Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар   223/МА2024/00024           

 

 

 

 

 

 

 

 

2024                9                05                                                        223/МА2024/00024

 

 

Б.Анэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00639 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ????????????????????????? тоотод оршин суух, Б.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ??????????????? багт оршин суух Б.Б-т холбогдох,

110,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Аитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Би 2014 оны 01 дүгээр сард эхнэр болох Б.Алтжинтай оюутан байхдаа танилцаад, 2015 оноос хойш хуримлан хамт амьдарч байсан. Биднийг хамт амьдарч байхад түүний төрсөн ах Б.Бманайхаар нэг хоёр удаа ирж байсан учир зүс таних болсон. 2016 оны 10 дугаар сард би компьютерын шинжлэх ухааны мастер хамгаалахаар АНУ-руу ганцаараа явсан. Б.Алтжин 2017 оны 3 дугаар сард ирж бид АНУ-д хамт амьдрах болсон. Би ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Би сургуулиа төгсөөд 2017 оны 8 дугаар сараас АНУ-ын “%%%” ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх инженерийн ажилд,  2010 оны 6 дугаар сараас Google ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх ажилд орж ажилласан.

Би цалингаараа өмнө байсан оюутны өрөө дуусгаад дараа нь эхнэртэйгээ Монголд байр авъя гэж яриад байрны мөнгө цуглуулахаар болсон. 2019-2021 оны 3 дугаар сар гэхэд гуч гаран мянган ам.доллар цуглуулсан байсан. Нэг удаа эхнэр надад 3 хувийн зээл Монголд гарч байгаа гэнэ. Ах Б.Б300,000,000 төгрөгийн зээл гаргуулахын тулд 100,000,000 төгрөгтэй дүйцэхүйц байртай байх шаардлагатай юм байна. Энэ зээлийг гаргуулчих юм бол дор нь мөнгийг чинь буцаагаад өгнө гэж байна. Иймд намайг мөнгөө өгчих гэж хэлсэн. Би эргэлзээд яах юм бэ хэрэггүй гээд хэлтэл манай эхнэр ах Б.Бнэг л удаа тусалъя гэсэн. Мөн Б.Бнад руу утсаар яриад мөнгө зээлчих, найдвартай, 7 хоногийн дараа, үсрээд нэг сарын дараа буцаагаад өгнө гэсэн. Би  итгээд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар, нийт 31,500 ам.долларыг Б.Б-ынХудалдаа хөгжлийн банк дахь 452644351 тоот данс руу АНУ-аас шилжүүлсэн.

Б.Бнадаас мөнгө зээлэхдээ 2-3 удаа утсаар ярихдаа “...300,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, энэ зээлийг бүтээгээд мөнгийг чинь гаргаад өгнө” гэсэн тул хурааж хуримтлуулсан байрны мөнгөө шилжүүлсэн.

Энэ хугацаанаас хойш сарын дараа нөгөө мөнгөө асуухад эхнэр болж байгаа байх, утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Мөн эхнэрээс 6 дугаар сард нэг удаа асуусан. Тухайн үед өгсөн хариу нь нөгөө ах чинь таг болчихлоо, утас нь ядаж холбогдохгүй байна гэж хэлсэн. Дараа нь Билгүүнээ малын өвс тэжээл тарьсан гэнэ гэж хэлсэн. Тэгэхэд нь би уурлаад юу яриад байгаа юм бэ, хэлсэн ярьсандаа байхгүй гэсэн чинь харин тийм ээ яах вэ гэсэн.

Сүүлд би мөнгөө нэхэж Б.Б-ынутас руу залгаж асуухад “...Чи юу гээд байгаа юм бэ, чамайг Монголд ирвэл онгоцны буудал дээр чинь хүнээр алуулна” гэж заналхийлсэн. Үүний дараа Б.Билгүүнбаяртай ямар ч холбоогүй миний утсыг авахгүй удаж байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна.

Энэ асуудлаас болж эхнэртэйгээ таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа. Б.Б110,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

  1. Хариуцагч Б.Бшүүхэд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б.Анэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Б.Ань миний төрсөн дүү Б.Алтжинтай 2015 онд гэр бүл болж, 2017 онд АНУ-д суралцаж, ажиллаж амьдрахаар явсан. Би Монгол улсад ажиллаж амьдарч байсан. 2021 онд хямдхан байр авах санал орж ирсэн. Харин надад байсан мөнгө хүрэхгүй байсан тул өөрийн төрсөн дүү Б.Алтжинтай холбогдож мөнгө зээлээч гэж гуйсан. Тухайн үед Б.Алтжин цуглуулсан багахан хэмжээний мөнгө байгаа бид бас байр авах санаатай цуглуулж байгаа таны байр яг бүтэх юм уу, найдвартай юм уу гэх зэргээр асууж байсан.

Ингээд Б.Алтжин 31,000 ам.долларыг зээлдүүлэхээр болж миний Худалдаа хөгжлийн банкны 452644351 тоот дансанд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар, нийт 31,000 ам.доллар шилжүүлсэн. Иймд уг мөнгийг Б.Абуцаан төлөхөөр тохиролцсон.

Харин Б.АБ.Бнь ямар нэгэн байдлаар мөнгө зээлэх талаар харилцаж байгаагүй, зөвхөн Б.Амөнгө зээлэх талаар ярилцаж байсан. Энэ талаар нэхэмжлэлд мөн дурдсан байна.

Хариуцагчийн зүгээс Б.А31,000 ам.долларын зээл авах хэлцэл, гэрээ хийгээгүй нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 110,250,000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Б89,767,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аолгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,482,245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б606,789 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аолгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00639 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, маргааны үйл баримт зөв дүгнэж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо зээлийн гэрээний үүрэгт 110,250,000 төгрөг ба тус төлбөрт зээлийн үндсэн төлбөр болон, ханшийн зөрүүний алдагдал, алдангийг гаргуулна гэж тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүний нотлох баримт гэж заасан ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэдэн төгрөг нь үндсэн зээл, хэдэн нь алданги, ханшийн зөрүү хохирол нь болох нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байхад тодруулалгүй шийдвэрлэсэн.

3.Маргааны үйл баримтыг дүгнэхэд хариуцагч Б.Бнь өөрийн төрсөн дүү Б.Амөнгө зээлэхээр тохиролцож, 31,500 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлэн авсан. Б.Азээл авах, зээлийн талаар хэлцэл байгуулах тохиролцоо хийгдээгүй болно. Учир нь:

Анх зээл авах, зээлийг буцаан төлөх талаар өөрийн төрсөн дүү Б.Алтжинтай тохиролцсон. Б.Аданснаас шилжүүлсэн 31,500 ам.доллар нь Б.Аавсан зээлийн мөнгө болно. Харин Б.Б-ынхувьд дансанд орж ирсэн мөнгийг Б.Ашилжүүлсэн гэж үзсэн ба зээлийг буцаан Б.Атөлөх үүрэг үүссэн гэж үзэж байна.

4.Хариуцагчийн зүгээс тус зээлийг анх хэнтэй байгуулсан, зээл төлөх үүрэгт хэнд үүссэн талаар гэрч Б.Агэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хэрэгт ач холбогдолгүй гэж шийдвэрлэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байна гэж заасан. Б.Алтжин нь тухайн хэрэгт хамааралтай мэдэж байсан гэрч юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан гэрч асуулгах хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Гэрч асуулгах хүсэлт нь хэлцэл хэний хооронд үүссэн, зээл төлөх үүрэг хэнд үүссэн, тухайн шилжүүлсэн 31,500 ам.доллар хэний мөнгө эсэхийг тогтоох ач холбогдолтой.

5.Мөн хариуцагчийн зүгээс талуудын үүсэн маргааныг эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасан эрхийг хязгаарласан гэж үзэж байна.” гэв.

 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б.Ань АНУ-д ажиллаж цуглуулсан мөнгөө эхнэр Б.Алтжингийн ах Б.Бзээлж өөрийн данснаас 31,500 ам.доллар шилжүүлсэн. Мөнгө зээлэх талаар Б.Амартай ярилцаагүй гэж Б.Бхудал ярьж байна. Тэгсэн мөртлөө Б.Амөнгө шилжүүлсэн, авсан  үйл баримтын талаар маргадаггүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иймд илт тодорхой үйл баримтыг гэрчээр нотлуулах шаардлага байхгүй. Б.Амар, Б.Алтжин нарын хооронд гэр бүлийн маргаан үүссэн байгаа ба гэр бүлийн хөрөнгийн асуудал энэ маргаанд хамаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд, тухайн үеийн ханшаар тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гадаад валютын ханшийн лавлагааг Монголбанкны нээлттэй мэдээллийн санд ороод үзэх боломжтой. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эсэхэд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байгаа.

Ер нь хариуцагч тал хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулах сонирхолтой. Энэ бүх хугацаанд эвлэрэх ямар ч бодолгүй байсан мөртлөө шүүх хуралдааны шатанд  шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах хүсэлт гаргасан. Харин энэ хүсэлтийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй. Одоо ч бид эвлэрэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч Б.Азээлийн гэрээний дагуу шилжүүлсэн нийт 31,000 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцож 110,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бэс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

3.1.Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэхээр Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасан тул гадаад валюттай холбоотой нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т "Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно" гэж заасны дагуу тодорхойлно.

 

Нэхэмжлэгч Б.Ахариуцагч Б.Б110,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээ тодорхойлохдоо 31,000 ам.долларыг тухайн үеийн гадаад вальютын ханшаар тооцсон гэж тайлбарласан, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд Худалдаа хөгжлийн банкны гадаад валютын дансны хуулга авагдсан байгаа ч Монголбанкнаас зарласан албан ёсны ханштай холбоотой баримт хэрэгт огт авагдаагүй байхад анхан шатны шүүх “...31500 ам.долларыг шилжүүлсэн тухайн өдрийн ханш болох 1 долларыг 2,849.77 төгрөгөөр тооцоход 89,767,755 төгрөг болж байна. Хариуцагч Б.Б89,767,755 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аолгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,482,245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож...” гэсэн дүгнэлт хийжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

3.2.Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11.-т “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.”,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч  нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан.

 

 Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШЗ2024/02186 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан “Б.Агэрчээр асуулгах тухай” хүсэлтийг “...тухайн зээлсэн мөнгө хэний мөнгө вэ гэдгийг тогтоох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын өөрийн хуульд заасан эрх, үүрэг бөгөөд тухайн мөнгөн шаардлагаас хэд нь гэрч Б.Алтжингийн мөнгө байна гэдгийг шүүх тогтоох боломжгүй...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд дээрх хуульд заасан үндэслэлээр шүүх хуульд заасан ажиллагааг явуулах боломжгүй тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Иймээс анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тогтоосон эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

3.3.Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн явуулах ажилллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд тухайлан заасан.

Анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ТМ2024/00719 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүх хуралдаан даргалагч зохигчдоос эвлэрэх боломж байгаа эсэх талаар асууж тодруулах ажиллагааг явуулаагүй, хариуцагчаас шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шүүгчийг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг зохигчдод бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

4.Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг зөвтгөн залруулах боломжгүй байгаа тул хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00639 дугаар шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,200 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж хариуцагч Б.Болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2024/00639 шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ындавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,200 /зургаан зуун найман мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЦЭРЭНХАНД

 

     ШҮҮГЧИД                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                З.ТҮВШИНТӨГС