| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00229/И |
| Дугаар | 219 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 219
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ж.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Савх овгийн Жамганы Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 1961 онд малчин ард Жамганы том охин болон мэдэлсэн. 5 наснаасаа аав, ээжтэйгээ мал малласан. Сургуульд сураагүй бөгөөд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдэлд 16 нас хүрээд албан ёсны гишүүн болж нэгдлийн малыг 1992 оны 11 сар хүртэл маллаж байсан. Надад анх Цэцэгмаа гэдэг нэр өгсөн бөгөөд 13 настайдаа 13-ны жил ороод зүрх бас өвдөөд лам хуврагаар явахдаа Тогтохоо гэж нэрийг минь өөрчилж дуудаж бай гэсний улмаас манай гэр бүл, ах, дүү нар болон нутаг усныхан Тогтох гэж дуудах болсон. Энэ талаараа албан ёсны бүртгэлд бүртгүүлж нэрээ солиулаагүй. Миний албан ёсны бичиг баримттай нэр нь Ж.Цэцэгмаа юм. Иймээс миний тухайн үед Тогтох нэрээр ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагааг Ж.Цэцэгмаа миний бичиг баримт болохыг тогтоож, дээрх бичиг баритыг үндэслэн 1978 оны 06 дугаар сарын 28-наас 1991 оны 12 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдэлд малчин, 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-н хүртэл тус сумын Улаан туг ХК-нд мал маллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Цэцэгмаа нь миний төрсөн эгч байгаа юм. Эгч маань багаасаа мал малласан хүн. Эгч минь 13-н насандаа бие нь ороож өвдөхөд нь аав, ээж хоёр ламаас асууж аргалаад нэрийг нь сольж Тогтох гэж дууддаг болсон юм. Тэр үеийн дарга нар нь дууддаг нэр буюу Тогтохоор нь хөдөлмөрийн дэвтрийг нь нээчихсэн юм байна лээ. Одоо ч гэсэн бид Тогтох эгч гэж дууддаг юм. Манай эгч 1978-1992 он хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумд эцэг, эхийн хамт мал маллаж байсан юм гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нь 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, 1978 оны 06 дугаар сарын 28-наас 1992 оны 10 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдэл болон Улаан туг ХК-нд мал маллаж байсан байдлаа тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.
Жамганы Тогтох гэсэн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Жамганы Цэцэгмаа мөн болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч Д.Цэрмаагийн “...Манайх Цэцэгмаагийн аав Жамганыхтай айл саахалт явлаа. Цэцэгмаа 13 настайдаа л мал малласан. Бие нь жаахан ороогоод өвдөөд болохгүй болохоор нь нэрийг нь сольж Цэцэгмааг Тогтох гэж дууддаг болсон. Одоо бараг Тогтох нэрээр нь нутгийнхан нэршсэн байгаа...” гэсэн,
Гэрч Ц.Жүгдэр “...Жамган гэдэг айл их олон хүүхэдтэй. Тогтох нэртэй хүүхэд байхгүй. Харин Цэцэгмааг багадаа өвдсөн гэдэг юм. Тэгээд тогтооно гэсэн үүднээс Тогтох гэдэг нэр өглөө гэж эцэг, эх нь ярьдаг байсан. Аав нь Сэд-Очирын Жамган гээд их сайхан өвгөн байсан...” гэсэн,
Гэрч Л.Долгор “...Цэцэгмаа бид хоёр хамт багаасаа тоглож наадаж өссөн. Тийм болохоор энэ хүнийг багаас нь мэднэ. ...Бага хүүхэд байхдаа Цэцэгмаа гэж дуудаж тоглодог байсан. Тэгээд 10 гаруй насандаа өвдөөд үхэхээ шахсан юм. Тэгээд аав, ээж нь ламаас асуусан чинь нэрийг нь соль гээд нэрийг нь сольсон гэдэг юм. Тэгээд бид нарыг одоо та нар Цэцэгмаагаа Тогтох нэг дуудаж байгаарай. Битгий Цэцэгмаа гээд дуудаарай гэж их захиж хэлдэг байсан. Түүнээс хойш дандаа Тогтохоо гэж дуудах болсон...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн дээрх хөдөлмөрийн дэвтэр дэх гэрэл зураг, төрсөн он зэрэг нь Ж.Цэцэгмаагийн гэрэл зураг, төрсөн он зэрэгтэй тохирч байгаа нь Жамганы Тогтохын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Жамганы Цэцэгмаа мөн гэж үзэх үндэстэй.
Ж.Цэцэгмаа нь 1978 оны 06-р сарын 28-наас 1991 оны 12-р 30-н хүртэл, 1992 оны 01-р сарын 01-нээс 1992 оны 10-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдэл болон Улаан туг ХК-д мал маллаж байсан болох нь 1981 оны 12-р сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2013 оны 02-р сарын 26-ны өдрийн А/477 тоот лавлагаа, он, сар, өдөргүй 285 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг бичиг баримтуудаар тогтоогдож байна.
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг компани нь 1991 оны 12-р сарын 30-ны өдөр 79413 дугаартайгаар бүртгэгдэж, 1999 оны 12-р сарын 30-ны өдөр татан буугдсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2015.08.31-ний өдрийн 84 тоот лавлагаагаар нотлогджээ.
Нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Цэрмаа, Ц.Жүгдэр, Л.Долгор нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэхь хэсэгт зааснаар Жамганы Тогтохын 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Жамганы Цэцэгмаа мөн болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жамганы Цэцэгмааг 1978 оны 06 дугаар сарын 28-наас 1991 оны 12 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдэлд малчин, 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-н хүртэл тус сумын Улаан туг ХК-нд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ