэн хөрөнгийг бий болгохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон 2015 оны 99,809,875,937.00 төгрөг, 2016 оны 31,383,822,300.00 төгрөгийн зөрчилд 13,561,054,790.60 төгрөгийн нөхөн татвар, 132,505,490.10 төгрөгийн торгууль, 112,425,608.10 төгрөгийн алданги”, нийт 135,928,333,229,19 төгрөгийн зөрчилд 14,487,909,340.90 төгрөгийн нөхөн татвар, 224,384,368.88 төгрөгийн торгууль, 194,051,240.40 төгрөгийн алданги, нийт 14,906,345,150.20 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1.3 дахь хэсэгт 131,193,698,237.00 төгрөгийн зөрчилд оногдуулсан 13,561,054,790.60 төгрөгийн нөхөн татварыг илүү ногдуулсан 441,684,966,90 төгрөгийн нөхөн татвараар бууруулах үндэслэлтэй байна гэж үзэж, нийт 14,906,345,150.20 төгрөгийг 14,464,660,183.26 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсөн байна.

“М т з” ТӨХК нь “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр “Э С Т И С Э” ХХК-тай зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээ байгуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг байгуулах, барилга угсралтын ажлын худалдан авалттай холбоотойгоор “Э С Т И С Э” ХХК-иас 2015 оны 12 дугаар сард 14 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 99.809.875.937.00 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сард 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 31.383.822.300.00 төгрөгийн, нийт 131.193.698.237 төгрөгийн төмөр замын барилга угсралтын ажлын худалдан авалтыг хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган хасалт хийсэн болох нь тогтоогджээ.

Гомдол гаргагч энэхүү шийтгэлийн хуудасны 1.3 дахь хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргаж, “...төмөр замын барилгын ажил нь 2006 оны НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.7-д заасны дагуу төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох худалдан авалт бөгөөд татвар төлөгч буюу “М т з” ТӨХК нь татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлсон учир хууль зөрчөөгүй” хэмээн давж заалдах журмаар гомдол гаргасныг хангах боломжгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж тус тус заажээ.

Гомдол гаргагч “М т з” ТӨХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг байгуулах, барилга угсралтын ажил зэргийг бусдаар гүйцэтгүүлэн, худалдан авсан нь дээрх хуулийн зүйл, заалт дахь  “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ”-нд хамаарахгүй юм.

Энэхүү хуулийн зохицуулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд, тодорхой түүхий эд гэх мэт бараа, ажил, үйлчилгээг худалдан авч нэмүү өртөг шингэсэн бараа үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулсан этгээдэд хамаарах ойлголт бөгөөд энэ тохиолдолд эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч нь худалдан авсан ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэл болохгүй.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтаар үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн татварыг хасахгүй талаар илүү нарийвчилсан тодорхой зохицуулалт үйлчилж байгаа байгаа бөгөөд энэ нь 2016 оны гарсан зөрчилд хамаарах заалт байна.  

“Татварын зөрчлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, прокурорын байгууллагад гаргасан шийдвэрээ бүртгүүлээгүй” гэх гомдлын тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 6.6 дугаар зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийх удирдамж, татварын хууль тогтоомжид заасны дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн санхүүгийн тайлан, тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт зэргийг шалгаад зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцон тайлагнасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэстэй бөгөөд зөрчлийн хэрэг нээж, дахин нотлох баримт цуглуулах, үзлэг хийх зэргээр зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй гэж буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дардас, тэмдэглэгээ зэргээс үзвэл хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагч нарын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон оногдуулсан шийтгэл хууль тогтоомжид нийцсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үг, үсгийн алдаа гаргасныг залруулан, зохих хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “М т з” ТӨХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дүгээр шийтгэлийн хуудсыг /1.3 дахь хэсэг/ хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА