| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 1822002230093 |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 09
Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 91 дүгээр цагатгах тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр 6-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Н.Б-д холбогдох 1822002230093 дугаартай эрүүгийн хэргийг Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Н-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ”гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнх бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Н.Ө-тэй маргалдаж эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Н.Ө, гэрч У.У нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон.
Шалтгаант холбоо гэдэг нь үйлдэл, түүнээс үүссэн үр дагавар хоорондын харилцан хамаарлыг ойлгох бөгөөд хохирогч нь өөр бусад хүнтэй маргалдаагүй, учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шинжээчийн дүгнэлт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн талаар цагаатгах тогтоолд дүгнэлт хийгээгүй байна.
Н.Б-ийн буруутай үйлдэлд хохирогчийн үйлдэл, зан байдал нөлөөлсөн байх боловч энэ нь шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх үндэслэл болохоос биш гэмт хэрэг үйлдээгүй, шууд ба шууд бус санаа зорилго байгаагүй буюу эргэлзээтэй байдал үүссэн гэж үзэхгүй юм. Мөн хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын шинжид хамаарахгүй болно. Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлэгт бодит дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, давж заалдах шатны шүүх хохирогчийн мэдүүлгээс огт өөр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2, 35.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ” гэснийг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэснийг, мөн хуулйин 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус ноцтой зөрчжээ.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүх ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан талаар дүгнэлт хийгээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид олон тооны гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байхад шүүх үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй. Хохирогч цохиулсан талаараа удаа дараа мэдүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.
Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос Н.Б-ийг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 0 дүгээр баг, Мандалын 00 дүгээр гудамжны 00 тоотод Н.Ө-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь алгадах, түлхэж унагах зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Д.Ө нь урьд өгсөн мэдүүлгээ өөрчилж “...Н.Б миний бөөр рүү өшиглөж, толгойруу цохиогүй, тухайн үед Н.Б-д их гомдсон байсан болохоор шоглоё гэж бодоод ийм мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлснээс гадна гэрч У.У “...Д.Ө Н.Б-ийг газар унагаад дээрээс нь заамдаж авах гээд байсан. Тэгтэл Н.Б, Д.Ө дээрээсээ түлхсэн чинь Д.Ө ардаа байсан сандалд бүдрээд арагшаа унасан. Д.Ө гартаа огурцины шил бариад Н.Б рүү шидсэн чинь манай дүү У.З дундуур нь ороод тэр шидсэн шилийг нь бариад авсан. Д.Ө би бүгдийг чинь ална шүү гээд манай гал тогооны шүүгээнээс хутга аваад гартаа барьсан байсан” гэж, гэрч У.З “Н.Б Ө өөрөөсөө цааш түлхсэн чинь Д.Ө-ийн ард сандал байсан ба тэр сандалд бүдрээд арагшаа унасан. Тэгээд Д.Ө газар байсан шилийг гартаа бариад Н.Б рүү шидэхээр нь би тэр шидсэн шилнийх нь дундуур орсон чинь шил нь намайг оноод газарт унасан. Тэр хоёрыг У.У салгасан. Тэгтэл Д.Ө гэрийн зүүн урд байсан гал тогооны шүүгээнээс хар иштэй хутга гаргаж ирээд гартаа бариад эхэндээ Н.Б-ийг ална гэж хэлээд сүүлдээ та нарыг бүгдийг чинь ална шүү гэж хэлээд зогсоод байсан” гэж хэргийн үйл баримтын талаар харилцан зөрүүгүй мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б-ийн гэм бурууг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан шинжилж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд… эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцжээ.
Харин шүүх Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв баримтлаагүй байх тул энэ талаар цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 91 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж өөрчилсүгэй.
2.Цагаатгах тогтоол болон Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр 6-ны өдрийн 23 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН