Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 445

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Ц.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эд холбогдох эрүүгийн 1909012170475 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Хүннү пресс” хэвлэх үйлдвэрийн компанид туслах ажилтан, ам бүл 2, эхнэрийн хамт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17 дугаар гудамжны 408а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

 

1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж уг хорих ялыг 3 жилээр тэнссэн,

 

2000 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж 2001 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөн суллагдсан,

 

 

 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгштгэлээр суллагдсан,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Э нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-408 тоотод 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Даваадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909012170475 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Ц.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Отгонцэцэгийн хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт архи уучихаад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 17-408 тоот гэртээ ирсэн. Гаднаас Даваадорж орж ирээд сууж байгаад эхнэр Отгонцэцэгийг тэвэрч аваад байсан. Тэр үйлдэлд нь дургүй хүрээд дураараа айлд орж ирлээ гээд маргалдаад улмаар Даваадорж ахыг түлхээд байж байснаа санаж байна. Тэгээд тухайн үед болсон асуудлын талаар сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Даваадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15-18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 30-503 тоот болох өөрийн гэртээ ганцаараа 0,5 граммын стандарт архи авч уусан. Тэгээд 17 цагийн орчим 0,33 граммын архи авахаар Оргилон-Ундрах дэлгүүрт явж байсан бөгөөд Эрдэм гэгчийн гэр рүү нь ороход эхнэртэйгээ хоёулаа согтуу байсан. Би Эрдэмд хандаж “надад 1000 төгрөг байвал өгөөч би 0,5 граммын архи авах гэсэн юм” гэтэл “чамд өгөх мөнгө байхгүй лалар минь гар” гэсэн. Би “чи намайг олон удаа хохироосон бөгөөд чи 1000 төгрөг өгчихөд яагаад болдоггүй юм бэ” гэтэл Эрдэм уурлаж босож ирээд “чадахгүй лалар минь” гээд зүүн хөмсөг рүү нь нэг юмаар цохиод миний хөмсөгнөөс цус гарсан. Улмаар газар унагаагаад “ална шүү лалар минь” гээд миний зүүн хавирганууд руу олон удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад нэг сэрсэн чинь Эрдэм намайг гэрийнхээ үүдэнд гаргаад хаячихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 26-29 дүгээр хуудас/,

 

   Гэрч Ө.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Эрдэмийн хамтаар Төмөр замд аавынд очсон. Тухайн өдөр миний төрсөн эгч Оюун-Эрдэнийн төрсөн өдөр болоод жаахан юм ууж байгаад 16 цагийн орчимд байх гэртээ ирсэн. Урд айлын Даваадорж өвөө орж ирээд “архи уух гээд мөнгө дутаад байна, та хоёрт нэмж өгөх мөнгө байна уу” гэж хэлэхээр нь “байхгүй” гэж хэлтэл намайг оролдоод хөл гарнаас бариад байхаар нь манай нөхөр “гар” гээд хөөсөн. Гарахгүй гээд байхаар нь манай нөхөр Эрдэм түлхээд унагасан. Тэгээд тэр хоёр зууралдаад гадагшаа чирээд гарсан. Гадаа юу болсон талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3127 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ц.Даваадоржийн биед цээжний баруун талын 5, 6-р, зүүн талын 2, 6, 7-р хавирганы далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, цээжний зеөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун хацрын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, “Хүннү пресс” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрч О.Анухатангийн мэдүүлэг /хх-ийн дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-408 тоотод Ц.Даваадоржтой хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “цээжний баруун талын 5, 6-р, зүүн талын 2, 6, 7-р хавирганы далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, цээжний зеөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун хацрын цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Даваадоржийн мэдүүлэг, гэрч Ө.Отгонцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3127 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Ц.Даваадоржийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Эийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр санаатай хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Даваадоржоос “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 52 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Эийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН