Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/01678

 

 

 

 

 

 

 

 

2024 08 28 210/МА2024/01678

 

 

Л.О ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02682 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.О ын хариуцагч Б.Э, Л.Х, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 531,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.Э , Л.Х, Б.Б нартай 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлийн 0157 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нар нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 300,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр, зээлийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 300,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Б.Бы эзэмшлийн Хаан банкны 5040181232 тоот данс руу шилжүүлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн. Гэвч хариуцагч нар нь гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд зээлийн хүүнд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийн төлөлт хийснээс өр төлөлт хийгээгүй болно. Мөн уг зээлийн гэрээний барьцаанд хариуцагч Б.Э ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай, гэрчилгээний 000083924 дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил /17011/ махатма ганди гудамж, *** байр, 5 тоот 324 м.кв талбай бүхий орон сууц, улсын бүртгэлийн Ү-220606****, гэрчилгэний 000773442 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил /17011/ Махатма ганди гудамж, ** байрны зоорийн давхрын 7 тоот 36 м.кв талбай бүхий автозогсоолыг барьцаалж 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийн 0157 дугаартай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

Энэ хугацаанд зээлдэгч буюу хариуцагч нараас зээлээ эргэн төлөхийг удаа дараа шаардаж, уулзаж байсан боловч удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрээд байна. Алдангийн хувьд зээлийн гэрээний 3.6-д хүүг сар бүрийн 08-ны дотор, зээлийг хугацааны эцэст төлөх, гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн зохицуулалтаас үзэхэд дараах байдалтай тооцоолол гарч байгаа ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул 177,000,000 төгрөгөөр тооцсон болно. Үүнд: хүү төлөх хугацаа 2023 оны 08 дугаар сарын 08, төлсөн хугацаа 2023.09.02, хэтрүүлсэн хоног 25, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,000,000 төгрөг, өдрийн алданги 45,000 төгрөг, нийт алданги 1,125,000 төгрөг, хүү төлөх хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 08, хэтрүүлсэн хоног 30, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,000,000 төгрөг, өдрийн алданги 45,000 төгрөг, нийт алданги 1,350,000 төгрөг, хүү төлөх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 08, хэтрүүлсэн хоног 31, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 18,000,000 төгрөг, өдрийн алданги 90,000 төгрөг, нийт алданги 2,790,000 төгрөг, хүү төлөх хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 08, хэтрүүлсэн хоног 30, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 27,000,000 төгрөг, өдрийн алданги 135,000 төгрөг, нийт алданги 4,050,000 төгрөг, хүү төлөх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 08, хэтрүүлсэн хоног 31, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 36,000,000 төгрөг, өдрийн алданги 180,000 төгрөг, нийт алданги 5,580,000 төгрөг, хүү төлөх хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 08, хэтрүүлсэн хоног 31, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 45,000,000 төгрөг, өдрийн алданги 225,000 төгрөг, нийт алданги 6,975,000 төгрөг, хүү төлөх хугацаа 2024 оны 02 дугаар сарын 08, хэтрүүлсэн хоног 91, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 354,000,000 төгрөг, өдрийн алданги 1,770,000 төгрөг, нийт алданги 161,070,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 08-наас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт хэтрүүлсэн хоног 245, нийт алданги 182,940,000 төгрөг.

Иймд, 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 0157 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 300,000,000 төгрөг, хүү 54,000,000 төгрөг, алданги 177,000,000 төгрөг, нийт 531,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Л.О т олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Зээлдэгч Л.Х, Б.Э , Б.Б бид иргэн Л.О аас 2023 оны 02 дугаар сарын 08 өдрийн 0157 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 300,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй сар бүр үндсэн хүүний төлбөр төлж гэрээг дуусах сард үндсэн зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцож, Б.Э ын өмчлөлийн орон сууц болон авто зогсоолыг барьцаанд бариулсан юм. Зээлийн гэрээний хугацаанд хүүгийн төлбөрт 54,000,000 сая төгрөг төлсөн. Бизнесийн орлого буурч үлдэгдэл хүү болон үндсэн зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй. Зээлдэгч бид нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүүний төлбөрөөс 54,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, нэхэмжлэлийн шаардлага нь зээлдэгч нарт илт хохиролтой ашиг сонирхолтойгоор нэхэмжилсэн байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 04 өдөр батлагдан гарсан байна. Энэ хуулийн 5 дугаар зүйлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах этгээдийн тавигдах шаардлага, 8, 9 дүгээр зүйлд мөнгөн зээлийн үйл ажиллага явуулах этгээд хэн байхыг тодорхойлжээ. Хуулийн 9.2-т мөнгө зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ, 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг нийслэлийн засаг дарга энэ хуулийн 9.1-д заасан Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хянан шаардлага хангасан өргөдөл гаргагчийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно. 18.2-т мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон хөрөнгийг ашиглаж хариу төлбөр буюу үүнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно. 18.3-т мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.2-т заасныг зөрчиж зээлийн гэрээ байгуулсан бол зээлийн хүүний дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдана. 18.5-д мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна. 18.6-д мөнгө зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. 19.1.6-д энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоох, 19.1.7-т нэмэгдүүлсэн хүүг энэ хуулийн 18.5-д заасан хэмжээнээс хэтрүүлэн тогтоохыг хориглоно гэж заажээ.

Иймд, зээлдэгч бид хуулинд зааснаар хүүг төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э , Л.Х, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 359,310,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.О т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 171,690,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э , Л.Х, Б.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч Б.Э ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Зайсан гудамж, 40 байр, зоорийн давхарын 7 тоотод байрлах, 36 м.кв талбайтай автозогсоол, Хан-Уул дүүрэг, 1 үгээр хороо, Стадион оргил /17011/, Зайсан гудамж, *** байр, 5 тоотод байрлах, 324 м.кв талбайтай 5 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,883,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э , Л.Х, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,954,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:  Анхан шатны шүүхийн шийдвэр нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр дугаар зүйл заасан Зэээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн үндсэн төлбөр 300,000,000 төгрөг болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл хүү 54,000,000 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий боловч алдангийг буруу тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д .... Нэхэмжлэгч нь гэрээний 3.6-д хүүг сарын 08-ны дотор, зээлийг хугацааны эцэст төлөх, гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж зааснаар үүргийн үнийн дүн, өдрийн алданги 182,940,000 төгрөг тооцогдсон ба хуульд зааснаар 50 хувиас хэтэрч байгаа тул 177,000,000 төгрөг гаргуулна гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Талуудын байгуулсан гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 54,000,000 төгрөг, нийт 354,000,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүрэг үүссэн гэж үзэх ба алдангийг уг үнийн дүнгээс тооцох нь хуульд нийцэх бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх 90 хоногийн алдангид 5,310,000 төгрөгийг /59,000х90хоног/ хариуцагч нараас гаргуулах нь хуульд нийцнэ гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь:

1. Хариуцагч нар буюу зээлдэгч нар үүргийг хэзээнээс гүйцэтгэж эхлэхийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Учир нь, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.6-д хүүг сар бүрийн 08-ны дотор төлөхөөр тохиролцсон тул үүрэг гүйцэтгэх хугацааг сар бүрийн 08-ны өдрөөр тооцож тухайн сардаа хүүг төлөөгүй тохиолдолд алданги төлөх үүрэг үүснэ гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн дүгнэлтээр үүрэг гүйцэтгэх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлсэн гэж үзвэл анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 354,000,000 төгрөг гэж зөв тодорхойлсон хэдий ч 1 хоногийн алдангийг 59,000 төгрөг гэж буруу тооцсон. 354,000,000 төгрөгийн 0,5 хувь нь 1,770,000 төгрөг, нийт 159,300,000 төгрөг /1,770,000х90хоног/ болж байгаа бөгөөд анхан шатны шүүх 59,000 төгрөгийг яаж тооцож гаргаж ирсэн нь ойлгомжгүй ба энэ нь хууль хэрэглээний гэхээс илүү тооцооллын алдаа болсон байна.

Дээрхээс дүгнэж үзвэл анхан шатны шүүх нь үүрэг гүйцэтгэх хугацааг зээл төлөх эцсийн хугацаа гэж буруу тооцоолж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам тооцох алдангийг буруу тооцоолсон байна. Нэхэмжлэгч талын зүгээс зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу сар бүрийн 08-ны өдөр хүү төлөх үүргээ биелүүлээгүйгээс алданги тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан алдангийн тооцооллыг хуульд нийцээгүй, буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02682 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдол хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Зээлийн гэрээний сүүлийн хугацаа буюу нэхэмжлэл гаргах хугацаа 90 хоног, өдөр тутам 0,5 хувиар алданги тооцно гэж үзсэн. Шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээ дуусгавар болсон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 0,5 хувиар бодож 5,310,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зээлдэгчийн хувьд хохиролгүйгээр шийдвэрлэсэн. Зээлдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Франц улсад хүүхдэдээ элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд зээл авсан. Хүүхдийн хагалгаа амжилттай болсон тохиолдолд бизнесийн үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж тус зээлийг төлнө гэсэн тооцоолол гаргасан. Энэ нөхцөл байдлын хувьд зээлдэгч нарт илт хохиролтойгоор буюу нэмэгдүүлсэн хүү илт өндөр гэж үзсэн байна. Шүүхэд зээлийн хүүний төлбөрөө хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлж хүсэлт удаа дараа гаргаж байсан. Энэ нөхцөл байдлыг шүүх хуульд нийцүүлэн хүнлэг энэрэнгүй байдлаар хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Алдангийг 0,5 хувиар хоног тутамд гэж байгаа боловч үндсэн зээлээ зээлийн гэрээний хамгийн сүүлийн хугацааны эцэст төлөхөөр шийдвэрлэсэн. Иймд, шүүх хуульд заасан үндэслэлээр алданги тооцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Зээлийн төлбөр 300,000,000 төгрөг, үүнээс бид 108,000,000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүссэн. 54,000,000 төгрөгийн алданги төлсөн. Шүүхийн шийдвэрээр 54,000,000, үндсэн зээлэнд 300,000,000, алдангийн хувьд Иргэний хуульд заасны дагуу 5,310,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Иймд, давж заалдах гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.Э , Л.Х, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 300,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 54,000,000 төгрөг, алданги 177,000,000 төгрөг, нийт 531,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх зээлийн үндсэн үүрэг болон барьцааны зүйлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч алдангийн хэмжээг буруу тооцоолсон, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн заалтыг баримтлаагүй зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

Тодруулбал, шүүхийн шийдвэрт 1 өдрийн алдангийн хэмжээг 59,000 төгрөг гэж тооцоолсон нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу хүү шаардсан байхад уг шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүлийн 282.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

4. Зохигч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.О нь 300,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Б.Э , Л.Х, Б.Б нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 300,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Бы дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 7,12-р тал/

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.Э ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Зайсан гудамж, *** байр, 5 тоотод байрлах, 324 м.кв талбайтай 5 өрөө, орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Зайсан гудамж, 40 байр, зоорийн давхарын 7 тоотод байрлах, 36 м.кв талбайтай автозогсоолыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 8-11-р тал/

5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

5.а. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.3-т сарын хүү 3 хувь байхаар тохиролцсон нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч Л.О нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагч Б.Э , Л.Х, Б.Б нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

5.б. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч Б.Э , Л.Х, Б.Б нар нь зээлийн гэрээнд заасны дагуу хүүгийн төлбөрийг сар бүрийн 08-ны дотор, үндсэн зээлийн төлбөрийг хугацааны эцэст төлөх үүргийг хүлээсэн бөгөөд зээлийн хүүнд 54,000,000 төгрөг төлсөн боловч 2023 оны 08 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нарт үндсэн зээлийн 300,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 54,000,000 төгрөг, нийт 354,000,000 төгрөгийн үндсэн үүрэг үүссэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 1-3,7, 28-29-р тал/

5.в. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас алдангийн төлбөрийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 177,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн.

5.г. Хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг болох 354,000,000 төгрөгийн алдангийг гэрээний хугацаа дууссан 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 90 хоногоор тооцоход /354,000,000 х 0,5% /100% = 1,770,000 х 90 хоног/ 159,300,000 төгрөг болж байна.

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбар, үүрэг гүйцэтгэгч нарын үүрэг гүйцэтгэсэн байдал, анзын хэмжээ өндөр байгаа зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар багасган тооцож 79,650,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. Үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулна.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 433,650,000 /354,000,000+79,650,000/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ... 281.1 ... гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, гэж нэмж, ... 359 310 000 ... гэснийг 433,650,000 гэж, ... 171 690 000 ... гэснийг 97,350,000 гэж,

3 дахь заалтад ... 1 954 500 ... гэснийг 2,326,200 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,016,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МАНДАЛБАЯР

 

                 ШҮҮГЧ                                         Т.ГАНДИЙМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ