Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар   223/МА2024/00022           

 

  

 

 

 

 

 

   2024            6              20                                                   223/МА2024/00022                                       

 

                                                                          

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Б.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                Р.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2024/00399 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 26А байр, 22 тоотод оршин суух Б.Тнэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Бага гүний 2 дугаар гудамж, 10 тоотод оршин суух Ч.Ч холбогдох

23,544,298 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Хариуцагч Ч.Чгаргасан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон,

Хариуцагч Ч.Ч,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Тшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Ч.Чтэй хамтран амьдарч байх хугацаанд "Хоёулаа машинаа томруулан хамтран зээл авъя, авсан зээлээ би өөрөө төлнө" гээд “???” ХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 30 сарын хугацаатай жилийн 14.40 хувийн хүүтэйгээр 11,500,000 төгрөг, миний төрсөн дүү Б.Түмэндэмбэрэлээс 1,500,000 төгрөг зээлж, нийт 13,000,000 төгрөг зээлсэн. Ч.Ч нь анх 3,000,000 төгрөгөөр Соната маркийн машиныг "Есөн дэлбээ" хадгаламж зээлийн хоршооноос зээл авч, өөрөө төлж дуусгангуут “???” ХК-аас зээл авахуулаад Соната-6 маркийн машин аваад түүнийгээ 6,000,000 төгрөгөөр зарж, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зарсан машины 6,000,000 төгрөг дээр банкнаас зээлсэн 11,500,000 төгрөг, дүүгээс зээлсэн 1,500,000 төгрөгийн хамт 19,000,000 төгрөгөөр Харейр маркийн машин аваад 2021 оны хавар надад хэлэлгүйгээр мөнгө нэмж зараад нууцаар Ниссан Икстрал /Nissan X-Trail/ маркийн машин авсан байсан. Энэ зээлийн үлдэгдэл 9,492,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн Ч  нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “???” ХК-аас надтай хамтран 13,800,000 төгрөг зээлсэн боловч 8,648,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 5,152,000 төгрөгийг төлөөгүй.

Би өөрийн цалингийн данснаас болон банкны зүгээс автоматаар татагдаж зээлд төлөгдсөн мөнгөн дүнг тооцоолоход 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээл авснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийг төлж дуусгах хүртэл хугацаанд нийт 23,554,298 төгрөгийг би өөрийн цалингийн данснаас төлсөн байна. Ч.Ч бид хоёр тусдаа амьдрах болсноос хойш Ниссан Икстрал /Nissan X-Trail/ маркийн автомашиныг Ч.Ч өөртөө үлдээсэн. Харин машин авахаар банкнаас зээлсэн мөнгөнөөс 23,554,298 төгрөгийг би төлж барагдуулсан. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг өмнө нь дутуу тооцоолсон байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Ч.Чээс 14,644,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээр 8.910.298 төгрөгийг нэмэгдүүлж, нийт 23,554,298 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна” гэжээ.

2. Хариуцагч Ч.Чшүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “Нэхэмжлэлийн анхны шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй, энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг ч хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Анх 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ттай хамтарч 13,800,000 төгрөгийн зээлийг авахад Б.Төөрийнх нь өмнөх зээлийн үлдэгдэл 6,081,432.27 төгрөг байсан. Энэ 129 cap, жилийн 15.6 хувийн хүүтэй, дунджаар бодож үзэхэд 1 сарын хүү 74,000 төгрөг, жилд 888,000 төгрөг, нийт 5,237,000 төгрөг болж байна. Мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад хэлэхгүйгээр нууцаар 3,000,000 төгрөг нэмж авсан байсан, үүнийг нийт 93 cap буюу жилийн 14,4 хувийн хүүтэй, дунджаар 20,800 төгрөг болох бөгөөд нийт 1,934,400 төгрөгийг төлжээ. Миний өөрийн төлсөн 15,485,000 төгрөг байна. Б.Түлдэгдэл зээл 6,081,432.27 төгрөг, нэмж авсан 3,000,000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 9,081,432.27 төгрөг, төлсөн дүн 16,252,832.27 төгрөг, миний төлсөн 15,485,000 төгрөг хавтаст хэрэгт байгаа орлогын баримтаар төлсөн нь харагдана. Ингээд би нийт 31,737,832.27 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгчээс 23,554,298 төгрөгийг нэхэмжилснээс харин ч би илүү 8,184,034.27 төгрөг төлсөн нь тооцоогоор гарч ирж байна.” гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Ч ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 24.554.298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Толгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чээс 275,671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Толгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ч.Чдавж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дугаартай шийдвэрээр надаас 24.554.298 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодорхойлж чадаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ шүүх хуралдаан дээр 22,693,000,  19,699,506,  16,699.506, 23,455,000, 23,544,298 гэж 5 янзаар тайлбарладаг. Гэтэл шүүх эдгээр тоонуудын аль нь үндэслэлтэй эсэхийг тодруулаагүй.

2. Нэхэмжлэгч үнийн дүнгээ олон янзаар тодорхойлсон бөгөөд анх 23,544,298 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өөрийн санаачлагаар нэмэгдүүлэн 24,554,298 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.

3. Миний бие Б.Ттай найз нөхдийн холбоо тогтоон 10 гаруй жил явсан, түүнчлэн хамтран амьдарч байхдаа цалингийн зээл авч өөрсдийн хэрэглээнд зориулан машин авч байсан нь үнэн. Гэхдээ би өөрийн зүгээс төлөх ёстой төлбөрүүдийг бүгдийг төлсөн. Хамтын амьдралтай байхдаа хоёулаа харилцан тохиролцож зээл авч машин худалдан аваад түнийгээ адилхан эдэлж хэрэглэж байсан байхад яагаад би бүх зээлийг хариуцан төлөх ёстой гэдгийг ойлгохгүй байна.

4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар цалингийн зээлээр худалдан авсан 2 автомашиныг бид хоёр дундаа хамтран өмчилж байсан. Тэр бүү хэл Б.Төөрийнх нь хүсэл, санаачлагаар машинуудаа сольж байсан. Хуульд зааснаар дундаа хамтран өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой аливаа хариуцлагыг хувь тэнцүүлэн, тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой байтал шүүх яагаад ганцхан надад хариуцлагыг ногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

5. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Нийт зээл хүүгийн хэмжээ 40,204,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 15,231,000 төгрөгийг хасаж тооцвол 24,973,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т нь төлж барагдуулсан байна" гэжээ. Миний өөрийн тооцооллоор би зээлд 31,737,832.27 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үнийн дүнгээс 8,184,034.27 төгрөгийг илүү төлсөн байхад шүүх буруу тооцоолол хийсэн.

6. Үндсэн зээлдэгч Б.Тхувьд өөрийн авсан цалингийн зээлээс нэг ч төгрөг төлөхгүй, бүх зээлийн төлбөрөө надаар төлүүлж байгааг шүүх зөв гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хамтран зээлдэгчийн хувьд төлөх ёстой төлбөрөө төлсөн, хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 820,700 төгрөгийг би төлж зээлийг хаасан.

7. Шүүхийн шийдвэр дээр бичигдсэн зүйл, шүүх хуралдаан дээр талуудын өгсөн тайлбар зэрэг нь илт зөрүүтэй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 24,554,298 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн атал тэмдэглэлд 23,544,298 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв гэж бичсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

8. Бид 2018 оноос хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд цалингийн зээл авч машин авч, адилхан хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Зээл нь Түмэнжаргалын нэр дээр байдаг байсан учраас би түүний данс руу мөнгө шилжүүлж, төлдөг байсан. Ер нь бол өөрөө иргэдийн хурлын төлөөлөгч, цэцэрлэгийн дарга хүн учраас унаж хэрэглэж байгаа машин миний зиндаанд хүрэхгүй байна гэж байгаад машин авах сэдлийг төрүүлж байсан. Хамтран амьдарч байх хугацаанд Б.Т нь архи ихээр хэрэглэж, ааш авир нь хэтэрсэн учраас салах шийдвэрийг гаргаж хэлэхэд салвал чамаас мөнгө нэхэмжилнэ гэж хэлдэг байсан. Ийм өс хонзонгийн сэдэлтээр мөнгө нэхэмжилж байгаа гэж ойлгож байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2024/00399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгч Б.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Ч.Ч нь надтай хамт амьдарч байх хугацаандаа удаа дараа зээл авхуулж машин авч байсан. Миний хувьд машин тэргээ сольё гэх сэдлийг өгч байгаагүй. Өөрөө энд, тэнд явж байхдаа машин тэргээ томруулъя гэж ярьж байгаад зээл авхуулсан. Зээлийг өөрөө төлж барагдуулна гэж хэлсэн боловч төлж дуусгаагүй машинаа аваад явсан. Хамт амьдарч байхдаа 6 удаа машинаа сольсон. Нэг мэдэхэд хашаа, гэртээ болсон байсан, амьдралын чанараа сайжруулаад явсан. Бид 2023 оноос эхлэн тусдаа амьдарцгаасан. Анх нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Бид анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан банкнаас тооцсон тооцооллуудыг үндэслэн  ярьсан, нэхэмжлэлийн шаардлагыг олон янзаар тайлбарлаагүй. Харин шүүх техникийн алдаа гаргаж, 24,554,298 төгрөг гэж бичсэн гэж үзэж байна. Сүүлд авсан тээврийн хэрэгслийн хувьд түүхчилсэн лавлагаагаар өмчлөх эрх нь хариуцагч Ч.Чэд байгаа бөгөөд талууд гэрлэлтээ батлуулаагүй учраас дундын өмчлөлийн асуудал яригдахгүй юм. Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр зөрүүгүйгээр хэрэгт авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Чгаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан үйл баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч Ч.Чтэй хамтран амьдрах хугацаандаа 2018 оны 9 дүгээр сарын 27, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд “???” ХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулан зээл авч тээврийн хэрэгсэл авсан, зээлийг өөрөө хариуцан төлсөн тул 23,544, 298 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлж, хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн харилцагчийн дансны хуулга зэргийг үндэслэл болгосон.

Хариуцагч Ч.Ч “Анх 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ттай хамтарч 13,800,000 төгрөгийн зээлийг авахад Б.Төөрийнх нь өмнөх зээлийн үлдэгдэл 6,081,432.27 төгрөг байсан, ...мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад хэлэхгүйгээр нууцаар 3,000,000 төгрөг нэмж авсан байсан,... миний өөрийн зээлд төлсөн 15,485,000 төгрөг байна. Б.Түлдэгдэл зээл 6,081,432.27 төгрөг, нэмж авсан 3,000,000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 9,081,432.27 төгрөг, төлсөн дүн 16,252,832.27 төгрөг, миний төлсөн 15,485,000 төгрөг хавтаст хэрэгт байгаа орлогын баримтаас харагдана. Би 31,737,832.27 төгрөг төлсөн ба 8,184,034.27 төгрөг илүү байна...” гэж 14-49 дүгээр хуудсанд авагдсан ???ны орлогын мэдүүлэг гэх баримтуудыг үндэслэн маргасан байна.

3. Шүүх, шүүгч хэргийн нөхцөл байдал, тухайн баримтын нотлох, батлах эсхүл үгүйсгэх  үндэслэл нөхцөлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст тал бүрээс нь харьцуулан дүгнэж өөрийн дотоод итгэлээр үнэлэх зарчимтай.

Хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Ч.Ч нар 2018 оноос 2023 он хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан байх ба энэ хугацаанд өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдийг сайжруулах зорилгоор “???” ХК-тай 2 удаа зээлийн гэрээ байгуулан хамтран зээл авч, тээврийн хэрэгсэл худалдан авч, зээлийг буцаан төлсөн, одоо 39-37 УЕК улсын дугаартай Ниссан Икстрал /Nissan X-Trail/  маркийн тээврийн хэрэгсэл нь Ч.Чэзэмшилд бүртгэлтэй байгаа талаарх үйл баримт хэрэгт авагдсан байна /1 дүгээр хх-ийн 101/.

Зохигчид “???” ХК-аас хамтран 2018 оны 9 сарын 27-ны өдрийн 330000742820 дугаартай, 2020 оны 9 сарын 21-ний өдрийн 330000742820 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон эсэх талаар маргаагүй байхад анхан шатны шүүх “...талуудын хамтран зээлж авсан гэх 13,000,000 төгрөгийн жилийн 15,6 хувиар тооцоход жилд 2,152,800 төгрөгийн хүү төлөгдөх бөгөөд гэрээнд дурдсан 5 жилээр тооцоход нийт 10,764,000 төгрөгийн хүү төлөгдөх байсан. Ингээд 13,800,000 төгрөг, зээлийн хүү 10,764,000 төгрөг, нийт 24,564,000 төгрөгийг төлж зээл хаагдах байжээ. Мөн 11,500,000 төгрөгийн жилийн 14,4 хувийн хүүтэй авсан гэж үзэхэд жилд 1,656,000 төгрөг бөгөөд 2,5 жилийн хугацаанд тооцоход 4,140,000 төгрөгийн хүү төлөгдсөн байсан. Ингээд 11,500,000 төгрөгийн үндсэн зээл, 4,140,000 төгрөгийн хүү, нийт 15,640,000 төгрөгийг төлөх байсан...” гэсэн дүгнэлт хийсэн, мөн уг үйл баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь үнэлж, дүгнэлт өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

4. Мөн зохигчид хамтран амьдарч байх хугацаанд “???” ХК-аас хамтран дээрх зээлийг авч  хариуцагч Ч.Чөмчлөлд байгаа 39-37 УЕК улсын дугаартай Ниссан Икстрал /Nissan X-Trail/ маркийн тээврийн хэрэгслийн үнийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийг зээл төлсөн хувь хэмжээгээр гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх ямар үйл баримтыг үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан гэрээний бус үүрэг үүссэн гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байх ба анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн  маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүйн улмаас  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болсон тул хариуцагчийн “...цалингийн зээлээр худалдан авсан 2 автомашиныг бид хоёр дундаа хамтран өмчилж байсан..., хуульд зааснаар дундаа хамтран өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой аливаа хариуцлагыг хувь тэнцүүлэн, тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой байсан...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

            5. Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

6. Хариуцагч Ч.Ч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.671 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2024/00399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, хариуцагч Ч.Чгаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Чээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,671 /хоёр зуун далан таван мянга зургаан зуун далан нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                               ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

 

                                                                                                     А.ЦЭРЭНХАНД