Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 181/2023/04069/И |
Дугаар | 210/МА2024/01724 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01724
2024 09 09 210/МА2024/01724
Ө ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/02546 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч М ХХК-д холбогдох,
519,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Ө ХХК нь хариуцагчтай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тээврийн үйлчилгээний гэрээ байгуулсан байх ба тус гэрээний зорилго нь хариуцагч нь нэхэмжлэгчийн ачааг Говьсүмбэр аймгийн С сумын Чойр өртөөний Олон овоо гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл өөрийн эзэмшлийн болон гэрээт вагоноор тээвэрлэлт хийж, тээвэр зуучийн цогц үйлчилгээг үзүүлэхээр талууд харилцан тохиролцсон билээ. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д заасан гэрээний үнэ болох 745,473 юань түүнтэй тэнцэх хэмжээний 350,000,000 төгрөгийг хариуцагчийн 2105170446 тоот Голомт банкны юанийн данс руу төлбөрийг 100 хувь шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн.
Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсантай холбоотойгоор талууд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 22-20-01 тоот Тээврийн үйлчилгээний нэмэлт гэрээ-г байгуулсан бөгөөд тус нэмэлт гэрээний 1.1.1-т заасны дагуу тээвэрлэлт хийж дуусах сүүлийн хугацааг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байхаар гэрээнд заасан.
Нэхэмжлэгч талын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, бүхий л төлбөрийг төлсөн атал хариуцагч нь үндсэн гэрээний 4.2.1-т зааснаар Үйлчлүүлэгчийн захиалгаар энэхүү гэрээнд Олон овоо ХХК-ийн гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Эрээн өртөө хүртэлх УБТЗ-ын тээврийн төлбөр, вагон тавьж өгөх үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй гэх заалтыг зөрчсөн.
Хариуцагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул үндсэн гэрээний төлбөр болох 350,000,000 төгрөг болон нэмэлт гэрээний 1.1.3-т 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 100 вагоноор ачааг Эрээн өртөөнд тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Тээвэрлэгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг тооцно. гэж заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 97 хоногийн алданги болох 169,750,000 төгрөг, нийт 519,750,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Гэрээний дагуу нэхэмжлэгч компанийн захиалгаар ачааг /нүүрс/ Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Чойр өртөөний Улаанбаатар стандарт ХХК-ийн талбайгаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн өртөө хүртэл тээвэрлэлт хийхээр тохирч 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Голомт банк дахь 2105170445 тоот дансаар 351,975,076.95 төгрөгийг хүлээн авсан.
Тавантолгой төмөр зам ХХК нь манай компанитай байгуулсан гэрээгээ цуцалсантай холбогдуулан тээвэрлэлтийн үйлчилгээ зогссон. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон талаараа нэхэмжлэгч компанитай албан бичгээр харилцаж байсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэрээгээр хүлээсэн үүрэг, гэрээний хугацаа хэдийгээр дуусаж байгаа ч гүйцэтгэе гэх нөхцөл байдлаа илэрхийлж байсан.
Талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Тээврийн үйлчилгээний гэрээ-нд талууд ямар нэгэн анзын асуудлыг тохиролцоогүй. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар буюу гэрээний 1.1.1 дэх заалтаар тээвэрлэлт хийх хугацаагаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, энэ хугацаанд гүйцэтгэж чадахгүй тохиолдолд алданги төлөхөөр нэмэлт гэрээний 1.1.3 дахь заалтаар тохиролцсон.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсантай маргахгүй. Харин нэмэлт гэрээ бол тухайн гэрээний хугацааг сунгаж буй хэлцэл юм. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацааг талууд сунгаж байгаа тохиолдолд гэрээний хугацаа дууссан үеэс тухайн хугацааг тооцно гэсэн. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээ сунгагдаагүй, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэмэлт тохиролцоо хийхдээ алданги тохирсон. Иймд хуульд зааснаар гэрээний хугацааг сунгаагүй тул алданги төлөхгүй гэж үзэж байгаа. Харин 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний дагуу авсан үндсэн төлбөрөө төлнө гэсэн байр суурьтай байна.
Иймээс компанийн дансанд ороод ирсэн 350,000,000 төгрөгийг төлөх байр сууриа нэхэмжлэл гардаж авснаасаа хойш л илэрхийлээд, эвлэрэх ямар боломж бололцоо байна вэ гэдгийг эрэлхийлж ирсэн. Мөн гэрээ цуцалж байгаа бол гэрээ цуцлах хүртэл харилцаа хэвээр үргэлжилж, цуцалснаас хойш үр дагаврын асуудал яригдана.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 169,750,000 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 434,875,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 84,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,756,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,332,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүхээс дээрх шийдвэрийг гаргахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэснийг үндэслэсэн боловч хэргийн ямар нөхцөл байдал алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан шийдвэрлэх үндэслэл, нотолгоо болж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.
Маргалдагч талуудын хооронд хийсэн гэрээгээр тогтоосон алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд нийт шаардаж буй алдангийн хэмжээ нь 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаас даваагүй байхад шүүхээс алдангийг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул гэрээний нийт үнийн дүн буюу 350,000,000 төгрөгийн 50 хувь хүртэлх хэмжээгээр буюу 175,000,000 төгрөгийн алдангийг шаардах эрх нь нэхэмжлэгчид байсан боловч нэхэмжлэгч нь 169,750,000 төгрөгийн алдангийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь гэрээний нийт үнийн дүнгийн 48.5 хувьтай тэнцэх бөгөөд алданги шаардах дээд хэмжээнд хүрээгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын хэмжээ илт их гэдэгт хамаарахгүй байна.
Мөн шүүхээс илт их гэдэгт хэрхэн хамааруулж байгааг тайлбарласан үндэслэл бүхий дүгнэлтийг шийдвэртээ тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Иймд манай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Зохигчид 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тээврийн үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний 3.1.1-т зааснаар гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар тохиролцсон байдаг бөгөөд энэ хугацаанд гэрээний үүрэг биелэгдээгүйн дээр гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, гуравдагч этгээдийн буюу Төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон арга хэмжээ, шалтгаан нөхцөлийн улмаас гэрээ хэрэгжээгүй.
Зохигчид 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Тээврийн үйлчилгээний нэмэлт гэрээ-г байгуулсан бөгөөд энэхүү нэмэлт гэрээний 1.1-т зааснаар үндсэн гэх гэрээний 5.2-т заасны дагуу гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээний үндсэн хугацааг буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар тохиролцсон хугацаа дуусаад даруй 3 сарын дараа гэрээний хугацааг сунгасан болох нь тодорхой байна.
Түүнчлэн, энэхүү нэмэлт гэрээний 1.1.6-т ... энэхүү нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний нэмэлт бөгөөд тус гэрээнд дурдаагүй агуулгыг үндсэн гэрээний дагуу хэрэгжүүлнэ гэж зааснаас харахад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан гэх нэмэлт гэрээ нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний хугацааг сунгасан тохиролцоо болох нь харагдаж байна.
Иргэний хуулийн 8 дугаар бүлэгт Хугацааг тодорхойлох, тоолох журам хуульчлагдан зохицуулагдсан бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан.
Түүнчлэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байгаа нь талууд хэдийгээр харилцан тохиролцсон гэх боловч хуулийн хүрээнд буюу хуульд заасан хугацаанд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг шүүгч харгалзан үзээгүйн дээр хуульд заасан хугацаанд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээний хугацааг сунгаагүй байхад гэрээ байгуулсан гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан Тээврийн үйлчилгээний гэрээ хэрэгжээгүй шалтгаан нөхцөл, гэрээ хэрэгжээгүй явдалд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч М ХХК буруугүй болохыг гэрчлүүлэх зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан.
Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заасан байтал шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын ноцтой алдаа гаргаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу алдангийг 50 хувиар бууруулан шийдвэрлэхдээ хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэж дүгнэсэн бол алданги төлөхөөс бүрэн чөлөөлөх ч боломжтой байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчимд бүрэн нийцэж байгаа бөгөөд талууд энэ гэрээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч түүнийгээ бичгэн хэлбэрээр баталгаажуулсан. Түүнчлэн, өмнө нь гарсан гэрээний хугацаа хэтэрсэн нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн зүгээс тухайн нэмэлтээр тогтоосон хугацаанд үүргийг заавал гүйцэтгэх шаардлагатай гэх үүднээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага болох анз, алдангийг тодорхойлсон. Тиймээс тухайн гэрээний нэмэлт өөрчлөлт нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн тул үндсэн гэрээний адил хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх ёстой учир хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 519,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч 350,000,000 төгрөгийг төлнө, алдангийг төлөхгүй гэж маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.
2.1. Ө ХХК нь М ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22-20 дугаартай Тээврийн үйлчилгээний гэрээ-гээр тээвэрлэгч нь үйлчлүүлэгчийн захиалгаар /нүүрс/ ачааг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Чойр өртөөний Олон овоо гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл урьдчилсан төлбөрт нөхцөлөөр өөрийн эзэмшлийн болон гэрээт вагоноор тээвэрлэлт хийх ба тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай гүйцэтгэн тээвэр зуучийн цогц үйлчилгээг үзүүлэх бөгөөд үйлчлүүлэгч нь ажлын хөлсийг төлөх, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үйлчлэхээр талууд харилцан тохиролцжээ./хх9-16/
2.2. Мөн талууд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Тээврийн үйлчилгээний нэмэлт гэрээ-г байгуулж, тээвэрлэлт хийх хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын өдөр хүртэл байна гэж нэмэлт хугацааг тогтоожээ.
/хх17-19/
3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
3.1. Талууд тээвэрлэлтийн хөлсөнд Ө ХХК-аас М ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 351,975,076 төгрөгийг шилжүүлсэн болон хариуцагч үүрэг биелэгдээгүй, биелэгдэх боломжгүй болсны улмаас гэрээнээс татгалзсан талаар маргаагүй, харин нэхэмжилсэн алдангийг төлөх эсэх талаар маргажээ.
4. Хариуцагч нь тохирсон хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлын улмаас гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 350,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үр дагавар үүсдэг.
5. Талууд нь гэрээнээс татгалзсанаар үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй болдог тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Харин, анхан шатны шүүх нэхэмжилсэн алдангийн 50 хувийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцэхгүй тул шийдвэрт энэ талаарх өөрчлөлтийг оруулж хариуцагчийн гаргасан гомдлыг хангана.
6. Анхан шатны шүүх талуудын гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үр дагаврыг шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зүйл заалтыг баримтлаагүй орхигдуулсныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
7. Гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсон талаар гэрч асуулгахаар хариуцагч талаас гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй гэх хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй. Учир нь, шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн байна./хх 182-184/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/02546 дугаар шийдвэрийн ЗАХИРАМЖЛАХ нь гэснийг ТОГТООХ нь гэж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 350,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 169,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2,332,325 гэснийг 1,907,950 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчийн төлсөн 528,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 582,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ