Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/01680

 

 

 

 

 

 

 

 

2024 08 28 210/МА2024/01680

 

 

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн

П-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02**7 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П-ы хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 63,955,110 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-** хаягт байрлах 1296 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрыг /баруун жигүүр/ зоорийн В1 дүгээр давхрын хамт нэг сарын 9,000,000 төгрөгөөр Т ХХК-д түрээслүүлэхээр болж, талууд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 1 дугаартай Түрээсийн гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр түрээслэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны 19 сарын түрээсийн төлбөр 171,000,000 төгрөгт тооцож Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 70 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслүүлэгчид шилжүүлэхээр, түрээслэгч нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж эхлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч түрээслэгч Т ХХК нь 2021 оны 1 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн боловч үүнээс хойш төлбөр төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Түрээслүүлэгчийн төлбөр төлөхийг өөрөө болон өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Э ХХК-иар дамжуулан Т ХХК-иас удаа дараа шаардсан боловч тус компани нь үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрчээ.

Ийнхүү түрээслэгч Т ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учир түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 1.b.ii-д зааснаар түрээсийн гэрээг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цуцалж, түрээсийн төлбөр төлөхийг түрээслэгч байгууллагад мэдэгдсэн.

Иймд Т ХХК-иас нийт 7 сарын хугацааны түрээсийн төлбөрт 59,700,000 төгрөг, алданги 4,255,110 төгрөг, нийт 63,955,110 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зохих хэсгийг караоке, рестораны зориулалтаар эзэмшиж, ашигладаг. Уг гэрээг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан.

Түрээсийн гэрээний 7.1-т давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас түрээсийн эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол гэрээгээр тохирсон төлбөр төлөхийг түдгэлзүүлэхээр заасан байдаг.

Тус заалтын дагуу халдварт өвчний тархалт, төрийн байгууллагаас гаргасан шийдвэрээр 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд караоке, рестораны үйл ажиллагааг хязгаарласан. Иймд тус гэрээг байгуулсан хугацаанаас хойш одоог хүртэл манай компани нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлд түрээсийн гэрээг цуцалсан мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар хууль болон гэрээнд заасан нөхцөл байдал бий болсон бол гэрээг цуцлахаар хуульчилсан. Гэтэл гэрээг цуцлах үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байхад үндэслэлгүйгээр, цуцалсан мэт бичиж, түрээсийн талбайг хүчээр булаан авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д холбогдох, 63,955,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П /B/ паспортын дугаар:М89618266/-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **7,730 төгрөгийн **7,725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П /B/-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар 07-ны өдрийн 101/ШШ2024/02**7 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-ы нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 63,955,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний долдугаар зүйлийг буруу тайлбарлан, түрээсийн төлбөрийг түр хугацаанд түдгэлзэхээр байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосонд гомдолтой байна. Учир нь түрээсийн гэрээний энэхүү долдугаар заалтыг бүхэлд нь авч үзэх шаардлагатай бөгөөд түрээслэгч нь халдварт өвчний үед үйл ажиллагаа явуулж байрыг ашиглаж байсан, Засгийн газрын болон Нийслэлийн онцгой комиссын тогтоолоор нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээг хориглож байсан шийдвэрүүдийг түрээсийн гэрээний дээрх заалттай холбон хариуцагч нэг талын тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай боллоо.

Түрээслэгч энэ байрыг ашиглах эзэмших сонирхолтой байсан бөгөөд ашиг орлого олж байсан гэж үзэх өөр нэг нөхцөл байдал бол 2020 оны 9 дүгээр сард Ковид-19 халдварт өвчний улмаас түрээслэгч талд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гардуулсан боловч түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэх сонирхолтой, төлбөр тооцоогоо хэсэгчлэн бүрэн барагдуулах амлалт өгч улмаар 2021 оны 1 дүгээр сараас нийт 42 удаагийн шилжүүлэг хийж байсан баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн болно.

2021 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл хугацаанд мөн л түрээсийн гэрээгээ цуцлаагүй, төлбөр төлөх сонирхолтой болохоо илэрхийлж төлбөр тооцоо хийх, тэр ч байтугай өөр этгээдэд худалдсан ч үргэлжлүүлэн түрээсээр эзэмших талаар хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичиг ирүүлж байсан нотлох баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэж үзсэнгүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж, өмчийг захиран зарцуулах үйл ажиллагаанд саад учруулж уг түрээсийн гэрээг цуцалсан талаар мэдэгдэл өгсний дараа, тэр ч байтугай өөр өмчлөгчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн байхад 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр албадан байр чөлөөлөхөд хүргэсэн нь дэлхий нийтийн цар тахал өвчин хариуцагч талд ажил үйлчилгээ явуулахгүй байх, түрээсийн байрыг ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргээгүй болохыг харуулсан нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш гурван жил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэл муутай шалтгаанаар буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хуульч нарт өгсөн итгэмжлэлийн үнэн зөвийг шалгах шалтгаанаар удаашруулсан. Хариуцагч талын зүгээс ашиглах боломжгүй байсан, орлого олоогүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, тэр ч байтугай түрээсийн төлбөр төлсөн төлөөгүй гэх баримт нотолгоо ч гаргаж өгөөгүй байхад түрээсийн гэрээний төлбөр төлөх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь нэг талын эрх ашгийг хэтэрхий хамгаалсан шударга бус шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

Иймд хэт нэг талын эрх ашиг сонирхолд нийцүүлэн гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02**7 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол бодит байдал болон хууль ёсонд нийцэхгүй.

Хууль зүйн хувьд түрээсийн гэрээ гэдэг нь түрээслүүлэгч объектыг эзэмшиж, ашиглахаар түрээслэж буй этгээдэд шилжүүлж, түрээслэж байгаа этгээд эдийн засгийн үр шимтэй, ашигтай үйл ажилагаа явуулж, түүнээсээ олсон ашиг, үр шимээсээ түрээсийн төлбөр төлдөг харилцаа юм. Өөрөөр хэлбэл, харилцаа худалдааны нэг төрлийн зарчим үйлчилдэг.

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаар гэрээнд зааснаар давагдашгүй хүчин зүйл бий болбол гэрээний эрх зүйн үйлчлэл түдгэлзэнэ. Ингэснээр тухайн түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Энэ гэрээний төслийг БНСУ-ын иргэн П боловсруулсан. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд стандарт нөхцөл бүхий гэрээний үг, утга, найруулга зүй нь ойлгомжгүй байвал гэрээний саналыг хүлээн авагчид ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Гэрээний 7 дугаар зүйлийн агуулга нь халдварт өвчин, Засгийн газрын болон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа бол эрх зүйн үйлчлэл түдгэлзэнэ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамж, хэргийн материалын 119 дүгээр талд Нийслэлийн онцгой комисс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 79 тоот хариу хүргүүлэх тухай мэдэгдэлд дурдсанаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 сар хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хариуцлагын гэрээ хийж үйлчилгээний байгууллагыг нээсэн гэдгийг дурдсан. Бодит нөхцөл байдлын тухайн үед нийтэд үйлчилдэг, паб, ресторан зэргийг хааж, өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын аль алинд нь ресторан буюу олон нийтээр цуглах үйл ажиллагааг бүхэлд нь хязгаарласан. Өөрөөр хэлбэл, ковид нь хүнээс хүнд халдварлах боломжтой буюу энэ нийтэд илэрхий баримт. Тухайн объект Т ХХК-ийн эзэмшилд байсан ч, Пы эзэмшилд байсан ч аль аль тал нь эзэмшиж ашиглах боломжгүй байсан. Гэрээнд заасны дагуу түдгэлзсэн учраас энэ хугацаанд төлбөр тооцож нэхэмжлэх боломжгүй. Энэ талаар гаргаж байгаа нэхэмжлэгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Төлбөр тооцоо шилжүүлж байсан гэдэг нь ашиглаж байсан гэсэн үг биш. Ковидын үед буюу хатуу хөл хорио тогтоосон байхад ашиглаж байсан гэвэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдох ёстой. Нэхэмжлэгч талаас үүнийг нотлоогүй. Хариуцагчийн хувьд эзэмшиж, ашиглах боломжгүй байсан гэдгийг төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрүүдээр нотолсон. Иймд эзэмшиж, ашиглаж байсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Шүүхийн байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн шударга шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болохоос биш хариуцагч удаасан гэх тайлбар хууль зүйн хувьд үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч П нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 63,955,110 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 1 жил 4 сарын хугацаанд бүхэлдээ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, энэ хугацаанд караоке болон рестораны үйл ажиллагааг хязгаарласан гэж дүгнээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

5. Т ХХК нь П-той 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр П-ы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ** тоот хаягт байрлах 1296 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхрыг караоке болон рестораны үйл ажиллагаа явуулах зорилгоор 5 жилийн хугацаатай, сарын төлбөрийг 9,000,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг түрээслэгчийн үйл ажиллагаа явуулах хэрэгцээнд шилжүүлэн өгөх, түрээслэгч нь зориулалтын дагуу ашиглаж, түрээсийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх төлбөрийг эд хөрөнгө шилжүүлэх замаар бүрэн төлж, үүнээс хойш сар бүр түрээслүүлэгчид мөнгөн хэлбэрээр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 10-15/

Гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгсөн, түрээслэгч нь түрээсийн обьектыг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан болох нь талуудын тайлбар, түрээсийн төлбөр төлж байсан Хаан банк дахь Н.Тайваны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх-ийн 1-2,10, 50, 2хх-ийн 87-91-р тал/

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. Харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний хувьд үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг буюу 1 дүгээр давхрыг түрээслэхээр талууд харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт ...түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасан шаардлага хамаарахгүй. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

7. Нэхэмжлэгч П нь хариуцагч Т ХХК-иас 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 59,700,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги 4,255,110 төгрөгийн хамт нийт 63,955,110 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

7.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.

 

7.2. Талуудын байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээний нэгдүгээр зүйлд түрээсийн төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацааны талаар тохиролцсон байх бөгөөд гэрээний 1.5-д түрээслэгч нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 6 дугаар байр, 7/3 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацааны буюу 171,000,000 төгрөгийн төлбөрт тооцон түрээслүүлэгчид шилжүүлсэн талаар тусгаж, дараагийн түрээсийн төлбөрийг сар бүрийн 16-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байна.

 

7.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 48,300,000 төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч хэргийн баримтаар 49,000,000 төгрөг түрээсийн төлбөрт төлсөн болох үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан Н.Тайваны эзэмшлийн Хаан банк дахь дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ./2хх-87-91/ Хариуцагч Т ХХК нь 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд түрээсийн төлбөрт нийт 108,000,000 төгрөг төлөх үүргээс 49,000,000 төгрөгийг П-д төлж, үлдэх 59,000,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

7.4. Хариуцагч Т ХХК нь Ковид-19 халдварт өвчний тархалтын улмаас төрийн байгууллагуудын шийдвэрээр 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд караоке, рестораны үйл ажиллагааг хязаарласнаар талуудын байгуулсан гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй болсон бол түрээсийн төлбөрийг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн тул уг хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж татгалзсан. /1хх-ийн 50-р тал/.

 

7.5. Талууд гэрээний 7-д ... халдварт өвчний тархалт, ... төрийн шийдвэр, ... зэргийг давагдашгүй хүчин зүйлд хамааруулахаар тусгаж, давагдашгүй хүчин зүйл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа болон түрээслэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоогүй шалтгааны улмаас түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй болсон тохиолдолд гэрээний дагуу тохиролцсон түрээсийн төлбөр, эсхүл эдгээр төлбөрийн учирсан хохиролтой хувь тэнцүүлсэн хэсгийг түрээсийн байрыг сэргээн засварлаж хэвийн байдалд нь оруулах хүртэл хугацаанд түдгэлзүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

7.6. Ковид-19 корона вируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тодорхой хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан ба үүнээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч буй дараах хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, хатуу хөл хорионы дэглэм тогтоож байжээ. Үүнд:

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл, 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.

 

Хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд түрээсийн обьектыг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд дээрх хугацаанаас нийт 51 хоногийн хугацаа нь гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарч байх тул хамрах хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, дээрх 51 хоногийн хугацаанд хязаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад караоке болон рестораны үйл ажиллагаа багтаагүй байна. Иймээс дээрх хугацаанд түрээслэгч буюу хариуцагч Т ХХК нь түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу талуудын байгуулсан гэрээний долдугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх тул энэ хугацаанд хамаарах түрээсийн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй. /1хх-97-117, 156-р тал/

Харин үлдэх хугацаанд түрээсийн зүйлийг зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг хугацаанд хамрах түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх хуулийн үндэслэлгүй.

 

Хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үндсэн үүрэг болох 59,000,000 төгрөгөөс Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь хязгаарласан 51 хоногийн төлбөр болох 15,300,000 /9,000,000:30=300,000; 300,000x51хоног=15,300,000/ төгрөгийг хасч тооцон хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 43,700,000 төгрөг гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцнэ.

 

7.7. Гэрээний 8.3-т түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,03 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 43,700,000 төгрөгийн үнийн дүнгээс алдангийг сар бүр хугацаа хэтэрсэн хоног тутам 0,03 хувиар тооцоход нийт 3,562,050 төгрөг болж байна. Тодруулбал, 2021 оны 1 дүгээр сард төлөх төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийн 0.03 хувийн алдангийг 187 хоногоор тооцвол 112,200, 2 дугаар сард төлөх төлбөрийн үлдэгдэл 10,400,000 төгрөгийн 0.03 хувийн алдангийг 156 хоногоор тооцвол 486,720, 3 дугаар сард төлөх төлбөрийн үлдэгдэл 23,000,000 төгрөгийн 0.03 хувийн алдангийг 128 хоногоор тооцвол 883,200, 4 дүгээр сард төлөх төлбөрийн үлдэгдэл 27,500,000 төгрөгийн 0,03 хувийн алдангийг 97 хоногоор тооцвол 800,250, 5 дугаар сард төлөх төлбөрийн үлдэгдэл 36,800,000 төгрөгийн 0.03 хувийн алдангийг 67 хоногоор тооцвол 739,680, 6 дугаар сард төлөх төлбөрийн үлдэгдэл 50,000,0000 төгрөгийн 0,03 хувийн алдангийг 36 хоногоор тооцвол 540,000, нийт 3,562,050 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

 

8. Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл **,300,000 төгрөг, хугацаа хэтрүүсний алданги 3,562,050 төгрөг, нийт **,262,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,693,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02**7 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт **,262,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П /B/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,693,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **7,730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 394,260 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн **7,725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧ   Б.МАНДАЛБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Г.ДАВААДОРЖ