Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01770

 

 

 

 

 

 

2024 09 13 210/МА2024/01770

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02915 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч С.Э-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 728,981 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т ХХК нь 2019 оны 01 дүгээр саарын 15-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээг N групп болон Г хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр манай байгууллага нь тус хотхоны орон сууц болон орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгаан, ариутгал, хог, лифт болон гаднах харуул хамгаалалт зэрэг үйлчилгээг хариуцах болсноос гадна мөн Г СӨХ-ны ажиллагаа жигдрэх хүртэл хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон. Уг үйлчилгээний төлбөр, зардлыг орон сууц өмчлөгчдөөс авах эрхийг мөн гэрээгээр манай компанид олгосон. Улмаар Г хотхоны 1*** дугаар байрны *** тоот орон сууцны өмчлөгч С.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байрыг хүлээн авсан. Хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагчаас СӨХ-ны төлбөр 728,981 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Г хотхоны 1*** дугаар байрны *** тоот орон сууцны өмчлөгч болно. Нэхэмжлэгч Т ХХК нь СӨХ-ны эрхгүй, манай байр 2020 оны 12 дугаар сард СӨХ-г албан ёсоор байгуулсан. Энэ хугацаанаас хойш СӨХ-ны төлбөрийг цаг хугацаанд нь төлж явдаг. Анх байрандаа ороход засварын ажил бүрэн дуусаагүй байсан бөгөөд барилгын дараах цэвэрлэгээ үйлчилгээг барилга барьсан компани өөрөө хариуцах ёстой байхад эрхгүй этгээд Т ХХК-тай гэрээ байгуулаад уг гэрээний дагуу ямар үндэслэлээр 728,981 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан 728,981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Учир нь нэхэмжлэгч компани нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулан төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхийг орон сууц өмчлөгч С.Эд 2020 оноос эхлэн удаа дараа сануулж байсан бөгөөд С.Э ч энэхүү төлбөрийг төлөхөө илэрхийлж өөрийн боломжоор төлж ирсэн. Хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сард төлбөр төлөх талаар сануулж байсан. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг мэдэх, 2019 оноос хойш СӨХ-ны захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч.Балжмааг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш гэж үзэн татгалзсан атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ нэхэмжлэгч энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлсэн бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 728,981 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь СӨХ биш тул засвар, үйлчилгээний зардал нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

4. Нэхэмжлэгч Т ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр N групп ХХК-тай Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Г хотхоны инженерийн шугам сүлжээний эд хөрөнгийг хүлээн авч, засвар үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хариуцах, хотхоны дулаан, усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээгээр хангахаар харилцан тохиролцжээ. Гэрээний дагуу Т ХХК нь мэргэжлийн болон хангагч байгууллагуудтай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 1, 4-27-р тал/

 

4.а. Үүнээс гадна нэхэмжлэгч Т ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан дээрх гэрээний нэмэлт гэрээгээр Г СӨХ-г байгуулагдах хүртэл Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал, бусад төлбөрийг хураах эрх болон СӨХ-ны үйл ажиллагааг өмнөөс нь хэрэгжүүлэх эрхийг олгосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон, тус хотхоны 1*** байрны *** тоотод оршин суугч С.Эаас гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг шаардсан байна.

 

4.б. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх талаар заасан бол 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагч нь тус Г хотхоны 1*** дугаар байрны *** тоот орон сууцны өмчлөгч бөгөөд уг орон сууцыг 2020 оны эхэн үеэс эзэмшиж, ашиглаж байгаа талаар тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан СӨХ биш тул хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг мөн хуулийн 147 дугаар зүйлд зааснаар шаардах үндэслэлгүй.

 

4.в. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т ХХК-ийг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна. Тодруулбал, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх гэдэг нь бусдын эд хөрөнгө болон ашиг сонирхолд учирч болзошгүй гэм хорыг урьдчилан зайлуулах зорилготой үйлдэл болон бусдын ашиг сонирхлын үүднээс хэлцэл хийснээс үүсэх үүргийн харилцаа юм. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үндсэн нөхцөлүүдийн нэг нь бодит нөхцөлийн талаар үүрэг бүхий этгээд мэдэх боломжгүй байдаг.

Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан. Хэдийгээр тухайн үед сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй, нэхэмжлэгч Т ХХК нь сууц өмчлөгчдийн холбоо биш боловч Н ХХК-тай лифтийн техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээг, Х ОНӨААТҮГ-тай хог хаягдал, ачиж тээвэрлэх гэрээг, А ХХК-тай харуул, хамгаалалтын гэрээ зэргийг байгуулж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг явуулсан, үүнийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд тэрээр орон сууцанд амьдарч орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээг авсан гэж үзэхээр байх тул өөрийн хөрөнгийг хэмнэж, бусдын зардлаар хөрөнгөжсөн гэх үндэстэй.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас засвар, үйлчилгээний зардлыг шаардах эрхтэй байна.

 

5. Хэдийгээр нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр гэх 728,981 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч хариуцагч С.Эы орон сууцанд ногдох үйлчилгээний төлбөр яаж тооцогдсон нь баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан нэхэмжлэхэд сар бүрээр тооцсон мөнгөн дүн байгаа боловч үүнээс *** тоотод хамаарах лифтийн техникийн үйлчилгээ, засварт хэдэн төгрөг, хог хаягдал ачиж тээвэрлэх, харуул, хамгаалалтын зардал зэрэгт тус тус хэдэн төгрөг ногдсон эсэх нь тодорхойгүй, эдгээр нь санхүүгийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэж заасан. Анхан шатны шүүх мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжихтэй холбоотой байх тул тогтмол хугацааны туршид гүйцэтгэх болон гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болго ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02915 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 728,981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ