Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 232

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мартай овогт Баасанжавын Даваасүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь 1982 оны 06-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ-Цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад мал маллаж байсан. Энэ талаар баримт байхгүй байгаа учраас танай шүүхэд ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь 1982 оны 06-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ-Цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.

 

Б.Даваасүрэн нь 1982 оны 06-р сарын 10-наас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ-Цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан болох нь 1987 оны 12-р сарын 08-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Л.Амаржаргалын ...Даваасүрэнг Идэр сумын 8-н жилийн сургууль гэж байхад сургуульд сурч байсныг мэднэ. Сүүлдээ аав, ээжийнхээ хамт Идэр сумын Шинэ-Цэцэрлэг нэгдэлд мал малласан. Яагаад гэхээр би аймгийн аж ахуй үйлчилгээний комбинатын бараа бүтээгдэхүүний борлуулагч, агентийг Идэр сумд төлөөлж хийдэг байсан. Тэгээд хөдөөгүүр явж малчдад бараа бүтээгдэхүүн хүргэдэг байлаа. Сард 2-3 удаа явдаг байлаа шүү дээ. Бид чинь малчдад бараа бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой ажилладаг байсан. Тэгэхгүй бол малчид ахуй үйлчилгээнийхэн ирэхгүй, бараа бүтээгдэхүүн ирэхгүй байна гээд хэл үг их гарна шүү дээ. Тийм учраас хөдөөгүүр их явдаг байсан. ...1982 онд 8-р анги төгссөн болов уу, намайг 1985, 1986 онд хөдөөгүүр явж байхад хөдөө аав, ээжтэйгээ мал маллаж байсан. Аавыг нь Баасанжав гэдэг юм. Даваасүрэн мал маллахаас өөр ажил хийгээгүй. Аав нь отор нүүдлээр их явдаг байсан. Ээж нь хүүхдүүдтэйгээ үхэр саадаг байсан. Эднийх Ямаат руу нутгалдаг байсан... гэсэн,

гэрч Д.Бадамсүрэнгийн ...Даваасүрэн 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр гарч Завхан аймгийн Идэр сумын Шинэ-Цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. Аавыг нь Баасанжав гэдэг юм. Бид нар хамтдаа мал маллаж байсан юм. Тэр үед илгээлтээр гарч байгаа улсад чинь эрэгтэйд нь даага, эмэгтэйд нь хувин өгөөд гаргадаг байлаа. Даваасүрэн 1989 он хүртэл малчин байсан. Тэрнээс хойш мэдэхгүй. Бог мал маллаж байсан... гэсэн,

гэрч Т.Ичинхорлоогийн ...Даваасүрэнгийн аавынх манай аавынх нэг дор айл саахалт байсан улсууд юм. Даваасүрэн нь аав, ээжийнхээ хамт Завхан аймгийн Идэр сумын Шинэ-Цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад мал маллаж байсныг мэднэ. Аав, ээж нь угаасаа малчин улсууд байсан. Би тэр үед аймгийн захиргаанд бичиг хэргийн эрхлэгч хийдэг байсан. Ер нь бол аавынхаараа байнга очдог байсан учраас мэдээд байгаа юм. ...Сургуульд суусныг бол мэдэхгүй. Суусан байлгүй дээ. 1982 онд лав мал маллаж байсныг мэддэг юм. Манай аймагт байсан Батмөнх даргын эхнэртэй найзууд нэг анги гээд байдаг байсан. Тэгэхээр 7-р анги төгссөн болов уу гэж бодож байна. Эднийх дан мал маллаад хөдөө л байдаг байсан. 1990 оны эхээр хүнтэй суугаад ч малаа маллаж л байсан. Мал ихтэй л айл байсан. Хонь, үхэртэй. Үнээ их саадаг айл байсан. ... Аав нь олон жил туувар туусан нутаг усандаа нэр хүндтэй хүн байсан. Даваасүрэнг шагнуулж байсныг мэдэхгүй. Ер нь бол удмаараа малч улсууд байгаа юм... гэсэн,

гэрч Ш.Тэрбишийн ...Даваасүрэн манай доод ангид байсан. Даваасүрэнгийн нөхөр Пүрэвжав бид хоёр нэг ангид байсан. Бид хоёр 1981 онд 8-р анги төгсөөд анх илгээлтээр мал дээр гарсан. Тэгэхэд Даваасүрэн 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. Завхан аймгийн Идэр сумын Шинэ-Цэцэрлэг нэгдэлд аав, ээжийнхээ хамт шувт мал малласан айл байгаа юм. Хар багаасаа бид бие биенийгээ танина. Би 1982 оны хавар цэрэгт явж 1985 онд ирсэн. Тэгэхэд Даваасүрэн малаа маллаж байсан. Би нэгдэлд тракторын жолоочоор ажилд орж 1997 он хүртэл ажилласан. Даваасүрэн, Пүрэвжав хоёр 1989 он байна уу 1990 он байна уу гэр бүл болж байсан. ... бог, бод малладаг байсан. Зунд нь үхэр саадаг байсан. Даваасүрэнгийн аав тууварт их явдаг байсан. Цунуу Баасанжав гэж дууддаг байсан. ... Насаараа мал маллаж байгаа хүн... гэсэн мэдүүлгүүдээр Б.Даваасүрэнгийн ажиллаж байсан байдалдавхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Мартай овогт Баасанжавын Даваасүрэнг 1982 оны 06 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ-Цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ