Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 223/МА2024/00025

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          9              05                                                        223/МА2024/00025                                      

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 Ё.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч               Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00647 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сум, Баруун Зуунмод, 8 дугаар гудамж, 11 тоотод оршин суух, Л    овогт Ё. Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Аргалант сум, Хөшөөт 2 дугаар баг, Жирэм Кластер ферм 7 тоотод оршин суух Н  овогт О ын Д нд холбогдох,

Өвс, ногоон тэжээлийн үнэ 16,280,000 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч О.Д

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ё.Жын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: "Ё.Ж миний бие хариуцагч О.Дгээс 2020 онд нэг боодол өвсийг 7,000 төгрөг, ногоон тэжээлийг 8,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өвсний урьдчилгаа болон ногоон тэжээлийн төлбөрт 16,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ногоон тэжээлийн урьдчилгаа төлбөрт 5,750,000 төгрөг, нийт 21,750,000 төгрөг төлсөн. О.Д надад 2020 оны 11 дүгээр сарын эхээр 300 боодол өвс авчирч өгсөн. 300 боодол өвсний төлбөр 2,100,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр С.Наранбат гэж хүнээр дамжуулан 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сард 370,000 төгрөгөөр 70 боодол сүрэл нийт 7,470,000 төгрөгийн өртөг бүхий өвс, сүрэл, бэлэн мөнгө хүлээн авсан. О.Д үлдэгдэл өвс, ногоон тэжээл өгөх эсвэл илүү төлбөрийг буцаан өгөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, утасны дуудлага болон Фейсбүүк мессенжерт хариу өгөхгүй байгаа. Иймд О.Дгээс өвс, ногоон тэжээлийн илүү төлсөн төлбөр болох 14,280,000 төгрөг гаргуулж өгнө үү. ...Миний бие хууль эрх зүйн анхны мэдлэг байхгүйн улмаас Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч Б.Бгаас хууль зүйн зөвлөгөө авч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж байна. Хэрэв хариуцагч О.Д нь тогтоосон хугацаанд миний өр төлбөрийг барагдуулсан бол миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Иймд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнэ 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ...нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас зарим хэсгээс татгалзаж 13,316,000 төгрөг болгон багасгаж байна” гэжээ. 

2. Хариуцагч О.Д болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “О.Д нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 02 дугаар баг Жирэм ферм гэх газар “Нүүдэлчин Агро ферм” ХХК-тай 2020 оны 8 дугаар сард худалдах худалдан авах гэрээ байгуулан үхрийн фермийн аж ахуй эрхлэн ажилладаг. Тус ферм нь тус тусдаа 10 айлын ферм үйл ажиллагаа явуулдаг ба Ё.Ж нь тус фермийн 3 тоотод үхрийн фермийн үйл ажиллагаа явуулдаг. Харин О.Д нь 7 тоотод тусдаа үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны өвлийн бэлтгэл ажилд өвс тэжээлээ авах зэрэг асуудал гаргасан. О.Д нь өөрийн үхэрт өвс, ногоон тэжээл хямд авах зорилгоор өөрийн танил С.Наранбаттай Улаанбаатар хотод таарч, хямд өвс тэжээл авах хэрэгтэй байна, хямд өвс олдох уу гэж асуусан. Гэтэл С.Наранбат найз нь энэ жил өвс бэлтгэж байгаа Дорнод аймгаас өвс авч ирнэ, мөн Төв аймгийн Борнуур сумаас ногоон тэжээл бэлтгэж байгаа гэсэн. О.Д С.Наранбаттай тохиролцож өвс авахаар болж Дорнод аймгаас ирэх өвсийг нэг боодлыг 8000 төгрөгөөр, Төв аймгийн Борнуур сумаас ирэх ногоон тэжээлийг 7000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон. Ингээд өөрийн ферм дээрээ байхад нь Ё.Ж, болон тус фермийн 5 тоотод байрлах н.Ууганбаяр нар нь ирээд энэ жил өвс тэжээлээ, хаанаас авах гэж байна гэж асуусан. О.Д би өөрийн танил болох С.Наранбат гэдэг хүнээс өвсийг нэг боодлыг нь 8000-7000 төгрөгөөр бодож авахаар болсон гэдгээ хэлсэн. Гэтэл Ё.Ж, н.Ууганбаяр нар бид ч гэсэн тэр хүнээс чинь өвс авъя холбоод өгөөч гэсэн. Үүний дагуу С.Наранбатын 99501596 дугаарыг тэд нарт өгсөн. Ё.Ж, н.Ууганбаяр нар нь С.Наранбаттай өвсний талаар ярилцаад С.Наранбат нь Дорнодоос ирсэн өвсийг 9000 төгрөгөөр, Борнуур сумаас ирсэн өвсийг 8000 төгрөгөөр зарна гэж хэлсэн байсан.

Харин н.Ууганбаяр С.Наранбаттай өөрөө тохиролцоод өвс, ногоон тэжээл авахаар тохиролцсон ба Ё.Ж дахин надад ирээд ах нь чиний авч байгаа ханшаар авчихмаар байна. Мөн адилхан нэг газар хүргэж ирэх учраас амар чи С.Наранбатад хэлээд өгөөч гэсэн. О.Д С.Наранбатад манай хажуу талын хоёр айл өвс авмаар байна гээд байхын чи надад өгч байгаа ханшаар өгөх боломжтой юу гэж асуухад С.Наранбат би чамайг таньж мэддэг учраас арай хямд өгч байгаа, харин бусад хүмүүст зах зээлийн ханшаар өгч байгаа учраас хямдруулах боломжгүй гэсэн. Уг хариуг Ё.Жад мөн хэлсэн ба өөрөө С.Наранбаттай утсаар холбогдож ярилцсан байх.

Өвс авах мөнгөө бүтээж О.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр С.Наранбатын 5014272225 дугаартай дансанд өөрийн өвсний мөнгө болох 4,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мөн дансанд 5,250,000 төгрөг нийт 9,250,000 төгрөг шилжүүлсэн. Харин Ё.Ж нь С.Наранбаттай өвсний үнээ тохиролцчихлоо харин мөнгийг чи данс руу нь өөрийн мөнгөтэйгөө цуг шилжүүлчих гэсэн. О.Д нь мөнгө шилжүүлэхийг зөвшөөрөөгүй ба мөнгө шилжүүлээд өг гэж гуйгаад байхаар зөвшөөрсөн. Ингээд О.Дгийн дансанд 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өвс 6,000,000, ногоон тэжээл 10,000,000 төгрөг гэж нийт 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ё.Жыг мөнгө шилжүүлсэн даруйд нь С.Наранбатын 5014272225 дугаар дансанд 6,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг тус тусад шилжүүлж өгсөн.

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мөн О.Дгийн дансанд 5,750,000 төгрөгийг шилжүүлсэн ба тус мөнгийг С.Наранбатын дансанд 5,750,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. О.Д нь өөрийн захиалсан 1000 боодол өвсөө авсан ба 1,500 боодол ногоон тэжээлээ өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Харин Ё.Ж нь С.Наранбатаас 4500 боодол өвс, 1500 боодол ногоон тэжээл авахаар захиалга өгснөөс 383 өвсийг хүлээлгэн өгсөн. С.Наранбат нь Ё.Ж, О.Д нарын өвсийг хүлээлгэн өгөөгүй ба утсаар ярих гэхээр утас нь холбогдохгүй, утсаа хааяа авахаар одоо очно, өвсөө ачиж байна гэх зэргээр худлаа хэлж Ё.Ж. О.Д нарыг залилсан. Ё.Ж нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн байгууллагад С.Наранбатыг залилсан гэж гомдол гаргасан ба мөн О.Д 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад С.Наранбатыг шалгуулахаар тус тус өгсөн. Мөн Ё.Жтай хамт ирсэн н.Ууганбаярын өвс, ногоон тэжээлийг нь өгөөгүй учраас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаснаар С.Наранбат н.Ууганбаярын мөнгийг буцааж өгсөн байдаг.

Харин сумын хэсгийн төлөөлөгч Ганбат нь Ё.Ж, О.Д нарын гомдлыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай Төв аймгийн Прокурорын газар хүргүүлсэн боловч иргэд хоорондын маргаан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Ё.Жыг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа С.Наранбат нь Ё.Жыг данс руу өвсний төлбөр 5,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн байдаг. О.Д нь Ё.Жын адил өвсөө гүйцэт авч чадаагүй хохирсон. Талуудын хооронд өвс, ногоон тэжээл зарах талаар тохиролцоогүй ба Ё.Жад нэхэмжлэлийн шаардлага 14,280,000 төгрөгийг төлөх үүрэггүй, Ё.Ж болон О.Д нарын хооронд өвс, ногоон тэжээл худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулагдаагүй болно. О.Д өөрийн 1000 боодол өвсийг авахаар эмээлт захад байх айлд Наранбатын буулгасан өвсийг өөрөө хувийн машин түрээсэлж авч түүний зардалд 1,200,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Ё.Жын нэхэмжлэлийн шаардлага 14,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэмэгдүүлсэн шаардлага болох хууль зүйн туслалцаа үзүүлэх төлбөр 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д хүн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхтэй гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах эрх нь Ё.Жын өөрийн хүсэл зориг, эрх учраас хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 211 дүгээр зүйлийн 211,1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Дгээс 13,316,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Жад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Дгээс 224,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Жад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаас үнэлээгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Үүнд Хэлцэл хийсэн, үүрэг үүссэн эсэх талаар:

Нэхэмжлэгч Ё.Ж нь О.Дгээс өвс, ногоон тэжээл авах зорилгоор шилжүүлсэн төлбөрөөс 14,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс дээрх өвс, ногоон тэжээл зарах тухай хэлцэл хийгээгүй, Ё.Жын өвсний төлбөрийг дамжуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд орсон. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг дүгнэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал талуудын хооронд өвс, ногоон тэжээл худалдах, худалдан авах харилцаа бус, нэхэмжлэгч Ё.Жын хүсэлтийн дагуу хариуцагч О.Д нь мөнгийг С.Наранбатад дамжуулсан үйл баримтыг хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцэхгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ё.Жын хүсэл зориг өвс, ногоон тэжээл авах ба хариуцагч О.Дд нэхэмжлэгчид өвс, ногоон тэжээл зарах бус нэхэмжлэгчийн данснаас шилжүүлсэн мөнгийг С.Наранбатад шилжүүлсэн үйлдэл байсан. Гэвч анхан шатны шүүх Ё.Жаас О.Дгийн дансанд мөнгө шилжүүлсэн үйлдлийг хүсэл зоригийн илэрхийлэл, түүнийг хариуцагч хүлээн авсан гэж талуудын хооронд хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэгт О.Д нь Ё.Жад өвс зараагүй, Ё.Жад С.Наранбаттай өвсний үнийг тохиролцож, О.Дгээр дамжуулан төлбөрийг шилжүүлсэн, өвсийг С.Наранбат нь Ё.Жын хашаанд буулгахаар тохиролцсон гэх мэдүүлгийг хэрэг ач холбогдолтой талаас үнэлээгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн Аргалант сумын Цагдаагийн хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Ё.Жын С.Наранбатад холбогдуулан гаргасан гомдлыг үнэлж, дүгнээгүй бөгөөд Ё.Ж нь С.Наранбаттай өвс, ногоон тэжээлийг  авах зорилгоор хэлцэл хийсэн. С.Наранбат нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас цагдаагийн байгууллагаар шалгуулах гомдол гаргасан байхад тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь мөн үнэлээгүй. О.Д, Ё.Ж нарыг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа С.Наранбат нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ё.Жын 5094026300 дансанд 5,000,000 төгрөгийг С.Наранбат өвс гэх нэрээр буцаан шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв байдлаас үнэлж, дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч Ё.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар С.Наранбатыг цагдаагийн байгууллагад өгсний дараа адуу өгье гэхээр би адуу авахгүй мөнгөө авна гэж хэлсэн гэх тайлбарыг шүүх үнэлж дүгнээгүй.

2. Гомдлыг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар: Анхан шатны шүүх Ё.Ж, О.Д нарын хооронд өвс, ногоон тэжээл худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж дүгнэсэн ч хөөн хэлэлцэх хугацааг нэг талд хөтлөгдөж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал: Төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сүүлийн мөнгийг О.Дгийн дансанд шилжүүлсэн ба нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Отгонбаатар нарын мэдүүлгээр С.Наранбат өвс, ногоон тэжээлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тээвэрлэж хүргэж өгөхөөр тохиролцсон гэж тайлбарласан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж хуульд заасан ба Ё.Ж болон О.Д нарын хооронд өвс худалдах, худалдан авах хэлцэл хийсэн. О.Д нь өвсийг хэлцлээр тогтоосон хугацаанд хүргэж өгөх харилцаа үүссэн гэж дүгнэвэл талуудын харилцаа хөөн хэлэлцэх хугацаатай байхаар байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан. Дээрх хуулийн заалтаас үзвэл талуудын өвс, ногоон тэжээл нийлүүлэх хугацааг Ё.Жын тайлбараас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэж тохиролцсон бол 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шаардах эрх үүссэн. Талуудын хооронд үүссэн харилцаа нь гэрээний эрх зүйн харилцаа болохын хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил ба шаардах эрх үүссэн үеэс хугацааг тоолоход 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ба нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг дүгнэхдээ хэт нэг талаас, хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол гаргасан үеэс тоолно гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Ё.Ж цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа С.Наранбатаас төлбөрийг гаргуулах тухай гомдол гаргасан ба О.Дгээс төлбөр гаргуулах талаар гомдол гаргаагүй байхад прокурорын тогтоол гаргасан үеэс гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-д “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тоолно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох буюу 78.1-ийн аль заалтаар түр зогссон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Хавтаст хэрэгт хугацаа түр зогссон, түүнд шалтгаалах буюу шаардлага raprax боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар нотлох баримт авагдаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар Ковид-19 нөхцөл байдлыг улмаас хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж дүгнэсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон талаар нотлох чиг үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байхад хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон талаар, нэхэмжлэл гаргах боломжгүй байсан талаар нотлох баримт байхгүй, баримтгүй зүйлийг хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тэгш эрхийн хүрээнд явагдах зэрэг зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаагүй, байгуулагдсан талаарх нотлох баримтаар тогтоогдохгүй, гомдлын шаардлага raprax хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа тул Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч О.Дгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Ё.Жтай хэлцэл хийгээгүй нь тодорхой. Би өвс зардаг хүн биш. 2020 онд бид нар бүгдээрээ фермийн аж ахуйн эрхэлж байсан. Тэр үед анх удаа 10 айл өвс тэжээлээ хаанаас авах талаар холбогдож эхэлж байсан. Дийлэнх айлууд нь өвсөө тарьдаг болоод тал айлууд нь өвсөө худалдаж авахаар болсон. Бид нар сүлжээгүй газарт байрлаж байсан. Ковид-19 цар тахлын үед байсан учраас гарах, орох зам хаачихсан хүндрэлтэй байсан учраас айлууд өвс, тэжээлээ хаанаас авах талаар ярилцах ярианууд гарсан. Харин манайх найзаасаа өвс, тэжээлээ авах талаар ярилцсан байхыг 2 айлын хүн сонсоод хүрч ирээд надаас утсыг нь авч яваад өөрсдөө худалдаж авах талаар Наранбаттай ярилцсан байсан. Нэг айлын хүн маань Наранбаттай ярилцаад өвсний мөнгөө шилжүүлсэн, харин Ё.Ж нь намайг өвсний мөнгө шилжүүлээд өгөөч гээд надаар дамжуулан Наранбатын данс руу өвсний мөнгө шилжүүлсэн. Энэ талаар Ууганбаяр болон манай нөхөр мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Би Солонгос улсад 15 жилийн хугацаанд ажиллаад Монгол улсад ирээд 2 сар л болж байсан. Монгол хүнд хэтэрхий их итгэсний үүднээс найздаа залилуулж, дансаараа дамжуулан Наранбатад Ё.Жын мөнгийг шилжүүлсэн үйлдэлд мөнгөний өрөнд орсон. 4 жилийн дараа гэнэт надад холбогдуулж надаас өвс авсан гэж зохиомлоор нэхэмжилж байгааг гайхаж байна. 2021 онд сумынхаа Ганбат гэх хүнтэй тааралдахад Наранбат, Жамц нарын хоорондох асуудал дууссан, мөнгөө өгсөн, үлдэгдэл мөнгөн дээрээ адуу өгөхөөр тохиролцсон гэж хэлж байсан. Тэгээд би энэ асуудлыг дууссан гэж ойлгож байтал гэнэт нэхэмжлэл гаргасныг би гайхаад Ё.Жтай холбогдож учир байдлыг асуух гэсэн боловч миний утсыг нэг ч удаа аваагүй. Хэрэв би Ё.Жад өвс зарсан бол надтай холбогдох байсан. Гэтэл эдгээр жилүүдэд надтай нэг ч удаа холбогдоогүй бөгөөд би түүнийг залилсан зүйл байхгүй. Намайг өвс зардаг хүн болгож байгаад гомдолтой байна. Хүмүүс Хаан банкнаас зээл авч фермерийн үйл ажиллагаа эрхэлж байсан бол би Солонгос улсад ажиллаад хураасан мөнгөөрөө фермер худалдаж авч үйл ажиллагаа эрхэлж байсан. Харин Ё.Ж нь 10 айлаас хамгийн эхэнд дампуурал зарлаж, фермерийн аж ахуйгаа эрхлэхээ больсон гэв.

Нэхэмжлэгч Ё.Жын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Манайхан байрладаг газар мобикомын сүлжээ барьдаг газар байсан. Бид нар зорьж очиж нэгэнтэйгээ уулздаггүй, харин Фэйсбүүк чатаар харилцдаг байсан. О.Д нь ногоон тэжээлийг Борнуур сумаас авчирч байгаа гээд Наранбатаас ирүүлсэн бичлэгийг надад үзүүлж байсан. Тэрэнд нь би үнэмшээд хүлээсэн. Миний хувьд 380 боодол өвс авсан, үлдэгдэл өвсөө аваагүй байсан. Харин Даваасүрэн нь 1380 боодол өвс авчраад буулгасан байсан. Миний хохирлыг барагдуулаагүй тул үнэ нэмж өвс тэжээл аваад өр зээл тавиад хохирсон. Би удаа дараа очиж шаардаж байсан учраас О.Дтэй хамт очиж цагдаад өргөдөл гаргаж байсан. Ковид-19 цар тахлын үе байсан учраас нэг хэсэг хашаанаас ч гарахыг хориглож байсан бөгөөд тэжээлээ авах гэж зөвшөөрөл авч гардаг байсан. Намайг ерөөсөө холбоо барьж байгаагүй гэж хэллээ. Намайг Фэйсбүүк дээр өөрийнхөө хаягаас Хохь чинь гээд биччихсэн байхыг хараад миний хувьд харьцах шаардлага байхгүй гэж үзсэн. Ганбат гэх цагдаа Наранбатыг эрэн сурвалжилж баригдлаа гэж над руу ярихаар нь Наранбаттай утсаар яриад надад 5,000,000 төгрөг авсан. Өвсний мөнгийг О.Д рүү шилжүүлсэн. О.Д надад манай найз өвс зардаг, Наранбат гэх найзаасаа өвс авч өгнө гэж хэлж байсан. О.Д надад Наранбатыг утасны дугаарыг өгсөн. Наранбатын утас руу 2-3 удаа залгасан боловч утсаа аваагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Баярмагнайн давж шаалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас хэлцэл байгуулагдаагүй гэж ярьж байна. Шүүхэд нэхэмжлэл ирээд шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлага биелүүлэх талаарх холбоотой асуудлыг шалгадаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд хэлцэл байгуулагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд өвсний үнийг тохиролцсон. Наранбат нь О.Дд чамд бол 7000 төгрөгөөр өгнө, харин өөр хүмүүст 8000 төгрөгөөр өвсийг өгнө гэж хэлсэн байдаг. Тэгэхээр О.Д, Ё.Ж нарын хооронд 1 ширхэг өвсний үнийг 8000 төгрөг гэж тохиролцсон.  Тэгэхээр талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэхээр байна. Хэлцлийн гол үндэслэл нь хуулийн заалттай тохирсон байна. Отгонбаатар, Ууганбаатар гэх хүмүүс гэрчийн мэдүүлэг өгдөг. Гэрчийн хувьд Наранбатыг огт танихгүй гэж хэлдэг. Гэтэл О.Д нь гэрчийг өөрөө Наранбаттай холбогдоод өвсний мөнгө шилжүүлсэн гэж хэлж байгаа нь үгүйсгэгдэж байна. Наранбаттай Ё.Ж нь гэрээ байгуулсан гэж яриад байгаа боловч тэдгээр хоёр хүн бие биеэ танихгүй гэж ярьдаг. Хавтаст хэрэгт Наранбатын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг байгаа. Тухайн мэдүүлэг Ё.Ж гэх хүнийг огт танихгүй гэх мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд Наранбатыг оролцуулах, эрэн сурвалжлуулах хүсэлт тавьсан. Эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулахад Наранбат нь улсын хилээр гадагш гарсан гэх баримт хэрэгт авагдсан. Тэгээд цагдаагийн газарт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар хавсаргаж ирүүлэхэд би Ё.Ж гэх хүнийг танихгүй гэх мэдүүлэг өгсөн байдаг. Мөнгө шилжүүлсэн асуудалд талууд ерөөсөө маргадаггүй бөгөөд энэ нь дансны хуулгаар тогтоогддог. Хариуцагчийн өмгөөлөгчөөс хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Уг асуудалд Ковид-19 цар тахалтай асуудлыг огт дурдсангүй. Дэлхий нийтэд цар тахал болоогүй гэж ярьж байх шиг байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар гэж байх ёстой. Зөвхөн хавтаст хэрэгт ямар баримт авагдсан байна, авагдсан баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Хариуцагчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 13,316,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгон, өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах дүгнэлтийг хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

2. Нэхэмжлэгч Ё.Ж нь “Өвс, ногоон тэжээл авах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 24, 27-ны өдрүүдэд нийт 21,750,000 төгрөгийг О.Дгийн  ХААН банк ХК-ний 5166316555 тоот данс руу шилжүүлсэн, энэ нь хэрэгт өгсөн банкны баримтаар нотлогдоно. С.Наранбат гэх хүнтэй ямар нэг байдлаар холбогдоогүй, 8,434,000 төгрөгийн өвс, сүрэл, бэлэн мөнгө авсан, үлдэх мөнгийг өмгөөлөгчийн зардалд төлсөн 2,000,000 төгрөгийн хамт нийт 15,316,000 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч О.Д нь Ковид-19 цар тахлын үе байсан учраас айлууд өвс, тэжээл хаанаас авахаа бие, биеэсээ асуусан. Би танил найз С.Наранбатаас авахаар болсон гэхэд Ё.Ж, н.Ууганбаяр нар мөн С.Наранбатаас өвс авахаар болж утсыг нь авсан. Ё.Ж нь С.Наранбатыг танихгүй учир миний дансаар дамжуулан С.Наранбатын дансанд нийтдээ 21,750,000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг өвс зараагүй гэдгийг болон С.Наранбатаас өвс авахыг мэдэж байсан, сүүлд нь С.Наранбаттай ярьж 5,000,000 төгрөг шилжүүлэн авсан байсан, би Ё.Жад өвс зараагүй, мөнгийг нь аваагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

            Нэхэмжлэгч Ё.Ж нь өвс, ногоон тэжээлийн үнэд хариуцагч О.Дгийн ХААН банк ХК-ний 5166316555 тоот данс руу 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 16,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 5,750,000 төгрөг шилжүүлснийг О.Д нь С.Наранбатын ХААН банк ХК-ний 5014272225 тоот данс руу тухайн өдөр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

3.Нэхэмжлэгч Ё.Ж, хариуцагч О.Д нар нь 2020 онд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт үхрийн ферм ажиллуулдаг байсан бөгөөд энэ оныхоо намар өвлийн бэлтгэлээ хийхээр өвс, ногоон тэжээл хаанаас авахаа ярилцаж, О.Д нь “найз С.Наранбат гэх хүнээс хямд үнээр авахаар боллоо” гэж үхрийн ферм ажиллуулдаг Ё.Ж, н.Ууганбаяр нарт хэлсний дагуу тэд О.Дгээр дамжуулан С.Наранбаттай холбоо тогтоож, Ё.Ж нь О.Дгийн ХААН банк ХК-ний 5166316555 тоот дансаар дамжуулан 2 удаагийн үйлдлээр нийтдээ 21,750,000 төгрөгийг С.Наранбатын ХААН банк ХК-ний 5014272225 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт нь хавтас хэргийн 8, 37 дугаар хуудсанд авагдсан Ё.Жын ХААН банк ХК-ний 5400559230 тоот данс, О.Дгийн ХААН банк ХК-ний 5166316555 тоот дансны Депозит дансны хуулга, гэрч Г.Отгонбаатар, Э.Ууганбаяр нарын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч Ё.Ж, хариуцагч О.Д нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, С.Наранбатын 5014272225 тоот данснаас “Наранбат өвс” гэх утгаар 5,000,00 төгрөг шилжүүлсэн Ё.Жын 5084026300 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар хэрэгт тогтоогдсон байна.

4. Иргэний хуулийн зорилго нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог бөгөөд иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүсдэг.

 

            4.1.Шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийхдээ шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болсон эсэхийг зөв тогтоож чадаагүй байна.

            4.2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хүсэл зоригийн илэрхийлэл  бий болсон, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм, хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг  зохицуулсан  хуулийн хэмжээг  хэрэглэнэ” гэж зааснаар талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэсэн.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах, худалдан авах гэрээ”-ний агуулгыг талуудын  харилцан хүлээх үндсэн үүргийн хүрээнд тодорхойлох ба гол шинж нь худалдагч худалдан авагчид гэрээний зүйлийг захиран зарцуулах боломжтой байдлаар, холбогдох бичиг баримт, бүрдэлд тодорхойлсон тоо хэмжээ, дагалдах зүйлийн хамт тогтоосон чанартайгаар, эрхийн хязгаарлалтгүйгээр хүлээлгэн өгөхийг  худалдагчийн үндсэн үүрэг гэж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж,  худалдан авсан хөрөнгөө  хүлээн авах үүргийг хүлээж байгаагаар бусад эрх зүйн маргаанаас ялгагдах онцлогтой.  

Гэтэл шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч О.Д нь тухайн үед буюу 2020 оны 9 дүгээр сард бусдад өвс, тэжээл худалдан борлуулах ажлыг эрхлээгүй байх ба тэрээр фермийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад айл, өрхийн адилаар өвс, тэжээлийг хаанаас, хэнээс, хямд үнээр авах талаар ярилцаж, С.Наранбат гэх найзаасаа 7,000-8,000 төгрөгт авах болсноо Ё.Ж, Э.Ууганбаяр нарт хэлж, Ё.Ж хүсэлт гаргасны дагуу өөрийн дансаар дамжуулан С.Наранбатын данс руу 21,750,000 төгрөг шилжүүлснийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хэлцэл хийсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч О.Д нь нэхэмжлэгч Ё.Жын хүсэл зоригийг С.Наранбатад дамжуулсан үйлдэл хийсэн нь дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, хариуцагч О.Дд нэхэмжлэгч Ё.Жын өмнө хуулиар болон гэрээгээр хүлээх үүрэг үүсээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ё.Ж нь С.Наранбатыг танихгүй боловч тэрээр хариуцагч О.Дгээс өвс авахгүй, түүгээр дамжуулан С.Наранбат гэх хүнээс авна гэдгээ мэдэж байсан талаараа шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн энэ тайлбар нь хариуцагч О.Д нэхэмжлэгч Ё.Жын шилжүүлсэн мөнгийг даруй С.Наранбатын дансанд шилжүүлсэн, тэрээр Г.Наранбатаас 5,000,000 төгрөгийг буцаан авсан, гэрч Г.Отгонбаатарын шүүх хуралдаанд өгсөн “... Наранбат нь үлдэх мөнгөнд адуу өгнө гэж байсан” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Ё.Жын шүүх хуралдаанд өгсөн “...адуу өгнө гэхэд нь би мөнгөө авна гэж хэлсэн” гэсэн тайлбар болон  хавтаст хэргийн 7, 37 дугаар хуудсанд авагдсан баримт зэргээр тогтоогддог.

5.Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн гаргасан давж заалдсан “...нэхэмжлэгч Ё.Жын хүсэл зориг өвс, ногоон тэжээл авах ба хариуцагч О.Дд нэхэмжлэгчид өвс, ногоон тэжээл зарах бус нэхэмжлэгчийн данснаас шилжүүлсэн мөнгийг С.Наранбатад шилжүүлсэн үйлдэл байсан...анхан шатны шүүх Ё.Жаас О.Дгийн дансанд мөнгө шилжүүлсэн үйлдлийг хүсэл зоригийн илэрхийлэл, түүнийг хариуцагч хүлээн авсан гэж талуудын хооронд хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ...гэрч Г.Отгонбаатарын мэдүүлгийг,  ...Төв аймгийн Аргалант сумын Цагдаагийн хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Ё.Жын С.Наранбатад холбогдуулан гаргасан гомдлыг ...О.Д, Ё.Ж нарыг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа С.Наранбат нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ё.Жын 5094026300 дансанд 5,000,000 төгрөгийг С.Наранбат өвс гэх нэрээр буцаан шилжүүлсэн үйл баримт зэргийг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв байдлаас үнэлж, дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй...” гэсэн агуулга бүхий гомдлыг хангаж, анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

6. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлээр хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00647 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч О.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 224,530 /хоёр зуун хорин дөрвөн мянга таван зуун гуч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                          ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

 

                                                                                                                       А.ЦЭРЭНХАНД