Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/01679

 

 

 

 

 

 

 

 

2024 08 28 210/МА2024/01679

 

 

Н.Г ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02303 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Г ийн хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие "О" ХХК-д анх 2013 онд бетон зуурмагийн үйлдвэрт туслах ажилтнаар ажилд орж байсан ба 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ил уурхайн хүнд машин механизмын оперотароор ажлаас халах тушаал гарах хүртэл ажилласан. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа амраад буцаад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа явах байсан боловч өглөө нь менежер Гантулга залгаад 14 цагаас "О" ХХК-ийн Даланзадгад дахь оффист очиж менежертэй уулзаарай гэж хэлсэн. Ингээд оффис дээр очиж уулзахад "таньд таагүй мэдээ дуулгаж байна, тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гарсан байна, ийм ийм үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг цуцалж байна" гэсэн. Ингээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалынхаа хуулбарыг аваад гарын үсэг зурсан. "О" ХХК-ийн 2023 оны 09 дугээр сарын 25-ны өдрийн 5/6849 тоот гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалтай танилцахад намайг ажлаас халсан үндэслэл нь "2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бусдын биеийн нууц хэсэгт зориуд хүрсэн ноцтой зөрчил гаргасан" гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байсан.

Ингээд миний бие "О" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/6849 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2, 154.2.1-д тус тус зааснаар "О" ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст тус маргааныг шийдвэрлүүлэхээр хандаж, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дээрх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авсан болно. Тус маргаан таслах комиссын олонхи нь хуралдаанд Н.Г ийг буцаан ажилд томилж өгөөч гэсэн саналыг "О" ХХК-д тавьсан боловч уг саналыг хүлээн авах боломжгүй, ажилд буцаан томилохгүй гэсэн хариу өгсөн учраас Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооннд хандаж, хуралдаанаар 2 тал эвлэрээгүй тул шүүхэд ханд гэсэн хурлын тэмдэглэлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээж аваад тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа буугаад автобусанд сууж байгаад эрчүүдээрээ байсан болохоор тоглоод Монголчуудын тамхилж байна гэж тоглодог шиг нэг залуугийн эрхтэнд гараараа шүргэх төдий хүрсэн, миний энэ үйлдэл ямарваа нэгэн байдлаар тухайн хүнд бэлгийн дарамт үзүүлэх гэсэн сэдэл, санаа зорилго огт байгаагүй бөгөөд тоглож тийм үйлдэл хийсэн. Үнэхээр надад тухайн хүнд бэлгийн дарамт үзүүлэх санаа байгаагүй, миний бэлгийн чиг хандлага эрэгтэй хүн сонирхдоггүй ба эхнэр хүүхэдтэй хүн юм.

Дээрх 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болсон үйл явдлын талаар надаас 2023 оны 08 дугаар сард хуулийн хэлтсээс ярилцлага авсан ба тэгэхэд мөн л миний бие бэлгийн дарамт үзүүлэх санаа зорилго байгаагүй гэдгээ хэлсэн. Дээрх үйлдлийг яагаад хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний "ноцтой зөрчил" гэж үзсэнийг надад огт тайлбарлаж хэлээгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй болно. Мөн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тухайн үйл явдал болсон, үнэхээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол яагаад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг ойлгохгүй байна. Уг тушаалд "ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого" ын 3.1, 3.3, 5.7 зэрэг заалтыг удирдлага болгосон ба 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд "ноцтой зөрчил"-д тооцох 10.2.1-ээс 10.3 хүртэлх заалтуудад дээрх заалт орохгүй байгаа бөгөөд миний гаргасан үйлдэл ноцтой зөрчилд тооцогдохгүй гэж үзэж байна.

Иймд, Н.Г намайг "О" ХХК-ийн "Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2023 оны 09 дүгээр сар 25-ны өдрөөс нэг өдрийн цалинг 532,395.17 төгрөгөөр тооцож, шүүхийн шийдвэр гарах хүртэл өдрөөр "О" ХХК-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндмйн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Ил уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор Н.Г нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бусдын биеийн нууц хэсэгт зориуд хүрч хөдөлмөрийн гэрээ болон компанийн бодлого, журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны тушаалаар цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан нь ажилтан Н.Г нь 2023 оны 03 сарын 25-ны өдөр шөнийн ээлжнээс буугаад ажилчдын автобусанд сууж байх үедээ бусдын биед буюу өөрийн ээлжний 2 ажилчны бэлэг эрхтэнд зориуд хүрч тэднийг бусдын өмнө эвгүй байдалд оруулж бухимдуулсан, бусдад бэлгийн дарамт үйлдсэн нөхцөл байдал хянан шалгах ажиллагааны үеэр тогтоогдсон учир манай компанийн удирдлага аливаа хэлбэрээр бусдад бэлгийн дарамт учруулахыг ноцтой зөрчил гэж сахилгын шийтгэл ногдуулах журам, хөдөлмөрийн гэрээ, ялгаварлан гадуурхах бэлгийн дарамт учруулах дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого журмын дагуу ноцтой зөрчил гэж тодорхойлсон тул сахилгын хариуцлага ногдуулж ажлаас халах шийдвэр гаргасан.

Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого журмын 3.1, 3.3, 5.7-гийн Б заалтууд, сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.9.2, кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.13.2, хөдөлмөрийн гэрээний 10.2.1-ийн И заалтуудыг зөрчсөн тул Н.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О ХХК холбогдох нэхэмжлэгч Н.Г ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02303 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна.

Учир нь, Н.Г ийн зүгээс эхнэр хүүхэдтэй бэлгийн чиг баримжаа эрэгтэй хүн сонирхдоггүй, анхан шатны шүүх үйл баримтыг буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хурал дээр өөрийн байр сууриа илэрхийлж давж заалдах гомдлоо тодорхой тайлбарлах болно гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа. Бэлгийн дарамт учруулсан гэх асуудлын хувьд эсрэг сонирхолтой гэсэн өгүүлбэр бичсэн байдаг. Нэхэмжлэгч тал бусдад бэлгийн дарамт учруулсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан хянан шалгах ажиллагааны тайлан, О ХХК-д мөрдөгдөж байгаа дүрэм, журмаар нотлогдоно. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулсан өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.  

 

4. Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч О ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/6849 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 1, 8, 40, 42-47-р тал/

 

4.а. Хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч Н.Г ийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалдаа ... Н.Г нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бусдын биеийн нууц хэсэгт зориуд хүрсэн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заасан байна.

 

4.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

4.в. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д ноцтой зөрчилд тооцох нөхцлүүдийг тохиролцож, ажилтан уг зөрчлүүдээс нэг буюу түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна.

Тодруулбал, хөдөлмөрийн гэрээний 10.2.1-ийн И-д Компанийн аливаа бодлого, дүрэм, журам, стандартад ... ноцтой зөрчил гэж тооцсон, ... бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан. Үүнд: Компанийн дотоод журам, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам, Ажлын гүйцэтгэлийн мемежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам, Аюулгүй ажиллгааны зөрчлийн тухай журам, Гүний уурхайд хориглох зүйлс болон ёс зүйн хэм хэмжээний тухай журам, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох журам, Бидний ажлын арга барил, Бизнесийн ёс зүйн стандарт, Мэдээллийн нууцлалын стандарт, удирдамж, Цахим эх үүсвэрүүдийг зөв зохистой ашиглах О ХХК-ийн стандарт, Мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэх мэт дүрэм, журмуудыг хамааруулан тусгажээ.

Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.13.2-т заасан шүлэнгэтэн ширтэн харах, биед нь хүрэх, шалтгаангүйгээр танимхайрах байдал гаргах зэрэг бие махбодын зохисгүй үйлдлүүд гаргах нь 9.1.13-т заасан бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт үзүүлэх, бэлгийн дарамтын шинжтэй үйлдэлд тооцогдох бөгөөд энэ журмын 19.3, 19.4-т зааснаар дээрх үйлдлийг гаргасан бол ноцтой зөрчилд тооцон зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.

 

4.г. Нэхэмжлэгч Н.Г нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу шөнийн ээлжээс бууж амрах байр руу явах үедээ бусдын биеийн нууц хэсэг болох бэлэг эрхтэнд зориудаар хүрч, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, Ялгаварлан гадуурхах бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журам, Оффисын баримт бичиг илгээх хуудас /office document dispatch note/, магадлан шалтгалтын тайлан зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. /хх-ийн 42, 52, 78, 92,131, 146, 180-р тал/

 

4.д. Нэхэмжлэгч нь тоглоом хийх зорилгоор хамт ажилладаг хүмүүсийн бэлэг эрхтэнд хүрээд авсан нь үнэн боловч бусдад бэлгийн дарамт үзүүлэх санаа, зорилго байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь байгууллагын дотоод дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл ба түүний дээрх үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдын эмзэг эрхтэнд ямар сэдлээр хүрсэн нь энэ тохиолдолд чухал биш бөгөөд, харин түүний энэхүү үйлдэл нь өртөгч этгээд болон бусад хөндлөнгийн хүмүүст үл тэвчих, ичгэвтэр байдалд оруулж, буруу ойлголт төрүүлэхийн сацуу бусдын эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан үйлдэл тул ноцтой зөрчилд тооцно.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ.. гэж заасан.

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч Н.Г т түүний гаргасан ноцтой зөрчлийн талаар тайлбар авч, сахилгын зөрчлийн шинжийг харгалзан ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулсан байх тул ажилтны мэдэх болон тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийг П.Эрдэнэбилэг гэж буруу бичсэн, үндэслэх хэсэгт нотлох баримтын хуудсыг буруу заасан зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй бөгөөд энэ нь шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй буюу үсгийн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02303 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ... олговорыг ... гэснийг олговрыг гэж, ... хэрэгсэхшгүй ... гэснийг хэрэгсэхгүй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ