| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0413/Э |
| Дугаар | 412 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч П.Амгаланбаатар,
Хохирогч, /шүүгдэгч/ Э.Б (өөрийгөө өмгөөлж),
Хохирогч, /шүүгдэгч/ Э.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1809051660291 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” их сургуулийн 5 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 20-28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жи мобайл” ХХК-нд үйлчилгээний ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, сонсголон 14 дүгээр гудамж, 553 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 2/60-50 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн орчимд Э.Бтай маргалдаж толгой руу нь пивоны шилээр нэг удаа цохиж, төмсөг рүү нь нэг удаа өшиглөж биед нь толгойн хуйх, баруун чихэнд оёдол тавигдсан шарх, төмсөгт цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мийтинг баарны гадна Э.Бтай маргалдаж нүүр, толгой руу нь гараараа цохиж газар унаган нүүр рүү нь хөлөөрөө дэвсэж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Э.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Э.Б мэдүүлэхдээ “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809051660291 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 15-наас 116-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Мийтинг” гэх нэртэй баарны гадаа Булгантамир гэх ганцаараа тамхи татаад зогсож байсан. Би Булгантамиртай юм яриад зогсож байтал Булгантамир миний хамар болон толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Булгантамир яваад өгсөн. Миний хамар эвгүй болчихоор нь Булгантамирын араас Төв номын сангийн гэрлэн дохион дээр очоод Булгантамирын толгой хэсэг рүү пивоны шилээр цохиод эмзэг эрхтэн рүү нь өшиглөсөн. Манай найз Мөнх-Оргил, Бат-Эрдэнэ нар салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Мийтинг” бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн баарнаас гараад Төв шуудангийн уулзвар руу чиглээд явж байтал хажууд машин ирж зогсоод 3 залуу бууж ирээд нэг залуу нь пивоны шил бариад Тэлмэн рүү дайрсан. Тэлмэн тэр залуугийн шилийг хаяуулсан. Гэтэл миний араас хэн нэг нь пивоны шилээр миний толгой руу цохисон. Би газар унасан. Гэтэл нэг залуу миний гэдэс хэвлий орчим өшиглөсөн. Тэрнээс хойш ухаангүй байсаар өглөө гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой найз Мөнх-Оргилын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” бааранд орж үйлчлүүлсэн. Баарнаас 05 цагийн үед гарсан. Баарны гадаа найз Мөнх-Оргил үл таних залуутай маргасан. Би хажууд нь зогсож байтал тэр залуу над руу ирээд “танай найз залуутай чинь муудалцсан” гэсэн. Намайг хамар руу цохихоор нь би түлхээд унагасан. Тэр залуутай хамт байсан залуучууд ирсэн. Би тэд нарын өөдөөс зодолдсон. Мөнх-Оргил ирж салгасан. Бас Бат-Эрдэнэ гэдэг залуу ирж салгаад бид гурав тэндээс зугтаасан. Мөнх-Оргил миний хамрыг харчихаад буцаж очье гээд миний хамрыг хугалсан хүмүүс дээр очоод дахиж зодолдсон. Би тэр залуугийн цээж рүү хоёр удаа цохисон. Миний нүүр рүү 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Мийтинг бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн баарнаас гараад Төв шуудангийн уулзвар руу чиглээд явж байтал хажууд машин ирж зогсоод 3 залуу бууж ирээд нэг залуу нь пивоны шил бариад Тэлмэн рүү дайрсан. Тэлмэн тэр залуугийн шилийг хаяуулсан. Гэтэл миний араас хэн нэг нь пивоны шилээр миний толгой руу цохисон. Би газар унасан. Гэтэл нэг залуу миний гэдэс хэвлий орчим өшиглөсөн. Тэрнээс хойш ухаангүй байсаар өглөө гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч О.Мөнх-Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой найз Билэгжаргалын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг бааранд үйлчлүүлсэн. Баарны гадна Билэгжаргал гэнэт үл таних залуутай зодолдоод эхэлсэн. Тэр үл таних залуугийн найз нь гарч ирээд Билэгжаргалыг нийлж зодсон. Би салгах гэж оролдсон. Бат-Эрдэнэ гэдэг танил таараад Билэгжаргал бид хоёрыг машиндаа суулгаад хөдөлсөн чинь төв шуудангийн уулзвар дээр нөгөө залуу явж байхыг хараад машинаас бууж очсон. Уг нь ярилцах гэж очсон дахиад зодолдоод эхэлсэн. Би анх муудалцсан залуутай барьцалдсан. Билэгжаргал үл таних залуутай зодолдож байгаад салсан. Би Билэгжаргалыг дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Б.Тэлмэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Булгантамиртай хамт Мийтинг баарнаас гараад Төв шуудан тал руугаа алхсан. Тэгээд замын гарц руу замын голд нэг машин зогсонгуутаа дотроос нь 3 залуу гарч ирээд бид нарыг чиглээд ирсэн. Тэр гурван залуугийн нэг нь гартаа пивоны шил бариад намайг цохих гээд дайрсан. 4-5 удаа хий цохиод пивоныхоо шилийг алдчихсан. Нэг нь Булгантамирын толгойг хагалсан. Тэгээд хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13711 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13763 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-57 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирогч Э.Бын хүсэлт /хх-ийн 60 дугаар хуудас/, хохирогч Э.Бын мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн орчимд Э.Бтай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар толгой руу нь пивоны шилээр нэг удаа цохиж, төмсөг рүү нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “толгойн хуйх, баруун чихэнд оёдол тавигдсан шархнуудтай, төмсөгт цус хурсан” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Бын мэдүүлэг, гэрч Б.Тэлмэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13763 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мийтинг” баарны гадна Э.Бтай маргалдаж нүүр, толгойн тус газарт хүч хэрэглэн цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Бын мэдүүлэг, гэрч О.Мөнх-Оргилын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13711 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, хохирогч Э.Б, Э.Б нар нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хоорондоо харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, гэрч нараас хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б, Э.Б нарыг харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд харилцан бие биедээ хохирогч Э.Б, Э.Б нараас “...гомдол, саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрсэн...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Б, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Б, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Б нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б, Э.Б нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН