Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 212

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням, нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, иргэдийн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, нэхэмжлэгч Г.Цогбадрах, хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Долгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Г.Цогбадрахын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гярдгаагийн Цогбадрах шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр арын 15-ны өдөр аймгийн засаг дарга Ж.Жамъянтивын захирамжаар Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар чөлөөлөгдсөн. Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд хандаж захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 сарын 8-ны өдрийн 15 тоот шийдвэрээр Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилогдсон боловч засаг дарга Ж.Жамъянтив нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн намайг ажил алба, цалин мөнгө бусад зүйлсээр өдий хүртэл хохироосоор байна. Иймд би  өөрт оногдсон эрхийнхээ дагуу ажилгүй байсан хугацааныхаа цалинг 2 удаа шүүхээр нэхэмжлэн авсан. Одоо 2015 оны бүтэн жилийн цалин 10.370.532 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү. Би ажлаас чөлөөлөгдөх онцгой шалтаг шалтгаан байхгүй. Ер нь улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гарч намайг хуучин ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Засаг даргатай хэд хэдэн удаа уулзсан. Тэгж уулзахад эхлээд өөр ямар нэгэн ажилд томилно гэж хэлдэг байсан боловч одоо уулзахаар чамд ажил олгох шаардлага байхгүй гэж хэлдэг болсон. Тэгэхээр нь би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэнэ гэхэд чамд цалинг чинь олгож чадахгүй гэж хэлсэн. Миний зүгээс заавал хуучин ажилдаа орохыг хүсэхгүй гэдгээ засаг даргад хэлсэн. Монгол хүний ёс жудгаа бодоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаагүй юм. Энэ нь миний зан чанартай холбоотой байх. Засаг даргатай уулзахаар намайг ажилтай болгож өгнө гэж хэлдэг болохоор нь итгэж хүлээсэн юм. Гэтэл сүүлдээ чамайг ажилд авах шаардлага ч байхгүй, чамд цалин ч олгохгүй гэж хэлсэн. Шүүх чамд л үйлчилдэг юм уу гэхээс надад үйлчилдэггүй юм гэж хэлсэн.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Г.Цогбадрахын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Г.Цогбадрах нь удаа дараа ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж холбогдох байгууллагаас нь гаргуулж ирсэн. Одоогийн байдлаар төсвийн хүндрэлтэй байдлын улмаас Г.Цогбадрахын ажилгүй байсан хугацааны цалин өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Г.Цогбадрахын ажилгүй байсан хугацааны цалин болох 10370532 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ванчиндоржийн Долгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хүн засаг даргатай албан ёсоор уулзаж ажилд орох хүсэлтээ бичгээр гаргаж байгаагүй. Энэ нөхцөл байдлыг үнэлж үзэхээр хуучин ажилдаа орох ямарч сонирхолгүй байна. Ажлаа хийхгүй зүгээр байж байгаад цалин авах сонирхолтой байна гэж үзэж байна. Төсвийн хүндрэлээс шалтгаалаад энэ хүний цалин хөлсийг олгох боломжгүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд өгч байгаа тайлбараас үзэхэд засаг даргыг гүтгэж байна гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Нэхэмжилж байгаа 10370532 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй  гэв. 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 01-р сарын 01-нээс 12-р сарыг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Г.Цогбадрахыг аймгийн Засаг дарга 2013 оны 3-р сарын 18-ны өдрийн 69 дүгээр захирамжаар Завхан аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Г.Цогбадрахыг Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7-р сарын 08-ны өдрийн 15 тоот шийдвэрээр Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргаар эгүүлэн тогтоож, 2013 оны 4-р сарын 01 нээс 2013 оны 7-р сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж байжээ.

Хариуцагч энэхүү хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ба нэхэмжлэгч Г.Цогбадрах 2013 оны 03-р сарын 18-н өдрөөс өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 сарын 31-ийг хүртэл 249 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэстэй.  

Дээрх олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-гийн а-д заасны дагуу тооцоолоход ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 2560292 төгрөг, 1 сард 853.430 төгрөгийн цалин хөлс авч байсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн 000261146 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.

Засгийн газрын 332 дугаар тогтоолоор 2014 оны 10-р сарын 01-нээс төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг 15 хувиар нэмсэн нэмэгдлийг нэмж сар бүрийн дундаж цалинг тогтооход сард 981.444 төгрөг, өдөрт 45648.5 төгрөгний цалин авахаар байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 249 хоногт нийт 11366476 төгрөгийн олговор гаргуулахаар байгаа хэдий ч нэхэмжлэгч 10370532 төгрөг гаргуулахыг хүссэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтрүүлэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчаас гаргуулах олговрын хэмжээг тооцон 10370532 төгрөг гаргуулах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчид дээрх олговрыг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг  дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагчаас тэмдэгтийн хураамж 180878  төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХнь:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалинтай тэнцэх олговор 10370532 /арван сая гурван зуун далан мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цогбадрахад олгосугай.

2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 10.370.532 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

3. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 180878 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

,5. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.ЭХЛЭЛТ

ШҮҮГЧИД                                        Ш.ОДОНЗУЛ 

                                                          Т.БАЛЖИННЯМ