| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00225/И |
| Дугаар | 225 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 225
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч, хариуцагч Б.*******, хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******гийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 4.384.950 /дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах, Э.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 757.200 /долоон зуун тавин долоон мянга хоёр зуу/ төгрөг гаруулах тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 04-р сарын 02-ноос Э.*******ыг зарын дагуу ажилд орох хүсэлтээр ирэхэд нь сарын 250.000 төгрөгийн цалин өгч суулгахаар тохиролцож хотоос ирээд эрхэлсэн ажилгүй байхад нь танилцаж ийн нэг давхарт суулгасан. Э.******* нь 2015 оны 10-р сарын 02-н хүртэл суух явцдаа нийт 4.384.950 төгрөг дутааж надад хохирол учруулсан тул даруй буцааж төлүүлж өгнө үү. Э.*******тай эвлэрлийн журмаар хандсан боловч энэ шийдэгдээгүй эвлэрсэнгүй гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын багийн иргэн овогт ын ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015 оны 04-р сарын 2-нд зарын дагуу ******* эгчтэй ярьж, д гоо сайханы барааны худалдагчааро ажилд орсон юм. Ажилд ороход миний 10 төгссөн гэрчилгээг, иргэний үнэмлэхтэй авч суулгасан. Ажилд ороход гэрээ хэлэлцээр хийгээгүй, сарын 250000 төгрөгөөр тохирсон. Унаа, хоол ороогүй. Ингээд би 6 сар 2 хоног суух хугацаандаа тооллого хийгээгүй. Орлогоо өдөр өдөрт нь, орой тараад гэрт нь оруулж өгдөг байсан. 2015.09.20-нд анх тооллого хийсэн. Би тоолж өгч ******* эгч тэмдгэлсэн. Тооллого хоёр хоног үргэлжилсэн бөгөөд ******* эгч бүх дэвтрээ авч явж тооцоогоо гаргасан. 7 хоногийн дараа уулзахдаа 4.100.000 төгрөг гарлаа чи үүнийгээ төл надад хэцүү байна гээд намайг машиндаа суулгаад тайвширна гээд пиво уусан. Өөртөө надад пиво авсан. Пиво уугаад намайг төлнө гэсэн бичиг хийж өг тэгэхгүй бол эгч нь хэцүү байна. Тэгвэл арай л тайвширна гэж хэлсэн. Би тухайн үед юу ч бодолгүй л хэлснээр нь бичиж өгсөн.
...Би зөвшөөрөхгүй байна. надад идэж уусан юм байхгүй. Явдаг газраар нь явъя гээд бид хоёр салсан. ...Би ажилд ороод 7 хоногийн дараа хажууд гоо сайханы лангуу нээгдсэн. Орлого багассан. Бараа нь манайхаас хямд байсан. ******* эгч орлого муу байна гэхээр нь би хажуугийн барааны үнийг танилцуулсан юм. Миний дүү адилхан үнээр л зар, тэгээд би адилхан үнээр нь зарсан. Тэгээд дараа нь хоёулаа тооцоогоо хийчхэнэ гэсэн. Ажиллаж байх хугацаандаа цалингаа гүйцэт авч байгаагүй. Цалингаа бодоё гэж хэлсэн чинь тооцоогоо бод цалин хамаагүй. Дараа нь гэсэн. Найзан дундаа явж байгаад хүнийг өрөнд оруулж байгаад хохиролтой байна. Та бүхэн үнэн зөвөөр шийдэж өгч туслана уу гэжээ.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.04.02-ны өдөр зарын дагуу ярьж баруун бүсийн гоо сайханы барааны худалдагчаар ажилд орсон. Сарын цалинг 250000 төгрөгөөр тохиролцсон. Сарын цалингаа цаг хугацаандаа гүйцэт авч байгаагүй. Сарын сүүл болоод цалингаа авъя гэхээр хойшлуулдаг байсан. Тэгээд хэрэгцээний хэдэн төгрөг авдаг байсан. Иймд цалингийн зөрүү 598200 төгрөгийг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.******* нь манай лангуунд худалдагчаар ажиллах үедээ цалингаа болон мөнгөө доорх байдлаар бичүүлэн авдаг байсан. Үүнд: 2015.04.10-нд 20.000 төгрөг, 04.14-нд 25000 төгрөг, 04.24-нд 70.000 төгрөг, 04.26-нд 30.000 төгрөг, 60.000 төгрөг, 05.02-нд 90.000 төгрөг, 05.03-нд 90.000 төгрөг, 05.23-нд 150.000 төгрөг, 05.24-нд 80.000 төгрөг, 05.19-нд 20.000 төгрөг, 06.02-нд 20.000 төгрөг, 06.05-нд 5000 төгрөг, 06.07-нд 75.000 төгрөг, 06.04-нд 20.000 төгрөг, 06.13-нд 50.000 төгрөг, Болороо эгчээс 30.000 төгрөг, 07.29-нд 5000 төгрөг, 08.04-нд 200.000 төгрөг, 08.08-нд 50000 төгрөг, 08.23-нд 5000 төгрөг, 09.02-нд 197.000 төгрөг, 09.04-нд 54.000 төгрөг, 09.20-нд 83000 төгрөг зэргийг тус тус авч байсан. Бичүүлж авсан дэвтэрүүд өөрт нь болон надад байгаа болно.
Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би эхлээд өөрөө *******ын дутаасан барааг тоолж дүнг бодож үзэхэд 5.700.000 төгрөг гарсан. Үүнээс *******тай 2-уулаа тооцоход 5.100.000 төгрөг болгосон. Сүүлдээ *******ын хэлснээр зарим төрлийн барааны үнийг хассан дүнгээр бодож тооцоход 4.384.950 төгрөг болгосон. *******тай шүүхэд хандахаас өмнө эвлэрэх гэсэн боловч эвлэрээгүй. Миний зүгээс *******ыг чи миний бараан дээр сууж байгаа учраас цалингаа өөрөө тохируулаад авчихаарай гэдэг байсан. ******* хэдэн төгрөг авснаа дэвтэртээ бичээд явдаг байсан. Одоо *******ыг цалингаа аваагүй гээд байгаад нь гомдолтой байна. ******* мөнгө хэрэг болсон үедээ янз бүрийн байдлаар цалингаа авдаг байсан. Би өөрийн нэхэмжилсэн 4.384.950 төгрөгийг *******аас гаргуулж авмаар байна. *******ын нэхэмжлээд байгаа цалинг дээрх мөнгөнөөс тооцож өгье. Дахин дахин ингээд яваад байх хүндрэлтэй байна гэв.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь миний охинд хэдэн төгрөгийн хичнээн бараа хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй. Тооллого хийчихээд өөрөө бүх данс бүртгэлээ аваад явсан. Дараа нь ******* дээр ирээд ийм төгрөгний бараа дутсан гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгийн бараа өгчихөөд ийм их мөнгө нэхэмжлээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэж хэлэхээр 2.000.000 төгрөг авсан гэж ойлгосон юм шиг байна. Тийм зүйл байхгүй. ******* хэлэхдээ 70-80 сая төгрөгийн бараа өгсөн гэж хэлсэн. Тэгээд өгсөн барааг нь бодоод үзэхээр 41.000.000 төгрөг гарч байсан. Хүлээлгэж өгсөн бараагаа дэс дугаар тавьж дугаарладаггүй. Тиймээс бараа нэмж бичсэн асуудал байсан. Ямар бараа хүлээлгэн өгсөн, авсан талаар бичдэггүй, ямар барааны үнэ нэхэмжилж байгааг дэс дугаар тавьж бичдэггүй. Хүлээлгэж өгсөн бараагаа дугаарлаж бичээд доод талд нь дүгнэж бичээд явсан бол өнөөдөр ийм асуудал болохгүй байсан. Иймд *******гийн нэхэмжилсэн 4.384.950 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн *******ын зүгээс цалин 598.000 төгрөгийг анх нэхэмжилсэн. Авсан цалингийн нийт дүн 994000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс ******* 174.000 төгрөгийг засварласан байсан. 994000 төрөгөөс завсарласан 174000 төгрөгийг хасахаар 774000 төгрөг гарч байгаа. Миний охиныг 9 сарын 21-ний тооллого хийснээс хойш тооцоо хийж дуустал лангуун дээрээ сууж бай гээд ******* 1 сар 12 хоног суусан. Миний охин Баруун бүсийн худалдааны төвд сууж байхдаа тэдгээр ажилтнуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож гадаа хог цэвэрлэхэд зарцуулсан 12000 төгрөгийг нэмж нийт 757200 төгрөгийн цалин гаргуулахаар нэхэмжилж байна. *******гоос авч байсан цалингийн тооцоо хавтаст хэрэгт хавсаргасан байгаа нимгэн дэвтэрт бичигдсэн байгаагаас харж болно гэв.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох, мөн *******ын сөрөг нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг шийдвэрлэхээр талууд хоорондоо мэтгэлцэж, нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Энэ байдлаас харахад ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн гүйцэд нотолж чадсангүй гэж бодож байна. Учир нь *******д бараа хүлээлгэж өгсөн дэвтэр нь *******д өөрт нь байдаггүй. Тэр дэвтэр дээр хэдэн төгрөгийн хэдэн нэр төрлийн бараа хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байна. Мөн хэдэн төгрөгийн зарагдаагүй барааг *******аас буцааж авсан баримт байхгүй байна гэж үзэж байна. Тиймээс *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. *******ын авсан цалинг тооцож үзээд нэхэмжлэл гаргасан юм. ******* нь цалингаа өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад авчихдаг гэж ******* ярьж байгаа нь ******* цалингаа авч байсан гэх үндэслэл болохгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн үед ******* нь өөрөө бараа дутаасан учраас *******д сүүлийн сарын цалин өгөөгүй гэж тайлбарласан учраас цалин өгөөгүй гэдэг нь нотлогдож байна. Иймд *******д олгогдоогүй цалинг Б.*******гоос гаргуулах нь зүйтэй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Э.*******д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 02-ноос 10 дугаар сарын 02-н хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Баруун бүс худалдааны төвд гоо сайханы бараа /лангуу/ дээр худалдагчаар ажиллахдаа нийт 4.384.950 төгрөг дутагдуулсаныг Э.*******аар төлүүлэхээр, Э.******* нь Б.*******д холбогдуулж ажиллаж байх хугацаандаа цалингаа бүрэн гүйцэт авч байгаагүй гэж үзэж цалингийн үлдэгдэл 757.200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.*******ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.******* нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Э.******* нь Б.*******гийн Завхан аймгийн ******* сумын Баруун бүсийн худалдааны төвд түүний өмчлөлийн гоо сайханы барааг худалдах ажлыг гүйцэтгэх, Б.******* түүнд 250000 төгрөгийн хөлс төлөхөөр хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Э.******* худалдагчаар ажиллах хугацаандаа нийт 4384950 төгрөгийн барааг дутагдуулсан гэж барааны үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд ногоон өнгийн дэвтэр, бор цоохор өнгийн машины зурагтай дэвтэр, хар цоохор өнгийн хүн аалзны зурагтай дэвтэр, хар цоохор өнгийн нийслэл хотын зурагтай дэвтэр, саатай цайвар өнгийн жижиг дэвтэр, саатай бор өнгийн жижиг дэвтэр зэрэг Э.*******д бараа хүлээлгэж өгч байсан тухай, мөн Э.*******д цалин хөлс олгож байсан талаараа бичиж тэмдэглэсэн бичмэл баримтуудыг, гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч өөрийн татгалзлаа нотлохын тулд *******гийн хүлээлгэж өгсөн барааг бичиж тэмдэглэсэн гэх явуулсан баримт бичгийн бүртгэл гэсэн цагаан өнгийн дэвтэр, бусад дэвтэр /сурагчийн цагаан цоохор дөрвөлжин шугамтай дэвтэр, бор цоохор уул, усны зурагтай дэвтэр зэрэг /хооронд нь наасан/ байдалтай / зэргийг бичгийн нотлох баримтаар гаргаж өгчээ .
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх баримтуудаар анх Э.*******д хэдэн төгрөгийн барааг /төрөл, тоо, ширхэг, үнээр нь ангилж/ хүлээлгэж өгсөн эсэх, хүлээлгэж өгсөн бараанаас худалдсан барааны тоо, ширхэг, үнэ, Э.******* нь худалдагчаар ажилласан хугацаанд Б.*******д орлогыг бэлэн мөнгөөр хүлээлгэж өгсөн тооцоо, лангуунд худалдагдаагүй үлдсэн барааны тоо, ширхэг, үнэ, анх хүлээлгэж өгсөн бараан дээр хичнээн нэр төрлийн ямар хэмжээний барааг хэзээ нэмж хүлээлгэж өгсөн эсэх, худалдааны лангуунд Э.*******ыг ажиллах хугацаанд тооллого хийж байсан эсэх, Э.******* нь худалдагчийн ажлаас чөлөөлөгдөхдөө барааг хүлээлцсэн эсэх, эд хөрөнгийн алдагдал хүлээсэн барааны тоо, төрөл, үнэ зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдохгүй байна.
Харин хариуцагч Э.*******ын гаргаж өгсөн явуулсан баримт бичгийн бүртгэл гэсэн цагаан өнгийн дэвтэрт бичигдсэн байгаа бараа бүтээгдэхүүний талаар зохигчид маргахгүй байгаа учир дээрх дэвтрийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэллээ. Дээрх дэвтэрт бичигдсэн барааны үнийг дүгнэж үзэхэд нийт 43.720.300 төгрөгийн бараа материал байна. Үүнээс зарсан гэх /з/ үсгээр бичиж тэмдгэлсэн барааны үнийг дүгнэхэд нийт 22.239.200 төгрөг, үлдэгдэл барааг байгаа гэж /б/ үсгээр бичиж тэмдэглэсэн барааний үнийг дүгнэхэд нийт 21.520.300 төгрөг болж байгаа бөгөөд *******гийн хүлээлгэн өгсөн барааны үнэ 43.720.300 төгрөгөөс зарагдсан барааны үнэ 22.239.200 төгрөгийг хасч, мөн үлдэгдэл барааны үнэ 21.520.300 төгрөгийг хасч тооцоход нийт 43.759.500 төгрөг гарч байх тул Э.*******ыг ажиллуулагчийн хүлээлгэн өгсөн барааг дутаасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.*******аас дутагдуулсан барааны үнэ 4.384.950 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн ба ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг төлөхөөр заасан бөгөөд хариуцагч Э.******* ажиллуулагчийг гэрээнд заасан хөлсөө төлөөгүй учир ажлын хөлс нийт 757.200 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулагч нь ажиллагчид сард 250.000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон ба ажиллуулагч нь хөлсийг бүрэн төлсөн гэж маргажээ.
******* нь 2015 оны 04-р сарын 02-ноос 10-р сарын 02-н хүртэл ажилласан гэдэг дээр талууд маргахгүй байгаа учраас Б.******* нь Э.*******д энэ хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд Э.******* Э.*******д ажлын хөлсөнд нийт 1384000 төгрөгийг төлсөн, Э.******* Б.*******гоос нийт 944000 төгрөгийг авсан гэж байгаа боловч хэн аль нь үүнийгээ нотлох баримтаар нотолж чадахгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Б.******* нь 2015 оны 09-р сарын 20-нд бараандаа тооллого хийж, Э.*******ыг үргэлжлүүлэн тус лангуун дээрээ суулгаж ажилуулсан байх бөгөөд Э.*******ыг 2015 оны 09 дүгээр сараас 10-р сарын 02-н хүртэл ажиллуулахдаа хөлс төлөөгүй ба түүний дутагдуулсан гэх барааны төлбөрөөс хасаад явна гэж тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Э.******* нь хөлсөөр ажиллах хугацаандаа бараанаас дутагдуулсан гэх байдал тогтоогдохгүй байгаа учир Б.******* нь 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ныг хүртэл хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Иймд Б.*******гоос Э.*******ыг 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 28 хоног /баруу бүс худалдааны төв нь долоо хоног болгоны 2 дахь өдөр амардаг гэж тооцоолсон/ ажилуулсаны хөлс 440.000 төгрөгийг гаргуулж Э.*******д олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 317200 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулиын 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 4.384.950 /дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Э.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 757.200 /долоон зуун тавин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг Б.*******гоос гаргуулж Э.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 317200 /гурван зуун арван долоон мянга хоёр зуу/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 85.100 төгрөг, Э.*******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 18550 төгрөгнөөс 13850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 4700 төгрөгийг гаргуулж Э.*******д олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ