Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0690/З |
Дугаар | 001/ХТ2023/0063 |
Огноо | 2023-10-09 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2023/0063
Б.Э-ны нэхэмжлэлтэй,
Улсын бүртгэлийн ерөнхий газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Э.Бадамдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2023/0320 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 306 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э (цахимаар), гуравдагч этгээд Ч.А, Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд Н.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Б.Э-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Э г” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Ц Л” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Б.Э-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” **** дугаар дүгнэлтээр ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэл нь “үнэн зөв, бодитой, ... байх” зарчмыг удирдлага болгон тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно” гэж заасныг тус тус баримтлан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь регистрийн ****** дугаарт бүртгэлтэй “Э г” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргажээ.
3.Нэхэмжлэгчээс “... Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай, төрийн байгууллагын дотоодын буруутай үйл ажиллагааны алдааг төрийн байгууллагаас үйлчилгээ авч байгаа хуулийн этгээдэд ногдуулж болохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу уг захиргааны байгууллага хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 1999 оны бүртгэл хийгдсэнээс хойш 21 жилийн дараа бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ноцтойгоор зөрчиж байна, төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 21 жилийн өөрийн байгууллага байхгүй байх үеийн үйл ажиллагааг буруутган бүртгэлийг хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д зааснаар уг дүгнэлтийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй акт, уг дүгнэлтээр 1999 оны улсын бүртгэлийг хүчингүй болгосноор бусад бүртгэл хүчинтэй бөгөөд 2001, 2011, 2014, 2015 оны бүртгэлийг хүчингүй болгоогүй, эдгээр асуудлуудыг шийдээгүй зөвхөн 1999 оны бүртгэлийг хүчингүй болгосон тул утга агуулгын илэрхий алдаатай, биелүүлэх боломжгүй гэж үзнэ, ... захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох зохицуулалттай, гэтэл 21 жилийн дараа хүчингүй болгосон, 1999 оны бүртгэлийг хүчингүй болгохоор тус компани огт байхгүй юм шиг ойлголттой болно, бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр гэж үзнэ ..., Б.Э нь үүсгэн байгуулагчаар бүртгүүлэхээр хандсан, гэтэл улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанд 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэгч М.Б нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Л-ыг, 2007 оны 01 дүгээр сарын 24, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлд улсын бүртгэгч Д.Д нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Л-ыг тус тус бүртгэсэн, энэ нь илт хууль бус, ...хувийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн материалаар 2005 оны 08 дугаар сарын 26, 2011 оны 01 дүгээр сарын 05, 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулагч Б.Э-ны баталсан, улсын бүртгэгчийн тэмдэг дарж баталгаажуулсан дүрмийн дагуу дээрх бүртгэлийг Ц.Л-аар бус Б.Э-аар бүртгэх ёстой, ... иймд тус улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д зааснаар алдаатай, үнэн зөв биш тул залруулга хийлгэх шаардлагатай ...” гэж;
3.1.Хариуцагчаас “... улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан өргөдлийн дагуу бүртгэлийн байцаагч хуульд заасан эрх буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1-д заасан үндэслэлээр хяналт шалгалт явуулж, “Э г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Л гэх иргэнийг томилсныг бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцээгүй байхад Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Д нь хууль зөрчиж, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн, хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт оруулсан зэрэг баримт байхгүй байхад ... 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Л гэж улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн нь архивын эх баримтуудаар тогтоогдсон ... үүнээс хойших 2005, 2011, 2015 бүртгэлүүд нь адилхан хүчингүй болох зохицуулалттай, Ц.Л-ыг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл нь буруу бүртгэл бөгөөд тогтоол шийдвэр байхгүй үндэслэсэн баримтгүйгээр цахим санд шууд бүртгэсэн, 1999 онд анх үүсгэн байгуулсныг өөрчилсөн тогтоол, шийдвэр хуулийн этгээдийн гаргасан баримтууд нь хуульд нийцэхгүй байгаа учир цаашид хийгдсэн бүх бүртгэлийг хуулийн дагуу гэж үндэслэл байхгүй, иймд баримтын шаардлага хангаагүй бүртгэлийг аймгийн улсын байцаагч улсын бүртгэлд бүртгэсэн зөрчлийг тогтоон, хяналт шалгалтын улсын байцаагч 2020 оны **** дугаар дүгнэлтийг гаргасан, уг дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасны дагуу хуульд нийцсэн шийдвэр, захиргааны акт гаргасан тул илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ...” гэж тус тус маргажээ.
3.2.Гуравдагч этгээд Ц.Л-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
3.3.Гуравдагч этгээд Ч.А, Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Н.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 4.15, 18.7.1-д заасныг тус тус баримтлан Б.Э-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, “... “Э г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл хэсэгт Ц Л” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Б.Э-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч Б.Э-ны өмгөөлөгч Х.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 306 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7.1.Гомдолд хөөн хэлэлцэх хугацааны талаар нэлээдгүй дурдаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан нөхцөлийн талаар дурдсаар байтал уг нөхцөл байдлыг огт хүлээн аваагүй төдийгүй энэ тухай огт дүгнэлт өгөөгүй.
7.2.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол (өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий үйлдэл бол уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй иргэдийн хувьд сөргөөр нөлөөлсөн захиргааны үйлдэл юм) хүчингүй болгоно гэж заасан. Тэгвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар улсын бүртгэгч нь маргаан бүхий **** дугаар дүгнэлтийг гаргахдаа гарсан өдрөөс хойш буюу 1999 онд үйлдэгдсэн бүртгэл хүчин төгөлдөр болсноос хойш 5 жил өнгөрсөн, нийт 21 жил өнгөрсөн гэдэг үндэслэлээр ийнхүү дүгнэлт гаргах ёсгүй. Шударга шүүхээр шүүлгэх эрх иргэн бүрд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон юм. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч болон гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.“Э г” ХХК-ийг ... 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулж, мөн өдөр компанийн дүрмээ баталж, 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гарган, улсын бүртгэлийн ****** дугаартай гэрчилгээ авсан, Компанийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулж, тус хуульд нийцүүлэн компанийн дүрмийг 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн баталж улсын бүртгэлд бүртгүүлжээ.
11.Анхны бүртгэлд өөрчлөлт оруулсан 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэл нь нэхэмжлэгчийн хувьд эерэг, харин гуравдагч этгээд нарын хувьд сөрөг буюу гишүүдийн хооронд хувийн эрх зүйн маргааны үр дагаврыг бий болгосон эрх зүйн давхар үйлчлэл бүхий захиргааны акт байна.
12.Улмаар 2018 онд иргэн Ч.А, Н.Ц нараас (энэ хэргийн гуравдагч этгээд) “Э г” ХХК, Ц.Л, Б.Э нарт холбогдуулан “Э г” ХХК-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг хүчинтэйд тооцох, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаж, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/000017 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, хариуцагч нарын давж заалдах гомдлоор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00964 дүгээр тогтоолоор[1] хэвээр үлдээсэн.
13.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136/ТМ2019/00274 дүгээр шийдвэрээр[2] “2015 оны 03 дугаар сард батлагдсан “Э г” ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож, 1997 оны хамтран баталсан “Э г” ХХК-ийн дүрмийг хүчинтэйд тооцож, “Э г” ХХК-ийн хамтран эзэмшигч байх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосны дараа иргэн Н.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т-ээс “... “Э г” ХХК-ийн 1997 оны компанийн дүрмийг хүчинтэйд тооцож эрхийг сэргээлгэх тухай” хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн газрын Хяналт шалгалтын газрын даргад гаргажээ.
14.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 18-д заасныг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нь дээрх хүсэлтийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санг хянаад, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэл нь “үнэн зөв, бодитой ... байх” зарчмыг удирдлага болгон тус хуулийн 9.4-т заасныг баримтлан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь регистрийн ****** дугаарт бүртгэлтэй “Э г” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгох” тухай 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаар дүгнэлт үйлдсэнийг Б.Э-аас эс зөвшөөрч, “бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргажээ.
Хууль хэрэглээний хувьд:
Нэг.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” **** дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
15.Улсын байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, ... хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” эрх, үүрэгтэй байхаар хуульчилсан.
16.Захиргааны байгууллага (албан тушаалтан) нь хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлах учиртай.
17.Тодруулбал, захиргааны байгууллага нь эрхээ хамгаалуулахаар гаргасан этгээдийн хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа үүссэн нөхцөл шаардлагыг тогтоох (бодит нөхцөл байдалд тохирсон эсэх), эрх зүйн шаардлагыг хангаж (эрх зүйн хамгаалалтын хугацаа буюу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа) байгаа эсэхийг шалгах үүрэгтэй, нөгөө талаас эрх зүйн хамгаалалт хүсэж буй иргэн, хуулийн этгээдийн зүгээс хуульд заасан гомдол гаргах журам, хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүргийг хүлээх юм.
18.Хууль тогтоогчоос эрх зүйн хамгаалалт (хөөн хэлэлцэх хугацаа)-ын хугацааг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.”, 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” гэж;
Захиргааны ерөнхий хуульд хууль бус захиргааны актыг хүчингүй болгоход сөрөг эсхүл эерэг нөлөөлөл үүсгэж буй эсэхээс нь хамааран хугацааг ялгамжтайгаар буюу сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтаар захиргааны байгууллагад хүлээлгэсэн, харин эерэг нөлөөлөлтэй хууль бус захиргааны актыг мөн хуулийн 48.2.1-48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор захиргааны байгууллага хүчингүй болгож болохоор мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалтад тус тус нарийвчлан зохицуулсан.
19.Гэтэл улсын байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг хэрэгжүүлж 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаар дүгнэлтийг үйлдэхдээ хуульд үндэслэх, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь, өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт явуулахдаа уг гомдол нь хууль тогтоомжид заасан хугацаанд хамаарч буй эсэх, гомдол шийдвэрлэсэн шийдвэрийн улмаас үүсэх үр дагавар нь бодит нөхцөл байдалд нийцэх эсэхийг шалган тогтоолгүйгээр 21 жилийн өмнөх (Б.Э-д эерэг нөлөөлөлтэй 1999 оны) улсын бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгох дүгнэлт үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “... актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж хуульд тусгайлан заасан хугацааг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус шийдвэрийн шинжийг агуулж байна.
20.Хэдийгээр эрх ашиг нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй гэж үзэн эрхээ хамгаалуулахыг хүссэн этгээдээс өөрт нь сөрөг нөлөөлөл үүсгэсэн хууль бус актыг хүчингүй болгохыг шаардах эрхтэй боловч тухайн акт нь хаяглагдсан этгээдэд эерэг үйлчлэлтэй байж, түүнд гомдол гаргах (ерөнхий) хугацаа дууссанаар түүнийг хүчингүй болгохыг шаардах эрх хязгаарлагдах бөгөөд хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж 21 жил үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосноор тус хуулийн этгээд анхнаасаа байгуулагдаагүйд тооцогдох үр дагаврыг үүсгэж, энэ нь бодит байдалд биелэгдэх боломжгүй нөхцөлийг бий болгосон, энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “... улсын байцаагчийн 2020 оны **** дугаар дүгнэлт нь ... компанийг үүсгэн байгуулаагүй мэт болгосон, гомдлыг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааг баримтлаагүй, эерэг нөлөөлөлтэй актыг хүчингүй болгох зохицуулалтыг баримтлаагүй” гэх тайлбар нь үндэслэлтэй.
21.Харин улсын байцаагчаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан эрхийг хэрэгжүүлэх хүрээнд гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, улсын бүртгэл “үнэн зөв, бодитой байх” байх зарчмыг хэрэгжүүлсэн гэж маргах боловч хариуцагчид хуулиар олгогдсон энэхүү эрх нь хуульд үндэслэх зарчмын хүрээнд хязгааргүй олгогдсон эрх биш юм.
22.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл буюу маргаан бүхий дүгнэлт нь “илт хууль бус” актын шинжийг агуулж буй эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс гадна маргаанд хамааралгүй Компанийн тухай хуулийг хэрэглэж, хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, уг алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлээгүй нь буруу болжээ.
23.Иймд маргаан бүхий улсын байцаагчийн 2020 оны **** дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэ хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хоёр.“... “Э г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл хэсэгт Ц Л” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Б.Э-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” шаардлагын тухайд:
24.Хэрэгт авагдсан “Э г” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзвэл[3], тус компанийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлээр, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэлээр Ц.Л тус тус бүртгэгдсэн, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх 2020.09.01-ний өдрийн өргөдлийн[4] өргөдөл гаргагч этгээдийн мэдээлэл хэсэгт “үүсгэн байгуулагч” гэж, Ц.Л гарын үсэг зурснаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
25.Уг бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нөгөөтээгүүр өөрийн хүсэл зоригоор улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогдсон, тус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв.
26.Иймд, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2023/0320 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан Б.Э-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх ““Э г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл хэсэгт Ц Л” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Б.Э-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН