Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 434

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Г.Ганбагана,  

Шүүгдэгч С.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сд холбогдох эрүүгийн 1809051791265 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, консул 9 дүгээр гудамж 251 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 9-16 тоотод оршин суух,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.С нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нагоми” ресторанд хохирогч Ч.Баярмагнайгийн нүүр рүү бакал шидэж, дух, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 1809051791265 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч С.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны орой хуучин хамтран амьдрагч байсан Ч.Баярмагнайтай уулзсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нагоми” ресторанд би найз Билгүүний хамт архи ууж байхад Ч.Баярмагнай ирсэн. Тэгээд ярилцаад сууж байгаад миний уур хүрсэн. Ч.Баярмагнайг хамт ажилладаг залуутай нь хардсан. Би Ч.Баярмагнайг загнасан. Ч.Баярмагнай өөрийгөө өмөөрөөд хэрэлдээд байхаар нь ширээн дээр байсан архины бакал аваад шидчихсэн. Гэтэл зүүн нүдний орчим цус гараад эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Баярмагнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуучин нөхөр С.С нь уулзая гэж “Нагоми” ресторанд дуудсан, тэгээд орой 20 цагийн орчим очтол Билгүүн гээд найзын хамт 8 номерийн өрөөнд сууж байсан...Билгүүн Соёлмандахыг одоо хэрүүлээ боль гэж хэлээд 00 өрөө орлоо гээд гараад явсан. Тэр хооронд Соёлмандах намайг янхан гичий гэж хэлж харааж байгаад ууж байсан архины стаканаа нүүр рүү шидсэн. Тэгээд миний нүүрнээс цус гараад цагдаа, эмнэлэг дуудсан... өмнө нь намайг зодож байгаагүй. Харин өнгөрсөн зун намайг хардаад алгадаж байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13813 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ч.Баярмагнайгийн биед дух, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүл нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэжээ /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/, шүүгдэгч С.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 21-41 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.С нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нагоми” ресторанд хохирогч Ч.Баярмагнайг бусадтай хардаж маргалдан нүүр рүү нь шилэн бакал шидэж эрүүл мэндэд нь дух, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ч.Баярмагнайгийн “....Соёлмандах намайг “янхан гичий” гэж хэлж харааж байгаад ууж байсан архины стаканаа нүүр рүү шидсэн. Тэгээд миний нүүрнээс цус гараад цагдаа, эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Сгийн “.... Ч.Баярмагнайг хамт ажилладаг залуутай нь хардсан. Ч.Баярмагнай өөрийгөө өмөөрөөд хэрэлдээд байхаар нь ширээн дээр байсан архины бакал аваад шидчихсэн. Гэтэл зүүн нүдний орчим цус гараад эхэлсэн....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13813 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Ч.Баярмагнайгийн биед дух, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүл нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Ч.Баярмагнайтай маргаан үүсгэж, шилэн бакал аваад шидсэн талаар мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрт хэрхэн яаж хүч хэрэглэн гэмтээснийг гэрчилж дэлгэрэнгүй мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Сын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Баярмагнайгаас “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН