Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01725

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 09 210/МА2024/01725

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/02560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ю ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 10,250,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Х ХХК нь Ю ХХК-ийг АНУ-аас автомашин оруулж ирдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, найдвартай гэж бодон бүх зардал нь ороод 270,000,000 төгрөг хүртэлх үнээр, 2018-2021 оны хооронд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн Lexus 570 маркийн автомашиныг захиалан авахаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр очиж уулзсан бөгөөд тухайн үед 5,000,000 төгрөгийн барьцааг байршуулан сонирхож буй машинаа хайлгасан.

Дуудлага худалдаанд 50.900 ам доллароор 2018 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй, Lexus 570 маркийн автомашиныг бүх зардал нь ороод 270,000,000 төгрөгт багтаан 60 хоногийн дотор худалдан авах боломжтой гэх хариуг өгсөн. Тэгээд тухайн автомашины мэдээлэл, зургуудыг үзүүлээд урд талын копуд дээрээ нэг жижиг, баруун урд талдаа нэг дугуй хэлбэртэй жижиг сэвтэй, өөр сэв, зураас, эвдрэл гэмтэл байхгүй, ямар ч асуудалгүй автомашин байна гэсэн.

2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ю ХХК-аас бидэнтэй холбогдоод дээрх автомашиныг дуудлага худалдаагаар 54.200 ам.долларт авсан, ирж гэрээгээ хийгээрэй гэсний дагуу очиж уулзахад, тухайн автомашины нийт гарах бүх зардал, тооцоолол нь 270,255,400 төгрөг болж байсан ба манай байгууллагын анх автомашин захиалахаар хайлгасан үнийн дүнтэй дүйцэж байсан.

Хэрвээ гэрээ байгуулбал захиалгын төлбөр болох 198,224,425 төгрөг буюу 57.043 ам долларыг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор шилжүүлэх, татвар ба тээврийн зардал 20.782 ам доллар буюу 72,030,975 төгрөгийг автомашин Монгол Улсад ирсний дараа төлөөд, өөр нэмэлт ямар нэгэн зардлыг огт нэмж төлөхгүйгээр худалдан авах боломжтой гэсэн тооцооллыг манай байгууллагад гаргаж өгсний дагуу зуучлагчаар дамжуулан автомашин захиалах, нийлүүлэх гэрээг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Манай байгууллага Ю ХХК-ийн дансанд 57.100 ам.долларыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн.

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сутай богд бридж транс нэртэй тээврийн компани манай байгууллагатай холбогдож, таны захиалсан машин урд байгаа, нэмж 750 ам.доллар, газрын мөнгө 300,000 төгрөг нэмж төлбөл 11 сардаа багтаж ирнэ, хэрэв төлөхгүй гэвэл 2024 оны 02 дугаар сард ирэхээр байна та төлөх үү гэсэн. Тэгээд Ю ХХК-тай холбогдож тодруулахад манайх мэдэхгүй, тээврийн компани мэднэ гэж тайлбарласан. Гэтэл тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд автомашиныг нийлүүлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байна, 60-90 хоногийн дотор ирнэ гэж тохиролцож, гэрээг байгуулсан атлаа дараа нь тээвэр зууч мэднэ гэх зэргээр мэлзсэн. Манай байгууллага дахин 3 сар хүлээх боломжгүй, удахаар байсан тул аргагүйн эрхэнд тээврийн нэмэлт зардлыг төлсөн.

2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн компанид 15,988,400 төгрөгийг төлж, автомашинаа холбогдох баримт бичгийн хамт хүлээн авсан. Улаанбаатар хотын гаалийн байгууллагад очиж гаалийн бүрдүүлэлт хийж мэдүүлэхэд 62,333,756 төгрөг болж, хариуцагч байгууллагын анх гаргаж өгсөн зардлын тооцоолсон үнийн дүнгээс 6,000,000 төгрөг нэмж төлөхөөр гарсан тул төлөлгүйгээр эхлээд гэрээ байгуулсан Ю ХХК-аас тодруулахад татварын байгууллага буруу бодсон байна, манай байгууллага судлаад эргээд холбогдъё гэсэн.

Гэтэл гаалийн байгууллага болон контейнерт машинууд нь хамт ирсэн хүмүүс байнга залгаад автомашинаа яаралтай авмаар байна, яаралтай гаалийн бүрдүүлэлтээ хийгээд контейнероо задалж нээмээр байна гэсэн тул хариуцагч Ю ХХК-тай очиж уулзсан. Уулзалтаар хариуцагч байгууллага өөрсдөө анхнаасаа буруу тооцоо, дүн гаргаж өгсөн, гаалийн байгууллага зөв тооцоолсон болохыг хүлээн зөвшөөрсөн. Уг хохирлыг хариуцагч Ю ХХК нь манай байгууллагад нөхөн төлж барагдуулах талаар хүлээн зөвшөөрч, манай байгууллага нь эхлээд нэмэлт 6,000,000 төгрөгийг төлөөд машинаа авахаар болж нийт 62,333,756 төгрөгийг төлсөн.

Гаалийн баталгаат талбай дахь контейнер задарч, нээхэд захиалан авсан автомашины баруун талаар үргэлжилсэн юм шүргэсэн том сэвүүдтэй, урд салхины шил нь цуурсан, моторын чек, брейк нь ассан доголдолтой, өө сэвтэй, гэмтэлтэй автомашин гарч ирсэн. Уг автомашиныг ийм их доголдолтой, өө сэвтэй гэдгийг манай байгууллага анхнаасаа огт мэдээгүй, ийм доголдолтой гэдгийг бидэнд огт мэдэгдээгүй, ямар ч асуудалгүй машин зэргээр зургийг нь харуулж танилцуулсан, доголдолгүй, ямар нэгэн асуудалгүй машин зэргээр хуурч мэхлэн гэрээ байгуулсан байна.

Ю ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23/40 дугаартай албан бичгээр манай байгууллагад учирсан хохирлыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор нөхөн төлөх талаар мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Иймд, Ю ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас манай байгууллагад учирсан бодит хохирол болох Гаалийн байгууллагад нэмж төлсөн 6,000,000 төгрөг, автомашины баруун талын үргэлжилсэн сэв, зураас, цонхны засах засварын төлбөр 3,900,000 төгрөг, тээврийн зардалд нэмэлтээр төлсөн 350,900 төгрөг, нийт 10,250,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Зуучлуулагч Х ХХК-ийн сонгосон автомашин нь үйлчлүүлэгчийг сонгох үед буюу дуудлага худалдаанд орох үедээ бага хэмжээний сэв зураастай байгаа талаар үйлчлүүлэгч Г.Б-д манай Ю ХХК-ийн худалдааны зөвлөх Э.М- нь дуудлага худалдаа явуулдаг цахим сайт болох www.manheim.com нэвтрэн орж автомашины нийт 30 зурагтай нэг бүрчлэн танилцуулсан бөгөөд үйлчлүүлэгч Г.Б- нь дээрх сэв, зураас, гэмтэлтэй танилцаж, Монгол Улсад автомашин ирсэн хойно засварлаж болохоор байна гэж үзэж тухайн автомашиныг сонгосон. Бидний танилцуулсан автомашин худалдан авахтай холбоотой үнийн талаарх мэдээлэлд автомашиныг дуудлага худалдаанаас худалдан авах үнэ 54.200 ам доллар, дуудлага худалдааны хураамж 1015 ам.доллар, орон нутгийн буюу Америк улсад автомашиныг тээвэрлэх зардал 828 ам.доллар, зуучлалын үйлчилгээний хураамж 1.000 ам.доллар болж нийт зардал 57.043 ам.доллар. Үүнд автомашиныг Монгол Улс руу газраар тээвэрлэх зардал 4.500 ам.доллар, автомашин Монгол Улсад ирсний дараах гааль болон тээвэрлэлтийн хураамж нэмэгдэж тооцогдох болно гэж мэдээлэл өгч улмаар үүнийг Г.Б- хүлээн зөвшөөрч бидний хооронд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зуучлагчаар дамжуулан автомашин захиалах, нийлүүлэх №1668 тоот гэрээ байгуулагдсан.

Дээрх гэрээний 1.2 дахь заалтад худалдан авагч захиалсан автомашины үнэ болон АНУ-д гарах зардлууд /муж хоорондын тээвэрлэлт, ачилт бэхлэлт, бичиг баримтын бүрдүүлэлт г.м/-ийг гэрээ хүчин төгөлдөр болоход төлөх ба Монгол Улсад автомашин тээвэрлэгдэн ирсний дараа гарах тээвэрлэлт, гааль болон бусад холбогдох зардлуудыг худалдан авагч өөрөө хариуцаж төлнө, мөн 2.6-д худалдан авагч талын захиалсан машин Монгол Улсад ирэхэд холбогдох бүх зардлыг худалдан авагч хариуцаж төлнө гэж тус тус тусгасан.

Гэвч нэхэмжлэгч болох Х ХХК өөрсдийн захиалсан автомашин Монгол Улсад ирсэн хойно гарсан буюу гэрээний 1.2, 2.6 заасан зардлыг манай Ю ХХК-аас нэхэмжилж байгаа нь бидний хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй зардал нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Ю ХХК-аас 10,250,900 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй үнэлсэнгүй.

Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ТМ2024/03730 дугаартай хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Х ХХК-д тээврийн хэрэгслийн гааль болон татварын үнийн тооцооллыг анхнаасаа 56,392,000 төгрөг байх тооцооллыг гаргаж өгсөн болох нь нотлогдож байна.

Мөн гаалийн байгууллагад төлөх татвар, хураамж, онцгой албан татварыг бодохдоо АНУ болон Монгол Улсад төлсөн тээврийн зардлыг багтааж боддог гэсэн тул хуулийн дагуу 60,000 гаруй ам.долларын баримтаараа бодуулж төлсөн. Үүнийг хариуцагч татварын байгууллага буруу бодсон гэж хэлсэн боловч өөрсдөө ирж уулзааж гэхэд ирж уулзаагүй, утсаар л буруу бодсон байна гээд ерөөсөө хөдлөөгүй. Үүнийг хоорондоо харилцсан фейсбүүк мессенжерт хийсэн үзлэгийн баримтаар нотлогддог.

Гэтэл хариуцагч Ю ХХК-ийн зүгээс тээврийн хэрэгслийг захиалахын өмнө нь гаргаж өгсөн гаалийн татварын тооцооллыг хуульд заасны дагуу бодоход 56,392,000 төгрөг болохоор байна гэж итгүүлсэн бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхэд гаалийн татвар 62,333,556 төгрөг болж өссөн бөгөөд зөрүү нь /5,941,756 төгрөг/ буюу ойролцоогоор 6,000,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн.

4.2. Гэрээний 1.5-д заасны дагуу тээврийн нийт зардлыг АНУ-аас Улаанбаатар хот хүртэлх ... /2 автомашин ачигдсан тохиолдолд/ 4500 ам.доллар байхаар харилцан тохиролцсон бөгөөд Улаанбаатарт тээвэрлэгдсэн ирсний дараа гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Уг гэрээнд тээврийн зардлыг тодорхой үнийн дүнгээр /4500 ам.доллар байхаар/ тогтоосон байхад тухайн үнээс давсан төлбөрийг нэхэмжлэгч хариуцахаар гэрээнд заагаагүй байхад шүүхээс нэхэмжлэгчийг өөрөө харилцан тохирч тээвэрлэгч компанид нэмэлт төлбөр төлсөн, гэрээний 1.2, 2.6-д зааснаар нэхэмжлэгч тээврийн нэмэлт төлбөрийг хариуцах нь зүйтэй гэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс гэрээгээр харилцан тохиролцохдоо тээврийн зардал ийм байна гэж тодорхой заасан, илүү зардал гарсан тохиолдолд төлөх эсэх талаар анхнаасаа мэдээлэл өгөөгүй, харилцан тохиролцоогүй бөгөөд гэрээний 5.1-д Нийлүүлэгдэх хугацаа нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэхээр харилцан тохиролцсон бөгөөд тээврийн хэрэгсэл гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатарт ирсэн тул нэхэмжлэгч зөрүү зардлыг хариуцах үндэслэлгүй юм.

4.3. Анх машиныг сонгоход зөвхөн 6 ширхэг дан зураг явуулсан (хоорондоо харилцсан фейсбүүк мессенжерт хийсэн үзлэгийн баримтаар нотлогддог). Дараа нь ажил дээр нь очиж гэрээ хийхдээ мөн зургийг нь үзүүлсэн, линкийг нь өгчих гэхэд манай өгдөггүй юм аа, хүмүүс линкийг авчихаар өөрсдөө худалдаад авчихдаг, манайхаар үйлчилгээ авахаа больчихдог юм гээд линкийг нь огт өгөөгүй бөгөөд манайх зөвхөн тэдний явуулсан зургийг харж мэдээлэл авч захиалсан.

Гэтэл хожим буюу сүүлд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагчаас автомашины 15 зургийг үзүүлсэн байна. Эдгээр зургуудаас автомашины эвдрэл гэмтэл, өө сэв нарийн харагдахгүй байх бөгөөд мөн хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн автомашины өө сэв зураастай хэсгүүдийг харуулсан, урд, ард копуд, урд салхины шилний хагархай зэрэг томруулж, ойртуулан авсан зургийг шүүхэд нэмэлтээр гаргаж өгч, зургийг нэхэмжлэгчид өмнө нь огт танилцуулаагүй байгаа нь үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримтуудаас нотлогддог.

Тухайн автомашиныг анх захиалах үеийн танилцуулсан зураг, шүүхэд хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн зургууд нь тооны хувьд зөрүүтэй, захиалга өгөх үед уг автомашины эвдрэл гэмтэл, өө сэв, доголдолтой талаарх мэдээлэл болон зургийг бүрэн гүйцэт үзүүлээгүй, танилцуулаагүй болох нь гаалийн хяналтын талбай дээр автомашин буусан үеийн бодит зураг, бичлэгээс нотлогдож байна.

4.4. Нэхэмжлэгчид цахим сайт дээрх автомашины линкийг анхнаасаа огт өгөөгүй, үзүүлээгүй бөгөөд шүүхээс хариуцагчийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар шинээр гаргаж өгсөн баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд уг баримтыг огт танилцуулаагүй болно. Бид авч байгаа машин маань урд салхины шил жижиг цууралттай -1 инч, ард бампер гүн зураас 1/8-1/2 инч, баруун ард хаалга олон хонхорхойтой, будаг болон куковт засвар хийх шаардлагатай гэдгийг огт мэдээгүй, хэрэв мэдсэн бол авахгүй, өөр машин захиалж авах байсан.

Мөн дээрх баримт орчуулгын товчоогоор англи хэлнээс монгол хэл рүү орчуулагдсан байх бөгөөд орчуулгын баримт бол тухайн баримтыг үнэн зөв гэдгийг нотлохгүй бөгөөд зөвхөн орчуулга хийж байгаа учраас нотлох баримтын шаардлага хангагдахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлээгүй баримтыг шүүхээс нотлох баримтаар үнэлж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Манай байгууллагын зүгээс тухайн автомашины доголдлын талаар нэхэмжлэгчид хэлж байсан ба нэхэмжлэгч нь хаана, ямар доголдол байгаа талаар асуусан. Мөн гэрээ хийхээс өмнө автомашинтай танилцахдаа эвдрэл гэмтлийг хараад вьетнам засварт өгөх юм байна, урд шилийг АНУ-аас захиж болох юм байна, хаанаас авах тухайгаа асууж байсан атлаа одоо тухайн автомашиныг огт харж байгаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Линк өгөөгүй гэх гомдлын тухайд бидний зүгээс нэхэмжлэгчид тухайн автомашины талаар тодорхой тайлбарлаж үзүүлж харуулсан ба нэхэмжлэгч нь линк авах талаар биднээс асууж нэхсэн зүйлгүй, мөн бидний зүгээс өөр хүнээс худалдаж авдаг гэх талаар огт яриагүй ба тийм боломжгүй. Тиймээс тухайн автомашины линкийг өгөхгүй байх боломжгүй, худалдан авагч асуусан тохиолдолд өгдөг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10,250,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2.1. Х ХХК нь Ю ХХК-тай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1668 дугаар Зуучлагчаар дамжуулан автомашин захиалах, нийлүүлэх гэрээ-гээр зуучлагч Lexus LX 570 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн тээврийн хэрэгслийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэхээр, зуучлуулагч хөлс 1000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг төлөхөөр талууд тохиролцжээ./хх16/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт зааснаар худалдааны зуучлалын гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

3.1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч нь дээрх гэрээний зүйл болох автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх тул зуучлагч буюу хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

4. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь ямар нэгэн үүргээ зөрчсөн, биелүүлээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

4.1. Тодруулбал, тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагчийн төлөөлөгч Э.Э-ийн Iphone 13 pro max загварын гар утсаар фэйсбүүкийн B G болон U гэсэн хаяг бүхий талуудын харилцсан цахим захидалд үзлэг хийсэн байх ба Lexus LX 570 маркийн хар өнгөтэй машин, баруун урд хажуу талаас харуулсан, сайтад байршуулсан мэдээллийн хамт англи хэл дээрх линк болон гэрэл зургуудыг явуулж, түүний дараа нэхэмжлэгчээс жижиг сэвтэй болохоос өөр гэмтэл бол байхгүй гэж ойлголоо зөв үү гэж бичсэн, хариуцагчаас эргээд зураасууд байгаа юм байна гэж бичсэн, нэхэмжлэгч ок гэсэн хариу илгээсэн болох нь тогтоогдсон байна./хх118-139/

 

4.2. Гэрээний зүйл болох автомашины нөхцөл байдлын тайлан гэсэн баримтаас үзэхэд тухайн маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт, гэрэл зураг, гаднах байдлын төлөв гэмтлийн зэрэг гэсэн хэсэгт салхины шил жижиг цууралттай, капот хонхорхой/будаг гэмтсэн/, ард бампер гүн зураастай, зүүн урд крыло хонхорхой/будаг гэмтсэн/, ард бампер гүн зураастай, баруун ард хаалга олон хонхорхой/будаг гэмтэлгүй/, баруун урд крыло хонхорхой/будаг гэмтсэн/ гэж тус тус тэмдэглэгдсэн байна./хх141-145/

 

4.3. Мөн, нэхэмжлэгч нь автомашины дээрх гэмтлийг засварласан үнэ 3,900,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2023 оны 672 дугаартай баримтаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,900,000 төгрөг болохыг тодорхойлов гэсэн нь маргаан бүхий автомашины засварын зардлын баримт гэж үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй байх тул тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэхгүй. Учир нь, уг баримтаар маргаан бүхий тээврийн хэрэгслийн ямар эд ангид, хэрхэн ямар засвар үйлчилгээг тус бүрт нь хэдэн төгрөгөөр хийх талаар тодорхой тусгагдаагүй байх ба мөн, тухайн тээврийн хэрэгслийг ямар үнэ өртгөөр засварласан тухай баримтгүй байна./хх 11/

 

4.4. Иймд нэхэмжлэгч талаас худалдан авсан тухайн автомашины шинж төлөв, гэмтэл засварын талаар мэдэгдээгүйгээс нэхэмжлэгчид 3,900,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хариуцагч талаас гаргаж өгсөн гэрэл зураг, орчуулгын баримтууд нь шаардлага хангахгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч тал эхлээд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсноор хариуцагч тал татгалзлаа баримтаар нотлох учиртай.

 

5. Түүнчлэн, талууд гэрээний 1.2-т Худалдан авагч захиалсан автомашины үнэ болон АНУ-д гаргах зардлууд /муж хоорондын тээвэрлэлт, ачилт бэхлэлт, бичиг баримтыг бүрдүүлэлт гэх мэт/-ыг гэрээ хүчин төгөлдөр болоход төлөх ба МУ-д автомашин тээвэрлэгдэн ирсний дараа гарах тээвэрлэлт, гааль болон бусад холбогдох зардлуудыг худалдан авагч өөрөө хариуцаж төлнө гэж, гэрээний 2.6-д Худалдан авагч талын захиалсан машин Монгол Улсад ирэхэд холбогдох бүх зардлыг худалдан авагч хариуцаж төлнө гэж тус тус тохиролцсон.

 

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Ю ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас манай байгууллагад учирсан бодит хохирол болох гаалийн байгууллагад нэмж төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна. Энэхүү төлсөн төлбөр нь гэрээний 2.6-д заасан худалдан авагчид хамаарах зардал байх тул хариуцагч тал хариуцахгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/02560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ