Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0681

 

“Е о ф ББСБ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0673 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, “Е о ф ББСБ” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0673 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.3.1, 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-д заасныг тус тус баримтлан “Е о ф ББСБ” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүүгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1453101 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай“ шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Иргэн Д.Э-ын Оюуны өмчийн газарт хандан гаргасан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Барааны тэмдэг, зохиогчийн эрхийн зөрчлийг арилгуулах тухай” гомдлын дагуу Хяналтын улсын байцаагч Б.Ц зөрчлийн хэрэг нээж, “Е о ф ББСБ” ХХК-ийг бараа тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1453101 дүгээр шийтгэлийн хуудсаар тус компанид 3000 нэгжийн хэмжээтэй торгууль ногдуулсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүчингүй болгуулахаар хандахад тус шүүх 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1435101 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Гэвч цахим орчинд ханшийн мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэж, ажил хэргийн холбоогоо өргөжүүлье, олон харилцагчтай хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх нь миний санаачилсан энэ ажлыг Оюуны өмчийн газарт бүртгүүлэн патентжуулан авсан гэтэл энэхүү үйлдэл нь Оюуны өмчийн газар бүртгүүлж гэрчилгээг хууль бусаар авсан байна. Энэхүү барааны тэмдгийн гэрчилгээ болон зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргийг үндэслээгүй болно.

Санхүүгийн зохицуулах хорооноос валют арилжааны үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй ББСБ аж ахуй нэгж эрхлэхийг зөвшөөрдөг билээ.

Валют арилжаа солиулах, гуйвуулга хийх, зах зээлийн бодит ханшийн мэдээг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага эрхэлдэг юм.

Гэтэл Д.Э гэж иргэн ямар нэгэн валют арилжааны үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд байхад Оюуны өмчийн газраас Найман шарга гэдэг нэр дээр валют арилжааны чиглэлээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгож байгаа нь үндэслэлгүй юм.

Ханшийн мэдээг бусдад түгээж байгаа үйлдэл нь валют арилжааны үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэлбэр юм.

Гэтэл Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч нь дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгалгүйгээр манай байгууллагыг 3.000.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй болсон.

Мөн “Е о ф ББСБ” ХХК нь Найман шарга ханшийн мэдээг түгээх апплекейшн ашиглаж ханшийн мэдээг түгээсэн талаарх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14533101 дүгээр шийтгэлийн хуудсаар холбогдогч “Е о ф ББСБ” ХХК-г эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй “Найман шарга албан ёсны хуудас” гэсэн фэйсбүүк хуудас нээн ажиллуулж, “Найман шарга” гэсэн нэрийг ашигласан гэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Үүнийг эс зөвшөөрч “Е о ф ББСБ” ХХК-аас “... миний санаачилж бий болгосон ажлыг Д.Э өөрөө санаачилсан мэтээр Оюуны өмчийн газар бүртгүүлж гэрчилгээг хууль бусаар авсан, Оюуны өмчийн газар манай компанийн нэр дээр гарах ёстой байсан “Найман шарга” барааны тэмдгийн гэрчилгээг холбогдох баримт, материалыг шалгаагүйн улмаас манай ажилтны нэр дээр бүртгэл хийсэн” гэх үндэслэлээр “1433101 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гарган маргажээ.

Хэрэгт авагдсан Барааны тэмдгийн 201800183 дугаар гэрчилгээ[1]-ээс үзэхэд “Найман шарга” гэх барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг Д.Э-д Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/313 дугаар тушаалаар зөвшөөрсөн, уг барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг хүчингүй болгосон баримт хэрэгт байхгүй, мөн “Е о ф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Л-ээс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр авсан мэдүүлэг[2] болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл “Найман шарга” гэх барааны тэмдгийг ашигладгаа гомдол гаргагчийн зүгээс үгүйсгээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар “Е о ф ББСБ” ХХК нь тус барааны тэмдгийг ашигласан болох нь хангалттай тогтоогдож байна. Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоо илэрхийлсэн байна.

Үүнээс үзэхэд “Е о ф ББСБ” ХХК-ийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.4-д “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернет, сурталчилгаанд ашигласан бол” барааны тэмдгийг ашигласанд тооцохоор заасныг зөрчиж, барааны тэмдгийг хэрэглэсэн гэж үзэн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэлд хариуцлага оногдуулсан нь хууль тогтоомжид нийцжээ.

Иймд барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын барааны тэмдгийг ашигласан зөрчилд оногдуулсан шийтгэл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “... Д.Э нь валют арилжааны үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд байхад “Найман шарга” гэдэг нэр дээр валют арилжааны чиглэлээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон, найман шарга ханшийн мэдээг түгээх апплекейшн ашиглаж ханшийн мэдээг түгээсэн талаарх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0673 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

 


[1] ХХ-ийн 21 дүгээр хуудас

[2] ХХ-ийн 28, 29 дүгээр хуудас