| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0444/Э |
| Дугаар | 444 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 444
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Ж.Т, Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Т, Д овогт Н.Д нарт холбогдох эрүүгийн 1809053950321 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгчийн хамт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлуулсан, Б овогт Ж.Т, /регистрийн дугаар ОО94100416/.
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, ам бүл 5, ах, дүү нарын хамт тоотод оршин суух гэх, ял шийтгэлгүй, Д овогт Н.Д, /регистрийн дугаар /.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.Түмэндэлгэр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Айриш" баарны орчим иргэн Б.Мөнхбаярыг тодорхой шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, зулгаралт, дух, зүүн шанаа, хоёр хацар, эрүүний баруун буланд, зүүн чихний дээр, баруун чихний дэлбээ, зүүн шуу, зүүн бугуй, 2 сарвуунд зулгаралт, баруун хацар, баруун зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Дондовням нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Айриш" баарны орчим иргэн Г.Билгүүнийг тодорхой шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь хуйханд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, 4 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Түмэндэлгэр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Н.Дондовням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.Мөнхбаярын "...2018 оны 11 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө 01 цагийн үед баарнаас гарахад Билгүүн болон манай найз Эбаг нэг хүн хэл амаар доромжлоод байсан. Тухайн залуу дээр очиж “бид нар харих гэж байна” гэж хэлэхэд намайг зодсон. Миний биед учирсан гэмтлийг Түмэндэлгэр гэдэг залуу учруулсан. Намайг цохиж зодсон хүн бол Түмэндэлгэр мөн бөгөөд тэрээр улаан куртиктэй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 66-ны өдрийн 14231 дугаартай дүгнэлтэнд
"…1.Б.Мөнхбаярын биед тархи доргилт, хуйханд шарх, зулгаралт, дух, зүүн шанаа, хоёр хацар, эрүүний баруун буланд, зүүн чихний дээр, баруун чихний дэлбээ, зүүн шуу, зүүн бугуй, 2 сарвуунд зулгаралт, баруун хацар, баруун зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Э.Баасанжаргалын "Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой Н.Дондовням, Ж.Түмэндэлгэр нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш” пабанд орж үйлчлүүлсэн. Шөнийн 02 цагийн үед бид нар гэр гэр рүүгээ явахаар болоод тооцоогоо хийх гээд зогсож байтал нэг эрэгтэй, нэг эмэгтэй хажууд ирээд эмэгтэй нь гар утсаа гаргаж ирээд “ Фэйсбүүкээр шууд бичлэг цацаж байна. Хэлэх үг байвал хэлээрэй” гэж Дондовнямд хандан хэлсэн. Дараа нь Дондовням уурлаж “та нар зүгээр байхад юун бичлэг цацаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Хажууд ирсэн эрэгтэй хүнтэй маргалдаад гадагш гарсан. Намайг гарахад Дондовнямтай маргалдсан залуу эмэгтэйгийн хамт машинд суух гээд зогсож байсан. Дондовням үл таних залуутай барьцалдсан зогсож байсан. Дараа нь үл таних залуугийн найзууд гэх 3 залуу пабаас гарч ирсэн. Түмэндэлгэр тэдэн дээр очиж Дондовнямыг салгах гэж оролдсон. ...Би хэн нэгэнтэй зодолдож, цохиулаагүй. Би хоёр найзыгаа зууралдаад байхаар нь салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн Ж.Түмэндэлгэрийн "... Би
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.
Мөнхбаяр гэдэг залууг цохиж унагаагаад толгой хэсэг рүү нь өшиглөсөн. Тэр үед
Баасанжаргал ирж салгасан. Би маргалдаж байгаад Мөнхбаярыг уур хүрээд
цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Билгүүний "...2018 оны 11 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө
01 цагийн орчим баарнаас гарахад манай найз Мөнхбаярыг үл таних хүн зодох
гээд дайрч байсан. Би найз Мөнхбаярыг зодоод байхаар нь салгах гэж
очтол намайг зодсон. Надад учирсан гэмтлийг Дондовням гэх залуу учруулсан.
Тэр залуу миний толгой руу шилээр цохисон, шил нь хагарсан. Би Мөнхбаярыг
салгах гэж очоод Дондовнямд зодуулсан. Мөнхбаярыг улаан куртиктэй залуу
зодоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар
сарын 06-ны өдрийн 14232 дугаартай
"...1.Г.Билгүүний биед хуйханд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 4 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх хуйхны шарх нь ир бүхий зүйлийн нэг удаагийн, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх 4 шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн Н.Дондовнямын "... Намайг гарахад Түмэндэлгэр нэг залуутай барьцалдсан байхаар нь би салгах гээд хажуунаас нь очтол нэг залуу ирээд миний араас татахаар нь зодсон. Хохирогч Билгүүний биед учирсан гэмтлийг би учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Дондовнямын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Түмэндэлгэрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Түмэндэлгэрийн хувийн байдалтай холбоотой баримтууд / 38-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Түмэндэлгэр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Айриш" баарны орчим иргэн Б.Мөнхбаярыг тодорхой шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Дондовням нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Айриш" баарны орчим иргэн Г.Билгүүнийг тодорхой шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Т, Н.Днарын гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Мөнхбаяр энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд шүүгдэгч Ж.Түмэндэлгэрээс 2.000.000 төгрөг хүлээж авсан, 760.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор өгч авахаар тохирсон тул ямар нэг гомдол саналгүй гэж, хохирогч Г.Билгүүн шүүгдэгч Н.Дондовнямаас 1.300.000 төгрөг авсан тул ямар нэг гомдол саналгүй гэж тус тус хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Дондовнямд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.Түмэндэлгэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Түмэндэлгэр Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлуулсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ж.Т, Д овогт Н.Днарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Т, Н.Днарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Т, Н.Днарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Т, Н.Днар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Т, Н.Днарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Т, Н.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ